Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 547

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

хохирогч Т.А-н өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Ц.Б-ны өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох 201525020503 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Ц-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .........дүгээр хороо, ........дүгээр хороолол, ....... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......;

Ц.Б нь давтан үйлдлээр:

1. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны 24 тоотод “хамтран ажиллаж ашиг өгнө” гэж хуурамч гэрээ үзүүлэн, хуурч мэхлэн, итгэл эвдэн Т.А-н хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан хохирогч Т.А-н 500.000.000 төгрөгийг,

2. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, М.Ц-с нийт 15.000.000 төгрөгийг,

3. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 2б байрны гадна “Вком” ХХК-ийн захирал М.Ж-с 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч мэхлэн Т.Б-с 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт 209.000.000 төгрөгийг,

5. “Мах импекс” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч мэхлэн “хамтран ажиллана, ашиг өгнө” гэж М.Болорцэцэгээс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 974.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Б-ны үйлдлээс М.Ц-ын 15.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, Ц.Б-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчдийн эд хөрөнгийг авснаас бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ц.Б-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Б-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б-ны цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Б-аас хохирогч М.Болорцэцэгт 64.700.000 төгрөг, хохирогч Т.Б-д 99.000.000 төгрөг, хохирогч Ж.Ж-д 50.000.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 99-99 УБР улсын дугаартай, “Lexus 570” загварын автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, автомашины 00360154 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, Ц.Б-г цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Б-ны өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, мөн шүүх хуралдаан нь иргэн хүний хувь заяаг шийдвэрлэх хариуцлагатай ажиллагаа байдаг зарчмыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

            Учир нь, шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс махны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хохирогч Т.А-н ямар ч гэрээг хийгээгүй, хийх боломжгүй гэсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн байтал нотлох баримтыг үнэн зөв талаас нь дүгнээгүй, түүнчлэн хохирогч Т.А нь өөрийн ББСБ-ын нэрийг барьж 500.000.000 төгрөгийн төлбөрөөс төлсөн 115.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан “А Э” ББСБ-тай хийсэн гэх шүүгдэгч Ц.Б-ны хоёр зээлийн гэрээнээс харагдах бөгөөд дээрх зээлийн гэрээний дагуу төлүүлсэн мөнгөнүүд нь харин ч эсрэгээрээ бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Ц.Б-г залилсан шинжтэй байсаар байхад шүүх хэт хялбарчлан буруутгасан дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй, ийнхүү нотлоогүй асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байтал анхан шатны шүүх хэт хийсвэрээр таамаглалд тулгуурлан дүгнэлт хийж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэм хэмжээг” нотолсон байхыг хуульчилсан байтал хохирлын хэр хэмжээг нотолсон баримт нь эргэлзээтэй, гэрч, хохирогч нар хохирлын талаар зөрүүтэй мэдүүлдэг, мөрдөн байцаагчийн зүгээс ч хохирол нь яг хэдэн төгрөг болохыг олон янзаар гаргасан зэрэг байдлаас хохирлын шинж чанар, хэр хэмжээ нотлогдоогүй гэж үзэж байна.

            Тодруулбал, А.Болор-Эрдэнэ /хх-5-6/, Т.А нараас асууж авсан тайлбар /хх-14-15/, гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-22-23/, хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-181-184/, гэрчийг дахин байцаасан тэмдэглэлд “... анх шалгагдахаас өмнө 50.000.000 төгрөг, дараа нь 15.000.000 төгрөг өгч байсан ...” /хх-185-186/ гэх мэдүүлгүүдээс харахад шүүгдэгчийн зүгээс нийт 260.000.000 төгрөгийг төлсөн болох нь харагдаж байна. Харин шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо дурдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээс харахад зөвхөн 65.000.000 төгрөг л хүлээн авсан гэх мэдүүлгүүд байх бөгөөд харин өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 110.000.000 төгрөгийг хүлээн авснаа мэдүүлсэн гэснээс харахад нийт 370.000.000 төгрөг төлсөн гэж харагдаж байна. Хэрэв зөвхөн 110.000.000 төгрөг л хүлээн авсан бол гэрч, хохирогчийн удаа дараа мэдүүлсэн 50.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг, 80.000.000 төгрөг, нийт 145.000.000 байгаагаас харвал тусдаа 110.000.000 төгрөгийг өгсөн болох нь нотлогдож байх бөгөөд нийлбэрийг нь тооцвол 255.000.000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь яг хэдэн төгрөгөөр хохирсон болох нь ойлгомжгүй эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

            Мөрдөн байцаагч хохирлын тооцоог хоёр удаа бодсон байх бөгөөд хавтаст хэргийн 81 дүгээр талд 65.000.000 төгрөгийг өгсөн 435.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, хавтаст хэргийн 217 дугаар талд 80.000.000 төгрөгийг төлсөн 420.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гаргасан болон хавтаст хэргийн 80 дугаар талд 115.000.000 төгрөгийг хохиролд тооцон барагдуулсан гэснийг мөрдөн байцаагчийн тэмдэглэлд бичсэн байгаа зэргээс харахад дахиад л 260.000.000 төгрөг төлөгдсөн гэж харагдахаар байна.

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад би 220.000.000 төгрөгийг Т.А-н хохиролд тооцон хүргэнд нь өгсөн, мөн 3 сарын өмнө хүү тооцон 65.000.000 төгрөг болон 118.000.000 төгрөгийг бэлнээр тооцон өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд энэхүү тооцооноос харвал 393.000.000 төгрөг буюу гэрч, хохирогч нарын хүлээн авсан гэх мөнгөн дүн 370.000.000 төгрөгтэй бараг таарч байна.

            Хавтаст хэргийн 112-116 дугаар талд 407 тоот 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээ авагдсан байдаг бөгөөд энэхүү барьцааны гэрээнд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 407 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулав гэсэн байгаа боловч энэ өдөр 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй байна. Учир нь хавтаст хэргийн 117-121 дүгээр талд 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ-2014003 тоот 12 сарын хугацаатай 175.000.000 төгрөгийн гэрээ авагдсан. Тодруулбал, хохирогч Т.А-н “А Э” ББСБ нь зээл олгохоосоо жилийн өмнө барьцааны гэрээгээр Ц.Б-ны үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан гэж харагдаж байна. Гэрч, хохирогч нарын 2013 оны зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 115.000.000 төгрөг төлөгдсөн гэсэн нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд 115.000.000 төгрөг нь 500.000.000 төлбөрт төлөгдсөн болох нь нотлогдож байна. Түүнчлэн хохирогчийн төлбөрт авсан гэх 110.000.000 төгрөг нь миний үйлчлүүлэгчийн төлсөн 220.000.000 төгрөгөөс 115.000.000 төгрөгийг төлөөд үлдсэн 105.000.000 төгрөгийг хохирогч өөрийн тооцоонд 110.000.000 төгрөг гэж тооцсон гэж үзэхээр байна.

            Шийтгэх тогтоолд 110.000.000 төгрөг нь ямар байдлаар, хэдийд, яаж өгөгдсөн мөнгө болохыг огт дурдаагүй зөвхөн хохирогч 110.000.000 төгрөг авсан гэснээр бусад төлсөн төлбөрүүдийг тооцолгүйгээр 500.000.000 төгрөгөөс хасаж хохирлыг тогтоосон байна.

            Мөн хэргийн бодит байдлыг дурдах нь зүйтэй байна. Үүнд: Ц.Б нь 2013 онд “А Э” ББСБ-аас 200.000.000 төгрөгийн зээл авч Т.А-н хүргэн А.Болор-Эрдэнэтэй танилцсан байх бөгөөд хоорондоо зээл төлөхтэй холбоотой асуудлаар байнга уулзалддаг байжээ. Учир нь “А Э” ББСБ нь 200.000.000 төгрөгийн зээлийг олгож төлбөрөө авсан хэдий ч СЗХ-д тайлагнах зээлийн гэрээг өөр дүнгээр хийх хэрэгтэй байна гээд миний үйлчлүүлэгчийн хэлснээр 50.000.000-аад төгрөгийн үлдэгдлээ бэлэн бусаар шилжүүлсэн хэдий ч огт олгоогүй мөнгөн дүн болох 175.000.000 төгрөгийн дүнгээр бүх зээлийг төлүүлсэн байна. Тийм ч учраас шүүгдэгч маш бага хэмжээний мөнгө үлдсэн, ББСБ-ын мөнгийг төлсөн гэсэн мэдүүлэг эргэлзээтэй худлаа байх боломжтой байхад шүүх ББСБ-ын төлбөр хамаагүй, зөвхөн авсан 500.000.000 төгрөгөөс хохирлын тооцоог гаргасан гэж байгаа нь учир дутагдалтай, үнэнээс хол зөрүүтэй, яг хэдэн төгрөгөөр хохирсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Шүүгдэгч Ц.Б нь “ББСБ дээр очиж тооцоо бараг хийдэггүй, зээлээ төлөөрэй гэхээр нь л мөнгөө өгчихдөг байсан, ихэнх тохиолдолд бэлнээр аваачаад санхүүд нь тушаадаг байсан байх бөгөөд тооцоо юу болж байна гээд асуухаар алдагдалтай байгаа учраас нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэдэг байсан тул би итгээд мөнгө төлөөд л явдаг байсан” гэж байнга мэдүүлдэг. Гэрч А.Болор-Эрдэнэ нь шүүгдэгчтэй уулзаад “ах аа аятайхан мөнгө өсгөх ямар бизнес байна, та ер нь мөнгө олдог хүн байна шүү” гээд нэлээдгүй хөөргөж байсан байна. Тиймээс ч эдгээр хүмүүс өөрсдөө эхлэн шүүгдэгчийн “Аврагч спорт хороо” буюу ажил дээр нь хадам ээж болох хохирогч Т.А-н хамт очиход “Мах импекс” ХХК-д мах нийлүүлдэг талаараа ярихад Т.А нь “махны наймаанд чинь мөнгө оруулъя” гээд 500.000.000 төгрөг гаргахаар болж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Болор-Эрдэнэ 500.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөд нотариатаар гэрээ байгуулаад явсан. Тухайн үед хохирогч мөнгөө өсгүүлэхээр өгөхөөс 14 хоногийн өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “А Э” ББСБ-д 51.241.241 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Ингээд 2015 оны 2 дугаар сард 30.000.000 төгрөг, 3 дугаар сард 50.000.000 төгрөг, 4 дүгээр сард 15.000.000 төгрөг, 5 дугаар сард 225.000.000 төгрөг, 9 дүгээр сард 18.000.000 төгрөг, 10 дугаар сард 80.000.000 төгрөг буюу нийт 418.000.000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр анхны шүүх хуралдаан болоход нийт 418.000.000 төгрөгийг төлчихсөн байжээ. Гэтэл хохирогч гэх Т.А нь 225.000.000 төгрөгийн 115.000.000 төгрөгийг “А Э” ББСБ-ын төлбөрийг төлсөн 110.000.000 төгрөгийг өөрөө хүлээн авсан гэж мэдүүлдэг. 115.000.000 төгрөгийг ББСБ-ын мөнгө гэж тооцоод хассан байсан ч анхны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч 303.000.000 төгрөгийг бэлнээр Т.А-т төлсөн байсан нь хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байтал 110.000.000 төгрөг л төлсөн, 390.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж удаа дараа буруутгаж байгааг зөвтгөх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл 115.000.000 төгрөгийг хэрэв зээлийн төлбөр гэж үзвэл ББСБ-ын төлбөрт огт ороогүй, зөвхөн Т.А-н төлбөрт миний үйлчлүүлэгч тооцон төлж байжээ. Шүүгдэгч “А Э” ББСБ-д 50.000.000-60.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байтал уг ББСБ нь огт олгоогүй 175.000.000 төгрөгийг төлүүлээд зогсохгүй дээр нь хүүнд нь 40.580.587 төгрөгийг буюу нийт 295.580.587 төгрөгийг төлүүлжээ. Шүүгдэгчийн зүгээс ББСБ-д төлсөн 295.000.000 төгрөг болон Т.А  төлсөн 418.000.000 төгрөгийг тооцвол хохирогч гэх Т.А  болон түүний хувийн ББСБ-д 713.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Гэтэл Т.А  ийм их хэмжээний мөнгийг авснаа мэдсээр байж дахин нэмж зах зээлийн ханшаар 636.000.000 төгрөгийн өртөг бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг 390.000.000 төгрөгт тооцон авснаас харахад шүүгдэгч Ц.Б Т.А-г залилаагүй, харин ч тэрээр миний үйлчлүүлэгчийг маш их хэмжээгээр хохироосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирогч тал төлбөрөө ББСБ-д тооцсон гэхийг шүүх тооцож үзэхгүй атлаа ББСБ-тай холбоотой баримтууд хэрэгт хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь учир дутагдалтай юм.

      2. Ц.Б нь Т.Б-тай мах нийлүүлэх ямар нэгэн гэрээ хийгээгүй махны гэрээтэй холбогдуулж 209.400.000 төгрөгийг огт аваагүй байх бөгөөд Т.Б нь би “Ц констракшны Б-с төмрийн наймааны 160.000.000 төгрөг авах ёстой. Тэр нь төрийн сангаас гарч чадахгүй байна гээд байгаа тэрийг хөөцөлдөж байгаад авчих гэж хэлэхээр нь би өөрөө 2015 оны 7 дугаар сард буюу наадмын дараагаас эхэлж хөөцөлдөж явж байгаад төрийн сангаас мөнгийг гаргуулаад 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ц констракшн”-ын Б-с очиж мөнгөө авах гэтэл бэлнээр гаргаж өгч чадахгүй байна, дансаар чинь шилжүүлчихье гэхээр нь өөрийнхөө данс руу хийлгэж авсан. 160.000.000 төгрөгийг авахаас өмнө шүүгдэгч нь Т.Б-ны өрөөнд сууж байтал та Цастаас очоод 20.000.000 төгрөг аваад ирээч гэхээр нь очиж авахад бэлэн мөнгө өгсөн баримтан дээр гарын үсэг зуруулсан, тэр мөнгийг нь шууд авч ирээд Т.Б-д өгсөн. Харин 209.000.000 төгрөгийн хувьд шүүгдэгчийг асуудалд орсныг сонсоод мөнгөн дээрээ хүү тооцоод баримт үйлдэхгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлээд 5 сарын 6.2 хувийн хүү тооцож, 209.600.000 төгрөг болгож баримтад гарын үсэг зуруулжээ. Тийм ч учраас Т.Б нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ үндсэн төлбөрийн 110.000.000 төгрөгийг нь та өгчих, үлдэх төлбөрт нь хүү тооцоод хэзээ төлөх асуудлаа харилцан тохиролцоё, харин өмнө нь бичсэн хэлцлүүд хүчингүй боллоо гэдгээ илэрхийлж өөрийгөө төлөөлүүлэн өмгөөлөгч Одгэрэлтэйгээ гэрээ хийлгэж 110.000.000 төгрөгөө бэлнээр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, тэрээр иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр хохирогч гэх Т.Б-д хүүтэй мөнгийг хэзээ нэгэнт цагт тохиролцсоны үндсэн дээр төлөх болсон нь залилсан гэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаарч үзээгүйгээр барахгүй хохирогч Т.Б-с 209.000.000 төгрөг авсан, энэхүү төлбөрөөр хохирсон гэж хэт өрөөсгөлөөр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

      3. Ц.Б нь Болорцэцэг гэдэг хүнд ямар нэгэн өр төлбөр тооцооны асуудал байхгүй байтал шүүх 64.700.000 төгрөгийг төлүүлэхээр гаргасан нь ойлгомжгүй бөгөөд ямар тооцоог үндэслэсэн нь тодорхойгүй байна. Т.Болорцэцэг нь 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Б-ны ХААН банкны 5022485879 тоот дансанд 50.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 140.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг бөгөөд шүүгдэгч 160.000.000 төгрөг болгон эргүүлэн төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хохирогч гэх Т.Болорцэцэг нь зөвхөн Ц.Б-ны дансаар мөнгө шилжүүлж байснаас бус бэлнээр ямар нэгэн мөнгө өгч байгаагүй болох нь гэрч С.Ж-ы мэдүүлгээр нотлогддогоос гадна энэ хэрэгт 200.000.000 төгрөг байсан эсэх талаарх нотлох баримт авагдаагүй байдаг. Т.Болорцэцэг нь гэрээний дагуу мөнгө өгөөгүй атлаа миний үйлчлүүлэгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн болох нь хууль сануулан авсан гэрч Ж-ны мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Т.Болорцэцэгээс тухайн үед 200.000.000 төгрөг байсан эсэх талаар нотлох баримт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход нэн ач холбогдолтой гэсэн хүсэлтийг шүүгдэгч өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байсан боловч хохирогчийн зүгээс ийм баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч гэх Т.Болорцэцэгийг огт залилан мэхлээгүйгээр барахгүй түүний мөнгийг хүүтэйгээр буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

   4. Ц.Б нь Ж-тай Отгонбаатар, Соёлмаа нараар дамжуулан танилцаж “Квом” ХХК 4 дүгээр цахилгаан станцаас 1 тэрбум гаран төгрөг авах ёстой тиймээс бидэнд туслаач гэсэн. Тэр үед Ж 1 тэрбум төгрөгийг гаргаж өгөөч нэг дор гарахгүй нь ойлгомжтой гарсан дүндээ 10 хувийг өгье гэсэн. Тэгээд эхний ээлжинд 200.000.000 төгрөг шилжиж орж ирсэн гээд 10 хувь болох 20.000.000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд Ж одоо хэдийг шилжүүлэх бол гэхэд 300.000.000 төгрөг шилжүүлэх байх гэхэд 300.000.000 төгрөгийн 10 хувь 30.000.000 төгрөгийг надад өгсөн. Ингээд шилжсэн гүйцэтгэл бүртээ зуучлалын хөлс өгнө гэсэн боловч тэр чигээрээ чимээгүй болчихсон. Тухайн үеийн удирдлагын зүгээс гүйцэтгэл хийгдсэн хэмжээнд нь өгнө гэсэн болохоор Ж-с яг гүйцэтгэлээрээ 1.600.000.000 байгаа юм уу гэж асуухад тийм ээ, яг гүйцэтгэлээр 1 тэрбум болох байх гээд одоо орж ирсэн хэмжээнээсээ хамаараад би 10 хувийг нь танд өгнө гээд ХААН банкны дансыг нь хүртэл авсан байдаг. Гэвч дахин огт ярихгүй болохоор нь тэрээр өөрөө  хэд хэдэн удаа залгахад Ж “мөнгө арай орж ирээгүй байна, ороод ирэнгүүт нь танд хэлнэ, санаа зоволтгүй” гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч тал баримт гаргахдаа тухайн үед орж ирсэн мөнгөний баримтыг огт гаргаагүй бөгөөд сүүлд орсон баримтуудаа гаргаж өгсөн байдаг. Хохирогчоор хууль сануулан авсан мэдүүлэгт огт мөнгөө аваагүй, бүүр сүүлд ямар нэгэн яриа хэлцэлгүй авсан гэдэг. Хохирогч нь бүх мөнгөө авсан атлаа 2015 онд шүүгдэгч рүү холбогдож, дахин мөнгө авч, өгөх талаар яриад өгөөч гэсэн хүсэлт гаргасан байна. Мөн шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт хууль сануулан өгсөн мэдүүлэгтээ хохирогч нь мөнгө гаргуулахын тулд мөнгө өгсөн гэдгээ мэдүүлдэг бөгөөд тэдний хооронд иргэний харилцаагаар мөнгө төгрөг өгөлцөж, авалцсан буюу зуучлалынхаа хөлсийг л авсан үйл баримт байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

            Мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ял оногдуулсан гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч миний бие гэм бурууг тогтоосны дараа хэдийгээр гэм бурууд маргаж байгаа боловч нэгэнт шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны гэм бурууд маргаж байгаа тул гэсэн үндэслэлээр хүлээн авалгүй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ... ” гэв.

Хохирогч Т.А-н өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмнө нь Ц.Б нь “А Э” ББСБ-аас зээл авсан талаар баримт хэрэгт авагдсан. Дараа нь Т.А-с хуурч мэхлэж авсан 500.000.000 төгрөгийн асуудал яригддаг. Гэтэл өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь “А Э” ББСБ-н зээл болон хохирогч Т.А-й холбоотой асуудлыг хольж яриад байдаг юм. Харин 500.000.000 төгрөгийг Т.А-с залилан авсан асуудал бол тусдаа шийдвэрлэгдэнэ. Энэ мөнгө бол “А Э” ББСБ-ын зээлтэй ямар ч холбоогүй. Хэрэв “А Э” ББСБ-аас авсан зээлийн асуудлаар маргаантай байвал иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан. “А Э” ББСБ-ын зээлтэй холбоотой илүү төлбөр хийсэн гэж үзвэл иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Хохирогч Болорцэцэг, Т.Б нарт үзүүлсэн “Мах нийлүүлэх гэрээ” нь хуурамч гэрээ болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Г.Б бол миний гарын үсэг биш байна гэдэг. Ц.Б нь “уг гэрээ хийгдэх байдлаар яригдаж байсан учраас би өөрөө гарын үсэн зурсан юм” гэж мэдүүлдэг. Мах нийлүүлэх гэрээ яригдаж байсан боловч ёсчлон батлагдаагүй бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан, гэрээний үүрэг биелэгдсэн байдал тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэрэгт эргэлзээ бүхий баримт орсон байхад анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Б-ны нэг үйлдлийг “хамтран ажиллаж ашиг өгнө” гэж хуурамч гэрээ үзүүлэн хуурч мэхлэн, хохирогч Т.А-т хохирол учруулсан гэж дүгнэснийг шүүх мөн энэ байдлаар буюу хуурамч гэрээ үзүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.  

Хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-н /хх 1-н 75-76/ дэх “Мах импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б гэсэн гарын үсгийг шүүгдэгч Ц.Б “би өөрөө дууриалган зурсан” гэж, гэрч Г.Б “миний гарын үсэг биш байна” гэж тус тус мэдүүлснийг үндэслэн шүүх энэ хуурамч гэрээг ашиглан бусдад ийм гэрээ бодитоор байгуулагдсан мэтээр итгүүлэн хөрөнгө авч залилсан гэж дүгнэсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинээр гаргаж өгсөн “Мах импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-н 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр “Худалдах, худалдан авах гэрээ” /хх 6-н 37-41/ нь өмнө нь хэрэгт авагдсан хуурамч гэгдэх 144 дүгээр гэрээтэй үг үсгийн хувьд зөрүүгүй байх тул ийм гэрээ бодитоор хийгдсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалган мухарлах нь зүйтэй ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхойлохоор хуульчилсаны дагуу энэ гэмт хэргийн бодит учирсан хохирлыг зөв тогтоон ирүүлэх шаардлагатай гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.