Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2018/02651/и |
Дугаар | 001/ХТ2019/00310 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2019/00310
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02154 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2142 дугаар магадлалтай,
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ч.Бт холбогдох
Гэм хорын хохиролд 16 805 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь хийн түлшний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Хариуцагч Ч.Б нь 2012 оны 2 сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанид борлуулагч, жолоочоор ажилласан. Ийнхүү ажиллах явцдаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягийг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдсанаар 5 цайны газар шатаж нийт 9 918 903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч компани хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж барагдуулсан. Хариуцагч Ч.Б нь ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгч компанид буцаан барагдуулах үүрэгтэй байсан боловч барагдуулалгүй ажлаас гарсан. Хариуцагч Ч.Б нь шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэггүй, нэхэмжлэгч компанид ажилладаггүй өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн баллоны холболт хийлгэсэн нь буруутай. Мөн Ч.Бын үйлдлийн улмаас Сүү ХХК, Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК-ийн худалдаалж байсан эд хөрөнгөнд хохирол учирч тухайн хохирлыг Мандал даатгал ХХК барагдуулсан байдаг. Гэвч Мандал даатгал ХХК нь даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 329 тоот шийдвэрээр Ч.Б, Ч.Болдхуяг нарын өмнөөс 6 886 150 төгрөгийг Мандал даатгал ХХК-д олгох тухай шийдвэр гаргасан. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.Баас нийт 16 805 073 төгрөгийг шаардах эрхтэй байна. Ийнхүү хариуцагчийг нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг төлөхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна. Иймд хариуцагч Ч.Баас 16 805 073 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б нь тус компанид 2012 оны 2 дугаар сараас эхлэн тус компанид борлуулагч, жолоочоор ажиллаж байсан. Ч.Б нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн дүү Ч.Болдхуягийн хамт Барс-2 худалдааны төвд “Г” ХХК-ийн газыг холбосон бөгөөд Барс-2 худалдааны төв нь газ холбуулах аюулгүйн шаардлагыг хангаагүй, мөн тухайн өдрийн баллоны даралтын хий өндөр байсны улмаас газыг холбосны дараагаар баллоны шланк мултарч гал гарсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Ч.Баас байцаалт, тайлбар авч байсан бөгөөд Ч.Быг ямар нэгэн байдлаар буруутай этгээдэд тооцсон эсхүл хохирол төлүүлэх асуудал үүсээгүй. Иймээс “Г” ХХК нь өөр гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн үед буруутай гэж шалгагдаж байсан этгээдээс нэхэмжлэх учиртай. Ч.Б нь галын осол болсноос хойш ажилдаа үргэлжлүүлэн ажиллах гэтэл янз бүрээр дарамталж, шахалт үзүүлж байгаад ажлаас нь гаргасан. Түүнчлэн Ч.Быг гарын үсэг зурсан мэтээр хуурамч хэлцлийг нэхэмжлэлд хавсарган өгсөн байх бөгөөд Ч.Б нь ямар нэгэн хохирол, төлбөр төлөх тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. Тухайн үед Ч.Б нь хийн түлшийг тээвэрлэх, борлуулах, угсрах ажлыг амаар тохиролцон хийж байсан. Мөн дүү Ч.Болдхуяг энэ ажлыг хамт хийж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажиллаж байсан гэх этгээдэд хамаарахгүй. Эрүүгийн хэрэгт авагдсан автомашин түрээслэх гэрээ нь эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга дараагүй тул гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа. Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-аас 6 886 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэргийн Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг 443 дугаар зүйлийн 443.7 гэж өөрчилсөн нь шүүхээс ажилтны гэм буруутай үйлдлээс гэм хор учирсан гэж үзээгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Ч.Б биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02154 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Баас 4 590 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 12 214 307 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 88 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2142 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 184/ШШ2018/02154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 378 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга хяналтын гомдолдоо: Магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. 1. 2142 тоот магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч “Г” ХХК-д хохирол учруулсан этгээдийн ажил олгогч нь биш, харин өөрөө ажилтан байна. Гэтэл анхан шатны шүүх байгууллага, албан тушаалтныг бусдад гэм хор учруулсан хариуцлагыг тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь оновчтой бус байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна” гэжээ. Гэтэл “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 722 тоот магадлалаар шийдвэрлэхдээ “газын баллоныг суурилуулсан Ч.Болдхуяг нь тус компанийн ажилтан биш гэх боловч ийнхүү бусдаар ажил гүйцэтгүүлснийг тус компанийн ажилтан Ч.Бын буруутай үйлдэл гэж үзэх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсны хариуцлагыг ажил олгогч хүлээнэ” гэж дүгнэсэн. Тухайн магадлалыг Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01040 тоот тогтоолоор хэвээр баталсан. Өөрөөр хэлбэл Ч.Бын ажил олгогч нэхэмжлэгч нь дээрх магадлал, тогтоолд дурдсан шиг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан 16 805 073 төгрөгийн гэм хорын хохирлыг барагдуулсан. Тиймээс Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хохирлоо шаардан гаргуулах эрхтэй байтал хоёр шатны шүүх зарим хэсгийг хангаад байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоолыг эсрэг дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2014260001754 тоот Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот дүгнэлт зэргээр хариуцагч нь нэхэмжлэгч компанид албан үүрэг гүйцэтгэдэггүй хамааралгүй этгээд болох өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн түлшний холболт хийлгэж байгаад гал алдсан нь хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 6 886 150 төгрөгийг бүхэлд нь шаардах эрхтэй. 2. Нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын 1 дэх хэсэгт нэхэмжлэгч нь хийн баллоны холболт хийхдээ гал алдснаас болж 5 цайны газар шатаж нийт 9 918 903 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний хооронд төлж барагдуулсантай холбоотой хэсгийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан дээрх гомдлыг хэрхэн үнэлж байгаа талаараа хянавал хэсэгтээ дурдалгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ““Г”” ХХК болон нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтан болох .Н.Гурвансайхан нар гал алдаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулаагүй тул нэхэмжлэгч болон Н.Гурвансайхан нар нь өөрийнхөө өмнөөс хохирол барагдуулна гэсэн ойлголт байхгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хийн түлшийг хүргэж өгч холболт хийхээр явахдаа өөрийн буруутай үйлдлээс болж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тул нэхэмжлэгч компанийг төлөөлж хариуцагчийн учруулсан хохирлыг нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтны хувиар Н.Гурвансайхан нь очиж барагдуулсан байдаг. Мөн хариуцагч нь дээрх төлбөрийн төлнө хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлцэл байгуулсан байдаг. Тухайн хэлцлийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн бөгөөд түүнийг хоёр шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн буруутай үйлдлээс болж бусдад учруулсан гэм хорын хохирлыг барагдуулсан 9 918 903 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ч.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 16 805 073 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч гэм буруугүй гэсэн үндэслэлээр, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 4 590 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Ч.Б нь “Г” ХХК-д борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Барс-2 худалдааны төвд хийн түлшний баллон хүргэж, баллоныг газан плиткатай холбох ажлыг дүү Ч.Болдбаяраар хийлгэсэн, уг ажлыг гүйцэтгэх явцад хий алдагдаж гал гарсан, бусдад эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
“Г” ХХК нь цайны газрын түрээслэгч нарт хохирол 9 918 903 төгрөгийг төлсөн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэрээр 6 886 150 төгрөгийг Мандал даатгал ХХК-д төлөхөөр болсон гэж гэм хорын хохирол болох 16 805 073 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ. /хх-ийн 10-11,14-16 тал/
Ч.Б нь “Г” ХХК-д 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс борлуулагч, жолоочоор ажиллаж, автомашинаар хийн түлш тээвэрлэн, угсрах ажил үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтыг зохигчид маргаагүй боловч хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх хангалттай баримт байхгүй тул бусдад гэм хор учруулсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” тул “Г” ХХК нь хариуцагч Ч.Баас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Шүүх гэм хорыг арилгуулахдаа хариуцагчийн гэм буруу, гэм хор учирсан шалтгаан нөхцөл, нэхэмжлэгчийн буруутай байдлыг харгалзан хохирлыг хэмжээг багасган, хариуцагчаас 4 590 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т нийцжээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон уг хэмжээнд хариуцлага хүлээж, маргааныг дуусгавар болгохоор шийдвэрийг зөвшөөрсөн байна.
Давж заалдах шатны шүүх тухайн маргаантай харилцаанд Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2142 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА