Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 305

 

2018 оны 09 сарын 12 өдөр             Дугаар136/ШШ2018/00323                   Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Хөвсгөл сум, 4 дүгээр баг, Жагдал гудамж, 5-5 тоотод оршин суудаг Илд овогт Дэлгэрсайханы Туяажаргал /РД:ЕМ85123062/ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуульд холбогдох,

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулж, дутуу авсан цалин 114 823 төгрөг, үр дүнгийн урамшуулал 120 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Туяажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн төлөөлөгч З.Мөнгөнбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Туяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос одоог хүртэл тасралтгүй 10 жил ажиллаж ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан захирлын тушаалыг би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрөө олж авсан. Гарсан тушаалыг надад танилцуулаагүй, мөн сахилгын шийтгэл гарсантай холбогдуулан миний 2018 оны 02 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 15 хувиар хасч олгож давхардуулан сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Багш Б.Энхмэнд нь миний охиныг сургуулийн коридорт сонсогдтол усаа авчрахгүй яасан юм бэ гэж загнаж байсан. Яасан талаар хүүхдээсээ асуухад багш намайг толгой дээр цохисон. Хэзээ ус авчир гэж хэлсэн талаар хүүхдээсээ асуухад 7 хоногийн өмнө авчраарай гэж хэлсэн гэсэн. Би таниар хүүхдээ дарамтлуулж чадахгүй гэж хэлсэн. Тэр болгон хэрүүл хийх гэж очоогүй. Багш Б.Энхмэнд нь манай сургуулийн захирлын өрөөнд ороод ирээрэй гэж мэссэж бичсэн байсан. Би захирлын өрөөнд ороход Б.Энхмэнд багшаас өргөдөл ирсэн байсан. Захирал “та нар хүүхэд зоддог биздээ. Сургуулийн камерт орохгүйгээр хүүхэд зоддог. Б.Энхмэнд өргөдөл өгсөн байна. Та ч гэсэн хүүхэд зоддог” гэж хэлсэн. Энэ талаар гарсан тушаалыг надад танилцуулаагүй,  Иймд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Дорноговь аймаг Хөвсгөл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, дутуу авсан цалин 114 823 төгрөг, үр дүнгийн урамшууллын шаардлагаа 34 280 төгрөгөөр багасгаж 86 550 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч З.Мөнгөнбагана шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 цаг 15 минутад 5А ангид ороход ангийн багш Д.Туяажаргал ангидаа ирээгүй байсан. Үүнийг сургалтын менежер Р.Отгонцэцэгээс Д.Туяажаргал багш ажилдаа ирээгүй талаар асуухад тодруулаад хариу мэдэгдье гэсэн. Сургалтын менежер Р.Отгонцэцэг ажилдаа яагаад ирээгүй талаар асуухад “Дараагийн цаг англи хэл орох юм чинь ямар хамаатай юм, чи захирал З.Мөнгөнбаганад хов зөөлөө” гэж удирдах албан тушаалтны шаардлагыг хүлээж аваагүй талаар Р.Отгонцэцэгээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдол ирсэн. Тухайн өдрийн 16 цагт багш ажилчдын хуралд миний бие бага ангийн багш Д.Туяажаргалыг чи яагаад ажилдаа ирээгүй, хожигдсон, ирчхээд ангийн сурагчдыг цохиж, бие махбодийн шийтгэл үзүүлснийг хэлж, хамт олны хурал дээр анхааруулга, шаардлагыг хүлээж аваагүй нь бусад багш ажилчдад араа дааж байвал хүүхэд зодож болно гэсэн буруу хандлагыг төрүүлж байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 3.2.А буюу ажил мэргэжлийн дагуух шаардлагыг мушгин гуйвуулах, хүлээн авахгүй хэрэлдэх гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн ажлаас хоцорсон нь хөдөлмөрийн гэрээний 3.3.А буюу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажлаас хожигдох гэсэн заалтуудыг зөрчсөн юм. Хамт олны хурал дээр цаашид хариуцлагыг дээшлүүлж, дээрх алдаа зөрчлийг гаргахгүй байх талаар сануулсан. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн бага ангийн багш Б.Энхмэнд, Д.Туяажаргал багшийн талаар өргөдөл ирүүлсэн. Тус өдрийн 10 цаг 15 минутад бага ангийн багш Д.Туяажаргалд өргөдлийг танилцуулсан. Мөн. Б.Энхмэнд багшийг дуудаж та хоёр ажлын байран дээр ёс зүйгүй харьцаж болохгүй, залуу хүмүүс цаашид хамтран ажиллах заавар зөвлөгөө өгөхөд хэн нь ч хүлээн зөвшөөрөөгүй хоорондоо 10 гаруй минут миний өрөөнд хэрэлдсээр байсан. Тухайн өдөр 1 дүгээр цаг дээр Д.Туяажаргалыг хүүхэд зодсон байгааг камерын бичлэгээс харж, өөрт нь анхааруулан хэлэхэд “ямар хамаатай юм, эцэг эхийн нүднээс далд хамаагүй, ажлаас халах эрх чинь байгаа биздээ” гэж үг хэлээр дайрч ёс зүйгүй хандсан нь Бага дунд Боловсролын тухай хуулийн 20.2.15-т буюу “сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга, хэмжээ авах, хяналт тавих” гэсэн захирлын үүргээ биелүүлж шаардлага тавьсныг хүлээн аваагүй. 2017-2018 оны хичээлийн жилд Д.Туяажаргал багшийн талаар удаа дараа өргөдөл ирснийг нягтлан үзэж ёс зүй, хүүхдийн эрхийг хамгаалах, хамт олны эв эеийг хичээж ажиллахыг сануулж, хүлээж аваагүй учир сахилгын шийтгэлийг эрхийнхээ хүрээнд оногдуулсан гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Туяажаргал нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуульд холбогдуулан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, дутуу авсан цалин 114 823 төгрөг, үр дүнгийн урамшуулал 120 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшууллын шаардлагаа 34 280 төгрөгөөр багасгаж 86 550 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулийн төлөөлөгч бага ангийн багш Д.Туяажаргал нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул сахилгын зөрчил ногдуулсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байх бөгөөд зөрчил нь нотлогдсон тогтоогдсон байх шаардлагатай юм.

 

Нэхэмжлэгч Д.Туяажаргалд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 22.1.1, сургуулийн дотоод журмын 6.7.3 заалтыг үндэслэн үндсэн цалинг 19,9 хувиар, 1 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртээ бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахин биелүүлэх”, сургуулийн дотоод журмын 6.7.3 “багш, ажиллагсад, суралцагчидтай удаа дараа зүй бус харьсан нь гэрчийн нотлох баримтаар тогтоогдсон“ гэснийг тус тус үндэслэж, шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах зөрчлийг гаргасан гэж мэтгэлцсэн ба нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.  

 

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас хоцорсон зөрчил гаргасан тухайд:

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн цагийн бүртгэл /хх-47 дугаар тал/-ээс үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 цаг ажилласан талаар бүртгэгдсэн байх тул түүнийг ажлаас хоцорсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй мөн Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил ...илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.

          Багш, ажиллагсад, суралцагчидтай удаа дараа зүй бус харьцсан /хүүхэд зодсон/ гэх зөрчил гаргасан тухайд: Хариуцагч талаас энэхүү үйл баримтыг нотлохоор бага ангийн багш Б.Энхмэндийн сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хх-39 дүгээр тал/, түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-60-62 дугаар тал/ зэргийг үндэслэж байна. Бага ангийн багш Б.Энхмэндийн сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй мөн гэрч Б.Энхмэнд нь нэхэмжлэгч Д.Туяажаргалыг хүүхэд зодсон талаар тодорхой мэдүүлээгүй тул ажилтныг сахилгын зөрчил гаргасан болохыг эдгээр баримтууд нотлохгүй юм.

 

Ажил мэргэжлийн дагуух шаардлагыг мушгин гуйвуулах, хүлээн авахгүй хэрэлдсэн гэх зөрчлийг ажилтан Д.Туяажаргал гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Туяажаргал нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, дутуу авсан цалин 86 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч дутуу авсан цалин, үр дүнгийн урамшууллын мөнгөн дүнд маргаагүй болно.

Хариуцагч нэхэмжлэгчид үр дүнгийн урамшуулал олгоогүй үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй багшид үр дүнгийн урамшуулал олгохоор заасан тул ажилтан Д.Туяажаргал нь сахилгын зөрчил гаргасан учир 6 дугаар сарын үр дүнгийн урамшуулал олгоогүй гэж тайлбарлана.

Хариуцагч талаас багш ажилчдын 2018 оны 2 дугаар улирлын ажлыг үнэлж дүгнэсэн баримт /хх-48 дугаар тал/-ыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч Д.Туяажаргал нь 4 дүгээр сард 89-В, 5 дугаар сард 89.3-В, 6 дугаар сард 88.7-В үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Шүүхээс ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байх тул ажлын үр дүнгийн урамшуулал 86 550 төгрөгийг  мөн хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар  Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож,  хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулиас дутуу авсан цалин 114 823 төгрөг, үр дүнгийн урамшуулал 86 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяажаргалд олгосугай.

    2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий Боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 76 891 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА