Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00037

 

Б.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,  хариуцагч Х.Сугар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 683 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Батбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Сугарт холбогдох

Гэм хорын хохирол 3,452,243 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг 6 дугаар багт Гангатын дөрөлж гэдэг газар 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашинд зорчигчоор сууж яваад осолд орсон ба ослоос үүдэлтэй өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна.

Үүнд: эм тариа авсан 39,000 төгрөг, авто тээврийн хэрэгсэл түрээсэлсэн 900,000 төгрөг, мөн Улаанбаатар хотоос авсан эм тариа 144,880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30,000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж очсон зардал 64,000 төгрөг, авах ёстой байсан цалингийн зөрүү 274,443 төгрөг, нийт 1,452,243 төгрөг, мөн шүдний имплант эмчилгээ хийлгэх 1,650,000, ломбо хийлгэсэн 450,000 төгрөг, нийт 3,452,243 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийг хуулийн хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Х.Сугар нь эрүүгийн хэрэгт надад баримтаар нотлогдсон хохирлоос 850,000 төгрөг илүү төлсөн хэдий ч надаас баримтгүй өчнөөн зардал гарч, би эрүүл мэндээрээ хохирсон. Одоо энэ нэхэмжилж байгаа 3,452,243 төгрөгөөс суутгаж тооцохыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х.Сугар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас би баримтаар нотлогдвол эм тариа авсан 39,000 төгрөг, Очир Орлом гэдэг компаниас авсан эм тарианы үнэ 144,880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30,000 төгрөг зэрэгт гарсан зардлуудыг төлөхийг зөвшөөрнө.  ... Нэхэмжлэгч Батбаярын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохиролд миний бие нийт 5,390,000 төгрөгийг төлсөн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргаж ирүүлсэн хохирлын баримтаар 4,539,994 төгрөгийн хохирол тооцогдсон байсан. Өөрөөр хэлбэл баримтаар нотлогдсон хохирлоос илүү хэмжээний хохирлыг төлж барагдуулсан байгаа юм. Гэтэл Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн автомашины түрээсийн төлбөрийг дахин иргэний журмаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машин түрээслэхэд гарсан гэх 900,000 төгрөгийн зардал нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэгсэхгүй болгосон, хуурамч баримт бүрдүүлж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, мөн 3 сард ажлаа хийгээд явж байсан хүний цалингийн зөрүүг би төлөхгүй. Шүд ломбодуулахад гарсан зардалд 450,000 төгрөг нэхэмжилснийг мөн зөвшөөрөхгүй. Гэмтлээс үүдэлтэй 1 шүд хугарсан байсан. Шүдний имплант суулгуулахад гарах зардал 1,650,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ирээдүйд гарах зардлаа нэхэмжилснийг мөн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х.Сугараас 553,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,898,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Сугараас 17256 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Сугар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 553,523 төгрөгийг хариуцагч надаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Учир нь би эрүүгийн хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлоос 850,000 төгрөгийг илүү төлсөн бөгөөд нэхэмжлэгч Батбаяр нь авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хүлээн зөвшөөрсөн. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд миний хувьд баримтаар нотлогдож байгаа гэм хорыг бүрэн арилгасан байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч илүү төлөгдсөн үнийн дүнд маргаагүй боловч надад учруулсан хохирол төлбөр түүнээс ч илүү гарсан учир нэхэмжлэлийн шаардлагаас суутгуулж тооцуулахгүй гэж маргаж байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтанд Сугараас нэхэмжлэгч Батбаярт илүү төлсөн 850,000 төгрөгийг буцаан өгөх, эмчилгээний төлбөрт оруулж тооцуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй тул хариуцагчаас гаргуулах төлбөрт суутгаж тооцох боломжгүй гэжээ.  Бид хэдий тэгж тохиролцсон гэх баримт байхгүй ч нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорыг нотолж чадаагүй байхад би нотлогдож байгаагаас илүү хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч илүү авсан төлбөрийг суутгуулахгүй гэж хэлсний зоргоор шүүх шийдвэрээ гаргаж нөгөө талд байгаа хариуцагч миний эрхийг хангахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна.  ... Шүүхийн хангаж шийдвэрлэсэн баримтуудын тухайд ямар нэгэн эмчийн заавар жоргүйгээр 144,880 болон 39,000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн, 30,000 төгрөгөөр цахилгаан бичлэг хийлгэсэн, мөн ямар шалтгаанаар Мөрөн-УБ, УБ-Мөрөн чиглэлд зорчсон болох нь тодорхойгүй байхад замын зардлыг гаргуулж шийдвэрлэсэн зэрэг нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 683 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Батбаяр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 3,452,243 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “эм тариа авсан 39,000 төгрөг, Очир Орлом компаниас авсан эм тарианы үнэ 144,880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30,000 төгрөгийг” төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хариуцагч Х.Сугар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Гангатын дөрөлж” гэх газар 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Г.Батбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад Б.Батбаярын эрүүл мэндэд хохирол учирсан тул хариуцагч  Х.Сугар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсны  гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Хариуцагч Х.Сугар нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 5,200,000 төгрөгийг сайн дураараа төлсөн байх ба шүүх үүнийг нь болон бусад нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулжээ. Тухайн үед эрүүгийн гэмт хэргийн хохиролд тооцож, сайн дураараа төлсөн мөнгийг иргэний хэргийн төлбөрт  тооцож суутгах үндэслэлгүй учир хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 683 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17256 / арван долоон мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                        ШҮҮГЧИД                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                             Б.СОСОРБАРАМ