Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00055

 

Г , Г , Ч ,

Б , Б  нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

            2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01466 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1534 дүгээр магадлалтай,

   Г , Г , Ч , Б , Б  нарын нэхэмжлэлтэй,

            Г д холбогдох

           Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар нь Г тай амины орон сууцны захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн Гачуурт хар усан тохойд баригдаж байгаа Баянзүрх эко хотхонд амины орон сууцыг барьж захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд амины орон сууцыг  нэхэмжлэгч Г д 2012 оны 07 сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Ч д 2012 оны 12 сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч Г од 2012 оны 07 сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Б д 2014 оны 07 сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулан хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд амины орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн. Хариуцагчтай олон удаа уулзаж ярилцаж байсан боловч одоо байрыг барьж дуусгаж өгнө, дараа жил дуусгана гэх зэргээр хүлээлгэж байсан. Иймд нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх эко хотхоны гэрээний дагуу захиалсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх эко хотхон барих төслийг анхнаасаа “Алтай таван богд хайрхан” ХХК хэрэгжүүлсэн учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Г  нь 2017 оны 5 сард “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн хувьцааг Ч.Өнөртүвшинд худалдаж, энэ төслийг бүхэлд нь шилжүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд  “Алтай таван богд хайрхан”  ХХК-ийн төлөөлөгч Ч.Өнөртүвшингийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г  нь Г , Ч  нартай байгуулсан гэрээнд хэдэн тоот орон сууцыг захиалсан болохоо дурдаагүй байгаа бөгөөд энэ нь Иргэний хуульд заасан гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйл нь хангалттай, тодорхой, илэрхий байх шинжийг агуулаагүй байна. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ерөнхий шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч Г , Б , Ч  нартай байгуулсан амины орон сууцны захиалгын гэрээ нь ам.доллараар байгуулагдсан байх бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчиж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Ч тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт орон сууцны үлдэгдэл болох 199.050 ам.долларыг энэхүү гэрээний хавсралт хоёрт заасан хуваарийн дагуу төлнө. Гүйцэтгэгч талаас амины орон сууцны түлхүүрийг гардуулснаар захиалагч тал орон сууцыг өмчлөх эрхтэй болно гэж заасан байна. Уг орон сууц нь бүрэн ашиглалтад ороогүй байгаа тул өмчлөх эрх шилжих боломжгүй. 2017 оны 04 сарын 11-ний өдөр Г тай “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төсөл хамт ирсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох гэх мэт судалгаа хийж байгаа. 16 амины сууц нэртэй нь хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нарын нэр байхгүй. Төслийн баримт бичигт 1 дүгээр блок, 1, 2, 3, 4 тоот гэж байхгүй. Тус захиалгын гэрээнүүдэд дурдагдсан амины орон сууцнууд нь компанийн хууль ёсны өмч бөгөөд өмчлөх эрх нь “Алтай таван богд хайрхан” ХХК-д хадгалагдана гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01466 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г , Г , Ч , Б  тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1534 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсгийг баримтлан Г д холбогдох нэхэмжлэгч Г , Г , Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, Гачуурт, Хар-Усан тохойд байрлах Баянзүрх-Эко хотхоны 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Ч , Б  нарын Баянзүрх дүүрэг, Гачуурт, Хар-Усан тохойд байрлах Баянзүрх-эко хотхоны 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Г аас 140,400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г , Г  нарт тус бүрт 70,200 төгрөгийг олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1534 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г  миний бие нэхэмжлэгч Г тэй Амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012-04.08-нд, нэхэмжлэгч Г , Б  нартай Амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012.04.28-нд, нэхэмжлэгч Ч тай Амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012.12.20-нд, нэхэмжлэгч Б тай Амины орон сууц захиалгаар барих гэрээг 2014.06.05-нд тус тус байгуулсан ба захиалагч нарын гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагч нарын Амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор тус 4 барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Захиалагч нарын захиалсан барилга нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохойд байрладаг ба “ЭКО БАЯНЗҮРХ” Хотхоны төслийн барилга юм. Энэхүү төслийн барилгыг анхнаасаа “Алтай Таван Богд Хайрхан” ХХК хэрэгжүүлж байсан ба иргэн Г ы хувьд тус компанийг үүсгэн байгуулсан ба нэхэмжлэгч нартай гэрээ байгуулах үед ерөнхий захирлаар нь ажиллаж байсан болно. Г  нь төсөл хэрэгжүүлэгч “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн хувьд, захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд ч компаниараа болон компаниа төлөөлөн иргэнээрээ ч гэрээ байгуулах эрхтэй этгээд юм. Тухайн төсөл хэрэгжиж байсан газар нь иргэн Г  болон “Алтай Таван Богд Хайрхан” ХХК-ийн нэр дээр 2 тусдаа байсан ба 2014.12.02-ны өдөр иргэн Г  газар эзэмших эрхээ “Алтай Таван Богд Хайрхан” ХХК руу шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө нь өөрөө газартай салшгүй холбоотой байдаг ба “ЭКО БАЯНЗҮРХ" Хотхоны төслийг анхнаасаа “Алтай Таван Богд Хайрхан" ХХК хэрэгжүүлж барилга барих зөвшөөрөл зэрэг төрийн байгууллагуудаас гардаг холбогдох бүх бичиг баримтууд “Алтай Таван Богд Хайрхан" ХХК-ийн нэр дээр гарч хэрэгжүүлж ирсэн учир газраа нэгтгэн шилжүүлсэн болно. Анхан шатны шүүх үндэслэл бүхий буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд “Алтай Таван Богд Хайрхан” ХХК нь хариуцагч Г ы амины орон сууц барьж гүйцэтгэх үүргийг /өр/-ийг шилжүүлэн авсан” гэж дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь иргэн Г  үүрэг буюу өрөө “Алтай Таван Богд Хайрхан” ХХК руу шилжүүлэхдээ нэхэмжлэгч нараас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд “Алтай Таван Богд Хайрхан” ХХК нь анхан шатны шүүх хурал дээр төслийг манай компани эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа мөн иргэн Г аас өр буюу үүргийг шилжүүлэн авснаа, мөн нэхэмжлэгч нар гэрээгээ үргэлжлүүлэн манай компанитай байгуулан үлдэгдэл төлбөрөө харилцан тохирч, амины орон сууцны гүйцэтгэлийг дуусган хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана. Харин давж заалдах шатны шүүх “... 124.1 дэх хэсэгт заасан үүрийг шилжүүлсэн гэх үндэслэлгүй...343.1, 343.3 дахь хэсэгт заасан үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүйгээс гадна тухайн маргаантай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн, үндэслэлтэй зөв тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1534 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г , Г , /Б /, Ч , Б  нар нь хариуцагч Г д холбогдуулан амины орон сууц захиалгын гэрээнд заасан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, Баянзүрх эко амины орон сууцны хотхон барих төслийг “Алтай таван богд хайрхан” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа, хариуцагч биш гэж маргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Алтай таван богд хайрхан” ХХК гуравдагч этгээдээр оролцож, Баянзүрх эко амины орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлж байгаагаа зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нарын нэр төслийн баримт бичигт байхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч Г  нь нэхэмжлэгч нартай амины орон сууцны захиалгын гэрээг байгуулан, амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хугацааг тогтоон, төлбөрийг хүлээн авч, үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр байгуулсан гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 

Хариуцагч Г  нь ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүрэг буюу амины орон сууц барих төсөл “Алтай таван богд хайрхан” ХХК-д шилжсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарласан боловч тэрээр энэ үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаарх болон ийнхүү амины орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бусдад шилжүүлж байгааг үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч иргэдэд мэдэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г ыг нэхэмжлэгч нарт амины орон сууц барьж өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан талаар зөв дүгнэсэн боловч үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад гэрээний үүрэг “Алтай таван богд хайрхан” ХХК-д шилжсэн гэж дүгнэн Г д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлж, хариуцагч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар  “Алтай таван богд хайрхан” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г  нь 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 12/04 тоот Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон амины орон сууцны захиалгын гэрээгээр 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг м.кв-ыг нь 529,100 төгрөг, нийт 100,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар, ажил гүйцэтгэгч Г  нь орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-нд багтаан барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон, захиалагч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 100,000,000 төгрөгийг төлснөө баримтаар нотолсон байна. /хх.17/

Мөн нэхэмжлэгч Г , Б  нар нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12/04 дүгээр гэрээг Г тай байгуулж, Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон амины орон сууцны захиалгын гэрээгээр 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг м.кв-ыг нь 1100 ам.доллар, нийт 207,900 ам.доллараар захиалан бариулах, ажил гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Захиалагч гэрээгээр хэлэлцэн тохиролцсоны дагуу 187,110 ам.долларыг төлсөн, үлдэх 20,790 ам.долларыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед төлөхөөр тохирсон байна. /хх.21, 34/

Нэхэмжлэгч Г , Б  нар амины орон сууц захиалан бариулахаар Г тай хамтран гэрээ байгуулж, төлбөрийг хамтран төлсөн, үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай байх тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар Г , Б  нарыг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.

Гэвч ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй хэдий ч гэрээний хугацаанд бий болсон ажлын үр дүнг шаардаж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрээний үр дүнд бий болсон амины орон сууцыг мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г , Г , Б  нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г , Г , Б  нарыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар амины орон сууцны захиалгын гэрээгээр захиалан бариулсан Баянзүрх дүүрэг, Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон дахь 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгч нарын төлбөр төлсөн баримт, тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ч , Б  нарыг амины орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй буюу хариуцагч Г д гэрээний үр дүнд бий болсон орон сууцыг захиалагч Ч , Б  нарт хүлээлгэн өгөхийг даалгах боломжгүй, захиалагч нар гэрээнд заасан ёсоор үүргээ гүйцэтгэснээр ажлын үр дүнг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болно гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хэрэгжүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г , Г , Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч , Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1534 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН