Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 159/2022/0044/З |
Дугаар | 221/МА2023/0246 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0246
А.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Д.М
Нэхэмжлэгч: А.Б
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
Гуравдагч этгээд: Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, гуравдагч этгээд Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 159/2022/0044/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл холбогдуулан “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бийн гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Учир нь би 2013 онд ахлах түшмэлийн шалгалтад орж тэнцэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот “Ажилд томилох тухай” тогтоолоор нарийн бичгийн даргын албан тушаал /ТЗ-7-1/-д томилогдсон. Ийнхүү ажиллаж байгаад Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот тогтоолоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү цалингүй чөлөө хүссэний дагуу 3 сарын цалингүй чөлөө олгосон.
Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн нийтлэг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байна. Энэхүү зохицуулалтыг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэвэл би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний ажлаас чөлөөлөгдсөн өдөр мөн гэж үзэж байна.
Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3.7 дахь хэсэгт “Төрийн байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөөтэй байсан хугацаа”-г төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл миний дээрх захиргааны чөлөөтэй байсан 3 сарын хугацаа маань уг журмын дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг хаасан хугацаанд тооцогдохоор байна.
Гэтэл анхан шатны шүүх нь “... Д.Мын 3 сарын чөлөө хүссэн хүсэлтийг албан ёсоор хэлэлцээгүй, тогтоол гараагүй, чөлөө олгоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай” 04 дүгээр тогтоолд “Д.М нь 3 сарын хугацаатай чөлөө хүссэн тул Ж.Бадамцэцэгийг ... түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай” тусгасан байдаг. Энэ нь тухайн үед хурлын даргаар ажиллаж байсан гэрч н.Буянхишигийн мэдүүлгээр нотлогддог.
3.2. Нэхэмжлэгч А.Б нь намайг тусгай шалгалтад бүртгэсэн нь үндэслэлгүй гэдэг агуулга бүхий гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг бүртгэснийг хүчингүй болгуулах, өөрийг нь бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
А.Б нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд зөвхөн миний бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргасныг салбар зөвлөл хүлээн авч, А.Бийг журамд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй, мөн Д.Мын ажилласан жил шаардлага хангаж байгаа учир гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл, түүнд өгсөн гомдлын хариу зэргээр нотлогддог.
Мөн А.Б нь бүртгэлтэй холбоотой гомдлыг салбар зөвлөлд гаргасан болохоос шалгалттай холбоотой гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага дахь “тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлагаа урьдчилан шийдвэрлүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна.
Намайг шалгалтад бүртгэсэн асуудал нь А.Бийн эрх ашгийг хөндөөгүй, харин А.Бийг өөрийг нь шалгалтад бүртгээгүй асуудал нь түүний эрх ашгийг хөндсөн байхад А.Бийн нэхэмжлэлээр надтай холбоотой гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус зөрчиж байна.
3.3. Мөн би А.Б нь Төрийн албаны тусгай шалгалтын программд материал нэмж оруулсан, надтай холбоотой нотлох баримтуудыг одоо ажиллаж байгаа ажлын байрны давуу эрхээ ашиглан устгасан байх үндэслэлтэй байна гэж үзээд өмгөөлөгчөөрөө дамжуулан Төрийн албаны зөвлөлийг шинжээчээр томилуулах, А.Бийн бусад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, нотлох баримт устгасан асуудлуудыг шалгуулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч А.Боос “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хэргийн үйл баримтаас үзвэл Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн захиалгаар ахлах түшмэлийн удирдах албан тушаалын орон тоог зарлаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагийн хооронд бүртгэл явуулсан байна.
3.1. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд нэхэмжлэгч А.Б, гуравдагч этгээд Д.М нар нэрээ дэвшүүлж, хүсэлт холбогдох материалыг салбар зөвлөлд цахим системд бүртгүүлснийг тусгай шалгалтыг зохион байгуулах комиссоос 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шалгаж, Д.Мын бүртгэлийг баталгаажуулж, А.Бийн холбогдох баримт дутуу үндэслэлээр бүртгэл баталгаажуулахаас татгалзжээ.
3.2. Анхан шатны шүүхээс “... Д.М нь сул орон тоо нөхөх тусгай шалгалтын шаардлагад заасан дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй буюу 2 жил 10 сар ажилласан болох нь тогтоогдож байна ... нэгэнт Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэр хууль бус байх тул уг түүнийг тусгай шалгалтад оролцуулан шалгалт авч, гаргасан шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй ... салбар зөвлөлөөс А.Бийг хууль бус томилгоотойгоор ахлах түшмэлийн албан тушаалд ажилласныг ажилласан жилд тооцох боломжгүй гэж бүртгэл баталгаажуулахаас татгалзахдаа энэ талаараа нэхэмжлэгчид ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй ... А.Б нь 2010-2016 онд төрийн үйлчилгээний байгууллагад, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ахлах түшмэлийн албан тушаалд томилогдон нийтдээ 6 жил тасралтгүй ажилласан байхад түүнийг бүртгэж, баталгаажуулалт хийхээс татгалзсан нь хууль бус байна” гэж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
4.1. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргагч нь өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, эсхүл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлсноор шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
4.2. Нэхэмжлэгч А.Б нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “... тус албан тушаалд ажиллаж байгаа намайг шалгалтад бүртгэлгүй дэс түшмэлийн албан тушаалд 3 жил ажиллаагүй Д.Мыг бүртгэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”, 2 дахь шаардлагаа “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодорхойлжээ.
4.3. Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл төрийн албаны тусгай шалгалтад гуравдагч этгээд Д.Мыг бүртгэж, баталгаажуулсан, улмаар төрийн албаны тусгай шалгалтын дагуу салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр нь А.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэхээр байна.
4.4. Тодруулбал, гуравдагч этгээд Д.Мын тусгай шалгалтын бүртгэлийг Төрийн албаны салбар зөвлөлөөс баталгаажуулсны улмаас нэхэмжлэгч А.Бийн бүртгэлийг баталгаажуулахаас татгалзаж, цуцлах үндэслэл болоогүй бөгөөд гагцхүү түүнийг “тусгай шалгалтад бүртгүүлэхдээ холбогдох баримтыг дутуу ирүүлсэн” гэсэн үндэслэлээр баталгаажуулахаас татгалзжээ.
4.5. Гэтэл анхан шатны шүүхээс Д.Мыг тусгай шалгалтын бүртгэлийг баталгаажуулсан хариуцагчийн үйлдэл нь А.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа мэтээр дүгнэж, үүнийгээ нотлох байдлаар хууль, хэрэгт авагдсан баримтыг тайлбарлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.
5. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан.
5.1. Гэвч нэхэмжлэгчээс түүнийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсантай холбоотой гомдлыг гаргаагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандан “... Д.М нь дэс түшмэлийн албан тушаалд 2 жил 10 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад шалгалт өгөх эрхийг баталгаажуулсанд гомдолтой байна” гэсэн агуулгаар гомдол гаргасан байна.
5.2. Анхан шатны шүүх дээрх гомдлыг журамд заасан хугацаанд гаргасан эсэх, хариуцагчаас хүлээн авч хариу өгсөн эсэхэд дүгнэлт өгсөн боловч энэ нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй.
5.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийг надад огт мэдэгдээгүй ба 17 цагийн үед танил хүн хэлэхээр нь мэдэж салбар зөвлөлийн нарийн бичиг Э.Энхмаа руу утасдаж намайг бүртгэж баталгаажуулаагүй талаар гомдол гаргана гэсэн” гэж тайлбарласан нь А.Бийг бүртгэхээс татгалзсан болохыг мэдсэн боловч гомдол гаргаагүй байна.
6. Анхан шатны шүүхээс “... цуцалсан талаараа хариуцагч байгууллага нэхэмжлэгч А.Бид ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй ... шийдвэрээ гардуулах, хүргүүлэх ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй.
6.1. Учир нь төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэх хүсэлт, холбогдох баримтыг csc.gov.mn вэбсайтаар хүлээн авч, анкет баталгаажсан, цуцлагдсан талаар цаг тухай бүрд нь оруулдаг бөгөөд мэдээллээ олон нийтэд нээлттэй байлгадаг ба Төрийн албаны тухай хууль болон 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д төрийн албаны салбар зөвлөл нь тусгай шалгалтад бүртгүүлэгчийн анкетыг бүртгэхээс татгалзсан талаар өөрт нь болон бусад этгээдэд мэдэгдэх үүргийг хүлээгээгүй.
6.2 А.Бийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр салбар зөвлөлд гаргасан гомдол болон захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа өөрийг нь төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэлтэй маргаагүй, гагцхүү гуравдагч этгээд Д.Мын бүртгэлтэй холбоотойгоор маргасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
7. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орон гүйцэтгүүлнэ”, 43.3.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх”, мөн хуулийн 46 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх” гээд 46.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэж тус тус заасан.
7.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд Д.М нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот “Ажилд томилох тухай” тогтоолоор Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байна.
7.2. Анхан шатны шүүх “... Д.Мын 3 сарын хугацаатай чөлөө хүссэн хүсэлтийг Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар албан ёсоор хэлэлцээгүй, тогтоол гаргаагүй, чөлөө олгоогүй байх бөгөөд 2016 оны 3, 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө сайн дураар төлсөн ... Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээс үзвэл 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлийн лавлагаа авагдсан тул 34 сар буюу 2 жил 10 сар ажилласан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
7.3. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.М нь эрүүл мэндийн болон хувийн амьдралын шалтгаанаар 3 сарын чөлөө хүссэн тул уг албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс эхлэн ... Ж.Бадамцэцэгийг ... орлон гүйцэтгэгчээр томилсугай” гэснээс үзвэл хуулийн дээрх зохицуулалтын дагуу Д.Мын “3 сарын цалингүй чөлөө” хүссэн хүсэлтийн дагуу түүний албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон байна.
7.4. Өөрөөр хэлбэл, “... 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор надад 3 сарын цалингүй чөлөө олгосон ... Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3.7 дахь хэсэгт “Төрийн байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөөтэй байсан хугацаа”-ыг төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул миний бие 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 3 жил, 3 сар ажилласан” гэсэн Д.Мын тайлбар үндэслэлтэй.
Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Боос Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлээр Д.Мыг бүртгэж баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан төрийн албаны тусгай шалгалтаар Д.Мд холбогдуулан гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд Алтангэрэлийн Бадамдоржийг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэж баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээд Д.Маас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ