Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд Т  ойл ХХК-ийн  өмгөөлөгч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, М.А

Гуравдагч этгээд Т  ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 116/2020/0004/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.     

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “...Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.14, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.2.2,11.2.11, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч М  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актадаа “М ” ХХК-ийг ямар хуулийг хэрхэн зөрчсөн болохыг заагаагүй, зөрчил нь ямар баримтаар тогтоогдсон болохыг тусгаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ба энэ нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжийн 1 дэх заалтад “М ” ХХК нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг зөрчиж эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл авалгүйгээр газар, түүний хэвлийг ашиглаж өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан Газрын тухай хууль болон Барилгын тухай хуулийг тус тус зөрчсөн болохыг тусгасан. Тухайн зөрчлийн талаар нутгийн иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу бодит байдлыг тогтоох зорилгоор Б  17 дугаар талбайд байрлах нэхэмжлэгч компанийн ус ашиглах болон хог хаягдлын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, газрын зөвшөөрөл авсан эсэхэд нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийхэд тус “М ” ХХК нь хууль зөрчин хайгуулын үйл ажиллагаа явуулж, газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан тухайн газар дээр зөвшөөрөлгүйгээр хайгуулын тоног төхөөрөмжийг байрлуулсан болох нь Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 1/224 дүгээр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 01/234 дүгээр удирдамжаар хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон тул тус үйл баримтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжийг гаргасан болно.

3.2. ...Аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийг тус тус оруулсан тул тус захирамжийн 1 болон 2 дахь заалтад ямар нөхцөл байдал тогтоогдсон, нэхэмжлэгчийн зөрчсөн хууль, дүрмийн талаар тодорхой тусгаж өгсөн. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчийн зүгээс Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлуулсан өрмийн цамхаг нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарах тул Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авна гэж маргаж байгаа боловч хариуцагч нь энэхүү үндэслэлээ маргаан бүхий захиргааны актадаа тодорхой тусгаагүй, хуулийн зүйл, заалтыг заагаагүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч “М ” ХХК нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан талаарх нөхцөл байдлын талаар аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжийн 1 дэх заалтад тодорхой тусгасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт бичгээр гаргаж байгаа захиргааны актад түүнийг гаргах бодит нөхцөл байдлыг заана гэж хуульчилсан.

3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь “М ” ХХК-ийн байрлуулсан цамхгийг дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна гэж тайлбарлаж байгаа ч үүнийг ямар баримтаар тогтоосон нь тодорхойгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө тухайн байгууламжийн зориулалт, хүчин чадал, өндрийг тогтоогоогүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт заасан цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адил байгууламж гэдэгт нэхэмжлэгч “М ” ХХК-ийн өрөмдлөгийн цамхаг нь хамаарч байгаа болно.

3.4. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн байрлуулсан өрмийн цамхаг нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”- ийн 18-д хамаарахгүй гэсэн дүгнэлтийг гаргахдаа хэрэгт цугларсан ямар нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн шинжээчээр томилогдсон 4 хүний нэг нь хамаарахгүй гэж, 3 нь хамаарна гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүхээс тус цамхаг нь нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18-д хамаарахгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй болно. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар тогтоолд “... Цамхгийг “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарах эсэхийг тогтооход хууль хэрэглээний түвшинд эрх зүйн дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг шүүх үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна ... Өрмийн цамхаг нь дээрх дүрмээр зохицуулагдах барилга, байгууламжид хамаарах эсэхийг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардлагатай тул уг асуудлыг тодруулын тулд мэргэжлийн этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой” гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүхээс шууд үнэлж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болно.

3.5. ...Нэхэмжлэгч “М ” ХХК нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн үйлчлэлд хамаарч буй өрмийн цамхгийг газрын тосны хайгуул, өрөмдлөгийн үйл ажиллагаандаа ашиглахдаа Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч “М ” ХХК нь Дорнод аймгийн Б  17 дугаар талбайн газрыг дур мэдэн ашиглан, 30 орчим метр өндөртэй буюу дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах өрмийн цамхгийг байршуулах барилгын ажлыг ямар ч зөвшөөрөлгүй явуулсан болно. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хууль, журмын дагуу “Б  17 дугаар” талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт авагдаагүй нь тогтоогдож байгаа ч үүнд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй юм” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ийг баталсан ба тус журамд газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д заасан улсын тусгай хэрэгцээнд авагдаагүй газарт газар ашиглах зөвшөөрөл авалгүйгээр өрмийн цамхаг байрлуулсан байхад шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.6. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар  хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2.1. Маргаан бүхий захиргааны актууд болох Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжаар “...Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Б  17 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөгөөг батлуулсан “М ” ХХК нь эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 дугаар тушаалыг тус тус зөрчин цамхаг, тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах барилга байгууламж болон өрмийн бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлүүлэх”, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжаар “...аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, 1/84, 1/503 дугаар албан мэдэгдлийг захиргааны актын үйлчлэлд хамаарах “М ” ХХК-д хүргүүлсэн боловч үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байгаа тул газрыг албадан чөлөөлөх” ажиллагааг тус тус зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгожээ.

2.2. Тодруулбал, хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь “М ” ХХК-ийг эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан гэж үзэж газар чөлөөлүүлэх тухай акт гаргасан байна.

2.3. Анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг гаргахаасаа өмнө тухайн байгууламжийн зориулалт, хүчин чадал, өндрийг тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй байна. Гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газар болон нэхэмжлэгч “М ” ХХК-ийн хооронд шинэчлэн байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “А”-д гэрээт талбайн зураг, гэрээт талбайн байрлал байгаа ба нэхэмжлэгч “М ” ХХК нь газрын тос хайх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр авсан байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д “гэрээлэгч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний салшгүй хэсэг болох “А”, “Б” хавсралтаар тодорхойлсон талбайд тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрх эдэлнэ” гэж заасан байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч “М ” ХХК-ийг хайгуулын гэрээт талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуульд заасан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх зохицуулалтын дагуу газар эзэмших ёстой гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнээд шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай харьцуулан өөрсдийн дотоод итгэлээр үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.4. Учир нь нэхэмжлэгч “М ” ХХК нь Дорнод аймгийн нутаг дэвсгэр Б  17 дугаар талбайд ямар нэгэн барилга бариагүй, харин “М ” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр тухайн талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмж байрлуулсан байна.

2.5. Мөн хэрэгт авагдсан Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 дүгээр албан бичгээс үзвэл нэхэмжлэгч “М ” ХХК-ийг гэрээт талбайн тодорхой байршилд хайгуулын өрмийн цамхаг болон өрмийг түр хугацаанд байршуулах ажлын зураг төсөл, геологийн ажлын даалгавар, цамхгийн хүчин чадал, техникийн нөхцөлийг Газрын тосны тухай хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар хянаж байгаа тухай дурдаад, “М ” ХХК өрмийн цамхаг түр хугацаанд байрлуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төлөвшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт хамаарахгүй гэжээ.

2.6. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь тухайн газарт цамхаг тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй харин газрын тосны хайгуулын ажлын тоног төхөөрөмж, цамхаг, контейнер, гэр зэргийг байрлуулсан нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан барилга байгууламжид хамаарахгүй, байнгын бус судалгаа, хайгуулын шинжтэй байна.

2.7. Өөрөөр хэлбэл “М ” ХХК нь газрын тосны хайгуулын өрмийн цамхгийг байрлуулахад барилгын зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

2.8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо  ... Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах, журмыг баталсан ба тус журамд газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д заасан улсын тусгай хэрэгцээнд авагдаагүй газарт газар ашиглах зөвшөөрөл авалгүйгээр өрмийн цамхаг байрлуулсан байхад шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

2.9. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гэж, 16.1.8-д бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай гэж,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.1“нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж, Б  17 дугаар талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар ашигт малтмал, газрын тосны газар болон М ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Энэхүү гэрээтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага дараах үүргийг хэрэгжүүлнэ гэж, 3.1.1-д Газрын тосны хууль, стандарт дүрэм, журам, заавар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан дэмжлэг үзүүлж, хяналт тавих, 3.1.2-д гэрээний хэрэгжилттэй холбогдсон асуудлаар төрийн холбогдох бусад байгууллагатай харилцахад дэмжлэг үзүүлэх гэж тус тус заасан байна.

2.10. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч төрийн үйл ажиллагааг дэмжиж оролцоно гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тус ажил хэрэгжиж эхлээд 5 жил болж байхад шүүхийн маргаан үргэлжилсээр ажил хийх бололцоо олгохгүй байна гэх, Гуравдагч этгээд Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Газрын тосны эрэл хайгуулын талбай нь олон аймаг сумдын нутаг дэвсгэрийг дамнан байршдаг. Энэ бүхнийг тусгай хэрэгцээнд авах гэхээр суурьшиж амьдарч байгаа иргэдийн амьдрал яригддаг. Хариуцагч нь Газрын тосны тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр үйл ажиллагаанд саад учруулсаар байна гэх тайлбарууд болон дээрх зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүхийн хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцээгүй талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

2.11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн процесс ажиллагааны талаар:

3.1. Анх хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0015 дугаар шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авч 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/2364 дүгээр албан бичгээр давж заалдах гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

3.2. Үүнээс хойш 41 хоногийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргаж, уг хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0120 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэжээ.

3.3. Дээрх шүүгчийн захирамжид хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2/2772 дугаар албан бичгээр гомдол гаргаж давж заалдах шатны шүүхэд ирүүлснийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/35 дугаар албан бичгээр “Хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай 120 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6 дугаар зүйлийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Өлзийгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдлоо шууд хүргүүлсэн нь буруу байна. Учир нь хэргийн оролцогч нараас аливаа гомдлоо шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргах журамтай, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг татан авч, гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хариуцагчид хүргүүлсэн байна.

3.4. Гэтэл түүнээс хойш 70 хоногийн дараа хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргахад шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 0008 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д заасныг баримтлан “Зөвхөн гомдлоо анхан шатны шүүхээр дамжуулалгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэх агуулгаар дүгнэж, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж уг захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д заасантай нийцэхгүй байх боловч дээрх захирамж хүчин төгөлдөр байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүрээнд хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ