Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Г.Эд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Еркебулан,

Шүүгдэгч Г.Э,  

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Эд холбогдох эрүүгийн 1809010800135 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хэрэйд овгийн Гаваагийн Г.Э, 1970 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,   

             Г.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модун” караоке үйлчилгээний газарт хохирогч Д.Дтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь архины хундагаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нуруу ба угалзны зулгаралт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Эг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Г.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 500 цагийн нийтэд тустай ажил, хөдөлмөр хийлгэхээр шийдвэрлэсэн. Миний хувьд тухайн үед “Номин холдинг”, “Номин трейдинг” компаниудад ажиллаж байгаад түр хугацаанд ажлаасаа гарсан байх үед үйлдэгдсэн хэрэг юм. Одоо буцаад ажилдаа орсон мөн ажлын шугамаар олон улсын чанартай төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаа учраас надад анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажлыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн хэрэг бол хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн зүгээс үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээнд ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан учраас прокурорын зүгээс шүүгдэгч Г.Эд заавал торгуулийн ял оноож өгөөч гэх саналгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модун” караоке үйлчилгээний газарт хохирогч Д.Дтой хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь архины хундагаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Д.Дийн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Б.Сэвжидмаагийн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Н.Орхоны мэдүүлэг /хх-9-10/, шүүгдэгч Г.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21-22/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2957 дугаартай дүгнэлт /хх-14/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт /хх-37/, хохирлын баримтууд /хх-38-40/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-41/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Г.Эгийн гаргасан “...Хүүхдүүдийн болон гэр бүлийн өдөр тутмын амьжиргааны зардал өдөр тутам нэмэгдэж байгаа өнөө үед шүүхээс шийдвэрлэсэн 500 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял нь манай гэр бүлд ихээхэн хүнд тусч байгааг та бүхэн ойлгон хүлээн авч торгуулийн ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс Г.Э нь <<хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар архины хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан>> гэсэн хохирогч Б.Д.Дийн тогтвортой мэдүүлэг, мөн “...Б.Д.Дийн биед тархи доргилт, дух, хамрын нуруу ба угалзны зулгаралт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-14/ гэх шинжээчийн дүгнэлт зэргийг үгүйсгэх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг шүүгдэгч Г.Эг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Э нь хэргийн үйл баримтын талаар маргадаггүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болон шүүгдэгч Г.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тогтмол орлогогүй зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Эд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ