Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1304

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01304

 

 

З.Туяа, Ч.Мөнхтуяа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Туяа, Ч.Мөнхтуяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Туяа, Ч.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонго, Б.Мөнхбат

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Ариунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөг хүртэл тасралтгүй 17 дахь жилдээ ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс буюу иргэний нисэхийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газарт Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдсон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан гэсэн үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий, бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн байх бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм.

Дотоод аудитын алба нь хэд хэдэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж энэхүү ажлыг бий болгох ёстой байсан. Гэвч дараах хууль дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах ёстой байдаг. Гэтэл агентлаг нь бүхэл бүтэн албыг өөрчлөн зохион байгуулсан байдаг. Монгол улсын хэмжээнд 438 дугаар тушаалаар баталсан дотоод аудитын дүрэм гэж байдаг. Энэхүү дүрмийн 4.3-т зааснаар шууд захирагч нь өөрийн хариуцах ажлын хамрах хүрээнээс шалтгаалаад аудит дотоод аудитор ажиллуулж болно гэж заасан. Энэ нь заавал алба байх албагүй. Мөн дүрмийн 4.4-т хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт 5 доошгүй жил ажилласан байх, санхүүгийн сургалтанд хамрагдсан байх энэ хууль тогтоомжуудыг зөрчөөд байгаа юм.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтэцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд урьд эрхэлж байсан дотоод аудитын нэгжийг удирдан зохион байгуулах ажилд буюу Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 9 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 оноос иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 11 жил, иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ нийт 22 жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас мөн халагдаад байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэрийг нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон сольсноос өөр өөрчлөлтгүй, миний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм.

Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Иймд миний эрхэлж байсан одоо шинэчлэгдсэн нэрээр Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговор 8 894 470 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн сайдын 70 дугаар тушаал нь буруу гэж дүгнэх боломжгүй.

Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах эрхтэй гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Энэхүү тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газар Т.Батжаргалд үүрэг болгож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар “Бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн.

Ийнхүү Захиргаа, удирдлагын газрын дарга дээрхи ажилтнуудтай уулзаж, тохирох ажлын байраар хангах, хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах арга хэмжээ авах үүргийг хүлээсэн учраас нэхэмжлэгч нарыг Захиргаа, удирдлагын дарга хүлээн авч “ажлын санал” тавихаар тус газрын менежер Д.Ариунтуяагаар З.Туяа, Ч. Мөнхтуяа нарыг дуудуулсан боловч тэд Захиргаа, удирдлагын даргатай уулзахаас татгалзсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 36 минутад нэхэмжлэгч З.Туяа, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 25 минутад нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нарт тус тус мэдэгдэх хуудсыг нь гардуулсан.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар З.Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, мөн Ч.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар З.Туяаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын даргын ажилд, Ч.Мөнхтуяаг  Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 9 000 000 төгрөг гаргуулан З.Туяад, мөн 8 894 470 төгрөг гаргуулан Ч.Мөнхтуяад тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 247 423 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт байгаа нотлох баримтыг нэг бүрчлэн дүгнэж үзээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа нотлох баримтыг бүхэлд нь үнэлээгүй нь шийдвэр бодит байдалд нийцээгүй болно.

Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр бүхий нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалуудыг дахин гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж тайлбарласан хэдий ч энэхүү тушаалууд болон нэхэмжлэгч нарын мэдэгдэх хуудас гардаж авсан хугацаа, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж тэтгэмж авсан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь хариуцагчийн эрх ашиг зөрчигдөх шийдвэр гарахад нөлөөлсөн.

Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч З.Туяа, Ч.Мөнхтуяа нар нь хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч З.Туяа нь хариуцагч байгууллагатай 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ИНЕГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар, нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нь мөн байгууллагатай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байсан, 18 болон 30 тоот хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 тоот тушаалаар зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 26 ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөнд нэхэмжлэгч З.Туяа, Ч.Мөнхтуяа нарын нэрс оржээ. Түүнчлэн тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 тоот тушаалуудаар нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 тоот тушаалд Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1, 8 дугаар зүйийн 8.3.1, 8.3.5, 8.4, Зам, тээврийн хөгжлийн сайдын “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 2016 оны 70 дугаар тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Орон тоог шинэчлэн батлах тухай” 2016 оны А/728 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн бол 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 тоот тушаалуудад Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5.2 дахь заалтыг тус тус баримталж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Дээрх тушаалууд нь агуулга нэг боловч 2 тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар бүтэц, орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаалаар орон тоог шинэчлэн батлах тухай тушаал гаргасан ба уг тушаалд зааснаар ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзвэл албан тушаалын зорилго, үндсэн үүрэг, зорилт, үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагаа, харгалзах обьект, албан тушаалын үүргийн хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалд тавигдах шаардлага ажлын байрны нөхцөл, ажлын хэрэгсэл, албан тушаалын үүргийн биелэлт, үр дүнг үнэлэх үзүүлэлтүүд адил бөгөөд албан тушаалын нэршлээс өөр зөрүүгүй байна.

 

Ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч нарын эрхэлж байсан мэргэжлийн чиг үүрэг тухайн байгууллагад байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд орон тоо хассан нь бодитой болоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл бий болоогүй байхад ажил албан тушаалыг нь өөрчилсөн нь буруу байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэж, тэднийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал буюу хуучин ажлын байранд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

            Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ.  

 

Мөн нэхэмжлэгч З.Туяа болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээнд З.Туяагийн охины сургалтын төлбөртэй холбоотой болзол заасан байх бөгөөд сургалтын гэрээ нь хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, талууд ямар үүрэг хүлээсэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан эвлэрлийн гэрээг батлах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА