Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00517

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00517

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-09 тоотод оршин суух, РЭ67052809 дугаар регистртэй, эмэгтэй, Боржин овогт Дарамжавын Энхтуяагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2017/00407/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранцэцэг нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 оны 07 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвийн хотын залгагч мэргэжлээр төгсөж ирээд 1986 оны 08 сарын 01-ний өдөр ажилд орсон. Түүнээс хойш 2004 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2004 оны 05 сарын 05-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаасаа халагдаж 2004 оны 08 сарын 13-ны өдрийн 722 тоот шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орохоор болсон боловч авахгүй 3 сар явуулсны эцэст ажилд авсан болно. Гэвч ажлын байрны дарамт шахалт, хавчлагын улмаас арга буюу өөрөө ажлаасаа гарсан. Гэтэл хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэрт орох гэтэл гэрт хулгай орсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, бусад бичиг баримт үнэт эдлэлээ алдсан. Иймд 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Холбооны газарт, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газарт хот хоорондын, сум хоорондын, аймаг хоорондын дамжихын залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1959 онд төрсөн, эмэгтэй, 57 настай, шуудан телефоны оператор мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 6-16 тоотод оршин суух, РЮ59010181 дугаар регистртэй, Хариад овогт Чимэддоржийн Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхтуяа бид хоёр хамт ажиллаж байсан. Тэрээр 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Холбооны газарт ажилд орсон ба 2004 оныг дуустал хугацаанд хот хоорондын, аймаг хоорондын, сум хоорондын дамжихын залгагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн ажил нь маш хүнд зөвхөн гараар ажилладаг байсан тул хүнд нөхцөлд ордог байсан. Хөвсгөл аймгийн Холбооны газар нь 1992 онд хувьчлагдаж “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани болон өөрчлөгдөж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажлаасаа халагдсан боловч шүүхийн шийдвэрээр дахин ажилдаа томилогдож байсан. Д.Энхтуяагийн гэрт хулгай орсны улмаас ажиллаж байсан хугацааны бүх бичиг баримт болон бусад зүйлээ алдсан байсан. Одоо тэтгэвэрт орох нас болсон тул тэрээр ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д.Энхтуяагийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын, аймаг хоорондын, сум хоорондын дамжихын залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Энхтуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

  Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын, аймаг хоорондын, сум хоорондын дамжихын залгагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “4. Хорооллын салбарт түр ажиллаж байгаа Б.Одгэрэлийг 08 сарын 15-наас чөлөөлж, шинээр сургууль төгсч ирсэн Д.Энхтуяаг хорооллын салбарт залгагчаар мөн өдрөөс түр... ажиллуулсугай. ...Д.Энхтуяад -350, Н.Дашнямд 300...төгрөгийн цалин олгохыг зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй “Ажилд авах ажлаас чөлөөлөх тухай” №76 дугаартай тушаалын архивын хуулбар, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “1. Хот хоорондын тасгийн холбооны салбарын залгагч Д.Энхтуяа... нарын 1986 оны 8 сарын 01-нээс 1986 оны 8 сарын 15 хүртэл ажилласан цалинг нөхөн олгох” гэх бичилттэй “Цалин нөхөн олгох тухай” №139 дугаартай тушаалын архивын хуулбар, 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Холбооны газрын даргын 1986 оны 08 сарын 14-ний өдрийн 76 тоот тушаалаар Дарамжав овогтой Энхтуяаг хорооллын салбарт залгагчаар түр авч ажиллуулав” гэх бичилттэй №158 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Д.Энхтуяагийн 1995 оноос 2004 оны 6 сар хүртэл, 11-12 сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа шимтгэл төлсөн тухай” бичилт бүхий архивын лавлагаа, 1992 онд ажлын байрандаа болон 1999 онд сургалтын үеэр авахуулсан гэрэл зургууд, 1993 он, 1998 он, 1999 онд ажилтан Д.Энхтуяатай Холбооны газраас байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, 1997 он, 1999 оны Д.Энхтуяагийн ажлын үр дүнгийн үнэлгээ, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газрын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “...үйлчилгээний тасгийн залгагч Д.Энхтуяа нь 1-р сарын 11-нд үйлчилгээнд технологийн зөрчил гаргасан тул цалинг нь 1 сар 10 хувиар бууруулж тус тус тушаалаар арга хэмжээ авсугай...” гэх бичилттэй “Арга хэмжээ авах тухай” №12 дугаартай тушаалын хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үйлчилгээний албанд залгагч ажилтай Д.Энхтуяаг орон тооны цомхотголоор 2004 оны 05 сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас халсугай..." гэх бичилттэй “Ажлаас халах тухай” №65 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын  архиваас түүвэрлэсэн  Д.Энхтуяагийн  1986 оны 8 дугаар сараас 1995 оныг дуустал хугацаанд  ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд,

Гэрч Ж.Нямсүрэнгийн “...Д.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1986 оны 08 сараас 2005 он хүртэл хугацаанд залгагчаар ажиллаж байсан. Залгагч гэдэг нь ээлжинд хонож хот хоорондын залгагч, аймаг хоорондын дамжихын залгагчийн ажлыг хийдэг юм... Тасрахгүй ажиллаж байсан... Хуучнаар аймгийн төвийн Усан сангийн хажууд Холбооны газрын нэг хэсэг буюу хорооллын салбар нь байрладаг байсан. Төв нь одоогийн Холбооны газрын төвдөө байсан. Тус хорооллын салбарт мөн аймаг хооронд, хот хоорондын залгагчийн ажлыг хийдэг байсан... Хот хоорондын залгагч, сум хоорондын залгагч, дамжихын залгагч /аймаг аймаг хооронд/ гэсэн ангилалтай. Ажилтан бол дээрх ажлын местийг ээлж ээлжээр тойроод гарч ажилладаг байсан. Ээлж болгондоо өөр өөр залгагчийн ажлыг л хийнэ гэсэн үг. Тэгэхээр нэг хүн бол бүх л залгагчийн ажилд ажилладаг байсан гэсэн үг... Би Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1978 оноос 2015 он хүртэл засварын техникчээр ажилладаг байсан. Монтёр гэсэн үг юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Нэргүйн “...Д.Энхтуяа нь 1986 онд Холбооны сургалтын төвийг төгсөж манай аймгийн Холбооны газарт ирж байсан. 1986 оны 08 сараас эхлэн 2004 оны 05 сар хүртэл хугацаанд залгагчаар ажилладаг байсан. Залгагч нь тойргоор ажилладаг, бид ээлжинд гарч ажилладаг байсан. Хот хоорондын залгагч, дамжих, сум хооронд гээд ээлжээр гарч хонон ажилладаг байсан... Тасрахгүй ажиллаж байсан... Бид заримдаа хороололд гарч ажилладаг байсан, 14 хоногоос 1 сарын хугацаагаар нөгөө залгагч нартайгаа ээлжлэн гардаг байсан юм. Мөрөн сумын хороонд ажиллана гэсэн. Ганц л хорооллын салбар байсан, сүүлдээ бол хэрэглэгчдээ ойртож зах дээр мөн салбартай болж байсан... Залгагч нь нэг л ажил. Залгагчийн ажил хийхдээ өнөөдөр сум хооронд ажилласан бол маргааш хот хооронд, нөгөөдөр нь дамжихын залгагчаар сууж ажиллана гэсэн үг юм... Би Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1977 оноос 2010 он хүртэл хугацаанд мөн залгагчаар ажиллаж байсан. Тухайн үед ачаалал маш их, манай аймаг олон хүн амтай байсан. Харин гар утас орж ирээд ажил арай гайгүй болж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Иймд Д.Энхтуяагийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын, аймаг хоорондын, сум хоорондын дамжихын залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Холбооны газар нь 1992 оноос “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газар нэршилтэй болсон болох нь тус газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “1992 онд Монгол Улсын холбооны ерөнхий газрын суурин дээр Монголын Цахилгаан холбоо компани байгуулагдсан. 1995 онд Монголын Цахилгаан холбоо компанийг Монголын хөрөнгийн компани, Монголын Цахилгаан холбоо компани гэж хоёр салгасан ба хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг хуралдуулж “Монголын Цахилгаан холбоо” хувьцаат компани болгосон байна. Монголын Цахилгаан холбоо хувьцаат компанийн орон нутгийн салбаруудын нэршил солигдоогүй бөгөөд Хөвсгөл аймгийн Холбооны газар гэсэн нэртэй байгаа болно” гэх бичилттэй №111 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон болно.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржин овогт Дарамжавын Энхтуяагийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын, аймаг хоорондын, сум хоорондын дамжихын залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА