Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               М.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн, М.Мт холбогдох 1712002120064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Мийн М

 

М.М нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Эсгэлийн овоо” гэх газраас иргэн Б.Дондовсамбуугийн өмчлөлийн 1  тооны адууг, ногтны хамт нууцаар, хууль бусаар хулгайлан авч 505.000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Даатар” гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хээр азаргатай 23 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжаар:

Мөрдөгчийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн шинжээч томилсон тогтоолд хэрэг бүртгэлтийн 171200212 дугаартай хэрэгт үнэлгээ шинжилгээ хийлгэхээр хэн гэх үнэлгээчинд даалган, шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 11 сарын 01-ны өдөр гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан, хэнд хэдэн хуудас материал шилжүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд уг тогтоолоор азарга, морь, гүү, шүдлэн, даага гэх нийт 18 тооны адууг зах зээлийн ханшаар үнэлэхийг даалгасан бөгөөд үнэлгээчин А.Бямбажавын 149 дугаартай үнэлгээний тайлангаар азарга, гүү морь, шүдлэн байдас, даага, унага нийлсэн нийт 23 тооны адууны үнэлгээ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-г зөрчсөн, мөн тухай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Д.Рэнцэндоржийг татаж түүний өмчлөлийн мустанг-5 маркийн мотоциклийг прокурорын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ уг битүүмжилсэн мотоциклийг хэрхэн шийдвэрлэсэн баримт байхгүй, яллах дүгнэлтийн хавралтад битүүмжилсэн хөрөнгөгүй гэж ирүүлжээ. Хохирогч Б.Дондовсамбуу, хохирогч Д.Бат-Эрдэнэ нарын алдагдсан 24 тооны адууг гэрч А.Галбадрах нь худалдаж авсан талаар гэрч, яллагдагч нар мэдүүлэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг А.Галбадрах төлж барагдуулсан талаар яллагдагч мөн мэдүүлжээ. Иймд А.Галбадрах нь  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн мөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлүүдийг шүүх хуралдааанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Мт холбогдох эрүүгийн 1712002120064 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч М.М нь ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Эсгэлийн овоо” гэх газраас иргэн Б.Дондовсамбуугийн өмчлөлийн 1 тооны адууг, ногтны хамт нууцаар, хууль бусаар хулгайлан авч 505.000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Даатар” гэх газраас иргэн                   Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хээр азаргатай 23 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас М.Мт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тус тус ял сонсгож, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 80 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Шүүгч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг зарлан явуулж, М.Мт холбогдох эрүүгийн 1712002120064 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнд:

Мөрдөгчийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн шинжээч томилсон тогтоолд хэрэг бүртгэлтийн 1712002120064 дугаартай хэрэгт үнэлгээ шинжилгээ хийлгэхээр хэн гэх үнэлгээчинд даалган, шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 11 сарын 01-ны өдөр гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан, хэнд хэдэн хуудас материал шижлүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд уг тогтоолоор азарга, морь, гүү, шүдлэн, даага гэх нийт 18 тооны адууг зах зээлийн ханшаар үнэлэхийг даалгасан бөгөөд үнэлгээчин А.Бямбажавын 149 дугаартай үнэлгээний тайлангаар азарга, гүү морь, шүдлэн байдас, даага, унага нийлсэн нийт 23 тооны адууны үнэлгээ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-г зөрчсөн, мөн тухай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Д.Рэнцэндоржийг татаж түүний өмчлөлийн мустанг-5 маркийн мотоциклийг прокурорын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ уг битүүмжилсэн мотоциклийг хэрхэн шийдвэрлэсэн баримт байхгүй, яллах дүгнэлтийн хавралтад битүүмжилсэн хөрөнгөгүй гэж ирүүлжээ. Хохирогч Б.Дондовсамбуу, хохирогч Д.Бат-Эрдэнэ нарын алдагдсан 24 тооны адууг гэрч А.Галбадрах нь худалдаж авсан талаар гэрч, яллагдагч нар мэдүүлэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг А.Галбадрах төлж барагдуулсан талаар яллагдагч мөн мэдүүлжээ. Иймд А.Галбадрах нь  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн мөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлүүдийг шүүх хуралдааанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

Мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Бат-Эрдэнэд учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор мэргэжлийн үнэлгээчин А.Бямбажаваар шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдэж шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар хүргүүлсэн бөгөөд шинжээч нь тогтоолд гарын үсэг зурж сануулсан хуулийг санаж шинжилгээг хийжээ.

Мөн шинжилгээ хийлгэх буюу шинжээч томилох тогтоолд хулгайд алдсан адуунуудыг нас, хүйсээр нь дурдаж, унагыг хаалтан дотор эх малтай нь хамт бичсэн. Жишээ нь: хээр гүү/ хээр унагатай/ гэх мэтээр.

Үнэлгээчин А.Бямбажав нь уг тогтоолын дагуу унаганы үнэлгээг бусад адууны хамт гаргасан байхад шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.12 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Яллагдагч М.М нь хохирогч Д.Бат-Эрдэнийн 23, Б.Дондовсамбуугийн 1 тооны адуу, нийт 24 тооны адууг хулгайлж, гэрч Н.Мөнхбатын гар утсаар гэрч Д.Рэнцэндоржтой холбогдож, улмаар 24 тооны адууг мотоциклиор тууж Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гэрч А.Галбадрахад хүргүүлж, худалдсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд А.Галбадрах нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалтад мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл гэрч А.Галбадрах нь хохирлоо нөхөн төлүүлэх, эрхээ сэргээлгэхээр шаардлага, хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоохоор заасан байх бөгөөд А.Галбадрах нь хохирол нөхөн төлүүлэх шаардлага тавиагүй тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл байхгүй байна. Мөн түүнийг шүүх хуралдаанд оролцуулан хохирол төлбөр нэхэмжлэх талаар ямар саналтай байгаа талаар мэдүүлэг авах боломжтой юм.

Мөн яллагдагч М.М нь Мустанг-5 маркийн мотоциклиор хулгайлсан адуугаа туусан гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мотоциклыг Д.Рэнцэндоржийн эзэмшлийнх болохыг тогтоож, прокурорын тогтоолоор битүүмжилж, үнэлгээг гаргуулан хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх ажиллагааны талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй нь зөрчил мөн хэдий ч шүүх хуралдааны явцад дээрх асуудлыг тодруулж, хэрэгт мотоциклыг битүүмжилсэн тогтоол нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг тогтоож, шийдвэрлэх боломжтой юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Мт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч М.М нь ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Эсгэлийн овоо” гэх газраас иргэн Б.Дондовсамбуугийн 1 тооны аргамжаатай байсан морийг ногтны хамт хууль бусаар хулгайлан авч 505.000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Даатар” гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хээр азаргатай 23 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд хэргийн нөхцөл байдал, нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр буцаасан учраас уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгчийн захирамжинд заасан алдаануудыг засуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа үнэлгээтэй холбоотой асуудлаар алдаанууд байгаа учраас эдгээр алдааг засуулах нь зүйтэй. Цааш цаашдаа прокурорууд энэ асуудлыг мөрдөгч нартаа даалгаж сайн шалгах хэрэгтэй гэж бодож байна. М.Мт холбогдох хэргийн тухайд шүүх уг алдааг арилгах боломжгүй учраас нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

    Прокурор шинжээч нь тогтоолд гарын үсэг зурж сануулсан хуулийг санаж шинжилгээг хийсэн, үнэлгээчин А.Бямбажав нь уг тогтоолын дагуу унаганы үнэлгээг бусад адууны хамт гаргасан байхад шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.12 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, гэрч А.Галбадрах нь хохирлоо нөхөн төлүүлэх, эрхээ сэргээлгэхээр шаардлага, хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон, мотоциклийг Д.Рэнцэндоржийн эзэмшлийнх болохыг тогтоож, прокурорын тогтоолоор битүүмжилж, үнэлгээг гаргуулан хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх ажиллагааны талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй нь зөрчил мөн хэдий ч шүүх хуралдааны явцад дээрх асуудлыг тодруулж, хэрэгт мотоциклийг битүүмжилсэн тогтоол нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг тогтоож, шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.Тухайлбал:

2017 оны 10 сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3, 27.1 дүгээр зүйлийн 3-т тус тус заасныг зөрчсөн, хуульд заасан журмыг зөрчсөн тогтоолыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх хууль ёсны гэж үзэхэд эргэлзээтэй байдал бий болох тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь  зүйтэй. Мөн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.4-т заасан яллах дүгнэлтийн хавсралтад ...битүүмжилсэн эд хөрөнгө ...зэргийг тусгана гэсэн заалтыг зөрчсөн, мөрдөн байцаалтын явцад А.Галбадрах нь гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нь бусдаас хохирол нэхэмжлэх эрхгүй тул мөрдөн байцаалтын явцад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хохирол нэхэмжлэх эсэхийг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД                                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                  Г.УЛАМБАЯР