Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 414

 

Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Мягмаржав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0652 дугаар магадлалтай, Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.Мягмаржавын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “...Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан байх хугацааны дараалсан 5 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож 41 жил, 1 сар /36.1+5/ жил болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу тэтгэврийн  алданги 1005699 төгрөгийг нөхөн төлүүлэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай Д.Мягмаржавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0652 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мягмаржавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мягмаржав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Д.Мягмаржав би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0652 дугаар магадлалыг энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

  1. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын 2 дахь хэсэгт: “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэсэн хуулийн заалтыг шүүгч магадлалын 2-р хуудасны 3-р хэсгийн 1-д: Тэтгэврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.1-д “газрын дор” гэсэн хуулийн заалтаар сольж бичин намайг буруутгасан байна.

Би хөдөлмөрийн хортой нөхцөлд 41 жил 1 сар 19 хоног ажилласан. Шүүгч та хяналтандаа авна уу. Хянаж өгнө үү.

  1. 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/ Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

2/ Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.

  1. 1997 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дор дурдсан иргэдийн тэтгэврийг зогсоосугай:

1/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүй;

2 дугаар зүйл Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу тэтгэвэр нь зогсоогдох иргэдийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг зохицуулсан хууль батлагдаж хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж байхаар тогтоосугай гэжээ.

Энэ хуулийн заалтаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Т.Мөнх-Эрдэнэ нь 2003 онд миний тэтгэврийг хөдөлмөрийн “хортой” нөхцөлөөр тогтоолгон авах эрхийг зөрчсөн байна.

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөл ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол гэсэн хуулийн зохицуулалт нь надад хамааралтай заалт байна.

Тэтгэврийн хуулиар хөдөлмөрийн “хортой” нөхцөлийг, хөдөлмөрийн “хүнд” нөхцөлд шилжүүлэн эрэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болохыг заасан байна. Ийнхүү хуульчилсан байна.

  1. Ийм учраас миний бие нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн “хортой”, “хүнд” нөхцөлийн болзлоор тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаал, 2004 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал тэтгэврийг хөнгөлөттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай хавсралтын 11-д цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер, операторч, хиймэл дагуулын станцын инженер, Засгийн газрын 1995 оны 59 дүгээр тогтоолоор мэргэжлийг тодорхойлон холбогдох жагсаалтыг баталж, мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдад даалгасан байна.
  2. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэрт нэмэгдүүлэх хугацаанд оруулан тооцно. Дээд шүүх ч ийм тайлбар гаргажээ.
  3. Байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүдэд 60 нас, эмэгтэйчүүдэд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд оруулан нэмж тооцож, тэтгэврийн нэмэгдлийг авах тооцож, тэтгэврийн нэмэгдлийг авах эрхтэй.
  4. 1997 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт надад хамаарахгүй. Яагаад гэвэл синоптик инженер Д.Мягмаржав нь тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангасан.

Би нислэгийн цаг уурын төвд /НЦУТ/ хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлд 41 жил 1 сар 19 хоног улсад нийт ажилласан хугацаа юм. Эрүүл мэндээрээ хохирсон. Ээлжийн 24 цагаар ажилладаг байсан. Энэ хууль бол тэтгэврийн болзол хангаагүй иргэдийн тэтгэврийг зогсоосон хууль юм.

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнхтулга нь шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн хөлсийг 1998-2003 оны хоорондох дараалсан 5 жилийн дундажаар тодорхойлуулан, 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 93444 төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоожээ. Энэ тэтгэврийг 12 жилийн туршид намайг авсан мэтээр бичсэн байна. Энэ тэтгэврийг аваагүй юм. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Т.Мөнх-Эрдэнэ нь миний тэтгэврийг 75587 төгрөгөөр тогтоосон. 5 жилийн /60 сар/ хөдөлмөрийн дундаж хөлс нь 109547 төгрөг байгаа. Анхнаасаа миний тэтгэврийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр буруу тогтоосон.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоогоогүй юм. Тэтгэврийн байцаагч хөдөлмөрийн хөлсийг 710 төгрөгөөр дутуу бодсон байна. Миний бие тэтгэврийн бодолтыг шалгаж үзэхэд 94154 төгрөг байна. Мөнх-Эрдэнэ нь миний тэтгэврийг 18567 төгрөгөөр дутуу бодсон. Нэг сарын тэтгэврийг алданги 18567 төгрөг. Нэг жилийн алданги 222804 төгрөг байна. 13 жилийн алданги 2896452 төгрөг байна.

  1. 1998-2003 оны хоорондох дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс 136456 төгрөг, өндөр насны тэтгэвэр 102342 төгрөг, нэг сарын тэтгэврийн алданги 26869 төгрөг. Нэг жилийн тэтгэврийн алданги 322428 төгрөг байна.
  2.  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоогүй байгууллагд үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэн олгохоор заасан байдаг.

Ийнхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон боловч түүний дараа үргэлжлүүлэн ажилласан эрэгтэй хүнд 60 нас, эмэгтэй хүнд 55 нас хүртэл ажилласан хугацааг тэтгэврийг нэмэгдүүлэх хугацаанд оруулахаар тогтоожээ. Ийм учраас хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас, эмэгтэй нь 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан тооцно.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үүнийг хянаж, шалгаагүй байна. Шүүх үйл ажиллагаа явуулж байхад намайг тодорхой яриулаагүй. Иймд өндөр насны миний бие нислэгийн цаг уурын төвд хөдөлмөрийн хортой нөхцөлд 41 жил 1 сар 19 хоног синоптик инженерээр ажилласан юм.

Маргалдагч талуудын маргаантай гол асуудал нь дээр дурдсан хуульчилсан заалтууд юм.

12. Миний бие тэтгэврийн нэмэгдэл 5 жил х 1,5 хувь =7,5 хувийг тэтгэвэр бодуулах хувь дээр нэмж 69 хувь +7,5=76,5 хувиар тэтгэврээ бодуулах гэсэн юм. Хуулиар тогтоогдсон тэтгэврээ дахин шинэчлэн өөрчлөн тогтоолгох гэсэн санал тавьж байна.

13. Дээр дурдсан зүйлүүдийг Гомдлын шаардлагын зөвлөлийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй, хуулиа ч мэдэхгүй, мэдсэн мөртлөө өөрчлөн бичиж, байгууллагын эрх ашгийг хууль зөрчиж, хохироож байгааг шүүгч нар хяналтдаа авч үнэн зөв шударгаар шийдэж өгнө үү.

Тэтгэврийн байцаагч нь тэтгэвэр бодох журмаар өндөр насны тэтгэврийг тогтоохдоо 1-т нийт ажилласан хугацааг тогтоох, 2-т сүүлийн 20 жилийн дотор аль дуртай дараалсан 5 жилийг сонгон авч, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын тэтгэврийг тус тусд нь салгаж тогтоодог журамтай. 3-т тэтгэврийн нэмэгдлийг жич тусд нь боддог. 4-т тэтгэвэр бодох үндсэн хувийг тодорхойлох. 5-д дараалсан 5-н жил /60 сар/ хөдөлмөрийн хөлс бусад орлогыг тооцон тэтгэврийг тогтоодог журамтай. Одоогийн байдлаар тэтгэврийн байцаагч нэр зориуд санаа сэдэлтээр хөдөлмөрийн нөхцөлийг үндэслэн тооцохгүйгээр иргэдийн тэтгэврийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр тэтгэврийг тогтоож намайг болон бусад иргэдийг хохироож байна.

Надад тэтгэврийн тухай 2 хууль үйлчилнэ. Учир нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын 2 дэвтэртэй. Би 1967-1997 онуудад хөдөлмөрийн хортой нөхцөлд 1997-2003 онд хөдөлмөрийн хэвийн нөхцөлд 41 жил 1 сар 19 хоног улсад ажил хийжээ.

... иргэн бүр шүүхийн өмнө эрх тэгш байдаг үүнийг анхаарч үзнэ үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мягмаржав нь Нислэгийн цаг уурын төвд синоптик инженерээр ажиллаж байсан, 1967-2003 оны хооронд нийт 36 жил, 1 сар, 19 өдөр улсад ажиллаж, мөн хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн (тухайн үеийн нэрээр) сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “тэтгэвэрийн хөнгөлттэй тогтоох” ажил мэргэжлийн жагсаалтын 2.11-т зааснаар “цаг уурын синоптик инженер” нь хөдөлмөрийн хортой нөхцөлийн ажил мэргэжилд хамаарсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгчээс “... миний тэтгэвэрийг тогтоохдоо Тэтгэвэрийн хуулийн “насны тэтгэвэрийн нэмэгдэл” гэсэн 15 дугаар зүйлийг хэрэглээгүй..., ... миний улсад ажилласан хугацааг 41 жил 1 сар болох ёстой” гэж, хариуцагчаас “... хуульд “хүнд нөхцлийн нэмэгдэл, насны тэтгэвэрийн нэмэгдэл” гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй, ... ажилласан нийт хугацаа 36 жил 1 сар, 19 өдөрт ... 5 жил нэмж тооцох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар Д.Мягмаржавын “тэтгэвэр тогтоолгох” хүсэлтийг үндэслэн, 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шимтгэл төлсөн нийт хугацааг “36 жил, 1 сар, 19 хоног”-оор, сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг “109547 төгрөг”-өөр тооцож, бүрэн тэтгэвэрийн хэмжээг “сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар буюу 49296.15 төгрөг дээр нэмэгдэл 26291 төгрөг, нийт 75587 төгрөг”-өөр анх тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар, 5 дугаар зүйлийн 1-д “... тэтгэвэрийг ... сарын дундаж орлогын 45 хувиар тогтоох”-оор, 2-т “... шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд /тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний/ 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тооцож, нэмэгдэл олгох”-оор тус тус заасантай нийцжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан тохиолдолд нийгмийн даатгал төлсөн, ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох”-оор зохицуулаагүй, ийнхүү нэмэгдүүлэн тооцох эрхийг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад олгоогүй  байх тул “... ажилласан жилийг 41 жил, 1 сар /36.1+5/ болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” үндэслэлгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.   

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “... газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... 10-аас доошгүй жил /газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд/ ажиллаж, тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заасан нь “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох” талаарх маргаанд хамааралгүй, уг заалтын дагуу Д.Мягмаржавд “55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх” нээгдсэн боловч нэхэмжлэгч уг “хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх”-ийг эдлээгүй, 61 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул уг заалтыг үндэслэж, “ажилласан жилийг 41 болгох” үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Мягмаржав нь “1967 оноос 1997 оны хооронд 30 жил” ажиллаад 55 насандаа тэтгэвэрийн хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй байсан боловч үргэлжүүлэн 6 жил ажиллаж, 2003 онд 36 жил 1 сар 19 хоног улсад ажилласнаар тэтгэвэрээ тогтоолгосон байх тул “...хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас ... хүртлээ ажилласан (5 жилийн) хугацааг нийт ажилласан (36 жилийн) хугацаанд нэмэгдүүлэн (41 жилээр) тооцно” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...“БНМАУ-ын Тэтгэвэрийн хууль”, “БНМАУ-ын Тэтгэвэрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” БНМАУ-ын Бага хурлын тогтоолын 6 дугаар зүйл, Дээд шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэвэрийн хуулийн зарим зүйлийг тайлбарласан тогтоол... ын дагуу насны тэтгэвэрийн нэмэгдэл авах эрхтэй” гэх боловч эдгээр эрх зүйн актуудыг 2003 онд өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлахгүй, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2003 онд иргэн Д.Мягмаржавын өндөр насны тэтгэвэрийг тогтоохдоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994) хуулийг баримталсан нь зөв болжээ.

Харин, нэхэмжлэгч Д.Мягмаржавын өндөр насны тэтгэвэрийг анх 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 75587 төгрөгөөр тогтоосон байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...93,444 төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоожээ” гэж алдаатай бичсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үднэслэлийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0652 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Мягмаржав нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА