Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 548

 

 Н.О, Б.Б, Э.Г, Л.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох 1708001960009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Н-н О, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт .............дүүргийн 3 дугаар хороо, ......... дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...../;

2. О овгийн Б-н Б, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... сургуулийн Бизнесийн удирдлагын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ....... дүүргийн ... дүгээр хороо, ........дугаар хорооллын ...... дүгээр байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

3. Б овгийн Э-н Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... салбарын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ......... дүүргийн ........ дугаар хороо, ....... дугаар хорооллын ......дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

4. Н овгийн Л-н Д, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, .......... дугаар баазад механик засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.О, Б.Б, Э.Г нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 35 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Л.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 35 дугаар гудамжны 5 тоотод маргалдсаны улмаас Н.О-г нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.О, Б.Б, Э.Г нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Д-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Б.Б, Э.Г нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Л.Д-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.О-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Н.О, Л.Д нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Н.О, Л.Д нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Н.О эмчилгээний зардалд 710.000 төгрөг төлсөн, хохирогч Л.Д бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, хохирогч Н.О цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтолН.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 346 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Хохирогч Л.Д нь мөрдөн байцаалтын шатанд “... О өөрийн найз гэх Ганбаа, өөр бас нэг найзтайгаа унагаагаад 3 талаас өшиглөсөн. ...намайг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Ганбаа, О, намайг зодсон нэг залуу /нэрийг нь мэдэхгүй/ гурвуулаа ирээд О ганцаараа зодсон, өөр ямар нэгэн хүн зодоогүй нь үнэн болно гэх өргөдөл бичиж ирчихээд та өөрийн гараар бичээд өгчих 600.000 төгрөг өгье гэхээр нь би “тийм зүйл байхгүй, хууль журмын дагуу шийдье” гэсэн ...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “... би доошоо хараад  хэвтэж байсан хэн цохиж зодсоныг мэдэхгүй, 2-3 хөл орж ирээд өшиглөөд байсан ...” гэж нэг хүнд биш гурван хүнд зодуулсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эхний байцаалтаар “... би Дариагийн хашаа руу ороход 3 залуу гэрээс нь чирээд гарч ирээд зодож байсан. Би тухайн хүмүүсийг та нар боль гэхэд тэр 3 залуу зугтаагаад яваад өгсөн. ...Тухайн үед О гэх залуу хамгийн их зодож байсан...” гэх мэдүүлэг,

Хоёр дахь байцаалтаар “... би яг Л.Д-н хашаа руу ороход Л.Д-г 3 залуу гэрээс нь чирж гаргаж ирээд гэрийнхээ үүдний зүүн урд талд газар унагаагаад зодож байсан...” /хх-73/ гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би хувцасаа өмсөөд гараад харахад гурван залуу тархи, толгойгүй өшиглөж байсан. ... саарал малгайтай цамцтай өндөр залуу, намхан залуу хоёр зодож байсан ...” /хх-190-191/ гэх мэдүүлгээр

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн “хохирогч Л.Д-н биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хавирганы далд хугарал, нүүр, их бие мөчдийн цус хуралт, нүүрний зулгаралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлтээр давхар нотлогдож байна гэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт болгосон баримтыг шүүхээс няцаан үгүйсгэхдээ:

- Хохирогч Л.Д-д хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргуулсны дараа хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг, Л.Д-н мөрдөн байцаалтад яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдтэй холбож, зөрүүтэй мэдүүлж байна гэж үзсэн,

Мөн хохирогч Л.Д-н “... гартаа пиво барьсан байсан, ...эсхүл хутга барьсан байсан байхаа, ... гартаа пиво барьсан байсан...” гэх хэрэгт ач холбогдолгүй, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй зөрүүтэй мэдүүлгүүдийг түүвэрлэн авч, шүүгдэгч Н.О, Б.Б, Э.Г нар “Н.О унасан хойно нь өшиглөсөн” гэдгийг тогтвортой мэдүүлдэг зэргээс дүгнэлт хийхэд Л.Д-н мэдүүлгүүд зөрүүтэй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа, гэрчийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй гэж дүгнэн хохирогч Л.Д, гэрч Б.Цэцэгмаа нарын мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй, эх сурвалж тодорхойгүй тул эдгээр нотлох баримтуудыг Б.Б, Э.Г нарыг яллах нотлох баримтаар тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа, прокуророос Б.Б, Э.Г нарын үйлдэл нотлон тогтоож ирүүлээгүй тул гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр Б.Б, Э.Г нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхээс хэт нэг талыг барьсан, шүүгдэгч Н.О, Б.Б, Э.Г нарын буюу хоорондоо найз нөхдийн холбоо бүхий хүмүүсийн  мэдүүлгүүдийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлээ дэмжиж байна…” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Прокуророос Н.О, Б.Б, Э.Г нарыг бүлэглэн Л.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Д-г Н.О-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд Б.Б, Э.Г нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Н.О, Л.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гэрч Б.Цэцэгмаагийн “...Би Дариагийн хашаа руу ороход 3 залуу гэрээс нь чирч гаргаад зодож байсан...”, Л.Д хохирогчоор “...намайг О өөрийн найз гэх Ганбаа, бас өөр нэг найзтайгаа унагаагаад гурван талаас өшиглөсөн...” /хх 1-н 23/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад Л.Д-г зөвхөн Н.О зодсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Б.Б, Э.Г нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.   

            Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээрН.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.