Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 112/2022/0019/З |
Дугаар | 221/МА2023/0251 |
Огноо | 2023-04-13 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2023/0251
2023 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2023/0251 | Улаанбаатар хот |
Б.О***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.О***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О***,
Хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд Н.Б***,
Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Цогт сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүрэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112/ШШ2023/0003 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д***, гуравдагч этгээд Н.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна.
Хэргийн индекс: 112/2022/0029/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О***аас Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүрэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112/ШШ2023/0003 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн Б.О***аас тус сумын Засаг дарга Л.Насанбуянд холбогдуулан гаргасан Цогт сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Цогт сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хурал болох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн эсэх талаарх баримт байхгүй байхад шүүхээс “...хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн гэж мэдүүлдэг боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно” гэж дүгнэсэн. Мөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн нь буруу, хууль бус,
3.2 Нэхэмжлэгчийг 1 удаа ажилд томилж, 2 удаа чөлөөлсөн захирамжийг хариуцагч гаргасан байхад шүүхийн шийдвэрт энэ тухай дурдаагүй,
3.3 Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 болон 4.2.6 дахь зарчмыг хэрэгжүүлэх учиртай, аймгийн Соёл урлагийн газрын даргатай зөвшилцөөгүй зэрэг үндэслэлээр зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.О***ыг сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
3.2. Сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.О***аас “намайг ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байхад ажлаас чөлөөлсөн, нэг бол ажилд авдаг, нэг бол чөлөөлдөг, ингээд байгаа нь миний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байна, шүүхийн захирамжид намайг халах талаар үг үсэг тусгагдаагүй байтал удаа дараа хэл амаараа дарамталж, шахаж өс хонзонгийн сэдлээр ажлаас чөлөөлсөн, би ажил үүргээ маш сайн гүйцэтгэж байсан” гэж тайлбарлан маргажээ.
3.3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,
Хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/30 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.О***ыг сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гуравдагч этгээд Н.Б***эс дээрх захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “...Цогт сумын Соёлын төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Цогт сумын Засаг дарга хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Б***тэй эвлэрлийн гэрээг байгуулсан тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0006 дугаар захирамжаар хэргийн оролцогчдын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар, хариуцагч Цогт сумын Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг гарган нэхэмжлэгч Б.О***ыг Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/32 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Б***-ийг Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон байна.
3.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” хэмээн, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:”, 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 61.3-т “Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” хэмээн тус тус заасан.
3.5 Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0006 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хариуцагч Цогт сумын Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаар захирамжийг гарган нэхэмжлэгч Б.О***ыг Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж шийдвэрлэснийг “буруутган дүгнэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 болон 61.3-т заасан нөхцөл шаардлага бүрдсэнтэй холбоотойгоор хариуцагч Цогт сумын Засаг дарга Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үүргээ биелүүлэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан болохыг анхан шатны шүүх зөв тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн эсэх талаарх баримтыг гаргуулж аваагүй”, “нэхэмжлэгчийг 1 удаа ажилд томилж, 2 удаа чөлөөлсөн захирамжийг хариуцагч гаргасан байхад шүүхийн шийдвэрт энэ тухай дурдаагүй” болон хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа аймгийн Соёл урлагийн газрын даргатай зөвшилцөөгүй” зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.
4. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112/ШШ2023/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА