Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00284

 

 “А Д”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01604 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2077 дугаар магадлалтай,

“А Д”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-д тус тус холбогдох

Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Д”ХХК нь “Ү” ХХК-тай 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 437 дугаар зүйлийн 437.2, Даатгалын гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “А Д”ХХК ба “Ү” ХХК нарын хооронд байгуулагдсан 11/01/157 тоот Даатгалын гэрээ, гуравдагч этгээдэд гаргаж өгдөг даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. “А Д”ХХК-ийн хүсэлтээр талуудын маргаж байгаа нэг гэрээ буюу даатгалын баталгаа баримт эх хувиар авагдсан үүний орчуулгыг Легас ХХК үнэн зөв эргэлзээгүй талаас нь гүйцэтгэсэн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. “Ү” ХХК нь манайх тендерээр ажил авахаар материал бэлдэж байгаа, эхлээд уралдаант шалгаруулалтаар авах гэж буй ажлын нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буюу 1 250 000 000 төгрөгийн өртөг бүхий байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын гэрээг тодорхой хугацаагаар байгуулья гэсэн тул манайх 11/01/157 дугаар гэрээг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, үйлчлэх хугацааг 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлнэ гэж заасан. Гэрээ байгуулсан өдөр “Ү” ХХК нь дэд гэрээлэгчээр шалгараагүй байсан ба даатгалын үнэ, хураамж төлөөгүй тул “А Д”ХХК нь дээрх гэрээнээс татгалзаж байна. Даатгалын байгууллага нь хураамжаас санхүүжиж, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг. “Ү” компанийн удирдлага даатгалын гэрээ байгуулсны дараа тендерээр ажлаа авмагц даатгалын гэрээний хураамжаа төлнө гэдэг байсан. “А Д”компанид “Ү” компанийн зүгээс гэрээний хүчинтэй үйлчлэх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн талаар огт мэдэгдээгүй. Гэтэл 2013 оноос эхлэн “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-ийн удирдлагууд баталгааны дагуу төлбөр шаардсан ба энэ үед ч хураамжаа төлөөгүй байсан. 2. “Ү” ХХК-ийн удирдлага даатгалын гэрээ байгуулсны дараа тендерээр шалгарсан мэдэгдлээ авсан тул ажил үйлчилгээгээ даатгалд хамруулсан тухай даатгалын баталгаанд гарын үсэг зурж өгөөч, ингэснээр туслан гүйцэтгэгчээр ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах нөхцөл бүрдэнэ гэсэн. Ингэхдээ “ Ш Л У Х”ХХК-ийн гэрээнд хавсаргагдах даатгалын баталгаа бичиг-ийг “ Ш Л У Х”ХХК-ийн удирдлага манайд ийм баримтад гарын үсэг зуруулах шаардлага тавьж байгаа, энэ нь туслан гүйцэтгэх гэрээний дагуу үйлдэгдсэн баримт болно гээд англи хэл дээр бичигдсэн баримтыг авч ирсэн. “А Д”ХХК-ийн захирал н.Чулуунцэцэг нь англи хэл мэдэхгүй атал тухайн баримтад “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-ийн нэр дурьдагдсан байсан тул гарын үсэг зурсан. Даатгалын баталгаа баримтад утга агуулгын хувьд гэрээний нөгөө талын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8, 202.2.10, 202.2.12-т заасныг зөрсөн. Баталгаанд “Ү” ХХК, “А Д”ХХК-ийн зүгээс баталгааны дүнг хамтран болон дангаараа төлөх үүрэг хүлээжээ. Энэ нь даатгалын баталгаа гэж тайлбарлаж буй хэлцлийг батлан даалтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж мэтгэлцэж буй нэхэмжлэгчийн татгалзлыг нотлож байна. Учир нь Батлан даалтын гэрээгээр “Ү” ХХК өөрөө мөн үүрэг хүлээж, өөрийгөө батлан даасан болж буй тул “Ү” ХХК-ийн шүүхэд өгсөн тайлбар хуулийн үндэслэлгүй. Баталгааны 3 дахь заалтаар туслан гүйцэтгэгч баталгаа гаргаж өгөхийг зөвшөөрсөн гэсэн нь даатгалын гэрээний дагуу “Ү” компани нь даатгалын баталгаа гаргуулахыг зөвшөөрсөн, үүний дагуу “А Д”ХХК-иар гаргуулж хариуцагч “ Ш Л У Х”ХХК-д өгсөн гэдгийг, улмаар 2 гэрээ хэлцэл нь шууд харилцан хамаарал бүхий гэрээ болохыг нотлож байна. Баталгаанд баримтлах нөхцөлүүд гэсний 1 дүгээр зүйлд баталгаа гаргагч нь захиалагчид учирсан хохирол алдагдал, төлбөр, өртөг, зардал, зарлагын талаар тухайн доголдол болон мөнгөн дүнгийн нотолгоогүйгээр ... төлнө гэж зааснаас үзвэл ямар ч нөхцөл үүссэн мэдэх боломжгүй атал үндэслэлтэй ч бай, үндэслэлгүй ч бай ихээхэн хэмжээний мөнгийг төлөх баталгааг “А Д”ХХК, “Ү” ХХК гаргасан болж байна. Баталгааны 3 дугаар заалтад баталгаа гаргагч нь захиалагч туслан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эрхээсээ татгалзсан, түүний эсрэг хэрэгжүүлэх боломжтой эрхээсээ татгалзсан ... тухай мэдэх эрхээсээ татгалзаж байна, ямар ч тохиолдолд эл баталгаа хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн утга бүхий заалт орсон ба энэ нь баталгаа хэдий хугацаагаар үйлчлэхийг тааж мэдэшгүй төдийгүй, баталгаа гаргуулагч энэ эрхээсээ татгалзсан ч гэсэн баталгааны дагуу мөнгө төлөх үүрэг хүлээсэн болоод байна. 5 дугаар заалтад Захиалагч нь эрхээ туслан гүйцэтгэгч, баталгаа гаргагчийн зөвшөөрөлгүйгээр баталгааны дагуу эрхээ өмнөх, одоо, ирээдүйн аливаа эрхээ хэдийд ч шилжүүлэх эрхтэйг баталгаа гаргагч, туслан гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч буй гэсэн нь захиалагч баталгааны дагуу эрхээ буюу 1 тэрбум гаруй төгрөг төлүүлэх баталгаа гаргуулж авсан эрхээ ирээдүйд буй болох ямар ч үүрэгтэйгээ хамаатуулан хэрэгжүүлж болох тодорхойгүй нөхцөл байдлыг буй болгожээ. Мөн урьд өмнө хэн нэгний өмнө хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг энэ баталгаагаар хангуулж болох үүргийг баталгаа гаргасан талууд болох “А Д”ХХК, “Ү” ХХК хүлээлгэсэн заалт болжээ. 3. Даатгалын баталгаа бичиг дээр хариуцах үнийн дүнг илт зөрүүтэй бичиж орчуулсан төдийгүй талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байсан үеийн огноог нөхөж бичсэн. Учир нь англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн атал түүнийг тоогоор 1 246 357 225.5 ам доллар гэж илт зөрүүтэй бичсэн байна. Тоогоор 1 246 357 225.5 ам.доллар гэж бичсэн нь “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тохирч байна. Харин үсгээр англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн нь даатгалын гэрээний үнэтэй тохирч байна. Мөн хариуцагч талуудын батлан даалт гэж тайлбарлаж буй баримт дээр цэнхэр өнгийн үзгээр 2011 оны 5 дугаар сарын 15 гэсэн огноог нөхөж бичсэн байна. Энэ цаг хугацаанд болон үүнээс өмнө хугацаанд “А Д”ХХК, “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаанд орсон баримт хэрэгт байхгүй, байх ч ёсгүй юм. “А Д”ХХК нь даатгалын гэрээ байгуулсны дагуу даатгалын баталгаа гаргаж өгсөн. Гэвч баталгаа гаргуулж авсан “Ү” компани нь шударга бус үйлдэл гаргаж үнэн зөв тайлбар өгөхгүй байгаад гомдолтой байна. 4. Даатгалын баталгааг “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа төдийгүй “А Д”компанийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн гэрээний хавсралт болгож байгаад гомдолтой байна. Ийм учраас Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлийг үндэслэн “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа, гэрээ байгуулахаас 2-4 жилийн өмнө буюу 2005-2009 онуудад хянагдаж байсан, 2011 оны 5 дугаар сарын 25 гэсэн огноог гараар нөхөж бичсэн, 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурагдсан даатгалын баталгаа гаргагч “А Д”ХХК нь ноцтой төөрөгдөлд орсон, баталгаа гаргуулагч “Ү” ХХК болон баталгааг хүлээн авагч “ Ш Л У Х”ХХК хуурч мэхлэн хийлгэсэн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Монгол улсад бүх албан хэрэг монгол хэл дээр явагдах хуультай байхад “А Д”ХХК-ийн захирал н.Чулуунцэцэг нь гарын үсэг зурж буй хэлцлийн агуулгыг уншиж ойлгоогүй, түүнд хэн ч орчуулж өгөөгүй байхад даатгал хийсэн тухай баталгааны баримт дээр гарын үсэг зурж байна гэж ойлгуулсан тул ноцтой төөрөгдөлд орж гарын үсэг зурсан байгаа. Мөн гарын үсэг зурж буй баримт дээр нь хэзээ ч он cap нөхөж тавьж болох зай байхад гарын үсэг зурсан. Учир нь “Ү” ХХК-ийн удирдлага энэ зайнд тендерт шалгарсан эрх авсан тухай 2011 оны 7 дугаар сарын 06 гэсэн огноо тавигдана гэж хэлсэн тул бүрэн итгэсэн байдаг юм. Ийм учраас даатгалын баталгаан дээр өнөөдөр хэрэгт холбоотой үйл баримттай он cap өдрөөр холбогдохгүй 5 дугаар сарын 25 гэсэн огноо тавигдсан байгаа. Энэ баримт дээр “А Д”компанийн хүсэл зоригийг үл хайхран хэзээ ч түүний эрх, үүргийг хэн нэгэн этгээдэд шилжүүлж болох төдийгүй “А Д”компани энэ гэрээнээс ямар ч тохиолдолд татгалзах эрхгүй, түүний эрх, үүргийг шилжүүлсэн тухай мэдэх эрхээсээ татгалзсан, мөн хэн нэгний өмнө ямар ч хамаагүй үүрэг хүлээнэ гэсэн заалтууд байна. Даатгалын гэрээнд заасан үнийн дүн болох 1 250 000 000 төгрөгийг англи хэлээр бичсэн боловч 1 246 357 225.5 төгрөг гэсэн тоог тавьсан нь ойлгомжгүй байна. Гэрээг “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс өөрийн хүссэн зоргоор тайлбарлаж, ямар ч гэрээний хавсралт болгож болох нөхцөл байдлаар үйлджээ. 5. Уг гэрээгээр “Ү” ХХК нь “ Ш Л У Х”ХХК-тай барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан. Гэтэл 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 11/01/157 дугаартай даатгалын гэрээгээр бол даатгал үйлчлэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 6-наас 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 24 цагт дуусна гэжээ. “ Ш Л У Х”ХХК-ийн удирдлага хүчин төгөлдөр хугацаа бүхий даатгалын гэрээ шаардахгүйгээр “Ү” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл аль аль талд нь даатгалын гэрээ, даатгалын баталгаа баримт шаардлага байхгүй байсан байна. Харин “А Д”ХХК-иас ямар нэг аргаар даатгалын баталгаа буюу дараа нь батлан даалт гэж тайлбарлаж болохуйц баримт авах хүсэл зорилго агуулсан учир даатгалын гэрээ байгуулаад даатгалын хураамж төлөөгүй байжээ. 2011 оны 9 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан даатгалын баталгааг “Ү” ХХК “ Ш Л У Х”ХХК-ийн хуурч мэхлэн хийсэн гэрээ гэж, “А Д”ХХК-ийн зүгээс ноцтой төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл батлагдаж байна. Иймд “А Д”ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157дугаартай даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч “ Ш Л У Х”ХХК хариу тайлбартаа: Бид гэрээний дагуу төлбөр тооцоо төлөх эсэх талаар маргаан шийдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага “А Д”ХХК “Ү” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсныг шүүхээр баталгаажуулна гээд байгаа. Гэтэл гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхийн асуудал болохоос шүүх гэрээнээс татгалзсныг баталсугай гэх зүйл байхгүй. Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлийг ярьж байгаа боловч үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйл нь дотроо олон заалттай. Хэрэв Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг ярьж байгаа бол хэнд яаж хууртсан юм. “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс хуурсан үйлдэл байна гэж маргаж байгаа юм уу тодорхой тохиолдлуудаа мэтгэлцээнийхээ явцад хэнд нь холбогдуулж юу шаардаад байгаагаа тодруулаагүй нь Улсын Дээд шүүхээс буцаах үндэслэл болно. Хамааралтай хамааралгүй баахан зүйл яриад байна. Манай зүгээс батлан даалтын гэрээ гэж үзэж байгаа. Хэлцлийн хувьд ямар хэлцэл гэдгээ тодруулах ёстой байх. Батлан даалтын гэрээ байгуулах эрх байхгүй, ийм зүйл хийдэггүй гэж тайлбарлаж, хууль зүйн үндэслэлээ тодруулахгүй байгаа нь тайлбар хийхэд төвөгтэй байна. Яриад байгаа үндэслэлээр төөрөгдөлд орсон гэж үзэх боломжгүй гэжээ.

Хариуцагч “Ү” ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхээр баталгаажуулах шаардлагатай мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Даатгалын гэрээнээс татгалзсан гэсэн атлаа энэхүү гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан нь хүртэл огт ойлгомжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш даатгалын хураамж төлөх тухай мэдэгдсэн гэх боловч ямар нэгэн мэдэгдэл манайд ирээгүй. Ямар баримтын талаар яриад байгааг мэдэхгүй байна. Өөрсдөө гарын үсгээ зурсан асуудлаа хүчээр зуруулсан мэт, өөр хүн гэрээний ач холбогдлыг тайлбарлаж өгөх байсан мэт, Англи хэл мэдэхгүй хүнд тайлбарлан туслах байсан мэтээр өөрсдийн үйл ажиллагааг бусдад буруу нялзаасан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хууран мэхэлж гэрээ хийсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тухайн үед нь шийдээд үнэхээр бий болсон бол нөхөн төлбөрөө олгоод явах ёстой. Өөр шүүхэд даатгалын тохиолдол үүссэн болж байж болзошгүй. Тийм учраас нөхөн төлбөр олгож өгнө үү гэсэн асуудлыг хольж яриад байна. Даатгалын хураамжийг төлөөгүй тул тодорхой хугацаанд шаардах эрхийг өгсөн байдаг. Хэрвээ төлөхгүй бол тухайн үедээ түүнд холбоотой үр дагаврыг хариуцахгүй гээд хуульд заагаад өгсөн байгаа. Иймд “А Д”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01604 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “А Д”ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, уг гэрээний дагуу олгосон 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А Д”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А Д”ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөд 1 434 409 төгрөгийг гаргуулан Легас ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2077 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А Д”ХХК, “Ү” ХХК нарын байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээнээс татгалзсныг баталж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “А Д”ХХК, “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А Д”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас 6 407 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Д”ХХК-д олгож, нэхэмжлэгч “А Д”ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөд 1 434 409 төгрөгийг гаргуулан Легас ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал нар хяналтын гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь, магадлалыг хэсэгчлэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ хэргийг хяналтын шатны шүүхээс буцаахдаа талуудын хооронд “батлан даалтын гэрээ байгуулсан эсэх...” талаар талууд маргаж буйг шүүх анхаарч үзээгүй нь ИХШХШТХ-ийн 115,116 дугаар зүйлд нийцээгүй байна гэж дүгнэсэн байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд: Зохигчдын хоорондох маргаан эхлээд ямар харилцаанаас үүссэнд анхаарал хандуулаагүй, маргаж байгаа өөр харилцаанууд үүссэн эсэхийг нотлох эсвэл үгүйсгэхийн тулд талуудаас шүүх ажиллагааны явцад өгсөн тайлбар мэдүүлгүүд, нотлох баримтын харилцан уялдаа холбоог тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргаж байна. Нэг. “А Д”ХХК нь ““Ү” ХХК-тай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын гэрээг дараахи нөхцөлд байгуулснаар анх эрх зүйн харилцаа үүссэн. “Ү” ХХК нь “Манайх тендерээр ажил авахын тулд 2011 оны 9 дүгээр сараас эхлэн 6 сарын хугацаанд үйлчлэх даатгалын гэрээ байгуулья” гээд 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээ даатгалын гэрээ байгуулсан. Дараа нь 2011 оны 9 дүгээр сарын 3-нд “А Д”ХХК-д хандан “Танайтай байгуулсан даатгалын гэрээний дагуу Даатгалын баталгаа авья, даатгалын гэрээний үйлчлэх хугацаа эхлэх гэж байна, туслан гүйцэтгэх гэрээгээ байгуулмагц даатгалын хураамжаа төлнө” гэж өөрийнхөө авчирсан баримт дээр гарын үсэг зуруулан авч явсан. Үүнээс хойш даатгалын хураамж ч төлөөгүй, даатгалын тохиолдол үүссэн талаар ч мэдэгдээгүй. Энэ тухай хэргийн 3 дугаар хавтасны 100-р хуудаст тодорхой тусгагдсан. “А Д”компанийн “Даатгалын баталгаа” гэж тайлбарлаж байгаа баримтыг хариуцагч “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс “Энэ баримтад туслан гүйцэтгэх гэрээний нөхцөлийн дагуу өөрийнхөө хэвлэсэн англи хэл дээр үйлдсэн маягт дээр гарын үсэг зуруулсан нь үнэн” гэдгийг батлан тайлбарлаж байснаа шүүх хуралдаан дээр “А Д”ХХК нь манайд гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн гээд батлан даалтын гэрээ биш гэж тайлбарлаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ““А Д”ХХК гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн бол энэ нь даатгалын зөвшөөрөлтэй үйл ажиллагааны нэг төрөл тул даатгалын хураамж төлсөн байх үүрэгтэй энэ хураамж төлөгдөөгүй байна” гэж маргахад ерөөсөө баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарлаж эхэлсэн. Гэхдээ даатгалын үйл ажиллагаанаас өөр эрх зүйн харилцаанд орсон үндэслэлээ нотолсон баримт өгөөгүй билээ. Хоёр. 2014 онд “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс “Танайх “Ү” ХХК-д гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн тул мөнгө төл гэж шаардсан. Энэ шаардлагад нь ““Ү” ХХК нь даатгалын гэрээ байгуулсан боловч хураамж төлөөгүй тул ямар нэгэн үүрэг хүлээхгүй хуулийн дагуу хэрэгжээгүй даатгалын гэрээнээс үүдэн хариуцлага хүлээх үндэслэлгүй тул даатгалын гэрээг цуцлаж байна” гэдгээ мэдэгдсэн. Гэрээг цуцалсан тухай мэдэгдсэнээс хоёр жилийн дараа манай эсрэг нэхэмжлэл гаргасан тул арга буюу гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Үүнээс өмнө “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс “А Д”ХХК-д хандан ““Ү” ХХК туслан гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ хугацаанд биелүүлээгүй” гэж манайд мэдэгдэж байсан бол бас нэг үндэслэл үүсэх байсан байх. Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 3 дугаар сард хариуцагч талууд нэг нэгэндээ хандан ажил гүйцэтгэх гэрээг 11 сараар хугацаа хожимдуулсан гэсэн албан бичиг явуулсан байдаг. Үнэн хэрэгтээ туслан гүйцэтгэгчийн ажил нь хэзээ эхэлсэн ямар ажлыг нэг нь гүйцэтгэж, ямар ажлыг шаардлага хангаагүй гэж нөгөө нь хүлээж аваагүй талаархи баримт гаргаж өгөхийг хүссэн боловч манай хүсэлтийн дагуу ийм баримт ирээгүй. Хаана хэн юу хийж байгаа нь ойлгомжгүй фото зургууд л хэрэгт авагдсан. Гурав. “А Д”ХХК-ийн зүгээс Даатгалын баталгаа гаргах үүргийн дагуу гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа 2011 оны 09-р сарын 05-ний өдөр үйлдэгдсэн 4 хуудас баримт дээр англи үсгээр 5 сарын 25 гэсэн огноог гараар хэн нэг нь нөхөж бичсэн ба огноо нь талуудын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан он сар өдөр биш бөгөөд огноог хэн хэзээ бичсэнг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн даатгалын баталгаанд гарын үсэг зурсан гэх үндэслэлээ “Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ, 52 дугаар зүйлд заасан тодорхойгүй хэлцлээс зайлсхийх үүрэгтэй гэдгээр давхар няцааж тайлбарласан. Иймд Батлан даалтын гэрээ эсвэл Баталгааны гэрээ байгуулах эрхгүй юм. Даатгалын гэрээний харилцааг зохицуулсан дээрхи хуулийн зүйл, заалтад туссан эрх зүйн хэм хэмжээний бүтэц, түүнд байгаа ойлголтуудыг зөв тайлбарлан хэрэглэх үүргээ шүүхээс хэрэгжүүлээгүй. 2011 оны 5 сарын 25 гэсэн огноо бүхий SLUB-CW-002 гэсэн албан бичгийн дугаартай С-07-01-01 гэрээний код бичсэн албан захидал нь “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс “Ү” компанид хандан танайх туслан гүйцэтгэгчээр шалгарвал ийм загвараар гэрээ байгуулагдана, зөвшөөрч байвал 3 хоногт хариугаа өгөөрэй гэсэн утгыг л агуулж байна. Үүний дараа 2011 оны 7 дугаар сарын 6-нд “ Ш Л У Х”ХХК-ийн зүгээс Танайх туслан гүйцэтгэгчээр ажиллахаар шалгарлаа гэсэн мэдэгдэл өгсөн байдаг. Үүний дагуу ажлаа эхэлсэн байх гэж үзэж болох байтал гэрээ байгуулаагүйгээр ажлаа 2010 онд эхэлсэн тухай тайлбарыг “Ү” ХХК шүүхэд өгсөн. Дөрөв. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид ““А Д”ХХК-тай Даатгалын гэрээнээс өөр харилцаа буюу Баталгааны гэрээ эсвэл Батлан даалтын гэрээний харилцаанд орсонг нотлох үндэслэл бүхий тайлбар, түүнийг нотолсон баримт өгөөгүй. Туслан гүйцэтгэх гэрээнд зааснаар Туслан гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа Даатгалын компани эсвэл банкнаар “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх баталгаа гаргуулах, баталгаа гаргуулах зардлаа өөрөө хариуцах, баталгааг зөвхөн захиалагчийн өгсөн маягт дээр гаргуулах үүрэг хүлээсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Баталгаа гаргуулах зардал төлөгдөөгүй байгаа, баталгааны маягт загварыг захиалагч өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн үйлдсэн, нэхэмжлэгчид итгэл төрүүлэхийн тулд даатгалын гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх тоог тавьж нэхэмжлэгчид итгэл үнэмшил төрүүлсэн зэрэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Тав. Даатгалын компани нь буяны байгууллага биш бөгөөд ямар ч төлбөр хураамж авалгүйгээр батлан даалт гаргах, баталгааны гэрээ байгуулах үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасан... Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болсон 2011 оны 9 дүгээр сарын 05-ны огноо тавигдсан 3 хуудас баримтыг: - “Ү” ХХК-ийн зүгээс 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс даатгалын гэрээ үйлчлэх тул даатгалын баталгаагаа авья, туслан гүйцэтгэх гэрээ байгуулмагц хураамжаа төлнө гэж “А Д”ХХК-ыг хуурч мэхлэн тухайн баримтад гарын үсэг зуруулсан. Үнэн хэрэгтээ туслан гүйцэтгэх ажлаа 2010 онд эхэлсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. - “ Ш Л У Х”ХХК нь туслан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний дагуу даатгалын баталгааны загварыг өөрийн үйлдсэн маягт баримт дээр гарын үсэг зуруулж авна гээд 2005, 2009 онуудад хянагдаж байсан тэмдэглэлийн огноотой баримтыг авчирч “А Д”ХХК-ийг ноцтой төөрөгдөлд оруулан 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зуруулсан. “А Д”ХХК нь Даатгалын баталгааг тэдний хүссэн загвараар гаргаж өгч байна гэж ойлгосон байгаа. “ Ш Л У Х”ХХК, “Ү” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд баталгааны бичиг олж авахын тулд нэг нь хураамж төлсөн байх, нөгөө нь төлүүлсэн байх, ингэснээр хуулийн дагуу баталгаатай болох үүрэгтэй гэдгээ мэдсээр байж үүнийг шалгаагүй гэрээ байгуулсан нь хуйвалдсан гэж үзэх үндэслэлийг төрүүлж байна. Нэг хариуцагч болох “Ү” ХХК нь маргаж байгаа Даатгалын баталгааны баримтын талаар огт тайлбар өгөөгүй, “Манай гүйцэтгэх ажилд “А Д”ХХК нь баталгаа гаргаж өгсөн эсвэл батлан даалт гаргаж өгсөн” гэж ерөөсөө маргадаггүй болно. Шүүхээс энэ нөхцөл байдалд ач холбогдол өгч дүгнээгүй орхигдуулсан. Хэрэгт даатгалын баталгаа, баталгааны гэрээ гэж тайлбарлаж болох хоёр өөр баримт бичиг байгаа бол агуулгыг үндэслэн шүүхээс дүгнэлт хийж болох байлаа. Баталгаа гаргахын тулд дараахи нөхцөлүүдийг бүрдүүлэх заалттай гэрээ байна. 1. 3ахиалагч нь туслан гүйцэтгэгчтэй харилцаад нэг банк эсвэл даатгалын компанийг хүлээн зөвшөөрнө, 2. Баталгааг гаргуулсан зардлаа туслан гүйцэтгэгч өөрөө хариуцан төлнө. 3. Баталгааг гаргуулах хугацаа нь дундын төлбөр хийгдсэний дараа г.м нөхцөл байна. Энэ зардлыг “Ү” ХХК нь “А Д”ХХК-д төлөөгүй байх тул шүүхээс маргааны зүйлийг “Батлан даалтын гэрээ” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн “Даатгалын баталгаа гэж маргаж байгаа 2005 онд хянан тохиолдуулсан гэх нэгдүгээр хуудасны Нийтлэг үндэслэл заалтын 3-д Туслан гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх баталгаа болгож баталгааны үнийн дүнгээр захиалагчид баталгаа гаргаж өгөхөөр гэрээний нөхцөлийн дагуу туслан гүйцэтгэгч зөвшөөрч тохиролцсон болно” гэжээ. Баталгаанд баримтлах нөхцөлүүд: 1 дэх заалтад Баталгааны үг хэллэг, нэр томьёо нь туслан гүйцэтгэх гэрээнд заасантай ижил утга илэрхийлнэ гэжээ. Эдгээр заалт нь “Баталгааны гэрээ” гэж үзэж буй баримт нь туслан гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй шууд уялдаатай болохыг нотолж байна. Нэгэнт баталгааны гэрээ нь зардал төлөгдөх нөхцөлтэй үйлдэгдсэн боловч зардлыг төлсөн баримт, төлүүлсэнг нотолсон баримтаа хариуцагч талууд гаргаж өгөөгүй тул “Баталгааны гэрээ” байгуулсан гэж үзэх гол нөхцөл хуулийн дагуу хангагдаагүй тул шүүхээс баталгааны гэрээ, эсвэл батлан даалтын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг нотолсон. Эдгээр нь нэхэмжлэгч ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхлэгдсэний улмаас маргааны зүйлд гарын үсэг зурсан гэдгийг бүрэн нотолж байна. Хариуцагчийн зүгээс эхлээд өөрийнхөө орчуулагчаар батлан даалт гэсэн үг үсгээр бүх орчуулгыг хийлгэсэн. Буруу орчуулгыг зөвтгөн орчуулсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулсан нь мөн л хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Зургаа. “Ү” ХХК нь “А Д”ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу “А Д”ХХК-иас даатгалын баталгаа авах эрхтэй, даатгалын компани даатгалын баталгаа гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй юм. Ингээд “даатгалын баталгаа” авснаа “ Ш Л У Х”ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч талууд 2011 оны 9 дүгээр сард “А Д”ХХК-ийн захиралд хандан нэг нь даатгалын баталгаагаа авч байна гэж хууран мэхэлж, нөгөө нь даатгалын баталгаагаа туслан гүйцэтгэх гэрээний дагуу ийм хэлбэрээр авна гэж ноцтой төөрөгдөлд оруулан хожим хойно ямар ч гэрээ гэж тайлбарлаж болох баримттай үлдсэн болно. “ Ш Л У Х”ХХК-ийн төлөөлөгч ““А Д”ХХК-ийн даатгалын баталгаа ийм хэлбэртэй байдаг, үүнээс өөр хэлбэртэй тул “Батлан даалтын гэрээ” гэж мэтгэлцсэн. Гэтэл өөрсдөө ийм загвараар л даатгалын баталгаа байна гэж гэрээнд заасан баримт авчирч гарын үсэг зуруулсан гэдгээ тайлбарласан. Ийм учир “Даатгалын баталгаа”г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь даатгалын баталгааг хүчингүй болгож байгаа бус харин даатгалын баталгаа гэж бичүүлж авсан баримтаа нөгөө тал батлан даалтын гэрээ гэж өөрөөр тайлбарлаж улмаар 12 500 000 сая төгрөг нэхэмжлээд байгаа учир түүнийг хүчингүй болгуулах нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чухал үйл баримт юм. Үүний дараа даатгалын баталгаа гэгчийг нь өөрсдийнх нь нотлох баримтаар өгсөн баталгаатай адилхан хэлбэрээр хийж өгөөд түүнээс татгалзах эрх нь нэхэмжлэгчид мөн байгаа гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн батлан даалтын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг тогтоож нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын гомдолдоо: ...Магадлалын дараахи хэсгүүд нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү. 1. Магадлалын тогтоох хэсгийн нэгд заасан ... “А Д”ХХК, “Ү” ХХК нарын байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталсан...” хэсэгт нотлох баримт үйл баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч хүчингүй болгож өөрчлөлт оруулуулах, 2. Магадлалын тогтоох хэсгийн хоёрт заасан “...Хариуцагч “Ү” ХХК-иас 6 407 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Д”ХХК-д олгуулах...” гэж Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн тул хүчингүй болгуулах, Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй ...” гэж зөв шийдвэрлэсэн боловч зохигчдын тайлбар, нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн тайлбарлахдаа дараахи алдааг гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар нотлох баримтгүй үйл баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хөндсөн. “Ү” ХХК болон “А Д”ХХК хэн аль нь төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй, нэг нь төлсөн нөгөө нь төлөөгүй гэж маргаж байхад үндэслэх нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьж “...Хариуцагч “Ү” ХХК нэхэмжлэгчид даатгалын хураамжийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. ...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7 дэх хэсгүүдэд “...гэрээг цуцлах өөрчлөлт оруулах нөхцөл, гэрээний 10-ын 10.2-т Даатгалын гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд 10.2 “...Даатгалын гэрээг дараах үндэслэлээр цуцлана, 10.2.1-т Даатгуулагч төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй. Иргэний хуулийн 431.4, 431.4.7 дах заалт гэрээний 10.2, 20.2.1 зааснаар хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамжийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзнэ ...” гэж нэгэнт төлсөн мөнгийг төлөөгүй гэж баримтгүйгээр дүгнэсэн нь хариуцагч “Ү” ХХК- ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. (Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэг хуудас 12) Магадлалын хянавал хэсэгтээ “.. Даатгуулагч даатгалын төлбөрийг төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Талууд аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал татгалзах эрхтэй ... төлөөгүй гэх үйл баримтыг “Ү” ХХК нь няцаагаагүй, төлснөө нотлоогүй тул нэхэмжлэгч нъ тухайн үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй ... энэ тохиолдолд гэрээний харилцааг дуусгавар болгох замаар эрхээ хамгаалж байгааг иргэний эрх зүйн хамгаалалтын төрөл биш гэж шүүх дүгнэсэн нь буруу байна...” гэж дүгнээд “А Д”ХХК, “Ү” ХХК нарын байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталсан нь нэгэнт төлөгдсөн төлбөрийг үгүйсгэн хэт нэг талыг барьж Иргэний хуулийн 431.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хариуцагч “Ү” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн болно. Хэргийн нөхцөл байдлаас харвал нэхэмжлэгч “А Д”ХХК-ийн 2011 оны даатгалын гэрээтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд даатгалын хураамжийг төлсөн байсан тул хоёр гурван жилийн турш маргаан гаргаагүй, шаардах эрх дуусгавар болсон байсан байна. Гэтэл өндөр үнийн дүн бүхий даатгалын тохиолдол гармагц даатгагч байгуулсан даатгалын гэрээнээсээ татгалзаж байгаа илэрхийлж байгаа нь шударга бус юм. Шүүхээс “...Нэхэмжлэгч нь хариуцагч “Ү” ХХК-тай 2011 оны 06 сарын 03-ны өдөр 11/01/157 Даатгалын гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна...” гэж зөв дүгнэсэн бөгөөд хүчин төгөлдөр Даатгалын гэрээнээс даатгагч хариуцлагаас зугтаах зорилгоор хууль бусаар цуцлах, татгалзсан болохыг батлуулах гээд байгаа үйл баримтыг зохих ёсоор үнэлээгүйд гомдолтой байна. Даатгалын гэрээний зорилго нь  ирээдүйд үүсч болох эрсдлийг даатгах даван туулах явдал бөгөөд даатгалын тохиолдол гараагүй бол даатгалын компанид ашиг болж, даатгалын тохиолдол гарвал даатгагч нь үл маргах журмаар төлбөрийг гаргаж өгдөг онцлогтой харилцаа билээ. Даатгагч “А Д”ХХК нь өөрийн хүсэл зоргийг хангалттай илэрхийлэн 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 Даатгалын гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Батлан даалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул үүргээ биелүүлж даатгалын төлбөрийг даатгуулагч болон баталгаа гаргасан хуулийн этгээдэд төлөх үүрэгтэи юм, Иргэний хуулийн 431.1 дүгээр зүйлд зааснаар даатгалын хураамжийг төлснөөр гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан. “Ү” ХХК нь гэрээ байгуулагдмагц даатгалын нөхөн төлбөрийг төлсөн. Хэрэв “Ү” ХХК хураамж төлөөгүй байсан бол гэрээ байгуулагдахгүй байсан ба үнэхээр төлөөгүй байсан бол “А Д”ХХК нь тухайн үед буюу 2011 онд гэрээ байгуулагдмагц гэрээнээс татгалзахыг шаардах байсан гэтэл тухайн үедээ ч тэр, түүнээс хойш даатгалын тохиолдол гарах хүртэл энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд шүүхээс нотлох баримтгүй асуудлаар дүгнэлт гаргасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай шийдвэрийг залруулан магадлалын тогтоох хэсгийн нэг дэх зүйлд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн магадлалын тогтоох хэсгийн хоёрт заасан “... Хариуцагч “Ү” ХХК-иас 6 407 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Д”ХХК-д олгуулах...” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага аль хариуцагчид хэрхэн чиглэж ногдож байгааг тодруулаагүй байж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт төлбөрийг “Ү” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул магадлалын тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн зарим шаардлагын агуулгыг эрх зүйн хувьд оновчтой томъёолж чадаагүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй тул залруулж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

“Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “А Д”ХХК нь хариуцагч “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК-д холбогдуулан даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

“А Д”ХХК-ийн нэхэмжлэлээс “...даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах...” шаардлага нь даатгуулагч хураамж төлөөгүй тул даатгалын гэрээний дагуу үүрэг үүсэхгүй гэсэн утгатай байх ба нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн хувьд зөв томьёолж, шийдвэрт тусгах нь зүйтэй байжээ. Гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрх бөгөөд шүүх гэрээнээс татгалзсан үндэслэл, журмын талаар Иргэний хуулийн дагуу дүгнэлт өгөхөөс , татгалзлыг баталгаажуулах этгээд биш юм. Иймд нэхэмжлэлийг “даатгуулагч хураамж төлөөгүй тул даатгалын гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох”  агуулгатай гэж үзэж,  магадлалд өөрчлөлт оруулна.

“Даатгалын гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох” шаардлага нь гэрээний нэг тал болох хариуцагч “Ү” ХХК-д, “даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” шаардлага нь хоёр хариуцагчийн аль алинд холбогдсон, зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлжээ. Нэхэмжлэгч нь “даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” шаардлагаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн аль аль үндэслэлээр тодорхойлсон, шүүх Иргэний хуулийн   56, 58, 59 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу зохих дүгнэлт хийжээ.

1. “Даатгалын гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн талаар

“Ү” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “А Д”ХХК-тай №11/01/157 тоот даатгалын гэрээг байгуулсан боловч гэрээний дагуу хураамжийг төлөөгүй нь тогтоогдсон, хураамжийг төлөөгүй тул талуудын хооронд даатгалын гэрээний дагуу  үүрэг үүсэхгүй талаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөж, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4, 437 дугаар зүйлийн 437.2 дах хэсгийг хэрэглээгүй нь буруу байна.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т “даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй” болохыг заажээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч даатгалын хураамж төлөөгүй тохиолдолд даатгагчид гэрээний дагуу үүрэг үүсэхгүй буюу даатгалын гэрээ хураамж төлснөөр байгуулагддаг болохыг ийнхүү хуульчилсан байна. “Ү” ХХК нь даатгалын хураамжийг төлөөгүй тул “А Д”ХХК-д үүрэг үүсэхгүй, улмаар гэрээ байгуулагдаагүй тул гэрээнээс татгалзах бус гэрээний дагуу үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох шаардлагыг “А Д”ХХК гаргасан байна. Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” шаардлагын талаар

“А Д”ХХК-ийн нэхэмжлэлээс “2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн нотлох баримт үнэлэх ажиллагаа, хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлт Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь даатгалын баталгаа бус үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгааны гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт нийцжээ. Гэрээний дагуу “А Д”ХХК нь баталгаа гаргагч, “ Ш Л У Х”ХХК нь баталгаа гаргуулагч болсон байна. 

Гэрээнд “А Д”компанийг батлан даагч гэж тодорхойлсон боловч гэрээний 2-т /хх-229/ “...Хэрвээ захиалагчийн дүгнэлтээр дэд гэрээлэгч нь гэрээнд заасан аль нэг үүргээ гүйцэтгэхдээ эсвэл гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргасан бол батлан даагч нь ...захиалагчид шууд ба шууд бусаар учирсан хохирол, алдагдал, хураамж, зардал эсвэл зарлагатай холбоотойгоор тодорхойлогдсон үнийн дүнг Захиалагчийн гаргасан бичгэн хүсэлтийг үндэслэн ямар нэгэн нөхцөлгүйгээр, тухайн алдаа дутагдлын талаархи нотолгоогүйгээр эсхүл төлөхийг шаардаж буй үнийн дүнг нотолсон нотолгоогүйгээр Бондын нийт үнийн дүн хүртэл төлнө.” гэж, гэрээний эхний өгүүлбэрт 1 246 357 225 төгрөг /Бондын үнийн дүн/...гэж, Бонд гэдэг үг нь өрийн бичиг бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гэсэн утгатай болох тухай шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хуудас 162/ зэрэг баримтаар “А Д”ХХК-ийг баталгаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2011 оны 07 сарын 06-ны өдөр “Ү” ХХК болон  “ Ш Л У Х”ХХК-ийн хооронд гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан /3-р хавтас 65-71/ ба “А Д”ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Ү” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой, хохирол, алдагдал, зардал үүссэн тохиолдолд түүний өмнөөс “ Ш Л У Х”ХХК-ийн өмнө 1 246 357 225 төгрөгийн хэмжээгээр, үл маргах журмаар төлөх үүргийг хүлээж, гарын үсгээ зурж баримтжуулжээ. /1-р хавтас 229-231, 2-р хавтас 176/ “А Д”ХХК-ийн гаргасан дээрх хүсэл зоригийн илэрхийллийг “ Ш Л У Х”ХХК хүлээн авсан тул хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. Баталгааны гэрээг бичгээр байгуулна. гэж Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-т заасан байна. “А Д”ХХК-ийн гаргасан баталгааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангажээ. Уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний ”хавсралт В” гэсэн гэрээний нэг хэсэг болсон байна./1-р хавтас 76-228, 229-234/

            Баталгааны гэрээнд баталгааны үнийн дүнгийн хэмжээг бичгээр “нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөг” гэж тусгасан боловч тоогоор 1 246 357 225  гэж бичсэн, “...баталгааг англи хэл дээр байгуулсан, гарын үсэг зурсан этгээд нь англи хэл мэдэхгүй, гэрээг буруу ойлгосон...” гэх нэхэмжлэгчийн гаргасан  үндэслэлүүд нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш болохоос гадна “Ү” ХХК, “ Ш Л У Х”ХХК нь “А Д”ХХК-ийг хууран мэхэлсэн, нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдсөн гэх байдал баримтаар нотлогдоогүй талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй болно.

Баталгааны гэрээ нь “А Д”ХХК болон “Ү” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээтэй хамааралгүй, харин ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан тусдаа, бие даасан хэлцэл болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.” гэж зааснаар  үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд баталгаа гаргагч гэрээний дагуу үл маргах журмаар үүргээ биелүүлнэ.

Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар даатгалын байгууллага нь мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах; холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгох; аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох; холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргах, даатгалын компанийн дүрмийн сангийн болон даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулах үйл ажиллагааг эрхлэхийг хориглосон боловч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар даатгагч нь Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор гаргасан журмын хүрээнд, даатгалын үндсэн үйл ажиллагааны зорилгод харшлахгүйгээр,  бизнесийн үйл ажиллагаа явуулж болдог байна.

“А Д”ХХК-ийн гаргасан баталгаа хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, бизнесийн үйл ажиллагааны хүрээнд арилжааны хэлцэл байгуулсан, хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулж, зохигчдын гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2077 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...225.1 гэсний дараа 437 дугаар зүйлийн 437.2 ...гэж нэмж, ...нэхэмжлэгч “А Д”ХХК, “Ү” ХХК нарын байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээнээс татгалзсныг баталж, гэснийг ... “А Д”ХХК болон “Ү” ХХК-ийн байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээний дагуу “А Д”ХХКомпанид үүрэг үүсээгүй болохыг тогтоож,...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 978 төгрөг, 70 200 төгрөгийг, нэхэмжлэгчээс төлсөн 6 407 996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА