Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 121

 

П.Энхболд, С.Алтанхуяг нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогч, шүүгдэгч С.Алтанхуяг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар магадлалтай, 201625013636 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Алтанхуягийн гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Атган овогт Пүрвээгийн Энхболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг хооронд нь нэмж бүгд 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт Санжаадоржийн Алтанхуяг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Энхболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Алтанхуягийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.Энхболдыг 300 цаг албадан ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар С.Алтанхуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар П.Энхболд нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцохыг, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар С.Алтанхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч С.Алтанхуяг болон өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч, шүүгдэгч С.Алтанхуяг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...П.Энхболдыг цохиж гэмтэл учруулаагүй бөгөөд түүний цээжний зүүн хэсэгт үүссэн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл чухам хэзээ үүссэн, хэн үүсгэсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт дурдсан гэрчүүдийн мэдүүлгээс намайг П.Энхболдын цээжин тус газар цохих юм уу бусад үйлчлэлээр гэмтэл учруулсан байхыг хэн ч хараагүй гэж мэдүүлсэн бөгөөд харин эсрэгээрээ П.Энхболд нь миний дээр суусан байдалтай ноцолдож байсныг гэрчилдэг.

Миний биед учирсан олон тооны гэмтлээс үзэхэд П.Энхболд бид хоёр харилцан зодолдох биш харин П.Энхболд нь илт давуу хүчтэйгээр намайг зодож хохироосон үйл явдал болсон нь илэрхий юм.

Шинжээчийн 14135 тоот дүгнэлт нь мөрдөн байцаагчаас тавьсан асуултад бүрэн хариулаагүй учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт зааснаар дутуу хийгдсэн бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь “үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...С.Алтанхуягт холбогдох хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.Энхболд нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд С.Алтанхуягтай “Хасбаатар гэгч дур мэдэн архи авч гарсан, түүнийг зодсон” гэх байдлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож цохин бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч С.Алтанхуяг нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд П.Энхболдтой харилцан зодолдох явцдаа түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс П.Энхболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Алтанхуягийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан албадан ажил хийлгэх болон торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Алтанхуягийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байх тул шүүгдэгч С.Алтанхуягийн гаргасан гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар магадлалд “...Шүүгдэгч С.Алтанхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Алтанхуягийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                         ШҮҮГЧ                                                   Ч.ХОСБАЯР