Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

                                                                                                             П.Ц, Ч.Б, С.Б, Т.М

                                                                                             нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч П.Ц-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт,

шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаар магадлалтай, 201501000049 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5 дахь хэсгүүдэд заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалах, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

 

2.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах” гэмт хэрэгт,

 

4.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Ц-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, урьдчилан үгсэж тохиролцон бусадтай бүлэглэн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг давтан үйлдлээр борлуулсан, албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Ч.Б-ыг урьдчилан үгсэж тохиролцон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулсан, прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, С.Б-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн, Т.М-ыг албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар П.Ц-ыг 11 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ыг 10 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Т.М-ыг төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан П.Ц, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан П.Ц-ын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар, Ч.Б-ын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, П.Ц, Ч.Б нарт оногдуулсан хорих ялыг чанга, Т.М-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдийг журамлан Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Т.М-н өмгөөлөгч А.Нацагдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Н.Цэцэгмаа, Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэлгүй гэж үзэж байна. П.Ц гэдэг хүнийг танихгүй, тэр хүний гэр хаана байдгийг мэдэхгүй, гэрт нь нэг ч удаа очиж байгаагүй юм. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг тэр хүний гэрт очиж сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэж шүүхээс ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ч.Б-тай найз нөхдийн холбоотой бөгөөд 2015 оны цагаан сарын дараа түүний борлуулж байсан гар утаснаас эхнэртээ худалдан авч өгсөн ба утасны үнийн үлдэгдэл 300,000 төгрөгийг Ч.Б-ын эхнэрийнх нь дансанд шилжүүлсэн юм. Ч.Б-тай байнга уулзалддаг, хүүхдээ хамт салхилуулдаг байсан. Ингэж хамт байх үед миний утаснаас Ч.Б нь П.Ц руу залгасан байж болох бөгөөд харин би П.Ц гэдэг хүнтэй утсаар ярьж, уулзаж байгаагүй юм. Би П.Ц гэдэг хүний гэрээс очиж тэр бодисыг авсан юм бол яагаад надаас биш тэдний гэрээс уг бодис хураагдаж, ямар шинжилгээ нотолгоогоор метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэдэг бодис болж байгаа нь ойлгомжгүй байна.

Намайг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд худал хэлж хууран, гудамжинд явж байхад хүчээр баривчлан авч явж “хорино, цагдана” гэж айлган сүрдүүлж, өөрсдийн хэл гэсэн зүйлүүдийг хэлүүлж мөрдөн байцаагчид мэдүүлэг өгүүлсэн. Энэ өдөр гэрчээр байцаасан гэдгийг ч би сайн ойлгоогүй, гэтэл эрүүгийн төлөөлөгч нар барьж авч яваад мэдүүлэг гэх зүйлийг хэлж өгч, мөрдөн байцаагч байцаасан болохыг сүүлд ойлгосон. Гэвч ийм байдлаар хэлүүлсэн мэдүүлгээ үндэслэж, намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан олон сар, хоног шалгаж эцэст нь шүүхээс ямар ч үндэслэлгүй ял шийтгэл оногдуулж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие П.Ц гэдэг хүнээс метамфетамин гидрохлоридын агууламжтай “мөс” гэх бодисыг худалдаж авсан бол уг бодисыг надаас хурааж авч, “мөс” гэх бодис гэдгийг нь тогтоож, шинжилгээ оношлогоо хийлгэсэн баймаар юм. Өмнө нь хоёр ч удаа хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан бөгөөд энэ үед хэргийг прокурорт шилжүүлэх тогтоолд Гаалийн төв лабораторийн дүгнэлт, байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлүүдээр “мөс” гэх бодисыг худалдаж авсан нь нотлогдсон гэж бичиж байсан юм. Харин тэр үед Гаалийн төв лабораторийн дүгнэлт гэх зүйл хэрэгт огт байгаагүй, одоо ч байхгүй байгаа бөгөөд энэ талаар өмгөөлөгч болон миний зүгээс удаа дараа холбогдох газруудад гомдол гаргаснаар уг дүгнэлтийг яллах баримтаас хасч, П.Ц-ын гэрээс очиж авсан гэж ямар ч үндэслэлгүйгээр тулгаж байна. Намайг цагдаагийн байгууллагын ажилтнууд айлган сүрдүүлж, хуурч мэхлэн гэрчийн мэдүүлэг аваад, ямар ч нотлох баримт, шинжилгээний дүгнэлтгүйгээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан гэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч П.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Б-тай үгсэн тохиролцож С.Б-төд мансууруулах бодис зарж борлуулсан үйлдэл байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодис байдаггүй. Би урьд нь Ц.Э-с удаа дараа “мөс” гэх бодисыг худалдан авч хэрэглэж байсан бөгөөд энэ талаарх 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мөнгө шилжүүлж байсан баримт байдаг. Гэтэл Ц.Э нь намайг гүтгэж онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсныг нягталж шалгаагүй, хэт нэг талыг баримтлан ялласанд гомдолтой байна. Ц.Э нь намайг хоригдож байхад миний анх өгсөн мэдүүлгийн улмаас мөн цагдан хоригдож байсан. Гэтэл Ц.Э нь намайг ятгаж анхны мэдүүлгээсээ буцаалгаж мөрдөн байцаагч н.Э-той тохиролцон нийлж, надаас зохиомол мэдүүлэг авсан бөгөөд үүнийг өмгөөлөгч Н.Намжилцогт гэрчилнэ. Энэ гэмт хэргийн гол буруутан Ц.Э, С.О нар байтал өөрсдийнхөө хэрэгт намайг гүтгэж буруутгаж байна.

            Гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн гэх хэрэгт надаас мансууруулах бодис худалдаж авсан гэх этгээдүүдийг ил гаргаагүй байдаг. Учир нь надад зарж борлуулсан гэх үйлдэл байхгүй болно. Хэрэв байсан бол тэдгээр этгээдүүд мөн адил хариуцлага хүлээх ёстой. Намайг цагдан хоригдож байхдаа хянагч Т.М-тай хээл хахууль бусдаар дамжуулан өгсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Т.М-нь эргүүлж төлөх болзолтойгоор зээлж авсан бөгөөд энэ нь мессежээр нотлогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн ноцтой зөрчиж, зөвхөн яллах талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Миний бие уг хэрэгт цагдан хоригдож байх хугацаандаа аавыгаа алдаж, ар гэрийн байдлаа доройтуулж маш их зүйлийг ойлгон ухаарч гэмшиж байна. Мөн намайг хоригдож байхад эхнэр О.Н төрсөн.

            Иймд ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан хэргийг бүрэн гүйцэд, үнэн зөв, хуулийн дагуу дахин шалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч П.Ц-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүн таслах ажиллагаа мэтгэлцэх зарчим дээр явагдаагүйд гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болно гэж заасан боловч эх сурвалжаа нууцлан мөрдөн байцаалтын ажиллагаагаар ил болгож мэтгэлцэх зарчмын хэрэгжилтийг хангалгүй зөвхөн яллах талд давуу байдлыг бий болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Хууль хэрэглээний энгийн логикийн хувьд П.Ц-ыг гэм буруутай эсэхийг тогтоож байгаа гэх нотлох баримт зөвхөн яллах талд харагддаг өмгөөлөх талд “хаалттай” байсаар энэ хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийг зөрчсөн.

Өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын эхнээс байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд П.Ц-т холбогдох хэрэгт явагдсан бүх процессын шийдвэрүүдэд түүнийг “Улаанбаатар хотын хэмжээнд...” эсхүл зарим тогтоолуудад тусгаснаар “...Нийслэл хотын хэмжээнд...” мансууруулах бодис зарсан гэж тусган шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт...” метамфетамины агууламж бүхий бодисыг зарсан гэж тодорхойлоод тэрхүү мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээг 3.4 граммыг борлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн боловч авч хэлэлцсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг онол практикийн алинд ч тухайн хэрэг дээр зайлшгүй тогтоогдвол зохих нөхцөл байдал, нотолгооны хязгаар мөн гэж тайлбарладаг боловч энэ хэрэг дээр П.Ц нь Улаанбаатар хотын аль дүүргийн хэд дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ямар хугацаанд хэдэн хүнд хэн гэж этгээдүүдэд яаж борлуулсан зэрэг нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй, мөн зарж борлуулсан гэж үзэж байгаа үйлдлийн эцэст олсон орлого, ашиг гэж үзэх мөнгөний эх сурвалж тогтоогоогүй байхад шүүхээс П.Ц-ыг “Улаанбаатар хотын хэмжээнд...” зарж борлуулсан гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт ойлгомжгүй зүйл байна гэж шүүх үзсэн атлаа зөвхөн гүйцэтгэх ажлын мэдээ мэдээллийг нөхцөл байдлын хувьд дүгнэж гэм буруутай гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдана гэсэн хэм хэмжээг зөрчсөн. Учир нь зөвхөн гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, мэдээллийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан процессын ажиллагаа зөрчигдөж байгаа эсэхийг үл тоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гэж үзэх төдийгүй хүний хууль ёсны эрх ашиг, эрх, эрх чөлөөг зөрчих хууль бус үйлдлийн үндэс гэж үзэж байна.

Энэ хэрэгт сэжигтэн С.Э болон П.Ц-ыг Цагдаагийн байгууллагын албан хаагч нар дайчлан баривчлах ажиллагааны үед мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад сэжигтэн С.Энхцогт нь каннабиссын төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн мансуурлын байдалтай байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах” ажиллагаа хийгдсэн боловч мансуурлаас гаргах, эрүүлжүүлэх арга хэмжээг авалгүй С.Э-ыг мансуурсан үед нь мэдүүлэг тайлбар авсан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн хэлбэр болсон гэж үзэх үндэстэй. Мансуурсан этгээдээс мэдүүлэг авахыг хориглосон зүйл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй гэсэн байр сууринаас энэ үед өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан танилцуулгад дурдсан гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан гэх 1 удаагийн дүрс бичлэг болон мэдээ зэрэг нь П.Ц-ыг Улаанбаатар хотын хэмжээнд хар тамхи болон мансууруулах бодис зарж борлуулсан гэж хэт нэг талыг барьсан, хуульд заасан журмыг баримтлаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй ба гэмт хэрэг хаана гарсан талаар нотолбол зохих зүйл нотлогдоогүй байна. П.Ц-ыг “удаа дараа зарж борлуулсан...” гэж үзэж байгаа боловч танилцуулгад дурдсан “1 удаагийн бичлэг” бэхжигдсэнээс өөрөөр нотлох баримт авагдаагүй, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байхад гүйцэтгэх ажлын мэдээ зэргийг дангаар нь үнэлж байгаад гомдолтой байна. Учир нь “удаа дараа” гэж үзэж байгаа үйлдэл бүрээ цаг хугацааны хувьд дараалалтай бүрэн гүйцэд тогтоосны дараагаар “давтан” “урьдчилан тохиролцож бүлэглэн”, “хэдэн удаагийн...” үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогүй байхад ерөнхий байдлаар шүүх шийдвэр гаргасан.

Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн дарга дэд хурандаа Б.Ариунжаргалын П.Ц нарт холбогдох хэрэгт Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч нарт шинжилгээ явуулахаар томилсон тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1065 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Үүнд: Шинжээч А.Сайнхүү нь “Шинжилгээнд ирүүлсэн гэсэн нэртэй дүрс бичлэгт П.Ц нь дүрс бичлэгийн 00:00:20 секундэд хүнээс 20,000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, 00:00:37 секундэд хүнд цагаан өнгийн нунтаг зүйл хийсэн жижиг тунгалаг ууттай зүйл өгч байгаа дүрс дүрслэгдсэн байна..” гэж эрх бүхий албан тушаалтнаас шинжээч томилсон тогтоолд заасан асуулт тус бүрийг асуух хэсэгт заалгүйгээр шууд дүгнэлт утгаар нь гаргажээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.9 дэх заалтуудыг зөрчиж шинжээчид тавьсан асуулт хэсгийг орхигдуулсан нь шинжээч А.Сайнхүү шинжилгээнд тусгай мэдлэгийн хүрээнд бус урьдчилсан төсөөлөл итгэл үнэмшилтэйгээр хандаж, хууль илтэд зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтийн 3-д “П.Ц дүрслэгдсэн байна..” гэж дүгнэж байгаа бол шинжлүүлэгч П.Ц нь дүр судлалын шинжилгээ буюу \гапитскоп\-н шинжилгээний ямар ямар шинж, дүр болон дүрс судлалын чухам ямар хэлбэр шинж тэгш хэм адилтгал, онцлог шинжүүдээр тохирч байгаа талаар шинжлэх ухааны болон тусгай мэдлэгийн үндэслэлийг нэг бүрчлэн зааж өгөөгүй байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь заалтуудыг зөрчсөн.

П.Ц нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ч.Б-тай үгсэн хуйвалдаж зарж борлуулсан үйлдлийг харсан үзсэн гэрч болон мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгүй зөвхөн мэдүүлгийн хувьд эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа С.Б-ийн мэдүүлгээр буюу эрх зүйн байдлын хувьд “...өөрийн гэм буруутай болохыг нотлох үүрэг хүлээхгүй” яллагдагчийн мэдүүлгийг “гэрч”-ийн мэдүүлгийн хэмжээнд үнэлсэн байгаа нь мөрдөн байцаалт нэг талыг барьж явуулсныг харуулж байна. Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч Т.М-т хээл хахууль өгсөн гэмт хэргийн тухайд П.Ц-ын мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд П.Ц нь “удаа дараа мөнгөө Т.М-с нэхэж байсан” нь гэрчийн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байдаг. Энэ нь П.Ц-аас хянагч Т.М-т “ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэх, үүрэг гүйцэтгэхээс татгалзуулах” ямар нэгэн өөртөө давуу байдал олж авах сэдэлт зорилго агуулаагүй болохыг харуулж байна. П.Ц-ын хоригдож байсан өрөөнд орсон тамхи болон бусад зүйлс нь П.Ц хянагч Т.М-т найз охиноосоо шоу үзэх 6 билетний мөнгө зээлж авч өгөх цаг хугацаанаас өмнө түүний аав н.П агсаны гуйлтаар орсон болох нь мөн л гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэргийн бүрэлдэхүүний гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт үгүйсгэгдэж байгааг тогтоосон нотлох баримт хангалттай тогтоогдсон.

Иймд П.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч П.Ц-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд: П.Ц-ын холбогдсон хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал тогтоогдоогүй/, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэсэн заалтыг зөрчсөн учраас мэтгэлцэх зарчмыг хангаж өгөх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.3 дахь хэсэгт заасан шүүгдэгч нь шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тэр талаар тайлбар гаргах эрхийг нь мөрдөн байцаалтын явцад хөндсөн учраас тухайн эрхийг нь хангах, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.9 дэх хэсэгт заасан хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлтэд шинжилгээ хийлгэсэн этгээдээс шинжилгээ хийхэд шаардлагатай харьцуулан шинжлэх гэж заасан. Гэтэл харьцуулж байгаа объект нь бидэнд мэдэгдэхгүй байсан учраас шүүгдэгчийн эрх хөндөгдсөн үйлдэл болсон. Иймд, дээрх үндэслэлүүдийг судлан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

Шүүгдэгч П.Ц-ын өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд: Шат шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял гарцаагүй байх заалтыг зөрчсөн. Шүүгдэгч П.Ц-аас мөс худалдаж авсан гээд байгаа хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, тэдэнд хуулийн дагуу шийтгэл оногдуулах хүсэлтэй байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.1 дэх хэсэгт заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэсэн заалт зөрчигдсөн учраас хуулиар олгогдсон дээрх эрхийг нь эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн гүйцэтгэх ажлын аргаар цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг бусад байдлаар нотолж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг заавал хураан авч улсын орлого болгоно” гэсэн заалт байдаг. Гэтэл Ч.Б-ыг С.Б-төд мөс зарсан гэж буруутгадаг. Тэгвэл яагаад шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон 100,000 төгрөгийг хураан авч улсын орлого болгоогүй вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

            Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С.Б-ийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан н.Э гэдэг хүн гудамжнаас баривчлан авч явж, хууль бус арга хэрэглэн, айлган сүрдүүлэх, хуурах аргаар худал мэдүүлэг авснаас энэ асуудал үүссэн байдаг. С.Б-ийг баривчилж, түүнийг Ч.Б-аар дамжуулан зуучлуулж, дээрх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэх үйлдэл хэргийг нотолж байгаа нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 91 дүгээр зүйл, 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтуудыг зөрчсөн, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл болж чадахгүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмаар хийгдээгүй гэж үзэж байна. Тухайлбал: энэ хэргийг үйлдсэн болохыг үндэслээд байгаа С.Б-ийн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэгт тэрээр П.Ц-ыг танихгүй мэднэ, 2014 оны 10 дугаар сард Ч.Б-ын эхнэр н.Б-н Хаан банкны дансанд өөрийн Голомт банкны дансаар 200,000 төгрөг шилжүүлж, Ч.Б-ын өгсөн дугаараар П.Ц-тай ярьж, 13 дугаар хорооллын О төвийн хажууд машинтайгаа очиж авсан гэсэн байдаг. С.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, энэ мэдүүлгийг хууль бус арга хэрэглэн худал мэдүүлэг авсан талаар удаа дараа мэдүүлж, гомдол гаргасан боловч эрүүгийн төлөөлөгч н.Э-г гэрчээр байцааснаас өөр ажиллагаа хийгдээгүй. С.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг үндэслэлтэй гэж дүгнэвэл 2014 оны 10 дугаар сарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болж байна. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх яригдсан дансны дугааруудаар мөнгө шилжүүлэгдээгүй, уг “мөс” гэх бодисыг худалдаж авсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн байна. Тэгвэл 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үйлдлийг батлаад байгаа гол нотлох баримт гэх зүйл нь мөнгө шилжүүлсэн, утсаар холбогдсон асуудлууд байдаг. П.Ц нь С.Б-ийг огт танихгүй, Ч.Б-ыг таньдаг, ажил төрөл бизнесийн холбоотой бөгөөд түүний эхнэрийн дансаар дамжуулан гар утасны код тайлах ажил хийснийхээ хөлсийг авч байсан талаар тодорхой мэдүүлсэн. Харин С.Б нь Ч.Б-тай дотно найз нөхдийн холбоотой, байнга уулзалддаг, хүүхдээ хамт салхилуулдаг. Энэ байдлаар хамт байх үедээ С.Б-ийн утаснаас П.Ц руу залгасан байж болох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. “Ц” ХХК-ийн эзэмшлийн 99******* дугаарын утасны дуудлага хийсэн жагсаалт, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага, 88******, 89****** дугаарын утсанд холбогдсон лавлагаа, 88****99 дугаарын утаснаас 99999016 дугаарт холбогдсон лавлагаа зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бөгөөд эдгээр дуудлага, утсаар ярьсан яриа нь чухам юуны тухай ярьсан, хэний яриа болох нь тодорхойгүй, энэ хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэх үндэслэл муутай байна.

4761 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр хэн хэнтэй, хэзээ ярьсан ярианы бичлэгийг П.Ц, Ч.Б, С.Б нарын дуу хоолойтой харьцуулж шинжилгээ хийсэн нь тодорхойгүй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Түүнчлэн 4761 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “С.Б П.Ц-1.wav” гэсэн нэртэй бичлэг дуу авианы шинжилгээнд тэнцэнэ” гэсэн боловч “үзлэг ба шинжилгээ” гэсэн хэсгийн 5 дахь заалтын 2 дахь хэсэгт заасан “дуу авианы адилтгалын шинжилгээ хийх боломжгүй” гэсэн нь өөр хоорондоо зөрчилдсөн, энэ шинжилгээгээр С.Б, П.Ц нар хоорондоо ярьсан, харьцсан нь тогтоогдоогүй байна. Эдгээр хүмүүсийн хооронд ярьсан гэх ярианы дагуу С.Б нь П.Ц-аас “мөс” гэгчийг хичнээн хэмжээтэйгээр, хэзээ, хаана, хэрхэн очиж авсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

Ч.Б нь П.Ц-аар гар утасны код тайлуулах ажил хийлгэдэг байсан, төлбөрөө эхнэрийнхээ дансаар дамжуулан төлж байсан ба тухайн үед шилжүүлсэн 200,000 төгрөг нь дээрх ажлын хөлсөнд төлөх ёстой мөнгө байсан гэдгээ мөн хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад эдгээр хүмүүсийн хооронд утсаар ярих, мөнгө төгрөг шилжүүлэх харилцаа байсан нь тодорхой байгаа бөгөөд харин энэ нөхцөл байдлыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг бүлэглэн бусдад худалдсан гэх хэргийн нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай юм. Эдгээр гүйлгээний утга тодорхойгүйгээс гадна дээрх 2 удаагийн гүйлгээг “мөс” худалдсан, худалдаж авсны төлбөр гэж нотолсон зүйл байхгүй байна.

НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад “метамфетамин” хэмээх бодис багтсан. Метамфетамин гэх бодис мөн болохыг мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэм бурууг заасан байдаг. Тэгвэл С.Б-ийг яллаж байгаа энэ үйлдэлд хэдийд ямар байдлаар ямар шинжилгээ хийж сэтгэцэд нөлөөлөх бодис гэдгийг баталсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Энэ хэргийг мөрдөн байцаагч өмнө нь хоёр ч удаа яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Энэ үедээ уг хэрэг нь байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлүүд, Гаалийн төв лабораторийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж бичиж байсан. Хяналтын прокурор, шат шатны прокурорт удаа дараа гомдол хүсэлт гаргаснаар яллах дүгнэлтээс Гаалийн төв лабораторийн дүгнэлт гэдэг асуудал хасагдсан. Ер нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис гэж тодорхой тоо, чанарын шинжтэй, материаллаг объект бөгөөд ийм бэлдмэл бодис болохыг эмнэлгийн байгууллагын мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог, харин уг бодис биш бол энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй гэж тайлбарласан байдаг. С.Бийг энэ байдлаар сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан гэж үзэх үндэслэл огт байхгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд С.Б-ийг гэрчээр байцааж, Ч.Б-аар дамжуулан 2 удаа сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэж яриулаад өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн, ямар ч шинжилгээ шинжээчийн дүгнэлтгүйгээр, сэжиг таамгаар үндэслэн ял шийтгэл оногдуулсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Б-ийг цагаатгаж өгөхийг хүсье...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүхэд хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх Ч.Б-ын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж, 62 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Ч.Б нь мансууруулах бодис худалддаг П.Ц-т үйлчлүүлэгч олж өгч, уг бодисны үнийг эхнэрийнхээ дансанд хүлээн авч, шилжүүлэхдээ өөртөө ашиг олсон, уг хууль бус худалдааг зохион байгуулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байх тул тэдний үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцсон гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнээд, өмгөөлөгч миний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нотлох баримтанд тулгуурлаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Ч.Б, П.Ц-т үйлчлүүлэгч олж өгнө, өөртөө ашиг авна, хууль бус худалдааг зохион байгуулна гэж огт урьдчилж амалж, П.Ц-тай үгсэж тохиролцоогүй. П.Ц, Ч.Б нар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хэн нь хаанаас хэрхэн олох, хэн нь хэрхэн хэнд яаж борлуулах, ямар ашиг хонжоо олж, хэрхэн хувааж авах талаар огт ярилцаж тохиролцоогүй, аливаа үүрэг оролцоогоо хуваагаагүй. Ингэж урьдчилан үгсэж тохиролцсон гэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хийсвэрээр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн уг зүйл хэсгийг буруу хэрэглэж, Ч.Б-ыг урьдчилан үгсэж тохиролцон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулсан гэм буруутайд тооцож, улмаар ял оноож түүний эрх зүйн байдлыг илт дордуулж хуулийн тухайн зүйл, хэсгийн хамгийн хүндээр нь зүйлчлэн хохироолоо.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.Б-ийн “Ч.Б эхэлж П.Ц-тай ярьж холбогдоогүй, ямарваа нэгэн бодис зарж борлуулахаар тохиролцоогүй, харин С.Б эхэлж Ч.Б-тай ярьж мөнгө шилжүүлээд түүгээр дамжуулж П.Ц-тай холбогдож мөс худалдаж авсан” гэх мэдүүлгээс харахад цаг хугацааны хувьд харин ч С.Б, Ч.Б хоёр бүлэглэн П.Ц-аас “мөс” гэгчийг борлуулах зорилгогүйгээр худалдаж авсан байна гэж дүгнэхээр байна. Түүнчлэн Ч.Б мөрдөн байцаалтын шатанд энэ тухай үнэнээр нь мэдүүлэг өгөх гэсэн боловч тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан найз П.Ц, түүний /талийгаач/ эцэг н.П нарын удаа дараагийн гуйлт, ятгалганд автаж үнэн мэдүүлэг өгөх боломжгүй байснаа одоо өмгөөлөгч надад ярьж байгаа билээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд, дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Б-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “гэм буруугүйд тооцох" зарчмыг харгалзан үзэлгүйгээр хуулийн аль хүнд зүйл хэсгийг нь баримтлан ял оноосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн П.Ц, Ч.Б, С.Б нар хоорондоо гар утасны наймаа хийж байсан, мөн гар утасны код тайлах ажлыг П.Ц хийж байсан, эдгээр наймаа, ажлын мөнгийг бэлнээр болон дансаар удаа дараа хоорондоо шилжүүлж өгч авалцсан талаараа мэдүүлсээр байхад энэ талаар огт шалгаагүй нь эхнээсээ тухайн хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж зөвхөн яллах нотлох баримтыг цуглуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан “хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооно” гэсэн заалтыг зөрчжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, П.Ц, Ч.Б, С.Б нарын үйлдлийн оролцоо, гэмт хэрэг үйлдэхдээ хэн нь хэнтэй хэрхэн бүлэглэсэн болох, П.Ц, Ч.Б нар урьдчилан үгсэж тохиролцсон, эсхүл үйлдлээрээ бүлэглэсэн эсэх, тэдгээрийн хооронд дээрх наймаа, ажилтай холбоотой гүйлгээ хийгдэж байсан эсэх зэргийг дахин нарийвчлан шалгуулж тогтоолгон, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан гэх баримт сэлтийг хуульд зааснаар ил болгох ажиллагааг хийлгүүлж хэргийг үнэнээр нь шалгуулж, зөв зүйлчлүүлж шийдвэрлүүлж өгнө үү.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо нотлох баримтаар нэгэнт нотлогдож тогтоогдсон байна гэж үзвэл, Ч.Б-ын “П.Ц-тай үйлдлээрээ бүлэглэж “мөс” гэх бодисыг бусдад борлуулсан” байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Түүнчлэн шүүгдэгч Ч.Б-ын анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, асрамжиндаа 1 настай нялх хүүхэдтэй, эхнэр нь хүүхдээ хараад гэртээ цалин орлогогүй үлдэж байгаа болон өөрийн болчимгүй зангаасаа болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа байдлуудыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч П.Ц-ыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан, мөн албан тушаалтанд хээл хахууль өгсөн, шүүгдэгч Ч.Б-ыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мансууруулах бодисыг борлуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч С.Б-ийг мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, шүүгдэгч Т.М-г бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б, П.Ц нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мансууруулах бодис зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тэдгээрийн хууль бусаар олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан хураан авч улсын орлого болгоогүй байна. Иймд, шүүгдэгч П.Ц-аас 200,000 төгрөг, шүүгдэгч Ч.Б-аас 100,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг хянан үзэхэд:

Шүүгдэгч П.Ц нь:

Баянзүрх дүүргийн * дугаар хороо, **-** тоот өөрийн гэртээ НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламж бүхий 1,2 грамм бодис, тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ч.Б-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дээрх бодисыг С.Б-д 200,000 төгрөгөөр борлуулсан,

2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөн төрлийн 1,2 грамм бодисыг Ц.Э-од 280,000 төгрөгөөр зарж борлуулсан,

2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар cap хүртэл хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 3,4 грамм уг бодисыг борлуулсан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянагч Т.М-т 120,000 төгрөгийн хээл хахууль өгч, цагдан хорих байранд гар утас, цэнэглэгч, тамхи зэргийг хүлээн авсан,

 

Шүүгдэгч Ч.Б нь:

П.Ц-тай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай мансууруулах бодисыг С.Б-д 200,000 төгрөгөөр борлуулсан,

эрүүгийн хэрэгт шалгагдан 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

 

С.Б нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах зорилгоор Ч.Б-тай холбогдон Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байранд оршин суух П.Ц-аас НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан,

 

Т.М-нь цагдан хоригдож байгаа П.Цаас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 120,000 төгрөгийг хээл хахуульд авч, гар утас, гар утасны цэнэглэгч, тамхи зэргийг цагдан хорих байранд оруулж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс П.Ц-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах, мөн давтан үйлдлээр борлуулах, албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, Ч.Б-ыг прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн, С.Б-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах гэмт хэрэг үйлдсэн, Т.М-г хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч П.Ц, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 

Харин шүүх шүүгдэгч П.Ц, Ч.Б нарын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай мансууруулах бодисыг С.Б-д 200,000 төгрөгөөр борлуулсан гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцон үйлдсэн гэж хүндрүүлэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд уг гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” үйлдсэн тохиолдолд онц хүндрүүлэхээр хуульчилсан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулах зорилгоор бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон байдал нь хэргийн ангиллыг тогтооход чухал нөлөөтэй тул хэлбэрийг зөв тогтооход онцгой анхаарах, ердийн байдлаар бүлэглэх, урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэхийн шалгуур шинжүүдийг эргэлзээгүй нэг мөр нотолсон байх шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, хамтран оролцогч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгын нэгдэл заавал байх ёстой бөгөөд энэ санаа зорилгоо илэрхийлсэн, нэгтгэсэн арга, газар, цаг хугацааг тогтоох нь дээрх хоёр хэлбэрийг ялгах үндсэн шалгуур болно.

 

Урьдчилан үгсэж тохиролцсон бүлгийн тухайд хоёр ба түүнээс дээш этгээд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн хүчээ нэгтгэх болон гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой бусад асуудлын талаар тохиролцсон байдаг бол бүлэглэн гүйцэтгэгчид дээрх тохиролцоогүйгээр  гэмт хэрэг үйлдэх явцад санаа нэгддэгээрээ ялгаатай.

 

Хэд хэдэн этгээд гэмт хэргийг урьдчилан төлөвлөж зохион байгуулалтын илүү өндөр түвшинд үйлдэх нь гэмт хэрэг туйлдаа хүрэх, илүү хор аюул учруулах нөхцөл болдог тул урьдчилан үгсэж тохиролцож гэмт хэрэг үйлдэхийн нийгмийн аюулын шинж чанарыг зохион байгуулалтын энгийн хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэхээс илүү ноцтой гэж үздэг.

 

Шүүгдэгч С.Б-төд метамфетамин гидрохлоридын агууламжтай мансууруулах бодис өлж өгөхөөр бодитой тохиролцсоноор шүүгдэгч Ч.Б-ын мансууруулах бодис хууль бусаар худалдах үйлдэл эхэлж буй бөгөөд дараа нь уг бодисыг П.Ц-аас авахаар ярьж тохирч буй нь П.Ц-тай урьдчилан тохиролцох замаар бус харин бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн шинжийг агуулж байна.

 

Урьдчилан үгсэн тохиролцох үйл ажиллагаа нь тухайн гэмт хэргийн зөвхөн гүйцэтгэгч нарын хооронд, гэмт хэрэг эхлэхээс өмнө явагддаг болохыг анхаарах ёстой. Мансууруулах бодисыг хэн худалдан авсан, ямар үнээр авсан болохыг П.Ц хожим худалдан авагчаас, өөрөөс нь мэдэж байгаа үйлдэл нь Ч.Б-тай урьдчилан тохиролцсон гэдгийг үгүйсгэж байна.

 

Иймд П.Ц, Ч.Б нарыг мансууруулах бодисыг урьдчилан үгсэж тохиролцож С.Б-д худалдсан хэргийг бүлэглэн үйлдсэн гэж өөрчлөн дүгнэж Ч.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан гомдлоос “шүүгдэгч Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах” тухай хэсгийг хангаж П.Ц холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.3.4, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод оруулахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч П.Ц, Ч.Б нарын шүүгдэгч С.Б-д метамфетамин гидрохлоридын агууламжтай “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулсны орлого болох 300,000 төгрөгийг улсын орлогод оруулаагүй шийдвэрлэсэн бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-аас 200,000 төгрөг, Ч.Б-с 100,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг хянаж үзэхэд шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хууран мэхэлж, айлган сүрдүүлэх зэрэг хуулиар хориглосон хэлбэрээр нотлох баримт цуглуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаар магадлалд:

-П.Ц, Ч.Б нарыг “урьдчилан үгсэж тохиролцож мансууруулах бодис борлуулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-аас 200,000 төгрөг, Ч.Б-ээс 100,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж,

- Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх заалтыг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч П.Ц, Ч.Б нарыг гэм буруутайд тооцсон хэсгээс “урьдчилан үгсэж тохиролцсон” гэсэн хэсгийг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 заалтын шүүгдэгч Ч.Б-ын хөнгөн ялыг хүндэд нь багтаасан хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

 

             ДАРГАЛАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР