Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 207

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт оршин суух, ПП91050415 регистрийн дугаартай, Зуутраг овогт Батсуурийн Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалан сумын Алагтолгой багийн 10-24 тоотод оршин суух, ПП93072001 регистрийн дугаартай, Цоохорнууд овогт Төрмөнхийн Түнжинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдээ эх Т.Түнжингийн асрамжид өгөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Т.Түнжин, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 онд Т.Түнжинтэй танилцаж, улмаар 2014 оны 05 дугаар сарын 09-нд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Далайбаяр төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй нөхцөл байдалтай байсан учраас 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хариуцагч Т.Түнжин нь миний ажлыг ойлгодоггүй. Үргэлж хардаж, хэрүүл хийж, хэл амаар доромжилдог. Бид цаашид хамт амьдрах боломжгүй, хүүхдийн тэтгэлэгийг би төлөхийг зөвшөөрч байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Түнжин шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ би өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авна. Бид нарыг гэр бүл болоход ах дүү нараас 1,000,000 төгрөг цугларсан. Түүнээс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж авна. Мөн эд хөрөнгийн маргаан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь хариуцагч Т.Түнжинд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдээ эх Т.Түнжингийн асрамжид өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Т.Түнжин нар нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Далайбаяр төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Т.Түнжин нар нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Т.Түнжин нь хүү Б.Далайбаярыг өөрийн асрамжид авах, нэхэмжлэгч Б.Бямбадорж хүү Б.Далайбаярт тэтгэлэг өгөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн тул хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжид үлдээж, эцэг Б.Бямбадоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Бямбадоржийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч Т.Түнжин нь шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн маргаантай, анх гэр бүл болоход ах дүү нараас бэлэн 1,000,000 төгрөг ирсэн тул уг 1,000,000 төгрөгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар тайлбар гаргасан. Гэхдээ хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Т.Түнжингийн гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Түнжингээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Батсуурийн Бямбадорж, Цоохорнууд овогт Төрмөнхийн Түнжин нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Далайбаярыг эх Т.Түнжингийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Далайбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бямбадоржоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Түнжинд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Түнжингээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА