Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00283

 

Н.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2018/00031 дүгээр магадлалтай,

Н.Цгийн нэхэмжлэлтэй

ДА-ийн СС-ын ЕБын 3 дугаар сд холбогдох

Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунбуд, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос хойш тус сд хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Гэтэл захирал Н.Оюунбуд нь албан тушаалаа ашиглан ажлын байран дээр удаа дараа дарамтлан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б10 тушаалаар ялгаварлан гадуурхан ажлаас халсан юм. Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл оногдуулсан 2018 оны 03 сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн ажилтан болох Н.Цд огт танилцуулаагүй, мэдэгдээгүй, Н.Ц нь энэ талаар одоо ч мэдэхгүй байх ба уг тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг аваад мэдсэн. 2018.03.19-ний өдөр сахилгын арга хэмжээ авахдаа сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, өөрөөр хэлбэл ажилтан Н.Ц нь сахилгын ямар зөрчил гаргасны улмаас түүнд захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан талаар хуульд заасны дагуу ажилтанд мэдэгдэж, танилцуулаагүй хууль зөрчсөн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018.03.19-ний өдрийн Б/04 тушаал үндэслэлгүй юм. 2018.05.24-ний өдрийн түвшин тогтоох шалгалтын материалыг дуу хөгжмийн багш Батзориг, Н.Ц нар өөр өөрсдийн хичээл заадаг ангийн шалгалтын материалаа өөрсдөө зассанаа хүлээн зөвшөөрдөг ба Н.Цгийн хувьд ЕБ-ын 3 дугаар сургуулийн бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд урдаа барьдаг, юм юманд сургуулиа төлөөлж оролцдог сурагч болох Одбаярын ээжийн зүгээс Одбаярыг тэмцээн уралдаанд оруулж хичээлд суулгахгүй байж хүүхэд муу гаргалаа гэж загнадаг учраас багш хүний хувьд сурагчаа бодоод ганцхан Одбаярын материалыг зассаны төлөө буруутгаж, дуу хөгжмийн багш Батзориг би анх өөр өөрийн хичээл заадаг ангиа засчихъя гэхэд нь зөвшөөрөөд хичээл ордог ангиа зассан....би анх санаачилсан...материалаа үзэхэд муу байхаар нь хүүхдүүдээр нөхөж бичүүлсэн... гэж үнэнээ хэлсээр байтал Н.Ц ч адил ийм зүйл хийсэн гэсэн байр сууринаас хандаж, Н.Ц багшид хийгээгүй, гаргаагүй үйлдлийнх нь төлөө дарамт шахалт үзүүлж, ялгавартай хандаж хууль бус, үндэслэлгүй арга хэмжээ авч ажлаас халсан байдаг. Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирлын гаргасан дуу хөгжмийн багш Н.Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаал үндэслэлгүй тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунбуд шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтаар ажил олгогч санаачлан цуцлах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлууд, сургуулийн ёс зүйн хорооны дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сургуулийн захирлын Б/28 тоот тушаалаар авсан сахилгын шийтгэл, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн сургуулийн Б/4 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь эдгээр нотлох баримтуудаар нотлогдоно. Сургуулийн захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн хөндлөнгийн түвшин тогтоох шалгалтаар багшийн стандарт хангалтын түвшинг тогтоохоор 6 дугаар ангийн 2 бүлгийн хүүхдүүдээс дуу хөгжмийн хичээлээр шалгалт авсан. Уг шалгалтын материалыг 2 багшаар өөр өөрийн хичээл ордоггүй ангийг сольж засуулахаар сургалтын менежерээс үүрэг өгсөн. Гэтэл Н.Ц, Батзориг нар өөр өөрийн ангийн материалыг засч, шалгалтаа хангалтгүй өгсөн сурагчдын дүнг засахын тулд нөхөж бичүүлсэн нь багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн. Н.Цгийн гаргасан энэ зөрчил болох өмнөх шийтгэл оноосон зөрчлүүд нь тус сд мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн гэрээний 3.2.с, 3.2.j, 3.2.k, 3.2.g, 4.4, 4.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар бүлгийн 8.2, 8.3.2, 8.5.8, 8.6 дахь заалтуудыг зөрчсөн байх тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 2-рт заасан Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдах шалгуур, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй тохиолдолд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөрийн хууль болон хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлагыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2018/00031 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2018/00305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 ... гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргаж байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Учир нь: Нэг. Нэхэмжлэгч Н.Цг ДА-ийн СС-ын ЕБын 3 дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад 2018 оны 05 сарын 30- ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Үүнийг шүүхээс ДА-ийн СС-ын ЕБын 3 дугаар сугуулийн захирлын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн Б/15 тушаалд дурдсан үндэслэлүүдээс Хөдөлмөрийн гэрээний 3.2.с-д заасан ...заалтыг зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2018.05.30-ны өдрийн 07 дугаарт хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Н.Цгийн хэлсэн тайлбараар шалгалтаа хангалтгүй хийсэн сурагчдын дүнг засахын тулд нөхөн бичүүлж, засварласнаа хүлээн зөвшөөрсөн тул сахилгын зөрчил гаргасан нь нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гэрч Батцэнгэлийн мэдүүлэгт ... сурагч Одбаяр, Отгонболд, бас нэг эмэгтэй сурагч, үзэгний өнгө таарахгүй байсан гээд бас нэг сурагч нийт 4 сурагчийн талаар мэдүүлсэн байдаг мөн ... тэр шалгалтын материал нь засагдаагүй материал байсан учир хэдэн хүүхдийн, хэдэн материал засагдсаныг мэдэхгүй, хоосон байсан материалууд бөглөгдсөн байсан хэн хэний материал хоосон байгаад нөхөн бичсэнийг тухайн үед хараагүй гэж гэсэн ба гэрч Батцэнгэл нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйн дээр гэрч болох сурагч Отгонболдын мэдүүлэгт ...би шалгалтын дараа Н.Ц багштай уулзаагүй, багш намайг дуудаагүй, шалгалтын материалыг нөхөж бичээгүй ...гэсэн мэдүүлгээр гэрч Батцэнгэлийн мэдүүлэг үгүйсгэгддэг ба нөхөж бичсэн гэх сурагчдыг нэрээр нь заагаагүй нэг эмэгтэй сурагч, үзэгний өнгө таараагүй гэсэн бас нэг сурагч гэх зэргээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заалгүй мэдүүлсэн байхад шүүх үүнийг багш Н.Ц нь шалгалтаа хангалтгүй хийсэн сурагчдын дүнг засахын тулд нөхөн бичүүлсэн гэж буюу олон тоон дээр авч үзэж сурагчдын материалыг зассан болох нь тогтоогдсон талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж гэрч Батцэнгэл, Отгонболд нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, түүнд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгсөн болох хариуцагч талын нөхөн бичүүлсэн гэж үзээд байгаа сурагч Отгонболдын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийсэнгүй. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-т зааснаар суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх нь багшийн үүрэг юм. Хоёр. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2018.05.30-ны өдрийн 07 дугаарт хурлын тэмдэглэлээс харахад багш Н.Ц нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн ба 2018.05.30-ны өдрийн хурал бол сахилгын зөрчлийг шийдсэн хурал байгаагүй ба хурлаас багш Н.Цг багшийн ёс зүй зөрчсөн үү, үгүй юу гэдгийг “Багш, ажилчдын ёс зүйн хороо”-оор шийдвэрлүүлэхээр шийдсэн хурал байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2007 оны А/41 тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын с, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийг мөн уг сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар хүчингүй болгож, Ерөнхий боловсролын с, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, уг Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталсан. Энэ БСШУС сайдын баталсан 2007 оны А/41 хүчингүй болсон тушаал болон шинээр батлагдсан 2018 оны А/243 тушаалуудад багш нь нөгөө багшийнхаа “багшийн ёс зүй” зөрчсөн асуудлыг хэлэлцэхийг хязгаарлаад зогсохгүй тусдаа багшийн ёс зүй зөрчсөн асуудлыг шийдвэрлэж дүгнэлт гаргах эрх бүхий аймагт Боловсрол соёл урлагийн газрын дэргэд багш, эцэг эх, төрийн захирааны төлөөлөл оролцсон 9-11 хүний бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн зөвлөл” ажиллаж шийдвэрлэж байхаар заасан. Гэтэл Ерөнхий боловсролын 3 дугаар с болон с доторх ёс зүйн хорооны дарга нь энэ тушаал болон багшийн ёс зүйн дүрмийг шинэчлэгдсэн талаар огт мэдэхгүй байсан ба 2007 оны А/41 тушаалаар с дотроо ёс зүйн хороо байгуулж, багш нь нөгөө багшийнхаа ёс зүйн зөрчсөн асуудлыг хэлэлцээд байж байдаг. Нэг үгээр хэлбэл 2018.06.012-ны өдөр 3 сургуулийн ёс зүйн хороо хуралдаад ганц Батцэнгэлийн амбаар, үгээр л асуудлыг шууд л шийдээд ёс зүйн зөрчсөн талаар шалгаж тогтоох ажиллагаа огт хийгээгүй. 2018 оны 05 сарын 30-ны өдрийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын дэргэдэх хурлаар багш Н.Цг багшийн ёс зүйн зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар сургуулийн ёс зүйн хороогоор шийдвэрлүүлэхээр шийдвэрлээд хурал тарсан байдаг. 2018 оны 06 сарын 12-ны өдөр 3 дугаар сургуулийн ёс зүйн хороо хуралдаад Н.Цг БСШУССайдын 2018 оны 05 сарын 01-ны өдөр хүчингүй болсон Багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байна гээд дүгнэлт гаргаж сургуулийн удирдлагад хүргүүлсэн байдаг. Энэ хууль бус хорооны, хууль бус хэдхэн хүн ярилцаад л гараар бичсэн дүгнэлтийг үндэслээд Н.Ц багшийг ёс зүй зөрчсөн байна гээд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан байдаг. Хэдий төрийн байгууллага нь албан хаагчийн тооноос хамаараад дотроо ёс зүйн хороо байгуулж болох боловч ерөнхий боловсролын с, цэцэрлэгийн тухайд тухайн салбарын сайдаас тусдаа нарийвчлан зохицуулаад хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах, ямар журмаар хэрхэн яаж ажиллаж, багшийн ёс зүйтэй холбоотой асуудлаар шалгалт явуулах зэргээр нотлон тогтоох ажиллагааг хийх талаар зохицуулсан ба хамгийн гол нь хөндлөнгийн хяналт шалгалт гэдэг үүднээс багш нь багшаа ёс зүйн зөрчсөн гэдгийг тогтоох, хувийн амбиц нөлөө үүсэхээс сэргийлэх байдлаар хөндлөнгийн 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхээс 3 дугаар сургуулийн доторхи ёс зүйн хорооны 2018.06.12-ны өдрийн нэхэмжлэгч Н.Цгийн багшийн ёс зүйн зөрчсөн талаарх дүгнэлтийг ИХШХШТХ-40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” гэж зааснаар хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ тус сургуулийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа нь БСШУССайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 тоот тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын с, цэцэрлэгч, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д тус тус нийцээгүй нь тогтоогдсон байх боловч энэ нь нэхэмжлэгч Н.Цг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм гэж үзсэн. Нэхэмжлэгч Н.Цг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ёс зүйн зөрчлийг гаргасан гэж ажил олгогчоос буруутгаж сахилгын арга хэмжээ авсан бөгөөд багшийн ёс зүйтэй холбоотой буюу багшийг ёс зүй зөрчсөн эсэх талаар шалган тогтоох, дүгнэлт гаргах зэргээр урьдчилан шалгах тогтоох эрх, үүрэг бүхий байгууллага бол зөвхөн БСШУССайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 тоот тушаалаар байгуулагдсан “Ёс зүйн зөвлөл” юм. Өөрөөр хэлбэл багшийн ёс зүй зөрчсөн асуудлыг хамгийн түрүүнд анхлан урьдчилан шийдвэрлэх байгууллага гэтэл энэ ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэж, багш ёс зүйгээ зөрчсөн үү, үгүй юу гэдгийг тогтоолгоогүйгээр ёс зүйн зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Багшийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх тусгай чиг үүрэг бүхий хөндлөнгийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр заасан энэ зөвлөл нь байсаар байтал уг зөвлөлөөр шийдвэрлүүлээгүй ч ажилтан ёс зүйн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй цаашдаа ч багшийн ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлүүлээгүй нь буруу боловч багш ёс зүйн зөрчил гаргасан нь байна, энэ нь тогтоогдсон гэж үзээд байвал БСШУССайдын А/243 тоот тушаалаар баталсан багшийн ёс зүйн талаарх асуудлыг харъяалан авч шийдвэрлэх эрх бүхий “Ёс зүйн зөвлөл” байх шаардлагагүй, энэ ёс зүйн зөвлөлд багшийн ёс зүйн зөрчсөн эсэх талаарх асуудал хүрч очиж шийдвэрлэгдэхгүйгээр асуудал дуусгавар болдог бөгөөд Ёс зүйн зөвлөлийн өмнөөс нь энэ эрх олгогдоогүй сургуулийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд багшийн ёс зүйн зөрчсөн асуудлыг шийдвэрлээд өнгөрчихдөг практик бодит байдал дээр бий болж үлдэж байна гэж үзэхээр болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.Ц нь ДА-ийн СС-ын ЕБын 3 дугаар сд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаал /хх-39/, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот /хх-5/ тушаалыг тус тус үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Цг сахилгын давтан зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж маргажээ.

Ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар буруулах сахилгын шийтгэлийг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халах шийтгэлийг багш  Н.Цд тус тус ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг мэдээгүй гэж маргасан боловч уг тушаалын талаар мэдсэн, ажил олгогч тушаалыг танилцуулсан нь тогтоогдсон, шүүх энэ талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан ба дээрх хугацаанд, уг тушаалын талаар нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргаагүй, тушаал хүчинтэй байна.

Ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалаар   Н.Цг дуу хөгжмийн багшийн ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.c, 3.2.j, 3.2.k, 3.2.g, 4.4, 4.5в, Дотоод журмын 8.2, 8.2.3, 8.5.8, 8.6-д заасныг тус тус баримталж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлийг заажээ. Хариуцагч нь ажилтны гаргасан хэд хэдэн зөрчлийг ажлаас халсан үндэслэлд хамааруулж мэтгэлцсэн ба шүүх тушаалд хамаарахгүй зөрчлийг зааглаж, сануулах сахилгын арга хэмжээ авагдсан тушаалын хүчинтэй байдал, үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шалгалт авах үед гаргасан  нэхэмжлэгчийн зөрчлийн хэмжээнд дүгнэлт хийсэн нь маргааны бодит үндэслэлд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасан.

Н.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар буруулах сахилгын шийтгэлийг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тушаалаар сануулах сахилгын шийтгэл тус тус авагдсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2018 оны 05 сарын 24-ний өдөр сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, засах ёсгүй буюу өөрийн ангийн хүүхдүүдийн шалгалтын материалыг зассан, сурагчдын дүнг зассан зөрчил гаргасан нь тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ДА-ийн СС-ын ЕБын 3 дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаал хууль зөрчөөгүй, шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан, Н.Цгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хяналтын журмаар гаргах гомдлын агуулга, үндэслэлд хамаарахгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2018/00031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА