Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/01708

 

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/01708

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, сэлбэ 12 гудамж 289 тоотод оршин суух, Боржгон овогт Үржинбадамын Номингийн /РД:ХА84041803/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Зайсангийн 18-1 тоотод байрлах “Кашмер Холдинг” ХХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

     Иргэн Үржинбадам овогтой миний бие Кашмер Холдинг ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилд орсон юм. Миний бие Кашмер Холдинг ХХК-д ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орохыг хүссэн боловч туршилтын 6 сарын хугацаанд манай байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг юм гэж хэлсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Ажилд гүйцэтгэх гэрээний хугацаа дуусмагц миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос удаа дараа шаардаж байсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулсан. Миний бие Кашмер холдинг ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллагад мөрдөгддөг хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм журмын дагуу ажиллаж хийсэн ажилдаа чин үнэнчээр хандаж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан юм.  Гэтэл Кашмер холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 дугаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Бидний ажиллаж байсан ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй ажлын байр бөгөөд ажлын тогтмол ажлын ажлын цагтай, байгууллагаас зохион байгууллагддаг бүр төрлийн  үйл ажиллагаанд оролцдог нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг байгууллагаас төлдөг гэх мэт ажил олгогч бид хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаас халсан нь үндэслэлгүй болсон.  Ажлаас халагдсан тушаалыг гардаж авсны дараа байгууллагаас бичиг баримтаа авахдаа  хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулагдаж байсныг миний бие хуулбарлан авсан болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилд орсон байдаг. Нэхэмжлэгчийн орсон ажил нь байнгын ажлын байр боловч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан. Удаа дараа хөдөлмөрийн гэрээ байгуулья гэж шаардсан боловч ажил олгогч байгуулаагүй байдаг. Гэтэл гэнэт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/94 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалдаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар хэдийд ч цуцлах эрхтэй гээд үндэслэлээ ч заагаагүй ажлаас халсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ү.Номин нь Кашмер холдинг ХХК-д  БҮА-нд Зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажлын орон тоон дээр 2017 оны 1 сарын 02-ны өдрөөс 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан авч ажиллуулсан. Ү.Номин нь ажил үүрэг гүйцэтгэж байхдаа захиалгат загвараа зөв тооцоолж албан ёсоор батлуулж хэрэгжүүлдэгүй, дураараа аашилдаг, компаний дүрэм мөрддөггүй, ажлын цагаас хоцрох, ажил таслах, хариуцсан цех хамт олны дунд зохисгүй ааш зан гаргах, хэрэлдэж маргалддаг зэргээс болж зөөлөн оёдлын цехийн ажилтнуудын тогтвор суурьшилтанд муугаар нөлөөлсөн зэрэг алдаа дутагдал байнга удаа дараа гаргаж байсан учир манай компани Ү.Номинтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 4 сарын 12-ны өдрөөс тасалбар болгож ажлаас чөлөөлсөн болно. Ү.Номин нь 1 жил 4 сарын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын шаардлага хангаагүй тул цаашид үндсэн ажилтнаар авч үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ү.Номин нь ажлаас байнга хоцордог, ажил тасалдаг, арга хэмжээ авагдаж байсан учраас ажлаас халагдсан. Нийт 1 жилд 4 удаа арга хэмжээ авагдсан байхад энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй.  Номингийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр мөн, гол ажил нь загвар зохион батлуулдаг, гэтэл батлуулалгүй хэрэгжүүлээд явдаг. Зан аашийн хувьд хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таардаггүй. Хэрэв сайн ажиллаж байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан боловч сайн ажиллаагүй учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Манайх анх орж байгаа бол шууд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болно. Харин ажил гүйцэтгэх гэрээний хугацаандаа сайн ажиллах юм бол цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж болдог. Тиймээс тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                                 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Номин нь хариуцагч “Кашмер холдинг” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удаа дараа хоцордог, ажил тасалдаг, зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан тул ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, хэрэв сайн ажиллаж байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан гэж маргасан.

 

“Кашмер холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 тоот тушаалаар Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь заалтыг үндэслэн Үржинбадам овогтой Номинтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр цуцлажээ. /хэргийн 4-5-р хуудас/

Нэхэмжлэгч нь “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/94 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ү.Номинг “Кашмер Холдинг” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр бүлгийг үндэслэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх албанд ТГ-1,2/13.17 тоот гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерээр ажиллуулж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ТГ-1,2/13.17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр болох зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженер нь байнгын ажлын байр болох талаар маргаагүй боловч заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, хэрэв сайн ажилласан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлэх бөгөөд зохигч талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженер нь байнгын ажлын байр болох талаар маргаагүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснийг хариуцагч нь зөрчсөн байна. Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр болох талаар зохигч маргаагүй, энэ нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, нэхэмжлэгчид сахилгын зөрчил гаргасан гэж арга хэмжээ авсан тушаалууд, цагийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Мөн зохигч талууд гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай байгуулсан боловч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд нэхэмжлэгч буюу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан, хариуцагч буюу ажил олгогч нь гэрээний хугацаа сунгагдан үргэлжилж байсан гэж тайлбарласан болно.

           

Хариуцагч “Кашмер Холдинг” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 тоот захирлын тушаалаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцласан бөгөөд гэрээг цуцласан үндэслэлээ ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар удаа дараа зөрчил гаргаж, ажлаас хоцорч, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн учраас цуцласан гэж тайлбарлаад хариуцлага тооцсон 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/251, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/312, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/48, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний Б/84 тоот тушаалууд, хавсралтын хамт, Ү.Номинг хариуцан ажиллаж байсан гэх З.Анхбаярын тодорхойлолт, цагийн бүртгэлийн дэвтрийг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 37-45-р хуудас/

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээг цуцласан тушаалдаа ажил олгогчийн санаачилгаар цуцлаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй гэсэн боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, байнгын ажлын байранд ажиллаж, ажиллуулж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Мөн хариуцагчийн төлөөлөгч нь анх ажилд ороход ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг, гэрээний хугацаа дуусахад сайн ажилласан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа ажил гүйцэтгэх гэрээндээ тусгаагүй, хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар заасан талаарх баримтыг ирүүлээгүй болно.

Иймд хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээг цуцласан тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ү.Номинг “Кашмер Холдинг” ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн даатгалын №0221039 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 172 970 төгрөг /822 460+1 268 950+1 427 500=3 518 910, 3 518 910:3=1 172 970 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 сар, 2 хоногийн цалин нийт 3 625 542 төгрөгийг /1 172 970х3сар=3 518 910 төгрөг, 1 172 970:22хоног=53 316 төгрөг, 53 316х2 хоног=106 632төгрөг, 3 518 910+106 632=3 625 542төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.       

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Иймд хариуцагч “Кашмер Холдинг” ХХК-нд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Боржгон овогт Үржинбадамын Номинг “Кашмер Холдинг” ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Кашмер Холдинг” ХХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Номинд олгосугай.

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ү.Номингийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Кашмер Холдинг” ХХК-нд даалгасугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 958 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН