Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1423

 

Номинтрейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2017/01682 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Номинтрейдинг ХХК,

Хариуцагч: Н.Нямпүрэвт холбогдох

Эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцож 3 754 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажилгүй байсан хугацааны цалин олговорт  4 350 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Номинтрейдинг ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нямпүрэв нь "Номинтрейдинг" ХХК-тай 2015 оны 4 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан "Номин электроникс" Юнайтед салбарын гар утас камерын тасагт борлуулагчаар ажиллаж байсан. Н.Нямпүрэв нь 2016 оны 6 сарын 16-ны өдөр худалдан авагчийн авах гэж байсан UE55J06600XUZ моделтой 55 инчийн хүнхэр дэлгэцтэй Самсунг смарт телевизорыг унагаж, гэмтээн "Нью Динамик" ХХК-иар дэлгэцийг солиулсан засварын зардал 1 603 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тасагт нь тооллого хийхэд 2 189 990 төгрөгийн үнэтэй Айфоне-6 маркийн 128 гегавайт, 1 949 990 төгрөгийн үнэтэй Айфоне-6 плас маркийн 16 гегавайт 2 ширхэг гар утас дутагдуулж нийт 5 742 980 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Н.Нямпүрэв нь гэмтээсэн дэлгэцний засварын мөнгийг cap бүр цалингаасаа төлөхөөр, дутагдуулсан 2 гар утасыг Монгол улсад оруулж ирсэн үнээр нь төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн.    Санхүүгийн баримтаар Айфоне-6 маркийн 128 гегавайт гар утасны  үнэ нь 1 746 950,97 төгрөг, Айфоне-6 плас маркийн 16 гегавайт гар утасны  үнэ нь 1 551 510,93 төгрөг, нийт 3 298 461,9 төгрөг болж байгаа тул дээрхи мөнгийг зурагтын дэлгэцийг засварлуулахад гарсан зардал болох 1 603 000 төгрөгийн хамт 4 901 461,9 төгрөгөөс 2017 оны 02 сарын 06-ны өдөр гар утасны төлбөрт төлсөн 1 170 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3 731 461,9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н.Нямпүрэв нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Намайг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн албан үүргээ гүйцэтгэж байхад цаашид ажиллуулахгүй гэсэн. Намайг ажлаас халсан болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан, цагдаагийн байгууллагаас албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн ямар ч тогтоол гаргаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсаныг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Энэ тогтоолыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Самсунг зурагт унагаасан гэж 1 603 000 төгрөгийн төлбөр гарсан гэж суутган авсан боловч дахин энэ мөнгийг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт  2 189 990 төгрөгийн болон 1 949 000 төгрөгийн гар утас алдсан гэж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэрэгт уг алдсан гэх гар утсыг манай тасагт өгсөн гэх падааныг авч шалгуулахад ямар нэг үнэгүй эд зүйл хүлээлгэн өгсөн байсан. Уг 2 падаанд ямар нэг үнийн дүн байгаагүй бөгөөд мөрдөн байцаагч эдгээр гар утсыг шинжээчээр үнэлүүлэхэд 1 170 000 төгрөг гарсан бөгөөд мөрдөн байцаагч манай ээжээр бүрэн төлүүлсэн. Гэтэл одоо санхүүгийн баримтад ямар ч үнэгүй байсан дээрх 2 гар утсыг дахин нэхэмжилсэн байна.

Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сард дунджаар 500 000 төгрөгөөр тооцон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болох 4 350 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Нямпүрэвд холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэгдсэн дүгнэлт хийгээгүй. Тухайн хэргийн хувьд хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан иргэний эрх зүйн харилцаа үүссэн учраас эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж цагаатгах тогтоолд дурдсан байгаа. Ямар үндэслэлээр 4 350 000 төгрөг нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байгаа учраас ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн маргаан таслах комиссод урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой.  Н.Нямпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авч, түүнээс хойш огт ирээгүй. Иймд 3-аас дээш хоногоор ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Хөдөлмөрийн маргаан таслах комиссод гомдол гаргаагүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлээр 4.350.000 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нямпүрэвээс 3 731 461,9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Номинтрейдинг" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар "Номинтрейдинг" ХХК-иас 4 350 000 төгрөг гаргуулах тухай Н.Нямпүрэвийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нямпүрэвээс 74 653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Номинтрейдинг" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Нямпүрэв давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй боллоо. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд шүүхэд харьяалагдах маргаан биш тул нэхэмжлэлд дурдсан асуудлаа Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлтийг хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Номинтрейдинг ХХК-ийн Номин электроникс Юнайтед салбарт ажиллаж байхад 2016 оны 8 дугаар сараас эхлэн ямар нэг ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй бөгөөд цагдаагаас ямар ажил албан тушаал түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй байхад ажил хийлгээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолоор шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байхад маргаан таслах комисс шийдвэрлэнэ гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  6 дугаар сарын 15-ний өдрийн 101\ШШ2017\01682 дугаартай шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Номинтрейдинг ХХК нь хариуцагч Н.Нямпүрэвт холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцож 3 731 461,9 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 350 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч Н.Нямпүрэв нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Номин трейдинг ХХК-ийн Номин электроникс салбарт гар утас, камерын тасагт борлуулагчийн ажил албан тушаалд хариуцагчтай хөдөлмөрийн, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэн ажиллаж байжээ.  /хх-ийн 6-9/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул хариуцагч Н.Нямпүрэв нь байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх  учирсан хохирлын хэмжээгээ нэхэмжлэгч нотлож чадсан эсэх, ямар хэмжээнд нотлогдсон зэрэгт зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс гадна талуудын хооронд шүүхийн хүчин төгөлдөр цагаатгах тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримт байгааг анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч хоёр ширхэг гар утасны үнэ /нэг утас нь 1 746 950 төгрөг, нөгөө утас нь 1 551 510 төгрөг/, зурагтын дэлгэц засварлуулсны зардалд 1 603 000 төгрөг нийт 4 901 461 төгрөг шаардсанаас мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1 170 000 төгрөгийг хасч, 3 731 461 төгрөг шаардсан. Хэргийн 64-67 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 45 тоот цагаатгах тогтоолоор Н.Нямпүрэв нь дээрх 2 ширхэг гар утасыг завшиж 1 170 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдаж, уг үйлдэл нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдоогүй учраас цагаатгасан байна. Уг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт  “.., хэрэг бүртгэлтэд хохирогчоос санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй тул хуулийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн. Гэмт хэргийн улмаас 1 170 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүнэсэн нь үндэслэлтэй талаар дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр цагаатгах тогтоолоор хоёр гар утасыг 1 170 000 төгрөгөөр үнэлснийг хохирогч няцаагаагүй, Н.Нямпүрэв уг хохирлыг төлсөн тул дахин төлүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин зурагтын дэлгэц гэмтээж 1 603 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад талууд маргаагүй тул уг хохирлыг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн ажилтан Н.Нямпүрэвийг ажлаас халсан эсэх, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх маргааныг эхэлж шийдвэрлэсний дараа ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох эсэх нь шийдвэрлэгдэх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2017/01682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 731 461.9” гэснийг “1 603 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 128 461.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “74 653” гэснийг “40 598” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Нямпүрэвийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

           ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                                  Ш.ОЮУНХАНД