Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1250

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01250

 

 

Ц.Лханаажавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Лханаажавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ариунаа, Х.Цогзолмаа нарт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийг өвлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Лханаажав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Лхагвасүрэн

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Очирбал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний төрсөн хүү талийгаач Д.Нямбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барж, надад сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй гарз тохиосон. Миний бие тухайн үед хүүг минь амиа хорлосон явдалд бэр Б.Ариунааг буруутган энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байсан хэдий ч ач нараа бодож, гомдол саналгүй тухай өргөдөл бичиж, эрүүгийн хэрэг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон.

Талийгаач нь 2009 оноос нүдний шилний болон гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хувийн бизнес эхлүүлэн нилээд амжилттай ажиллаж байсан ба нас барах хүртэл тодорхой хэмжээний өв хөрөнгө цуглуулсан байсан. Хүүгийн нас барсан өдрөөс хойш өв хөрөнгийг хууль ёсоор тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй хүний нэг нь би байсан.

Энэ үед бэр Б.Ариунаа “танд 2 дугаар дөчин мянгатын 126 байрны 41 тоот хаягт орших орон сууцыг танд өгье, та ав” гээд тухайн үед тэр орон сууцад амьдарч байсан өөрийн эгчийг гаргасан. Улмаар миний бие төрсөн хүү Б.Оргойг тус орон сууцад 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр оруулсан. Энэ өдрөөс хойш миний хүү Б.Оргой энэхүү байранд одоог хүртэл амьдарч байгаа.

Гэтэл Б.Ариунаа нь Оргойгийн амьдарч буй байрыг удахгүй зарна байрыг чөлөөл гэсэн тухай хэлсэн. Миний бие одоо 80 нас гарсан, бие эрүүл мэндийн байдал сайнгүй, зүрхний болон мэдрэлийн эмчийн байнгийн хяналтанд байж, тогтмол эмчилгээ сувилгаа хийлгэдэг зэрэг насны байдал, эрүүл мэндээс шалтгаалан байрны өмчлөх эрхийг шилжүүлж авах ажлыг хөөцөлдөж аваагүй байсан. Б.Ариунаа нь энэ байдлыг ашиглан урьд хэлж ярьж, байрыг надад өгсөн байдлаа мартаж 41 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан байдлыг олж мэдлээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу миний бие уг  41 тоот орон сууцыг өөрийн мэдэлд авч өөрийн хүүг суулгаж байгаа явдал нь эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тул миний бие энэхүү хөрөнгийг хүлээн авсан гэсэн үг юм.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгож өгнө үү.

Мөн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ариунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Лханаажавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.Лханаажавын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж байна. Ц.Лханаажавын төрсөн хүү Б.Оргой нь тус байранд 4 жилийн хугацаанд амьдарсан ч тухайн байрыг шилжүүлж аваагүй, анх тэднийх 24 дүгээр сургуульд хүүхэд нь сурдаг, ойрхон тул байрандаа суулгаач гэсний дагуу суулгасан. Нэхэмжлэгч орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар эзэмдэн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Цогзолмаа шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нотариатч Х.Цогзолмаа нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000067614 гэрчилгээтэй, Ү-2202004590 улсын дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 41 тоот хаягт байрлах иргэн Б.Ариунаа, нас барагч Д.Нямбаяр нарын хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны нас барагч Д.Нямбаярт ногдох хэсгийг түүний эхнэр Б.Ариунаа, төрсөн хүүхдүүд болох Н.Манал-Эрдэнэ, Н.Нямжаргал нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй. 

Иргэн Д.Нямбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч болох Б.Ариунаа, Б.Манал-Эрдэнэ, Б.Нямжаргал нар нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч Ц.Лханаажав нь нас барагч Д.Нямбаяртай хамтран амьдарч байгаагүй болох нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тамгын газраас олгосон тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.Лханаажав нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан.

Иргэний хуулийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийн хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.Лханаажавын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ариунаад олгосон.

Иймд Ц.Лханаажавын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариунаа, Х.Цогзолмаа нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Лханаажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өв хүлээн авсан гэж үзэх хоёр үндэслэлииг заасан байхад анхан шатны шүүх зөвхөн өргөдөл гаргаснаар өв хөрөнгийг хүлээн авсанд тооцогдох ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд өвөөс татгалзсанд тооцож, өвлөх эрх эдлэхгүй гэж хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл өвийг хүлээн авсан гэж үзэх өөр нэг үндэслэл болох эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсанаар өвлөгдөх зохицуулалтыг огт байхгүй мэт орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх "...12 дугаар байрны 41 тоотод Ц.Лханаажав нь амьдардаггүй болох нь түүний тайлбар, гэрч А.Болдхүү, Г.Отгонсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, гэхээс өөрөөр эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсанаар өв хүлээн авсанд тооцогдох хуулийн зохицуулалт, миний нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дурдаагүй, огт дүгнээгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

Ц.Лханаажав орон сууцыг хүлээн авсан өвлөгч мөн болох нь дараах байдлаар тогтоогддог билээ.

Талийгаач хүүг минь амиа хорлоход хүргэсэн явдалд бэр Б.Ариунааг буруутган энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байсан. Энэ үед Б.Ариунаа “1 өрөө орон сууцыг танд өгье” гэж хэлээд өөрийн эгч н.Өнөрцэцэгийг орон сууцнаас гарган байж надад түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Улмаар миний бие төрсөн хүү Б.Оргойг амьдарч байсан хашаа байшингаас нь нүүлгэн тус байранд оруулахаар болж, тэднийх 2012 оны 11 сарын 07-ны өдөр нүүн орсон. Энэ өдрөөс хойш Д.Оргой гэр бүлийн хамт энэхүү байранд одоог хүртэл амьдарч байгаа.

Түүнчлэн Б.Ариунаа надад уг байрыг өгсөн талаар мэдэх гэрч А.Болдхүүгийн "...тэгэж уулзсаны дараа Ариунаа үдээс хойш хадмынд уйлаад орж ирж байсан. Та нар юу авах юм, машин тэрэг авах юм уу гэхэд бид бол юу ч авахгүй гэсэн. Тухайн үед 1 өрөө орон сууцыг өгөх талаар Б.Ариунаа хадам ээжтэй ярьсан, сүүлд саяхан Б.Ариунаа зээл авахаар нэг байраа барьцаанд тавиулчих гэж манай эхнэрээс гуйсныг зөвшөөрөөгүй, түүний дараа Оргойгийн сууж буй байрыг авна гэсэн яриа гарсан” гэх мэдүүлгээр маргаан бүхий байрыг Б.Ариунаа нь надад өгөхөөр харилцан тохиролцсон нь нотлогдоно.

Б.Ариунаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирбал нар нь "Д.Оргойг хүүхдээ 23 дугаар сургуульд явахад ойр гэж гуйхад нь орон байрандаа түр суулгасан, талийгаач нөхрийнх ах учир сайн дураар тус байранд амьдруулсан" гэж тайлбарладаг боловч уг тайлбараа нотлоогүй. Харин гэрч Г.Отгонсүрэнгийн “2012 оны 11 дүгээр сарын 07-нд байранд орсон. Хадам ээж түлхүүрийг нь авсан нүүгээд ор гэж хэлсэн, ...талийгаачаас үлдсэн ганц зүйл, миний хүү хүрч ирээд ор гэсэн”, даргалагчаас Ариунаатай харьцсан уу гэхэд, “харьцаагүй, бид 2 цагаан сараар нүүр нүүрээ хардаг болохоос биш Б.Ариунаатай харьцаад байдаггүй, манай хүүхэд 23 дугаар сургуульд сурдаг, ойртож танай байранд байя гэж уулзаж хүүхдийн талаар ярьсан зүйл байгаа юу гэсэн асуултад хадам түлхүүр авч ирээд л нүүгээд ор гэсэн, Б.Ариунаатай бид тэгж уулзаагүй...” гэсэн мэдүүлгээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь, мөн миний бие маргаан бүхий байрыг өөрийн мэдэлдээ авч, өөрийн үзэмжээр төрсөн хүүгийнхээ гэр бүлийг суулгасан болох нь тогтоогдож байгаа.

Түүнчлэн талийгаач хүүгээс минь үлдсэн 5 байр, зуслангийн газар, амины орон сууц, авто машин, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг 4-5 салбар бүхий "Мананомин" ХХК-ийн 100 хувийн хувьцаа зэрэг маш их хөрөнгийг өвлөн авсан хэдий ч надад өгөхөөр тохиролцсон ганц байраа буцаан авахаар маргаж буйд гомдолтой байна. Хүүг минь нас барснаас хойш ач нартай минь нэг ч удаа уулзуулаагүй, байр өгөхөөр ирж уулзсанаас хойш нэг ч удаа надтай хүн ёсоор уулзаагүй, биднээс холбоо бүр мөсөн тасалж явсан атлаа Б.Оргойг сайн дураар тус байранд амьдруулсан хэмээн шүүхэд илт худал тайлбар гаргаж байна.

Иймд Ц.Лханаажав намайг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004590 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хүлээн авсан 50 хувийн өвлөгчөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Лханаажав нь хариуцагч Б.Ариунаад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, Х.Цогзолмаад холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Өвлүүлэгч Д.Нямдорж нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн ба мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчдийн өвлөгдөх эд хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12-41 тоот хаягт байрлах, 19 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 50 мянгатын 13-17 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 50 мянгат, 13-14 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт 1 дүгээр хэсгийн 81 тоот хаягт байрлах, 144 м.кв талбай бүхий хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 700 м.кв талбай бүхий газар, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгат 11-59 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 50 мянгат 13-18 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 9011181062 улсын бүртгэлийн дугаартай “Мананомин” ХХК-ийн хувьцаа зэрэг нийт 8 хөрөнгө байсан нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогджээ.

 

            Дээрх хөрөнгүүдээс талуудын маргаж буй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12-41 тоот хаягт байрлах, 19 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцтай холбоотой бөгөөд уг орон сууц нь 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Б.Ариунаа, Д.Нямбаяр нарын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан үйл баримт тогтоогдсон. Ийм учраас уг орон сууцны өвлөгдөх хэсэг нь 50 хувьд нь хамаарч байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр хүүхэд, эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар зохицуулснаас үзвэл нэхэмжлэгч Ц.Лханаажав, хариуцагч Б.Ариунаа, нас барагчийн төрсөн хүүхэд Н.Манал-Эрдэнэ, Н.Нямжаргал нар байна. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Н.Нямжаргал 10 настай, Н.Манал-Эрдэнэ 2 настай байсан тул тэдний хууль ёсны төлөөлөгч нь эх Б.Ариунаа байна.

 

            Уг орон сууцад нэхэмжлэгчийн хүү Б.Оргой 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нүүн оржээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Ц.Лханаажав нь уг орон сууцыг өөрийн мэдэлд авч өөрийн хүү Б.Оргойг орон сууцад амьдруулж байгаа явдал нь эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эзэмшилдээ авсан гэж үзэх бөгөөд энэ нь гэрч А.Болдхүү, Г.Отгонсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Түүнчлэн хариуцагч Б.Ариунаа нь өөрийн болон хүүхдүүддээ өвийн журмаар ногдох хэсгээс татгалзсан нь гэрч А.Болдхүү, Г.Отгонсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Ц.Лханаажав нь 1 өрөө орон сууцны өвлөгдвөл зохих хэсэг болох 50 хувийг өвлөх эрхтэй гэж үзнэ.

 

Уг орон сууцны өвлөх эрх орон сууцыг эзэмдэн авсан үйл баримт тогтоогдсон учир өвлөх эрхийг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Лханаажавыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөх эрхтэйг тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунаагаас 264 075 төгрөгийг, хариуцагч Х.Цогзолмаагаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Лханаажавд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Лханаажаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА