Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Чгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Ч

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б

Хэргийн индекс: 111/2022/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чгээс гаргасан “Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Д.Чд сахилгын шийтгэл ногдуулах тухай 13 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Ч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаартай шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чгээс Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарсан хугацаа хүртэл гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах “ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Ч миний зүгээс шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Миний бие 2006 онд Их Засаг Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газрын Төрийн Захиргаа, хууль эрх зүй, иргэний бүртгэлийн ажилтнаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулсан Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцож, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамжаар томилогдон ажилласан. Тус албан тушаалд ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Соёрхол” одон, Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтнаар тус тус шагнагдсан, 2009 оноос хойш төрийн албанд ажиллахдаа ёс зүйн болон сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудыг чанд мөрдөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилласан болно. Гэтэл Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамжаар намайг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалсан гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжийг тус тус гарган намайг ажлаас халсан бөгөөд энэ тухайгаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Гэтэл миний бие 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байгаа бөгөөд шалтгаан нь Д.Ө дарга 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан байсан. Энэ хугацаанд миний бие хуулийн хугацаанд холбогдох газар болон Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргаад Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах гээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулан хариугаа хүлээгээд байж байсан. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 10 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн, мөн энэ өдөр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжийн төсөл танилцуулж сонсох ажиллагаа явуулсан.

Энэ нь хавтас хэрэгт авагдсан “ Д.Ч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан тасалгаанд ирж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамжтай танилцлаа гээд танилцуулсан Д.Ө, танилцсан Д.Ч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 28 минут гэх нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүхээс намайг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамж гарсныг мэдсэн болох нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Чгийн гар утас уруу нь ярьсан гэх хариуцагчийн тайлбар, түүний гар утас уруу залгасан баримт, түүний цахим хаягаар илгээсэн баримт, нэхэмжлэгч Д.Чгийн “халсан шийдвэрээ хүчингүй болгосон гэж 2022 оны 05 дугаар сарын 30-ны 18 цагийн үед утсаар хэлсэн” гэх сонсох ажиллагааны тэмдэглэл, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1а/22 дугаар мэдэгдлээр , 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн захирамж алдаатай гарсан тул захирамжийг хүчингүй болгосон, захирамж хүчингүй болсон тухай мэдэгдсэн ажилдаа ирэхгүй байгаа нь төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа алдагдуулж байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт ажилдаа бэлэн ирнэ үү. Ажилдаа ирэхгүй байгаа нь хариуцлага тооцох үндэслэл болно гэдгийг сануулж байна” уг мэдэгдлийг хүргүүлсэн баримт зэргээр нотлогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч Д.Ч нь ажлаас халсан захирамж хүчингүй болсныг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг дэх өдөр мэдсэн гэж үзэхээр байна гэжээ. Үүнийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэгч Д.Чгийн “халсан шийдвэрээ хүчингүй болгосон гэж 2022 оны 05 дугаар сарын 30-ны 18 цагийн үед утсаар хэлсэн” гэх сонсох ажиллагааны тэмдэглэлд бичсэн үгийн агуулгыг буруу тайлбарлаж намайг 2022 оны 05 дугаар сарын 30-ны 18 цагийн үед мэдсэн мэтээр дүгнэж бичсэн байна. энэ талаар шүүх хурал дээр тодруулж асуугаагүй. Харин үүнийг би мэдсэн агуулгаар биш “05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед утсаар хүчингүй болгосон гэж мэдэгдсэн бөгөөд 31-ний өдөр ирээгүй гэж 20 хувь гэх байгаа нь ойлгомжгүй байна гэсэн утгаар бичсэн бөгөөд хариуцагч тал надад захирамжаа “05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед утсаар хүчингүй болгосон гэж мэдэгдсэн бөгөөд 31-ний өдөр ирээгүй тул 20 хувь гэж хассан гэж тайлбарласан тул энэ нь ойлгомжгүй байна гэж би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 41 минутад “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас” дээр бичсэн гэтэл үгийн утга санааг миний эсрэг ашиглаж шүүх шийдвэр гаргасан байна. Шүүхийн нотлох баримтаар үнэлсэн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас” буюу сонсох ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр явуулаагүй, надад мэдэгдээгүй, харин бэлдсэн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас” дээр надад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 41 минутад үзүүлсэн тул энэ өдөр танилцаж он сар хугацааг бичиж гарын үсэг зурсан. Шүүх 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Чгийн гар утас уруу нь ярьсан гэх хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна гэж үзсэн гэтэл над руу хариуцагч тал залгаагүй надтай яриагүй миний хувьд 98ххх гэсэн утастай бөгөөд 99хххх гэсэн дугаарыг миний охин н.Төгс-Оюун барьдаг.

Мөн би “Д.Ч” гэсэн цахим хаягтай боловч байнга ашигладаггүй бага хүү 2 настай тул миний утсаар хүүхэлдэйн кино үздэг утаснаас хамааралтай тул би тэр болгон утас ашигладаггүй мөн явуулсан гэх бичиг баримт дээр зүрх гэх эмож дарсан баримт гаргаж өгсөн нь миний хувьд намайг уг цахим хаягийг ашигладаггүй болохыг нотолж байна. Учир өөрийн эсрэг явуулсан бичиг баримт дээр зүрх дараад суудаг хүн байхгүй.Ажил дээр хэрэглэгдэж байсан компьютер дээр миний цахим хаяг байсан би түүнийг хаагүй тул хариуцагч тал миний цахим хаягийг ашигласан байх боломжтой. Хариуцагч талын зүгээс манай гэрийн гадаа ирж надад мэдэгдэл, захирамж гардуулах гэж байгаагүй намайг хашааны хаалгаа тайлж өгөөгүй гэж худал ярьсан бөгөөд манай хөдөө нутагт хашааны хаалга түгждэг айл байхгүй. Хариуцагч Д.Өгийн хувьд намайг Монгол ардын намынхантай холбоотой гэж ад үзэж хавчин гадуурхаж хэд хэдэн удаа ажлаас халах гэж оролдож байсан бөгөөд үүнээс болж бид хоёрын хооронд маргаан гарч байсан. Иймд миний бие хариуцагч талыг Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд “Захиргааны актыг мэдэгдэх” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Үүнд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “3ахиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.5-д “3ахиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно”, 43.6-д “3ахиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно”, 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.гэж заасан хуулийн заалтыг баримтлаагүй байна” гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “3ахиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасан байхад нотлох баримтын шаардлага хангахгүй миний утас руу залгасан эсэхийг тогтоогоогүй, тухайн дугаарыг би эзэмшдэг эсэхийг тогтоогоогүй, миний цахим хаяг мөн эсэх нь мэдэгдэхгүй, нүүр зураг тавиад хуурамч цахим хаяг байсан эсэх нь мэдэгдэхгүй ийм хууль бус баримт гаргаж өгснийг шүүх үнэлэн намайг хохироож байгаад гомдолттой байна. Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамж гарсны дараа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай “Сонсгол явуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гарсан нь намайг зохион байгуулалттайгаар ажилгүй болгох, сонсох ажиллагаа явуулаагүй болохыг тус тус нотолж байна. Миний хувьд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосон 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамжийг танилцуулаагүй байж дахин 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “ Д.Чд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гарган надад сахилгын шийтгэл оногдуулсан энэхүү захирамжаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцуулаад дахин 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Д.Чг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай “ захирамж гарган намайг халсан нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Үндсэн хууль болон холбогдох хууль журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай захирамжийн эрх зүйн үр дагаврыг арилгаагүй байхад давтан давтан надад сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч намайг захиргааны шүүхэд тайлбар бичиж өгөхдөө үндэслэлгүйгээр гүтгэж байсан бөгөөд бичсэн зүйлээ нотлох баримтаар нотлоогүй. Шүүхийн шийдвэрийн 20 дахь талд нэхэмжлэгч Д.Чгийн ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг утсаар ярьж хэлсэн боловч гардаж аваагүй, намайг ажилд буцаан томилсон шийдвэр гараагүй 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа очоогүй ...гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх .... тул төрийн албанаас халсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамж нь дээрх хуулиудад нийцсэн байна гэж дүгнэлээ гэжээ. Гэтэл би шүүх хуралд ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг утсаар ярьж хэлсэн боловч гардаж аваагүй гэж би хэлээгүй байхад хэлсэн мэтээр бичиж үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Хөдөө орон нутагт хурлын байгууллагад Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа сонгогдсон төлөөлөгч, дарга нар нэг ашиг сонирхолтой, ах дүү хамаатангууд байдаг тул өөрсдийн ашиг сонирхолд нэгдээгүй хүнээ хавчиж гадуурхах бусдын хөдөлмөрлөх эрхэд халдаж холбогдох хууль журмыг зөрчиж үзэгний үзүүрээр бусдын амьдралыг хохироож байна. Иймд шүүх хариуцагч талын гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг буруу үнэлэн холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй миний хэлж яриагүй зүйлийг ярьсан мэтээр дүгнэж бичсэн байх тул хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Амаржаргал гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Г.Амаржаргал миний бие Баянхонгор аймгийн Баянговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2022 оны 09 сарын 28-ний өдөр сонгогдон ажиллаж эхэлсэн ба тухайн үед ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Өд гомдлыг танилцуулж холбогдох тайлбарыг авсны үндсэн дээр Д.Чгийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Д.Чд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж эргээд 2022 оны 5  дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан захирамжаа хүчингүй болгоод ир, ирж ажлаа гэж /гар утсаар, цахим мессежеер, албан бичгээр/ зөндөө мэдэгдсэн боловч өөрөө ажилдаа ирээгүйгээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан.

2. Утсаа авдаггүй, ажилдаа ирдэггүй, гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй, гудамжинд тааралдахаар өөр тийшээ явчихдаг. Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь 2 орон тоотой. Хурлын нарийн бичгийн дарга нь ажилдаа ирдэггүй, өөрөө хурлын даргын ажлаас гадна нарийн бичгийн даргын ажлыг хийнэ, Д.Чг ажил хийлгэх гэж, шийдвэр тушаал танилцуулах гэж араас нь хөөцөлдөнө. Өөр яах ёстой байсан юм болоо. Д.Чд сонсох ажиллагааг хийсэн, шийдвэрийг мэдэгдсэн гэдгийг энэ хүн мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа. Энэ талаар тайлбар баримтаа ч шүүхэд өгсөн байгаа.

3. Д.Ч нь иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа албан ёсоор 99хххх дугаарыг барьж байсан. Охиныгоо энэ дугаарыг барьдаг байсан гэж худлаа мэдүүлжээ. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 8:30-9:00 цагийн хооронд тус дугаар луу залгасан. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед 99хххх дугаар луу залгахад Д.Ч утсаа авсан чимээ ихтэй байсан сумын соёлын төв дээр байна гэж ойлгоод цонхоор хараад ярихад соёлын төвөөс яриад гарч ирсэн, охин байгаагүй ганцаараа гарч ирсэн, ажлаас халсан захирамжаа хүчингүй болгосон тухайгаа хэлээд ажилдаа ирээрэй гэтэл, гар гэхээр гарч, ор гэхээр гүйгээд очих уу гэсэн. Д.Ч нь өмгөөлөгчтэйгээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” дээрээ ч 99хххх дугаараа бичсэн байгаагаар түүнийг энэ дугаарыг ашигладаг гэдэг нь нотлогдож байна.

4. Д.Ч гэсэн хаягаа "байнга" ашигладаггүй гэжээ. Харин 2 настай хүү нь утсыг ашиглаж кино үздэг болохоор, бичиг баримт дээр зүрхэн эмож дардаг, олон нийтийн сүлжээнд пост үлдээдэг, хэн нэгэн рүү мессеж явуулдаг гэж хэн ч хэлэхгүй лавтай, худал тайлбар гаргасан байна. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 23- ны өдөр иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаан хийж байхад Д.Ч нь мессеж бичээд зүрхэн эможтой мессеж ирүүлсэн( баримт хавсаргав). Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өөрийгөө (энэ хаягаа) хэрэглэдэггүйг нотолж байна гэсэн мөртлөө яг энэ үедээ хэрэглэж байгаагаа нотолсон. Өөрт нь хамааралтай шийдвэр дээр өөрөө ч, хүний өмнөөс баярлаж байгаа гээд мессеж ирүүлсэн хавсаргав.

5. Д.Ч нь ажил дээр ашиглаж байсан компьютерийг ашигласан гэжээ. н.Ө би хэзээ ч тийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ хэлье. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Ч нь иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын ажлаа хүлээлгэж өгөөгүй, албан өрөөнд нь хэнч ороогүй, бүх зүйл өөрт нь байхад, өөрт хамааралтай бичиг баримт дээр зүрхэн эмож дарж хариу ирүүлсэн. Д.Чг хариу үйлдлээ зүрхээр илэрхийлдгийг харуулжээ гэж үзсэн. (Баримт хавсаргав)

6. Д.Ө би Д.Чгийн гэрт яг хэд очих байсан юм бол. Очиход хаалга нь түгжээтэй, залгахаар утсаа авахгүй, хажуу айлын хүн нь хашаандаа машинаа оролдоод машин дээрээ зогсож байхаар нь танай хажуу айл хаалгаа онгойлгодоггүй гээд хэлж байсныг хөрш айлын хүн нотолно. Хариуцагч Д.Өгийн хувьд намайг Монгол ардын намынхантай холбоотой гэж ад үзэн хавчин гадуурхаж хэд хэдэн ажлаас халах гэж оролдсон бөгөөд үүнээс болж бид 2-ын хооронд маргаан гарч байсан гэж худлаа хэлжээ. Д.Ө би 1976 онд Баянговь сумдаа төрсөн 2 охин, зээ хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Сумын хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож 2012- 2016 онд хурлын даргын албан тушаалыг хашиж байхдаа 2014 онд Д.Чг томилон хамтран ажилласан. Энэ хугацаанд нэг ч удаа маргаан гарч байгаагүй ээ. 2020 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр анхдугаар хуралдаанаар хурлын даргаар сонгогдсон. Д.Ч нь 11 сард ажилдаа тоотойхон хоног ирсэн бөгөөд ирсэн үедээ ажилдаа хайнга ханддаг байсан. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын байгууллагын өдөр тутмын ажил, төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа шууд зогссон. Ажлын цагаар ажилдаа ирээ гэж хэлсний төлөө Д.Ч, түүний ээж, нөхөр 3 ирж албан тасалгаанд ажил хий гэлээ гээд анх маргаан эхэлсэн. Өмнө нь 4 жил гэрээсээ ажлаа хийсэн, чи муу яахлаараа заавал эндээс хий гэдэг юм, гэрээсээ ажлаа хийнэ гэж элдвээр хэлж бархираад байхыг ард иргэд мэднэ. Нөхөр нь өрөөний хана цохиж аваад, намайг цохих гэж гараа далайж гэрээсээ ажлаа хийнээ, битгий дарамтлаад бай гээд элдвээр дайраад байсныг Засаг даргын Тамгын газрын жолооч сугадаад аваад гарсан. Өөрөө байнга нам ярьж хэдэн төлөөлөгчдийг үзэн ядаж, хурлын хуралдаан, тэргүүлэгчдийн хурлыг дундаас нь хаяад явчдаг. Миний хувьд уян хатан байж, аль болох ойлголцохыг, ажлаа ном журмын дагуу явуулахыг хичээж ирсэн. Гэвч ИТХ, төрийн байгууллага гэдэг Д.Ч гэдэг хувь хүний хувийн занар чанар амбицаа гаргадаг, дуртай үедээ ажиллаж, дургүй үедээ ажилладаггүй дур зоргын газар биш юм. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих хууль журмын дагуу явуулахыг ойлгуулах гэж хичээж ажилласан. Зохих ёсны шаардлага тавихаар уурладаг. Төрийн албан хаагч хүнд байж боломгүй муу муухай, худал хуурмаг зүйлийг Д.Чгээс олж хараад би, одоо ч айж байна. Анхан шатны шүүхэд Ч.Чг ажилдаа ямар ханддаг талаар тайлбар гаргасан тул дахин бичсэнгүй ээ. Энэ хүний талаар Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл (сумд ажиллахад, амаар) Улаанбаатар хот Төрийн албаны зөвлөлийн маргаан хянах газрын ахлах референт М (99хххх)-д төрийн алба хашиж байсан хугацааны тайлбарыг амаар, бичгээр хүргэсэн нь миний бие худлаа яриагүйн нотолгоо болно.

7. Д.Ч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн дагуу төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, ажлаа тасалдаг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэдэггүй. Энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэдгийг гуйвуулж бичээд байгааг ойлгохгүй байна.

8. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 07 дугаартай захирамжийг хүчингүй болгосон гэдгийг Д.Ч мэдсээр байж ажилдаа ирээгүй. Ямар зорилгоор ажилдаа ирэхгүй байсан нь ойлгомжгүй байна.

9. Хариуцагчийн хувьд баримт тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байгаа.

10. Д.Чгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд оролцсон хүмүүс гэрчилнэ, хуралдааны тэмдэглэлээр ч нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 шийдвэр үндэслэлтэй гарсан тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг  хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.4-д заасныг үндэслэн, тус Хурлын нарийн бичгийн дарга Д.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалж, ... төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж, цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д заасныг үндэслэн Д.Чг ... нийтлэг үүргээ удаа дараа биелүүлээгүй, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл” тус тус ногдуулжээ.

2. Хариуцагч Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг үндэслэн тус Хурлын нарийн бичгийн дарга Д.Чг Төрийн албаны тухай хуулийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд Д.Чг гомдол гаргаснаас хойш 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжаараа уг 07 дугаар захирамжаа хүчингүй болгон, Д.Чд сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалинг бодож олгохыг нягтлан бодогчид үүрэг болгосон байна.

3. Нэхэмжлэгч Д.Ч нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлдээ “уг 10 дугаар тушаал болон сахилгын арга хэмжээ авсан 13 дугаар тушаалыг мэдэгдээгүй атлаа ажил тасалсан гэж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй”  гэж маргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан утсаар ярьсан тэмдэглэл, цахим хаягаар болон цахим хэлбэрээр /чат хаягаар мессеж үлдээсэн/ илгээсэн баримт, цагийн бүртгэл, сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, мэдэгдэл зэрэг баримтууд, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “... захирамжийг гардаж аваагүй, ажилд томилсон шийдвэр гараагүй учраас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа очоогүй” гэх тайлбаруудыг үнэлж, “... нэхэмжлэгч нь ажлаас халсан захирамж хүчингүй болсныг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн атлаа 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 13 дугаар захирамжийг мөн өдрөө мэдсэн атлаа 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус “ажлаа тасалсан” нь тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

4. Нэхэмжлэгч Д.Ч нь давж заалдах гомдолдоо “... шүүх ... хэрэгт авагдсан сонсох мэдэгдэх ажиллагааны талаарх баримтуудыг буруу үнэлсэн, агуулгыг нь буруу ойлгосон, утсаар ярьсан гэх 99хххх дугаарын утсыг манай охин барьдаг, би “Д.Ч” гэх цахим хаягтай боловч байнга ашигладаггүй, бага хүү 2 настай миний утсаар хүүхэлдэйн кино үздэг тул эможи, зүрх дарсан ... баримт өгсөн байна, ... ажил дээрээ хаагаагүй цахим хаягийг хариуцагч ашигласан байх боломжтой, ... нотлох баримтын шаардлага хангаагүй эдгээр баримтыг үнэлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасныг хариуцагч баримтлаагүй байхад шүүх ийм баримтыг үнэлж, намайг хохироож байгаад гомдолтой” гэжээ.

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Чгээс хариуцагчийн 2022 оны 07 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр огноолсон гомдолд өөрийн хаяг, утасны дугаарыг 99хххх гэж бичсэн байдал, хариуцагчийн уг дугаарын утсаар удаа дараа залгасан, мессеж бичсэн баримт, “Д.Ч” гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь зураг бүхий цахим хаягаар удаа дараа мэдээлэл хүргүүлсэн баримтууд, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1317 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хаяг, мөн утасны дугаарыг бичиж, хариуцагчийн гаргасан 2022 оны 10 дугаар захирамжийг хүргүүлсэн байдал, нэхэмжлэлд “... Д.Ө дарга хүчингүй болгосон захирамжаа надад мэдэгдээгүй, ажилд буцаан томилсон шийдвэр гаргаагүй ...” гэх зэргээр дурдсанаас үзвэл анхан шатны шүүхийн дээр дурдсан баримтуудыг үнэлж “... нэхэмжлэгч нь ажлаас халсан захирамж хүчингүй болсныг мэдсэн” гэж үзсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Чгийн төрийн байгууллагад гаргасан гомдолд бичсэн утсаар нь болон өөрийнх нь зураг бүхий цахим хаягаар удаа дараа холбогдож мэдэгдсэн талаарх хариуцагчаас ирүүлсэн баримтууд нь “... надад огт мэдэгдээгүй, уг дугаарын утсыг манай охин барьдаг, ... 2 настай хүүхэд цахим хаягийг ашиглаж хүүхэлдэйн кино үздэг. ... хариуцагч нь ажил дээр хэрэглэж байсан цахим хаягийг ашигласан байх боломжтой”  гэх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр няцаагдах боломжгүй байна. 

7. Иймд хариуцагчийн мэдэгдэх ажиллагаа явуулсантай холбоотой тайлбар, баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамж хүчингүй болсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэж үзэхээргүй байх тул уг гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

8. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... хариуцагч Д.Өгийн хувьд намайг ... ад үзэж, хавчин гадуурхаж хэд хэдэн удаа халах оролдлого хийж байснаас маргаан гарч байсан ... нэг ашиг сонирхолтой хамаатнууд байдаг учраас нэгдээгүй хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, хохироож байна” гэжээ.

9. Хэрэгт энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон, уг шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байсан талаар баримт авагдсан, мөн 07 дугаар захирамжаар дахин нэхэмжлэгчийг халсан байх боловч уг 07 дугаар захирамжаа 10 дугаар захирамжаараа хариуцагч өөрөө хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг нягтлан бодогчид даалгаж, нэхэмжлэгч Д.Чг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, эерэг үйлчлэлтэй захирамж гаргасан байх бөгөөд маргаан бүхий актууд нь уг шийдвэр гарснаас хойших үйл баримттай холбоотой байх тул анхан шатны шүүх энэ хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэснийг уг гомдлын дагуу буруутгах үндэслэлгүй.

10. Өөрөөр хэлбэл уг 10 дугаар захирамжаа мэдэгдэх талаар хариуцагчийн зүгээс авсан арга хэмжээг нотолж ирүүлсэн баримтуудаас үзвэл “зориуд мэдэгдээгүй” гэж, харин нэхэмжлэгчийг “мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнээс хойш ажилдаа ирээгүй нэхэмжлэгчийг “ажил тасалсан” гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4-д заасанд тус тус нийцээгүй гэж үзэхээргүй байна.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Чгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ