Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2018/00968/и |
Дугаар | 001/ХТ2019/00266 |
Огноо | 2019-02-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2019/00266
Т.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2000 дугаар магадлалтай,
Т.Агийн нэхэмжлэлтэй
“Х Б”ХХК-д холбогдох
Зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 21 633.23 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Золжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х Б”ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 42 690 ам.долларын зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 14.05 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан байгуулсан. Зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад зааснаар зээлдэгч 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, хүүгийн хамт сар бүр 877 740 төгрөгийг төлөх үүргийг банкны өмнө хүлээсэн. Барьцаат зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний үүрэг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд банкны өмнө гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ёстой төлбөрийн үүргээ зохих ёсоор, шударгаар хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд банкнаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг суллаж өгөхийг бичгээр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шаардахад зээлийн үлдэгдэл төлбөртэй байна гэсэн хариуг өгч барьцаа хөрөнгийг суллаж өгөхөөс татгалзсан тул Хас банктай байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Т.А нь Хас банктай 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 42 690 ам.долларыг жилийн 14,05 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр, 57 тоот хаягт байршилтай 89 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 21 738.37 ам.доллар, зээлийн хүүд 45 329.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 295 ам.долларыг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 20 951.63 ам.доллар, мөн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн хуулгаас харагдана. Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлдэгч нь банктай байгуулсан 59000141 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 52 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 59000141 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20 951.63 доллар, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаарх хүү 592.65 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 88.95 ам.доллар, нийт 21 633,23 ам.долларыг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Х Б”ХХК-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр 57 тоот орон сууцыг 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №59000141 тоот Барьцаат зээлийн гэрээний зээлийн барьцаанаас чөлөөлж, Т.Ад уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Агаас 21 633.23 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай ”Х Б”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 772 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Х Б”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 740 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2000 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 772 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Золжаргал нар хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүгээр хянаптын журмаар гомдол гаргаж байна. ...Магадлалын хянавал хэсэгт “...сар бүр төлөх менгөний аль хэсэгт нь үндсэн зээл, хүү болох талаар талууд гэрээндээ тодорхой тохиролцоогүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд зааж буй тооцооны зөрүүгийн талаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн төгрөгөөр төлсөн зээлийн төлбөрийг тухайн өдрийн ам.долларын ханшаар хөрвүүлэн зээлийн дансанд нь зээлийн төлөлт хийгдсэн бичилтийг хийж, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өсөлтийн улмаас зээлийн төлбөрийн дансанд төлбөрийн хуримтлал үүсгэсэн байгааг талууд хооронд байгуулагдсан гэрээний 1.8, 1.13 дахь заалтууд болох зээлдэгчийн зээлийг төгрөгөөр буцаан төлөх үүрэгт хамааралгүй, мөн талууд ханшийн зөрүүг харгалзан төлбөрийн хэмжээг өөрчлөх талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.” гэж дүгнэхдээ хуулийн ямар зүйл заалтын шинж чанар, агуулга, зохицуулалт нийцэж байгааг огт дурдаагүй атлаа хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Шүүхээс уг дүгнэлтийг хийхдээ хариуцагчийн гаргасан тайлбар буюу нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, тайлбарын үндэслэлийг харгалзаагүй гэж үзэж байна. Хариуцагч нь 2 шатны шүүх хуралд “банк зээлийн дансанд хуримтлал үүсгээгүй, харин анх авсан зээлээс төлөгдсөн хэсэг нь хасагдаж, үлдэж байгаа дүн буюу төлбөл зохих үлдсэн дүн” гэдэг байдлаар тайлбарласан болно. Нэхэмжлэлд миний бие ...3 өрөө орон сууцыг худалдан авах нөхцөлөөр харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбогдуулан Хас Банкнаас 42 690 ам.долларын зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 14.05 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай байгуулснаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болно.” гэж тодорхой дурдсан байдаг. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, нотлох баримтаас “Х Б”нь 42 690 АНУ-ын долларыг зээлсэн Т.А нь 42 690 АНУ-ын долларыг тухайн валютаар нь буцаан төлж дуусгах үүрэг хүлээсэн гэдэгтэй маргадаггүй буюу зөвшөөрдөг билээ. Иргэний хуулийн 206.1, 236.1 дэх хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийг тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалын хянавал хэсэгт “...зээлдэгч нь валютын ханшийн өөрчлөлттэй уялдуулан сар бүр төлөх зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр зээлдэгчтэй тохиролцоогүй буюу гэрээний 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч Т.А нь Хас банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн 120 сарын хугацаанд гэрээний хавсралтад заан тохиролцсон ёсоор сар бүр 877 740 төгрөгийг “Хас банк” ХХК-д төлсөн байх тул үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Учир нь гэвэл 2010 онд хэвлэгдэн гарсан Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар номын 391 дүгээр талд “Иргэний хуулийн 206 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэгч үүргийг хэзээ, хаана, хэрхэн гүйцэтгэхийг зохицуулсан. Үүрэг гүйцэтгэх газар, хугацааг Иргэний хуулийн 207 болон 208 дугаар зүйлээр нарийн зохицуулсан тул энэ зүйлийн заалтаар зөвхөн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг тодорхойлсон харагдаж байна. “Үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэснээс харахад энэ нь нийт эрх зүйн практик зонхилох нийтлэг зарчим буюу хуулийн ерөнхий зохицуулалт гэж ойлгогдохоор байна... Хуулийн ерөнхий зохицуулалтын хувьд Иргэний хуулийн 206 дугаар зүйл нь тодорхой нэг эрх зүйн үр дагавар үүсгэхээр зүйлчилж болох иргэний хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй хуулийн заалт юм... Энэ нь шүүгчид тодорхой нэг тохиолдолд хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх эрх зүйн үр дагаврыг өөрийн үзэл бодлоор илүү шударга, эсхүл илүү зохистой гэж шийдвэрлэх эрх дарх олгохгүй. Энэ зохицуулалт нь гагцхүү хуулийг хэрэгжүүлэхэд, зохицуулалтгүй тохиолдолд дагаж мөрдөхөд хууль болон шударга ёсонд илт нийцэхгүй, байж боломгүй үр дүнд хүргэхээр тохиолдолд хязгаарлалт тогтоодог.” гэж тайлбарласан байгаагаас харахад тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт байхгүй, үүссэн нөхцөл байдал нь илтэд шударга бус байгаа тохиолдолд Иргэний эрх зүйн үүргийн эрх зүйн харилцаанд зарчим байдлаар хэрэгжүүлж, дагаж мөрдөх заалт гэж тодорхойлон тайлбарласан байна. Энэ байдлаараа 206.1 дэх хэсэг нь зээлийн харилцаанд шууд хэрэглэх хуулийн зохицуулалт биш байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой эрх зүйн харилцаанд хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргасны улмаас Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийг мөн буруу тайлбарлаж хэрэглэх урьдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ зээлийн харилцаатай эрх зүйн хувьд хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болдог, энэ талаар нарийвчилсан материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Зээлийн гэрээний харилцааны нарийвчилсан зохицуулалтын хувьд Улсын дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолд хууль ёсны байх шаардлагатай холбоотойгоор “Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэнэ. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь тухайн асуудалтай холбоотой тохиолдол бүрт хамаарна. ” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкнаас олгосон зээлийн харилцаа бүрийн хувьд Иргэний хуулиас гадна Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж уг хэргийг шийдвэрлэх ёстой байна. Тодруулбал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаас үзэхэд зээлийн харилцаа нь банк мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр эхэлж, зээлдэгч буцаан төлж дууссанаар дуусгавар болохоор хуульчилсан байна. Талуудын тайлбар, дансны хуулга, тооцоолол зэрэг хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад “Х Б”наас олгосон зээл болох 42 690 АНУ-ын долларын зээл энэ дүнгээрээ бүрэн төлөгдөж дуусаагүй буюу 21 633 доллар 23 центийг төлөөгүй болох нь тодорхой харагддаг билээ. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зээлийн гэрээ нь “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно", гэж, мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. ” гэж тус тус нарийвчлан заасан байна. Хуулийн зохицуулалтаас үзвэл “Х Б”болон Т.А нарын хооронд үүссэн зээлийн харилцаа нь уг зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн төлбөр 20 951.63 АНУ-ын доллар, хүү 592.65 АНУ-ын доллар, нэмэгдүүлсэн хүү 88.95 АНУ-ын доллар буюу нийт 21 633 доллар 23 центийг төлж барагдуулах хүртэл зээлийн харилцаа дуусгавар болж, төлбөрийг төлж барагдуулах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Хариуцагчийн хувьд Т.Агийн Банкнаас авсан зээлээ, тухайн мөнгөн хөрөнгийн төрөл, дүнгээр буцаан төлөх зээлийн гэрээний үндсэн үүргээ буцаан төлж дуусгаагүй байгааг шүүхээс “нэхэмжлэгч үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн байна” гэж дүгнэж байгааг дээр дурдсан хуулийн нарийвчилсан зохицуулалтын хүрээнд зөвтгөн тайлбарлах боломжгүй байна. “Х Б”ны зүгээс Т.Атай байгуулсан зээлийн гэрээний хувьд зээлийг хэсэгчлэн буцаан төлөх нөхцөлийг буруу тооцож тусгасан үйл баримт байгааг хүлээн зөвшөөрдөг боловч энэ нөхцөл байдал нь зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энд шүүхийн практикийн жишээг дурдахад арилжааны банкнаас олгосон зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч зээлээ төлж дуусаагүй бол гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл шалтгаалан зээлийн харилцаа үргэлжлэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардах, шүүхэд хандаж төлүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл зээлийн харилцаа нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгч буцаан төлж дуусгах хүртэл үргэлжилдэг онцлогтой харилцаа юм. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 206.1, 236.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, мададлалд “Т.Агийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, “Х Б”ны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах” байдлаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Т.А хариуцагч “Х Б”ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 21 633.23 ам.долларыг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээг банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр 57 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
“Х Б”нь гэрээний дагуу 42 690 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 14.05 хувийн хүүтэй нөхцөлөөр хариуцагчид шилжүүлж, үүргээ биелүүлжээ.
Зээлдэгч Т.А нь гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр 877 740 төгрөгийг 10 жилийн хугацаанд, нийт 106 192 804 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн гэсэн бол хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 20 951 ам.доллар, зээлийн хүү 592 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 88.95 ам.доллар нийт 21 633 ам.долларыг төлөх ёстой гэж маргажээ.
Зээлийн гэрээний зүйл нь гадаад мөнгөн тэмдэгт буюу ам.доллар байсан тул зээлийг Монгол мөнгөн тэмдэгтээр эргэн төлөх үед зээлдүүлэгч нь ам.долларын ханштай харьцуулж, үүргийг тодорхойлсноос зохигчдын хооронд үүрэг биелэгдсэн эсэх талаар маргаан үүссэн байна.
Хоёр шатны шүүх зээлийн гэрээний тохиролцоо, зээл төлөх хуваарь, мөнгөн төлбөрийн үүрэг, валютын ханш өөрчлөгдсөн тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг зэрэг гэрээний гол нөхцөл, талуудын тэгш эрхийн талаар гэрээг үндэслэлтэй тайлбарлаж, зээлдэгч Т.Аг гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Т.А нь үүргийг зохих ёсоор биелүүлснээр зээлийн гэрээ дуусгавар болсон тул барьцааны гэрээ мөн адил дуусгавар болсон, шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2000 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Золжаргал нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА