| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2018/0120/Э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Л.Соёмбо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 455
М.Ж-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Соёмбо,
хохирогч Ц.Б-н өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ж-т холбогдох 170500147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн М-н Ж, 19... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт .......... дүүргийн 4 дүгээр хороо......... 8 дугаар гудамжны .........тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............../;
М.Ж нь 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-д няраваар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэгдэн хариуцуулсан барааг дур мэдэн зарж борлуулан, хувьдаа завшиж “С” ХХК-д нийт 95.393.470 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Ж-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.Ж-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Ж-с 49.510.740 төгрөг гаргуулж "С" ХХК-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ж-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-н гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт анхан шатны шүүх "...Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа...", "...тэдний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй..." талаар зөв дүгнэлт гаргасан атлаа ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг үндэслэснийг эс зөвшөөрч байна.
Хэргийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн шинжлэн үзэхэд шүүгдэгч нь ажлын ачааллын улмаас туршлагагүйтэн өөрийн эсхүл бусдын алдаанаас улбаатай дутагдал байсан эсэхээ шалгуулах ёстой байтал айж, эмээн улмаар гэмт хэрэг үйлдсэн байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан төлбөрийн 50 хувийг эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө шүүгдэгч төлсөн, шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байсан зэрэг нөхцөл байдал нь мөн тэрээр дахин ажил хийж эхэлсэн байснаа шүүхэд тодорхойлсон, мөн хохирогч тал хохирол төлбөрийг төлөхтэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг шүүх хуралдаан дээр хэлснээс гадна үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь биш 27 сая төгрөгөөр тооцон төлөхөд татгалзахгүй зэрэг байдлаа шийтгэх тогтоол гарснаас хойш илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал байдаг бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял шийтгэлийн сонгох санкцид хуульчлагдсан торгох ялыг оногдуулах үндэстэй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.
Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж, шүүх хуралдааны танхимд хохирогч талаас чин сэтгэлээсээ уучлалт хүссэн зэрэг нөхцөл байдал байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлд торгох ялыг оногдуулах тухай хуульчлахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг заавал харгалзах тухай хуульчлаагүй, харин ч 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож торгох ялаар солино гэж хуульчилсан нь ялтны засрал хүмүүжил хариуцлагад ач холбогдол бүхий ял гэж үзэж болохоор байна.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ба ял шийтгэл эдэлж байгаадаа маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, аливаад чин шударга хандаж, ажиллаж хөдөлмөрлөхөө амлаж байна. Мөн ийм боломж олгож өгнө гэдэгт итгэж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан болон барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Хохирогч Ц.Батболдын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч “С” ХХК болон өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх тал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлүүлж, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ж-н үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргасан. Учир нь, шүүгдэгч М.Ж нь учирсан хохирлын 50 хувийг төлж барагдуулсан, мөн иргэний нэхэмжлэгч “С” ХХК-д хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул энэ байдлыг харгалзаж үзсэн. Анхан шатны шүүх М.Ж-г үлдэгдэл хохирлыг төлөөгүй гэсэн үндэслэлээр түүнд хорих ял оногдуулсан. Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх М.Ж-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
М.Ж нь 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-д няраваар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэгдэн хариуцуулсан барааг дур мэдэн зарж борлуулан, хувьдаа завшиж “С” ХХК-д нийт 95.393.470 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Б-н “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “С” ХХК-ийн агуулахад сар бүр явагддаг ээлжит тооллого явагдсан. Тооллогын комиссын бүрэлдэхүүн Наран, Сайнбат хоёр тооцоо гаргаж эхлэхэд их хэмжээний бараа дутагдал илэрсэн. Ж-н хариуцсан агуулахаас бараа дутагдаж эхэлсэн нь шууд Ж-тэй холбоотой. Учир нь агуулахаас гарч байгаа бараа бүтээгдэхүүн нь зөвхөн Ж-н гарын үсэг, падаанаар гардаг...” /хх 1-н 11-12/,
гэрч Л.Б-н “...Ж бид хоёрын дунд миний харилцдаг компани дээр хий падаан бичиж, надаар гарын үсэг зуруулж, гараагүй барааг гарсан болгож харагдуулсан асуудал байгаа. Энэ нь 12.000.000 төгрөгийн бараа материал байсан ба яг юу бичсэн байсныг хэлж мэдэхгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын дундуур М.Ж надад хандаж “аавын бие өвдсөн, энэ дээр түр падаан хийгээд гарын үсэг зураад өгчих, би удахгүй мөнгө хийе” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч гарын үсэг зурсан... Надаар нэхүүлж байж эхлээд 6.000.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өгөхгүй, удаа дараа нэхүүлж байсан. Тэгээд үлдэгдэл мөнгөнийхөө оронд чипс авч зараад компанийн данс руу хийчих гээд надад 92-93 хайрцаг чипс гаргуулж заруулсан. Би чипсний мөнгийг компанийн данс руу шилжүүлсэн. Үүнээс өөр бид хоёрын дунд асуудал байхгүй...” /хх 1-н 20-21/,
гэрч О.Т-н “... М.Ж хүрч ирээд “манай аавын бие муу байна, мөнгө хэрэгтэй байна, та наад падаан засаад гарын үсэг зураад өгчих, тэгвэл мөнгө өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. М.Ж тухайн өдөр өгсөн байсан барааны орлогын падааныг гаргахгүй байж байгаарай гэж хэлчихээд явсан. Тэгээд би 500 хайрцаг чипсийг 279 хайрцаг болгож падаан дээр засаад нөгөө гуйсан падааныг гаргалгүй үлдээсэн. Тооллого болох өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2 падаан барьж ирээд надаар гарын үсэг зураад өг гэхээр нь би зурж өгсөн. М.Ж надад 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дансаар 566.000 төгрөг, 7 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 234.000 төгрөг өгсөн. Өөрөөр бид хоёр падаан засаж байсан асуудал байхгүй...” /хх 1-н 23-24/,
мөн иргэний хариуцагчаар “...М.Ж бараа дутааснаас болж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа гарсан. М.Ж нь 7 дугаар сарын 15-ны өглөө ирж уулзаад надаас “хоёр падаан дээр гарын үсэг зураад өгөөч, аав өвчтэй, мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн... Тэгээд гуйж шалаад байсан ба надад мөнгө өгнө гэхээр нь би падаан дээр гарын үсэг зурж өгсөн...” /хх 1-н 234/,
иргэний хариуцагч А.Х-н “...М.Ж надаас “чипс зараад өгөөч, падаанаараа зохицуулсан байгаа” гээд 10 гаруй хайрцаг чипс надаар заруулсан. Би 720.000 төгрөг М.Ж-т бэлнээр ажил дээр өгсөн...” /хх 1-н 38-39/,
иргэний хариуцагч Т.Л-н “...М.Ж 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр надаас “аавын бие тааруу байна, чи надад 100 хайрцаг чипс зараад өг, чамд ашигтай, би чамд үндсэн үнэ болох 3100 төгрөгөөр бодож өгье, чи цаашаа яаж зарахаа өөрөө мэд” гэж хэлсэн... Би аргагүйн эрхэнд зөвшөөрч 100 хайрцаг чипс зарж өгсөн... Мөн 2017 оны 6 дугаар сарын эхээр 30 томатны паст зараад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн... Би нийт 64 хайрцаг томатны паст зарж, мөнгийг нь М.Ж-н Хаан банкны данс руу хийсэн...” /хх 1-н 43-44/,
иргэний хариуцагч О.Э-н “...Анх 2016 онд М.Ж надад “хоёулаа хугацаа нь дууссан, дуусах гэж байгаа барааг Төмөрөө гэдэг хүнээр заруулаад дундаас нь хөвөнг илүү гаргаж зараад, ашиг олж хувааж авъя” гэж санал тавьсан. Би зөвшөөрөөгүй хэсэг хугацаа өнгөрсөн боловч тааралдах болгондоо дахин дахин яриад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд анх бид хоёр 2016 онд 2 удаа 9.897.500 төгрөгийн хөвөн зарж борлуулсан... М.Ж над руу яриад би 3.000.000 төгрөг өгч чадахгүй болчихлоо, танайх руу гарсан падааныг засчихлаа, зассан падаан дээр гарын үсэг зурчихаарай, Буяндэлгэр эгчид хэлчихсэн, мэдэж байгаа тул асуудал үүсэхгүй” гэж надад хэлсэн...” /хх 1-н 47-48/,
иргэний хариуцагч Б.Б-н “... Би 2016 оны 2 дугаар сараас 8 сар хүртэл огурцы зарж өгсөн ба нийт 17.619.000 төгрөг болж байсан. Би зарсан мөнгөө тухай бүрт нь М.Ж-т шилжүүлж байсан... Дараа нь 2017 онд М.Ж надад томатны паст зараад өгөөч мөн 4 хувийг нь өөртөө авч хайрцаг тус бүрээс 2500 төгрөг ав, аавын бие өвдөөд хагалгаанд орох гээд байна гэхээр нь 53 хайрцаг томатны паст авч зарж өгсөн...” /хх 1-н 51-52/ гэх мэдүүлгүүд,
“Төгс нягт гурав аудит” ХХК-ийн “М.Ж-н хариуцсан бараа материалаас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 95.393.470 төгрөгийн хөрөнгө дутаж байна” гэсэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт /хх 1-н 120-123/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...“Төгс нягт гурав аудит” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн аудитын дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт /хх 1-н 207-211/, Зарлагын падааны хуулбар /хх 1-н 92-93/ зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос М.Ж-г итгэмжлэгдэн хариуцуулсан барааг дур мэдэн зарж борлуулан, хувьдаа завшиж, “С” ХХК-д 95.393.470 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Мөн шүүхээс М.Ж-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Ж-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамын “...М.Ж-т оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч М.Ж-н өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.