Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ж-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад Н.Ж ийг бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох, уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин зарлахыг даалгуулах... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 110/2022/0020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ж  нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад Н.Ж ийг бүртгэхээс татгалзсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох, уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин зарлахыг даалгуулах”-аар маргасан байна.    

2. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын тусгай шалгалтад Н.Ж ийг бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох, уг сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд дахин зарлахыг салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Би 2007 оноос өнөөдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст сумын нийгмийн даатгалын байцаагч, сангийн орлого, зарлагын нягтлан бодогч, тэтгэмжийн байцаагч, тэтгэврийн байцаагч, хяналт шалгалтын байцаагч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Эдгээр албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтуудад мөн адил нягтлан бодох бүртгэл, санхүү, даатгал, эдийн засаг, эрх зүй гэсэн мэргэжлийн шаардлага тавьсан тул намайг тухайн албан тушаалуудад мэргэжлийн хувьд тэнцэнэ хэмээн үзэж удаа дараагийн шалгалт өгч тэнцэж, тус тус нэр дэвшин ажиллаж ирсэн. ... Өөрөөр хэлбэл Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолттой адилхан мэргэжил шаардсан албан тушаалууд байсан. Шүүгч дээрх албан тушаалын тодорхойлолттой харьцуулж үзэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүх нотлох баримтыг нэг талыг баримтлан бүрдүүлсэн. Миний 16 жил төрийн албанд шат дараалан ажилласантай холбоотой нотлох баримтууд, намайг ажиллуулж ирсэн ажлын байрны тодорхойлолтуудыг нэгэн зэрэг авхуулж харьцуулан дүгнэлт хийгээгүй. Шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй.

3.2. Хариуцагчийн хэлсэн “Эдийн засгийн ухааны бакалавр гэдэг нь боловсролын зэрэг болохоос мэргэжил биш” гэснийг үндэслэл болгосон нь хэтэрхий өнгөц дүгнэсэн хэрэг болсон гэж үзэж байна. Надад эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг олгосон болохоос Удирдахуйн ухааны боловсролын зэрэг олгоогүй. Хэдийгээр миний дипломд Бизнесийн удирдлагын мэргэжил олгосон гэж бичсэн боловч удирдахуйн ухааны бус “эдийн засгийн ухааны боловсрол”-ын зэрэг олгосон. Энэ асуудлыг харгалзаж үзээгүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн нарийвчилсан индекст хэтэрхий ач холбогдол өгч дүгнэлт гаргасан. Тэдгээр индексүүд нь 2014 онд батлагдсан индекс, харин би 2005 онд төгссөн тул тухайн индекс нь эдийн засгийн ухааны мэргэжилтэй хүний мэргэжлийг тодорхойлоход чухал ач холбогдолгүй.

3.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7“мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг гэж заасан. Мөн тус хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах санхүүгийн бүхий л үйл ажиллагаанд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч хөтөлж явуулахаар зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл мэргэшсэн нягтлан бодогчийг нягтлан бодогч биш хэмээн доромжилсон шийдвэрийг шүүхээс гаргасанд гомдолтой байна. Харин ч “Нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна” гэх зэргээр мэргэжлийн нягтлан бодогчоос илүү давуу эрхтэй. Гэтэл эдгээрийг харгалзан үзэхгүйгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд тавих шаардлагыг үндэслээд өнгөцхөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Сангийн сайдын 2016 оны 82 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмын 2.1-т Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөх эрхтэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 24.1.1-т Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх гэж заасан юм. Нэгэнт нягтлан бодогч мэргэжилтэй хүнийг холбогдох шалгалтад хамруулж шалгарсан нөхцөлд мэргэшсэн цол олгодог юм. Гэтэл шүүхээс мэргэшсэн нягтлан бодогчийг нягтлан бодогч биш гэж дүгнэсэн нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцээгүй.

3.4. Тэтгэмжийн байцаагч, тэтгэврийн байцаагч, Хяналт шалгалтын байцаагч, Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан тушаалууд бүгд дэс түшмэлийн албан тушаал юм. Хуулийн дагуу дэс тушмэлийн албан тушаалд ажиллаж байгаа хүн дэс түшмэлийн албан тушаалд томилогдоход төрийн албаны тусгай шалгалтыг дахиж өгөх тухай хуулийн зохицуулалт байхгүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Н.Ж нь “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын тусгай шалгалтанд Н.Ж ийг бүртгэхээс татгалзсан төрийн албан тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох /1/, сул орон тоог нийтэд дахин зарлахгүй байгаа салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус, болохыг тогтоож, дахин зарлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба тэрээр 2005 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжил, эдийн засгийн ухааны бакалаврын мэргэжлээр төгсөж, 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 200507792 дугаартай диплом, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг тус тус авсан байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 122 дугаар тогтоолоор албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгосны дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга /дотоод аудитор/-ын албан тушаалын тодорхойлолтыг баталжээ.

2.3. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс байгуулагдаж төрийн захиргааны байгууллагын ахлах, дэс түшмэлийн удирдах албан тушаалын 10 орон тоонд шалгалт зохион байгуулснаас 10 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн байна.

2.4. Харин Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан тушаалд бүртгүүлэх хүсэлт гаргасан нэхэмжлэгч Н.Ж ийн хүсэлтийг холбогдох баримтын хамт хариуцагч хянаад “уг албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй” гэж өөрөөр хэлбэл мэргэжил нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индекст таарахгүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

2.5. Дээрх татгалзсан шийдвэрийг анхан шатны шүүх хянаад Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.3-т “мэргэжлийн анхан, дунд дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу дээрх сул орон тоог нийтэд зарлах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаартай “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтлөх/, индекс”-ээс үзэхэд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь 041101, санхүүчийн мэргэжил нь 031101, эрх зүйч мэргэжил нь 0421101, бизнесийн удирдлагын мэргэжил нь 041301 индекс бүхий нарийвчилсан чиглэлийн өөр өөр мэргэжил байна. Ингэснээр нэхэмжлэгчийн “бизнесийн удирдлага”-ын мэргэжил нь маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтод заасан нягтлан бодох бүртгэл, санхүү, даатгал, эдийн засаг, эрх зүйчийн мэргэжилд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.6. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэж, 24.1.1-д “их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх”, 24.1.2-т “их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн программыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгоно” гэж тус тус заасан.

2.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд мэргэжлийн хувьд нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжилтэй иргэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад оролцохоор байгаа ба мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийг хоёр дахь шалгалтад тэнцсэн иргэдэд олгохоор байна.

2.8. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ж нь холбогдох шалгалтад тэнцсэнээр түүнд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институт нь 2018 онд 14063388 дугаар бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээ олгосныг “нягтлан бодогч” “санхүүч”, “эдийн засагч”-ийн мэргэжил эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Уг гэрчилгээ нь нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжилтэй иргэд энэхүү мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг буюу мэргэшсэн байдлыг тодорхойлох албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагад хамаарах бичиг баримт юм гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.9. Учир нь Монгол Улсын Дээд Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шалгалттай байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Ж ийн хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг Дээд боловсролын тухай хуульд зааснаар дээд боловсролын бакалаврын дипломтой дүйцүүлэх боломжгүй юм.

2.10. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 26 дугаар зүйлийн 26.2-д “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Ж  нь хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байна.

2.11. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... Шүүх нотлох баримтыг нэг талыг баримтлан дутуу бүрдүүлсэн. Миний төрийн албанд шат дараалан ажилласантай холбоотой нотлох баримтууд, намайг ажиллуулж ирсэн ажлын байрны тодорхойлолтуудыг авч харьцуулан дүгнэлт хийгээгүй. Шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй гэх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн Төрийн албанд ажилласан талаарх баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй байх тул анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

2.12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

 

  ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                  О.ОЮУНГЭРЭЛ