Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1682

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5213339 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед цогцолбор, 7 давхарт байрлах “Номинтрейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн УМ90102837 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 95 байр, 10 тоотод оршин суух Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэвт холбогдох,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 3.754.361,9 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.350.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Нямпүрэв нь “Номинтрейдинг” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан “Номин электроникс” Юнайтед салбарын гар утас камерын тасагт борлуулагчаар ажиллаж байсан юм. Н.Нямпүрэв нь 2016 оны 6 сарын 16-ны өдөр худалдан авагчийн авах гэж байсан UE55i06600XUZ моделтой 55 инчийн хүнхэр дэлгэцтэй Самсунг смарт телевизорыг унагаж, гэмтээн “Нью Динамик” ХХК /самсунгийн албан ёсны засварын эрхтэй/-иар дэлгэцийг солиулсан засварын зардал 1.603.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тасагт нь тооллого хийхэд 2.189.990 төгрөгийн үнэтэй Айфоне-6 маркийн 128 гегавайт, 1.949.990 төгрөгийн үнэтэй Айфоне-6 плас маркийн 16 гегавайт 2 ширхэг гар утас нийт 5.742.980 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Н.Нямпүрэв нь гэмтээсэн дэлгэцний засварын мөнгийг cap бүр цалингаасаа төлөхөөр, дутагдуулсан 2 гар утасыг Монгол улсад оруулж ирсэн өртөг үнээр нь төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг бичгээр гарган салбарын удирдлага, ахлах нягтлан бодогч нартаа өгч байсан. Санхүүгийн баримтаар Айфоне-6 маркийн 128 гегавайт гар утасны өртөг үнэ нь 1.746.950,97 төгрөг,  Айфоне-6 плас маркийн 16 гегавайт гар утасны өртөг үнэ нь 1.551.510,93 төгрөг, нийт 3,298,461,9 төгрөг болж байгаа тул дээрхи мөнгийг зурагтын дэлгэцийг засварлуулахад гарсан зардал болох 1.603.000 төгрөгийн хамт 4.901.461,9 төгрөгийг Н.Нямпүрэвтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу шаардах эрхтэй юм.

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Нямпүрэв нь гар утасны төлбөрт 1.170.000 төгрөгийг төлсөн тул түүнээс үлдэгдэл 3.731.461,9 төгрөгийг нэхэмжилж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалт, Эд хөрөнгийн бүрэн хариулагын гэрээний 3.8, 4.1.2, 4.1.3 дахь заалтуудыг үндэслэн ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад учруулсан хохирол 3.731.461,9 төгрөгийг нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтуудыг баталгаажуулсны нотариатын зардал 22.900 төгрөгийн хамт нийт 3.754.367,9 төгрөгийг Н.Нямпүрэвээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нотариатын зардал 22.900 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байгаа тул 3.731.467,9 төгрөгийг гаргуулж “Номин трейдинг” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Нямпүрэв нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь “Номин Трейдинг” ХХК-д 2015 оны 4 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан гар утас, камерын тасагт борлуулагчаар ажиллаж байхад 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн албан үүргээ гүйцэтгэж байхад цаашид ажиллуулахгүй гэсэн. Намайг ажпаас халсан болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан, цагдаагийн байгууллагаас албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн ямар ч тогтоол гаргаагүй. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсэн шалгуулсаныг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгасан тогтоол гаргасан. Энэ тогтоолыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Намайг гэм буруугүй байхад ажлаа гүйцэтгэх эрхийг хаасан бөгөөд би гар утас болон камерын тасагт ажилладаг байхад Самсунг зурагт унагаасан гэж 1.603.000 төгрөгийн төлбөр гарсан гэж суутган авсан боловч дахин энэ мөнгийг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан хэрэг 2.189.990 төгрөгийн болон 1.949.000 төгрөгийн гар утас алдсан гэж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэрэгт уг алдсан гэх гар утсыг манай тасагт өгсөн гэх падааныг авч шалгуулахад ямар нэг үнэгүй эд зүйл хүлээлгэн өгсөн байсан. Уг 2 падаанд ямар нэг үнийн дүн байгаагүй бөгөөд мөрдөн байцаагч эдгээр гар утсыг шинжээчээр үнэлүүлэхэд 1.170.000 төгрөг гарсан бөгөөд мөрдөн байцаагч манай ээжээр бүрэн төлүүлсэн. Гэтэл одоо санхүүгийн баримтад ямар ч үнэгүй байсан дээрх 2 гар утсыг дахин нэхэмжилсэн байна. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сард дунджаар 500.000 төгрөгөөр тооцон 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болох 4.350.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Гар утасны тооцоог эрүүгийн хэрэг үүсгэж шинжээч томилуулж тогтоосон дүнгээр бүрэн төлсөн тухай сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байна. Н.Нямпүрэвд холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэгдсэн дүгнэлт хийгээгүй. Тухайн хэргийн хувьд хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн учраас эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж цагаатгах тогтоолд дурдсан байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ажилтан Н.Нямпүрэв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэхь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэж үзэж байна. Гэтэл тухайн сөрөг нэхэмжлэл гаргах үеийн он сар өдөр байхгүй. Уг заалттай холбоотой нөхөн олговор буюу ажлаас үндэслэлгүй халсан тус ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг сөрөг нэхэмжлэлдээ дурдаж, нэхэмжлэх ёстой байсан. Ямар үндэслэлээр 4.350.000 төгрөг нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байгаа учраас ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн гэж үзэж байгаа бол байнгын байдаг хөдөлмөрийн маргаан таслах комиссод урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Н.Нямпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ээлжийн амралтаа авч, түүнээс хойш огт ирээгүй. Буцаж ороогүй. Иймд 3-аас дээш хоногоор ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Харин гар утас зэргийн асуудлаас болж ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комиссод гомдол гаргаагүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлээр 4.350.000 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК нь хариуцагч Н.Нямпүрэвт холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 3.754.361,9 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 22.900 төгрөгөөр багасгаж 3.731.461,9 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Н.Нямпүрэв нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.350.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж талууд эс зөвшөөрч маргасан.

 

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас дутагдуулсан айфоне-6 маркийн 128 гегавайтын гар утасны үнэ 1.746.950,97 төгрөг, айфоне-6 плас маркийн 16 гегайвайт гар утасны үнэ 1.551.510,93 төгрөг, гэмтээсэн зурагтын дэлгэцийг засварлуулахад гарсан зардал 1.603.000 төгрөг нийт 4.901.461,9 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1.170.000 төгрөгийг хасаж 3.731.461,9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хариуцагч Н.Нямпүрэвт холбогдох айфоне-6 маркийн 128 гегавайт, айфоне-6 плас маркийн 16 гегайвайт гар утсыг завшсан гэх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаартай магадлалаар тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ хэрэгсэхгүй болгож, Н.Нямпүрэвийг цагаатгасан байна. /х.х-ийн 47-48, 64-67 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж зааснаар хариуцагч Н.Нямпүрэв нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс “Номинтрейдинг” ХХК-ийн Номин электроникс салбарт гар утас, камерын тасагт борлуулагчаар орж, Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-11 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 4.1.3-т “ажилтан өөрт хариуцуулсан эд хөрөнгийг дутагдуулсан, үрэгдүүлсэн чанарыг дордуулсан эсхүл ашиглан шамшигдуулсан ...” бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэжээ.

Хариуцагч  Н.Нямпүрэв нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн хариуцан ажиллаж байсан тасгаас айфоне-6 маркийн 128 гегавайт, айфоне-6 плас маркийн 16 гегайвайт гар утсыг дутагдуулсан, мөн самсунг маркийн 55 инчийн хүнхэр дэлгэцтэй зурагтын дэлгэцийг гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан Н.Нямпүрэвийн гараар бичсэн тодорхойлолт, “2016 оны 6 дугаар сарын 15, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Тооллогын тооцоо бодсон акт” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хууль болон гэрээнд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь самсунг маркийн 55 инчийн хүнхэр дэлгэцтэй зурагтын дэлгэцийг “Нью динамик” ХХК-иар засварлуулахад гарсан зардал 1.603.000 төгрөг, айфоне маркийн гар утсыг хилээр оруулж ирсэн анхны үнээр буюу айфоне 6 маркийн 128 гегавайт маркийн гар утсыг 1.746.950,97 төгрөг, айфоне-6 пласмаркийн 16 гегайвайт гар утсыг 1.551.510,93 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т “хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж тус тус заасантай нийцэж байна. /х.х-ийн 13-14 дүгээр тал 31-40 дүгээр тал/

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ эрүүгийн хэргийг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр айфоне-6 пласмаркийн 16 гегайвайт, айфоне 6 маркийн 128 гегавайт маркийн гар утсыг 1.170.000 төгрөгөөр үнэлж, бүрэн төлсөн гэсэн тайлбарыг гаргасан.

Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх,  холбогдох  этгээд  гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэргийг хянан шийдвэрлэж  буй  шүүхэд  дахин  нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Харин энэ нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Н.Нямпүрэвээс 3.731.461,9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-нд олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Н.Нямпүрэв нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сард дунджаар 500.000 төгрөгөөр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцон 4.350.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Номинтрейдинг” ХХК нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилж байгаа эсэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, түүнчлэн Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байгаа учраас ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн гэж үзэж байгаа бол байнгын байдаг хөдөлмөрийн маргаан таслах комиссод урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс… шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Н.Нямпүрэвийн нэхэмжлэл нь шүүхэд харъяалагдах маргаан биш байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан асуудлаа Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих дүүргийн шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалттай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн ... 65 дугаар зүйлийн 65.1.3-65.18, …д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар “Номинтрейдинг” ХХК-нд холбогдох 4.350.000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудсээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх аливаа хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч талаас урьд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нямпүрэвээс 3.731.461,9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Номинтрейдинг” ХХК-иас 4.350.000 төгрөг гаргуулах тухай Н.Нямпүрэвийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нямпүрэвээс 74.653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЭНХЖАРГАЛ