Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1314

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ориент Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ориент Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Бат-Эрдэнэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 67 383 425 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 67 396 425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадрах, Б.Болорчимэг, Б.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Шүрэнчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бат-Эрдэнэ нь тус ББСБ-д 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хандан С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжүгийн гудамж 170а-69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай 70.25 м.кв талбайтай 3 өрөө байрыг барьцаалан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд С.Бат-Эрдэнэд 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөгийг 14/2035 тоот зээлийн гэрээ болон хавсралт 14/4035 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөгийг олгосон. 

С.Бат-Эрдэнийн тус ББСБ-тай байгуулан 14/2035 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд зээлийн үлдэгдэл 44 700 000 төгрөг, зээлийн хүүг 19 107 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 575 972 төгрөг буюу нийт 67 383 425 төгрөгийг нэхэмжилж байна. Нотариатын зардал 13 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Тус ББСБ болон С.Бат-Эрдэнэ нарын байгуулсан 14/4036 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасныг үндэслэн С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны харилцан тохиролцсон үнэлгээг 50 000 000 төгрөг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Бат-Эрдэнэ миний бие тус шүүхэд гаргасан “Ориент Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч өөрийн боломж бололцооны хирээр зээлийн төлбөрийг хангалттай төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бат-Эрдэнээс 30 747 594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 36 648 831 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204025983 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170-А байрны 69 тоот 70.25 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 30 474 594 төгрөгийг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, уг орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Эрдэнээс 311 688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Тус ББСБ нь С.Бат-Эрдэнэтэй 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай 14/2035 тоот Зээлийн гэрээ болон 14/4035 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул 14/2035 тоот зээлийн гэрээний хугацааг С.Бат-Эрдэнэгийн хүсэлтээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сунгасан.

Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт “2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний бүрэн төлж барагдуулаагүй бол.... 2.1.2-д заасан зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө." гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү бодогдсон.

Мөн зээлийн гэрээний 2.4-т "Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө." гэж тус тус заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл бодогдсон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу зээл төлөлтөнд харилцан тохиролцсоны үндсэн дээр хувиарилж тооцсон. Тухайн үед зээл төлөлтийн хувиарилалтанд С.Бат-Эрдэнэ нь гомдол гаргаагүй болно.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр сунгалтын гэрээнүүдийг огт хүлээн авч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнийг огт хүлээн авч үзэлгүй шийдвэр гаргасан. Шүүгчийн бодож гаргасан аргачлал нь тодорхой бус ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 36 648 831 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тус ББСБ нь С.Бат-Эрдэнэтэй байгуулсан 14/4035 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-т зааснаар С.Дарьсүрэнгийн өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 50 000 000 төгрөгөөр С.Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу С.Бат-Эрдэнэтай харилцан тохиролцсон үнэлгээ болох 50 000 000 төгрөгийн 70% буюу 35 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ гэж тогтоох бүрэн боломжтой байна. Учир нь үнэ тогтоохыг хориглосон хуулийн заалт байхгүй. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно." гэж зааснаас үзвэл тус ББСБ нь үнэ тогтоолгох бүрэн эрхтэй байна. Үүнээс үзэхэд тус ББСБ-ын нэхэмжлэлийн 5 дах шаардлагыг хуулийн заалт заалгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд 36 648 831 төгрөг буюу нийт 67 383 425 төгрөгийг тус ББСБ-д С.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 50 000 000 төгрөг болохыг тогтоож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмыг дагуу явуулсан боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь хариуцагч С.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 383 425 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 67 396 425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч С.Бат-Эрдэнэ нь  сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоотод байрлах, 70.25 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 9-13 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж  зөв дүгнэсэн байна.

 

Түүнчлэн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасныг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг  2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан байх тул 22 сар, 12 хоногийн хүү 44 800 000 төгрөг, үндсэн зээл 50 000 000 төгрөг, нийт 94 800 000 төгрөгийг зээлдэгч С.Бат-Эрдэнэ төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс зээлдэгч нь гэрээний хугацаанд 45 322 552 төгрөгийг  төлсөн болох нь  хэрэгт авагдсан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдсон.

 

Төлөх ёстой үүргээс төлсөн дүнг хасч тооцвол 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагчийн үүрэг 49 477 448 /94 800 000-45 322 522/ төгрөгөөр тодорхойлжээ.

 

Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь 10 000 000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүн төлүүлнэ” гэж зааснаар үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.  

Иймд хариуцагч С.Бат-Эрдэнэ нь 39 477 448 төгрөг /49 477 448-45 322 552-10 000 000/ төлөх үүрэг хүлээсэн байжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэ хугацаагаар тооцвол зээлдэгч нь 12 сар, 21 хоногийн зээлийн хүү 20 540 531 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 010 906 төгрөг, нийт 24 551 437 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч С.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт нийт 63 542 885 төгрөг /39 477 448+24 551 437/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК–д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын төлбөрт 13 000 төгрөг төлсөн болох нь нотариатчын тодорхойлолтоор тогтоогдсон тул анхан шатны шүүх дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэртээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  нэрийг буруу бичснийг зөвтгөх боломжтой, мөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс 30 474 594 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсныг хүчингүй болгох нь зүйтэй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдаа явуулсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нэмэгддэг тул шийдвэрт үнийг заах шаардлагагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагддаг тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг урьдчилан тодорхойлох боломжгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “30 747 594 төгрөг” гэснийг “63 542 885 төгрөг” гэж, “36 648 831 төгрөг төгрөг” гэснийг “3 853 540 төгрөг” гэж,

2 дахь заалтын “албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 30 474 594 төгрөгийг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж ” гэснийг “албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” гэж,

3 дахь заалтын “311 688 төгрөг” гэснийг “475 664 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 195 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                         

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                        

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА