Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 20

 

Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00207 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт оршин суух, Зуутраг овогт Батсуурийн Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалан сумын Алагтолгой багийн 10-24 тоотод оршин суух, Цоохорнууд овогт Төрмөнхийн Түнжинд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч Т.Түнжин түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2012 онд Т.Түнжинтэй танилцаж, улмаар 2014 оны 05 дугаар сарын 09-нд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Далайбаяр төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй нөхцөл байдалтай байсан учраас 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хариуцагч Т.Түнжин нь миний ажлыг ойлгодоггүй. Үргэлж хардаж, хэрүүл хийж, хэл амаар доромжилдог. Бид цаашид хамт амьдрах боломжгүй, хүүхдийн тэтгэлгийг би төлөхийг зөвшөөрч байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ би өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авна. Бид нарыг гэр бүл болоход ах дүү нараас 1,000,000 төгрөг цугларсан. Түүнээс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж авна. Мөн эд хөрөнгийн маргаан байгаа гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00209 дугаар шийдвэрээр:“ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Батсуурийн Бямбадорж, Цоохорнууд овогт Төрмөнхийн Түнжин нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжид  үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Далайбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бямбадоржоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Түнжинд даалгасугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6.Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Түнжингээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгосугай.

 

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Т.Түнжин, хүү Б.Далайбаяр бидний эрх ашиг, хүү Б.Далайбаярын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдалд хууль зүйн үүднээс дүгнэлт хийлгүй орхигдуулж хүүхдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй орхигдуулж хүү бид хоёрыг орох оронгүй, амьдрах боломжгүй байдалд үлдээж бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие бүтэн өнчин, аав, ээж маань нас барсан харж хамгаалах ах дүүгүй шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдээ тэврээд гудамжинд гарах хэмжээнд хүрээд байна. Шүүх бидний дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэлээ гэж тайлбарлаж байгаа нь миний болон хүүхдийн маань эрх ашгийг хохироож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ”

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүсэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ”.

Гэтэл хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр нотлох баримт авагдаагүй, байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийн эвлэрүүлэх бүх талын арга хэмээг авах” хуулийн зохицуулалттай.

Гэтэл хариуцагч хариу тайлбартаа “би хичнээн уурлаж хэрүүл маргаан хийдэг ч гэсэн салж сарних бодолгүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, аль болох эв зүйгээр амьдрахыг хичээдэг” талаараа дурдсан байхад шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр “нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Т.Түнжин нар нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй” гэх хийсвэр дүгнэлт хийж гэрлэлтийг цуцалсан байна.

Шүүх хариуцагч Т.Түнжинд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх үүрэг тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч нь эрх үүрэг тайлбарлаж өгснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “хашаа, машин, хурим хийх үед ах дүү нараас бэлгэнд өгсөн мөнгө, үнэтэй бэлэг, 2 талаас өмчилж өгсөн мал” гээд бидний дунд эд хөрөнгийн маргаан их байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж бичсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхээс тайлбарлаж өгсөн эрх үүрэг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ бүрэн ойлгоогүй байхад шүүх “хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэлээ гэх дүгнэлт хийж”, хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч болон хүүхдийн эрх ашгийг зөрчсөн үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Түнжинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүгч нэхэмжлэгч Б.Бямбадоржтой “ажил хэргийн хувийн харилцаатай танилууд” гэсэн үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “ хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэх үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарахаар зохицуулсан байна.

 

Гэтэл шүүгчийн татгалзан гарах хүсэлтэд “ажил хэргийн хувийн харилцаатай, танилууд” гэх хуульд байхгүй үндэслэлүүд дурдсан бөгөөд нэхэмжлэгчтэй ямар хувийн харилцаатай болох нь тодорхойгүй байхад татгалзлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

      Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2017/00207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Т.Түнжинд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

 

                               ШҮҮГЧИД                                       С.ӨМИРБЕК

                                   

 

                                                                                                  М.НЯМБАЯР