Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1249

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01249

 

 

Н.Наран-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Наран-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамд холбогдох,

 

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, Н.Наран-Эрдэнэд 47 887 000 төгрөг олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам болон Сангийн яаманд тус тус даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Наран-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэчулуун

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч:

М.Мөнхзаяа

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулсныг нэхэмжлэгч холбогдох байгууллагад мэдээлсэн ба энэ нь мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон. Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Экотон” ХХК тооцон тогтоосон:

Бохирдуулсан нийт талбай 6649 м.кв, нийт төлбөр 534 488 547 төгрөг, хөрсний дээжийн Shi-2 зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 2462 м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 215 239 958 төгрөг байна.

Хөрсний дээжийн Shi-5-аас Shi-12 дахь зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 4187м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 319 248 589 төгрөг гэж дүгнэлт гаргасан.

“Шинь Шинь” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр болох 534 488 547 төгрөгийг 2014 оны 11 сард Байгаль хамгаалах санд тушаасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 215 239 958 төгрөгийн 15 хувь болох 32 285 993 төгрөгийн урамшууллыг мэдээлэгч иргэн Н.Наран-Эрдэнэд олгох тушаал гаргаж олгосон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэсэн ба нөхөн сэргээх зардал ч гэсэн хохирлын нөхөн төлбөрт багтаж байна. Дээрх “Экотон” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлангийн дүгнэлтэд Shi-2-р зүсэлтийн орчмын хохирлын үнэлгээний 215 239 958 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр, Shi-5-аас Shi-12-р зүсэлтийн нөхөн төлбөр болох 319 248 589 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөг болж байгаа юм.

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн Газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны урамшуулал дутуу тооцож олгосон талаар гомдол гаргахад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга У.Бямбасүрэнд хандсан 02/2049 тоот хариуны 1 хувийг Н.Наран-Эрдэнэд өгсөн. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч иргэний хэргийн шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн.

 Иймд байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөгийн 15 хувь 80 173 000 төгрөгийг Н.Наран-Эрдэнэд олгох байсан болохыг тогтоолгож, үлдсэн 319 248 589 төгрөгийн 15 хувь болох 47 887 000 төгрөгийн урамшууллыг Н.Наран-Эрдэнэд олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн Яаманд даалгаж өгнө үү. Сангийн яам дээрх мөнгийг татан авсан байгаа гэв.

 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинь Шинь” ХХК 2010-2011 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Улаан гэх газарт 247 А тоот Цөмийн Энергийн газраас олгосон лицензит талбайд хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ердийн ашигт малтмал олборлож, хүдрээ баяжуулахдаа химийн хорт бодис ашигласан ба баяжмалд ашигласан хаягдлын санг үүсгэсэн ёроолын фрёнк задарснаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

“Шинь шинь” ХХК нь уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн далангаас химийн бодисоор бохирлогдсон ус гадагшаа шүүрч байгаль орчныг бохирдуулсан үйлдэлд хэрэг үүсгэн энэхүү хоёр хэргийг нэгтгэн шалгасан.

Эрүүгийн хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор “Экотон” ХХК-ийн шинжээч нарыг томилсон. “Экотон” ХХК хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу тооцсон байна. Шинжилгээ хийлгэх асуултын 8-д Үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн химийн бодистой ус нэвчсэн нь стандартаас давсан бохирдолтой тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох гэсэн асуултад шинжээч хариулахдаа: “Шинь шинь” ХХК-ийн Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас химийн хорт агууламжтай бодис шүүрсний улмаас бохирдуулсан хөрсний нийт талбай 6649 м.кв, хохирлын төлбөр 534 488 547 төгрөг бөгөөд энэхүү бохирдсон талбайд өөр өөр үнэ бүхий дарагдмал хар шороон, нугат хар шороон хөрс тархсан байхаас гадна бохирдолтын гүн нь 0-10 см, 0-30 см ялгаатай байна. Үүнээс хөрсний дээжийн Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 хүртэлх бохирдсон талбайн нийт хохирлын 319 248 589 төгрөгийг төлөх шаардлагагүй. Учир нь “Шинь шинь” ХХК-ийн Улааны ордын баяжуулах үйлдвэрийн бохирдуулсан хөрсний Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 зүсэлт хүртэлх суваг, жалганы дагуух Дарагдмал хар шороон, Нугат хар шороон 0-10 см хүртэлх зузаантай 4187 м.кв талбайн 418.7 м.куб хэмжээний хөрсийг хуулан авч хаягдлын санд асган нөхөн сэргээлт хийснээр хөрсний хохирлын үнэлгээний төлбөрийг төлөх шаардлагагүй. Үндэслэл нь одоогийн байдлаар энэхүү бохирдсон талбайн гүн нь бага, хаягдлын сангаас шүүрч буй усны шууд нөлөөнөөс хол, бүрэн нөхөн сэргээх бололцоотой, бохирдсон хөрсний хэмжээ бага байна.

Харин хөрсний дээжийн Shi-2 буюу эргэлтийн усан сангаас дээших 2462 м.кв бохирдсон талбайн 738.6 м.куб хэмжээний Нугат хар шороон хөрсний экологи эдийн засгийн үнэлгээ нь 215 239 958 төгрөг бөгөөд үүнийг төлөх шаардлагатай гэж тодорхойлов. Үндэслэл нь тухайн талбайн хөрс нь одоогийн байдлаар далангийн шүүрлийн усны байнгын нөлөөлөлд байгаа бөгөөд нөхөн сэргээсэн, зайлуулсан тохиолдолд дахин бохирдол бий болох магадлалтай байна. 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хаягдлын сангаас шүүрсэн ус нь газрын доорхи усыг бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлт гараагүй байна” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч 2013 оноос урамшууллын талаар идэвхтэй хөөцөлдөж явсан. Ер нь урамшуулал олгох журамд мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэх, орлогыг орон нутагт төвлөрүүлж, мэдээлэгчид урамшууллыг орон нутгийн засаг даргаас олгохоор заасан байдаг.

Нэхэмжлэгч хэнд мэдээлсэн нь тодорхойгүй байдаг ба орлого орон нутагт биш, улсад орсон байсан зэргийг үндэслэн яамнаас Тусгай сангийн хуулийг барьж, шагнах маягаар хохирлын буюу 215 239 958 төгрөгийн 15 хувиар тооцож нэхэмжлэгчид мөнгө өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгээр олгосон урамшуулал бол биш юм.

319 248 589 төгрөг бол нөхөн сэргээх ажлын зардал бөгөөд компани нөхөн сэргээсэн тохиолдолд буцаан олгогддог, тэр компани нь нөхөн сэргээхгүй бол тендэр зарлаж энэ ажлыг зохион байгуулдаг, энэ мөнгө зайлшгүй зарцуулагддаг тул энэ мөнгөнөөс урамшуулал олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар Н.Наран-Эрдэнэ Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд мэдээлэл өгснөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшуулал тооцож олгосон байна. Н.Наран-Эрдэнийн нэхэмжлэл нь уг тушаалаар урамшуулал буруу тооцож олгосон болохыг тогтоолгохтой холбоотой буюу Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэл юм. Иймд тус яамыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Ер нь “Шинь шинь” ХХК-ийн төлсөн мөнгө Сангийн яам руу татагдсан байгаа гэв

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид 47 887 000 төгрөгийг олгохыг даалгах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 397 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөг болж байгаа ч энэ төлбөр улсад цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн.

“Шинь Шинь” ХХК нь 2015 онд байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн арилгаж буцаан нөхөн сэргээгээд 2016 онд уурхайгаа улсын комисст хүлээлгэн өгчээ. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн уурхай ашиглалтанд хүлээн авах улсын комиссын 16-24 тоот актаар улсад уурхайгаа хүлээлгэн өгсөн байна.

Хэрэв нөхөн сэргээлтийн ажил дуусаагүй байсан бол уурхайг улсын комисс хүлээн авах ямарч хууль эрх зүйн боломж байхгүй. БОНХАЖЯ-аас /хуучин нэрээр/ Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Хосбаяр уурхайг хүлээн авах улсын комисст орж ажилласан байна

Анхан шатны шүүх хурлын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ талаар мэдэж байсан боловч энэ тухайгаа танилцуулалгүй, шүүхэд үнэн зөв тайлбар гаргаагүй юм. Дээр дурьдсан нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй бол уурхайг улсын комисс хүлээн авах ямар ч боломж байхгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт зааснаар нөхөн сэргээх зардал ч гэсэн хохирлын нөхөн төлбөрт багтаж байна. Дээрх “Экотон” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлангийн дүгнэлтэд Shi-2-p зүсэлтийн орчмын хохирлын үнэлгээний 215 230 000 төгрөг, Shi-5-aac Shi-12-p зүсэлтийн нөхөн төлбөр болох 319 240 000 төгрөг болж байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 480 000 төгрөг болж байгаа юм.

Нийт хохирлын нөхөн төлбөрийн хэмжээтэй хариуцагч маргадаггүй бөгөөд байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 488 547 төгрөг болсныг хүлээн зөвшөөрдөг.

БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулж учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Экотон” ХХК тооцон тогтоосон байдаг бөгөөд хохирлын үнэлгээний тайланд бохирдуулсан нийт талбай 6649 м.кв, нийт төлбөр 534 480 000 төгрөг, хөрсний дээжийн Shi-2 зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 2462 м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 215 239 958 төгрөг байна. Хөрсний дээжийн Shi-5-aac Shi-12 дахь зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 4187 м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 319 248 589 төгрөг байна гэж дүгнэлт гаргасан.

“Шинь Шинь” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр болох 534 480 000 төгрөгийг 2014 оны 11 сард Байгаль хамгаалах санд тушааж улсын орлого болгосон байдаг. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний төлбөрөө тушаахдаа нөхөн сэргээлтийн барьцааны дансанд биш хохирлын үнэлгээний дансанд хийсэн нь тус компани хохирол учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрөөд дээрх дансанд хийсэн юм.

Шүүхийн дүгнээд буй улсад орох ёстой цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй байна гэх байдал нь дээрх байдлуудаар няцаагдаж байна.

Иймээс энэ мөнгөний тодорхой хэсэг нь нөхөн сэргээлтэнд зарцуулагдана гэдэг нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй юм.

БОНХАЖ сайд Н.Наран-Эрдэнэд Монгол улсад анх удаа байгаль орчныг бохирдуулж гэмт хэрэг үйлдэж байсан компаний талаар хуулийн байгууллагад хандаж мэдээлэл өгч байгаль орчноо хамгаалсан гэж үзэж тухайн нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх урамшуулал олгосон.

Урамшуулал олгох журам нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлэл өгсөн иргэнд шагнал урамшуулал олгох зохицуулалттай. Иймд хуулиас дээгүүр журам гэж байхгүй бизээ. Зөвхөн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгнө гэдэг заалтаар л явсан нь үнэн. Мөн дээрх мөнгөн урамшууллыг сумын засаг даргаар дамжуулан олгож болох байсан ч Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга н.Ёндонжамц нь “Шинь Шинь” ХХК-тай холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан, эрх ашгийн зөрчилтэй байсан юм. Тухайн нөхөн төлбөр нь харъяалах сумын дансанд төлөгдөөгүй, байгаль хамгаалах сангийн дансанд орсон. Үүнээс цаашаа улсын орлого болгон төвлөрүүлэн Сангийн Яам татсан байдаг.

Хариуцагч тайлбартаа 319 248 589 төгрөг нь нөхөн сэргээлтийн зардал учраас нөхөн төлбөрт тооцогдоогүй тул энэ дүнгээс 15 хувь тооцож олгох үндэслэлгүй гэдэг.

Гэтэл Шинжээчийн дүгнэлтэнд нөхөн төлбөрийн хэмжээг 534 488 547 төгрөг гэсэн бөгөөд тухайн компани ч энэ мөнгийг бүхэлд нь хохирлын нөхөн төлбөрийн дансанд оруулж улсад тушаасан. Урамшууллыг олгохдоо нөхөн төлбөрөөс олгохоор хуульчлагдсан учир нөхөн сэргээлтийн зардлаас ч урамшууллаа авах эрхтэй болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534 480 000 төгрөгийн 15 хувь 80 173 000 төгрөгийг Н.Наран-Эрдэнэ надад олгох болохыг тогтоолгож, 319 240 000 төгрөгийн 15 хувь болох 47 887 000 төгрөгийн урамшууллыг Н.Наран-Эрдэнэд олгохыг БОНХАЖЯ-ны сайд болон Сангийн Яаманд даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэг цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Наран-Эрдэнэ нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яаманд тус тус холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, Н.Наран-Эрдэнэд 47 887 000 төгрөг олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

            БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК нь 2011 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Улааны холимог металлын уурхайн үйл ажиллагаа явуулахдаа уг уурхайн хаягдлын далан сэтэрч байгальд их хэмжээний хорт бодис тарааж, орчныг бохирдуулсан, талаар Н.Наран-Эрдэнэ нь тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл өгсөн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/124 тоот тушаалаар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ болох 215 239 958 төгрөгийн 15 хувь болох 32 285 993 төгрөгийг Н.Наран-Эрдэнэд олгосон талаар талууд маргаагүй.

 

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байгаль орчинд учруулсан хохирлын нийт үнэлгээ нь 534 488 547 төгрөгөөс урамшуулал олгох байсан ба 47 887 000 төгрөгийн урамшуулал олгогдоогүйг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Учир нь шинжээчийн дүгнэлтээр БНХАУ-ын “Шинь Шинь” ХХК-ийн байгаль орчинг бохирдуулсан нийт хэмжээ 6649 м.кв, хохирлын төлбөр 534 488 547 төгрөг болохыг тогтоосон байна. Уг хохирлын төлбөрөөс  215 239 958 төгрөгийн  хэмжээний хохирол нь  хөрсний дээжийн эргэлтийн усан сангаас дээшхи 2462 м.кв бохирдсон талбайн экологи эдийн засгийн үнэлгээ байх бөгөөд уг хохирлыг буюу хөрсийг нөхөн сэргээх боломжгүй тул мөнгөн дүнгээр  нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг тооцсон байна. Харин  үлдэх буюу 4187 м.кв бохирдсон талбай нь бага бохирдолтой, уг хөрсийг хуулан авч хаягдлын санд асган нөхөн сэргээлт хийх боломжтой болохыг тогтоосон байна.

 

            Иймд анхан шатны шүүх 4187 м.кв талбайг нөхөн сэргээхэд гарах зардал 319 248 589 төгрөг нь  хөрсний нөхөн сэргээлтэнд зайлшгүй буцаан зарцуулагдах мөнгөн хөрөнгө байна гэж үзсэн нь Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмын 3.1, 3.3, 3.4-т заасантай тус тус нийцжээ.

 

             Нэхэмжлэгч Н.Наран-Эрдэнэ нь Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох тухай журмын 2, 3-т зааснаар мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр гаргаж, урамшуулал авах өргөдлөө нутаг дэвсгэрийг харьяалах тухайн шатны Засаг даргад гаргах тухай журмын дагуу гаргах байжээ.

 

            Иймд Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон Сангийн яам нь хариуцагч биш гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА