Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0269

 

                                               “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0911/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг баримталсан, илтэд илэрхий үйл баримтыг ач холбогдолгүй гэж үзсэн, нотлох баримтыг хангалттай цуглуулах үүргээ биелүүлээгүй талаар:

Шүүх үйл ажиллагаа явуулсан эсэх тал дээр хангалттай нотлох баримт цуглуулаагүй, газар ашиглаж буй бодит байдлыг үнэлж дүгнээгүй, зөвхөн хашаа барьсан, суурь цутгаснаар дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг хэрэгжүүлээгүй, буруу хэрэглэсэн талаар:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө цаг тухайд нь бүрэн гүйцэт төлөөгүй асуудал нь бодит байдал дээр нэгэнт тодорхой бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, журмыг зөрчсөөр байгаа үйлдлийг шүүх хууль хэрэглэхдээ буруу хэрэглэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “Д” ХХК-аасБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.

3.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар[1] Горхи-Тэрэлжийн Хар ямаатын энгэр нэртэй байгалийн цогцолбор газарт 4 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгож, мөн оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 0171022 дугаар гэрчилгээг[2] олгожээ.

4.Маргаан бүхий А/358 дугаар тушаалаар “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр санал, 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр санал зэргийг үндэслэж “...газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”,

...35.3.2-т “.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”,

...35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж,

...35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” гэж,

... 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”,

...40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” тус тус заажээ.

5.Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01113-2007/02936 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[3] “...2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг” гэж,

Нийслэлийн налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/42 тоот албан бичгээр[4] "...2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 4,093,872 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4,093,872 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4,093 872 төгрөгийг нийт 12,281,616 төгрөг төлсөн болно" гэж,

Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн байх ба үзлэгээр[5] "...Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Д" ХХК-д төлбөр төлөөгүй, төлбөр төлөхийг шаардсан талаарх бичиг хүргүүлсэн гэх баримт байхгүй, албан бичиг явуулж байгаагүй” гэж,

Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/87 тоот албан бичгээр[6] “..."Д" ХХК нь 2022 оны газрын төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулсан байна гэжээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд газар ашиглах хугацаандаа “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт үндэслэлгүй байна.

6.Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой  "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан бөгөөд уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

7.”Д” ХХК болон Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга нар нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулсан[7].

8.Дээрх газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч компани ашиглалтын газартаа “аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар “...”Эл Эйч Эйч Планерс” ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргуулж, ашиглалтын газраа тойруулан хашаа барьж, байшингийн суурь цутгаж, худаг гаргуулж, барилгын өрлөгийн ажил эхлүүлсэн” зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зураг, гэрээ, төлөвлөгөө зэрэг нотлох баримтуудаас тогтоогдож байна.

9.Иймээс нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10.Мөн нэхэмжлэгчид Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/58 дугаар "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/FORCE MAJEURE/ ийн гэрчилгээ"-г[8] олгосон байна.

Тус гэрчилгээнд “ ...“Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг сунгах тухай” тогтоолуудаар Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлэн ажилласан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж “Д” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэжээ.

11.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...шүүх үйл ажиллагаа явуулсан эсэх тал дээр хангалттай нотлох баримт цуглуулаагүй, газар ашиглаж буй бодит байдлыг үнэлж дүгнээгүй, зөвхөн хашаа барьсан, суурь цутгаснаар дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн, ...2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө цаг тухайд нь бүрэн гүйцэт төлөөгүй асуудал нь бодит байдал дээр нэгэнт тодорхой” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Дүгнэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 167 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 7 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 240 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас 14 дэх тал

[5] Хэргийн 2-р хавтас 7-9 дэх тал

[6] Хэргийн 2-р хавтас 88 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 205 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас 84 дэх тал