| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2018/0031/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 26
|
|
Прокурор Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ
Хохирогч Ж.Д
Нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Гт холбогдох 1812001140097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар баг Туулант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б ын Г
Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Харгана” гэх газарт иргэн Ж.Дгийн толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч Б.Гт холбогдох эрүүгийн 1812001140097 тоот хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсаны дараа энэ хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна...” гэж, мөн зүйлийн 31.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно...гэж тус тус хуульчилсан. 2018 оны 03 сарын 28-ны өдөр прокурорын тогтоолоор Б.Гийг яллагдагчаар татаж, түүнээс 2018 оны 04 сарын 03-ны өдөр мэдүүлэг авахдаа тогтоол танилцуулсан талаар тэмдэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг бүрэн танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч 122 дугаар дүгнэлтэд хохирогч Ж.Дд тархи доргилт гэмтэл учирсан талаар заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана...” гэж заасан байх бөгөөд шинжээч ямар үндэслэлээр хохирогчид тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон талаар үндэслэлээ дурдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг шүүх хуралдааанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Гт холбогдох эрүүгийн 1812001140097 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”
Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Хянавал:
Яллагдагч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Харгана” гэх газарт иргэн Ж.Дгийн толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тус прокурорын газраас Б.Гт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 94 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүгч 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан явуулж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай захирамжаар Б.Гт холбогдох эрүүгийн 1812001140097 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Шүүгчийн захирамжид:
Яллагдагч Б.Гт холбогдох эрүүгийн 1812001140097 тоот хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа энэ хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна...” гэж, мөн зүйлийн 31.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж тус тус хуульчилсан.2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр прокурорын тогтооолоор Б.Гийг яллагдагчаар татах түүнээс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг авахдаа тогтоол танилцуулсан талаар тэмдэглэсэн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг бүрэн танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч 122 дугаар дүгнэлтэнд хохирогч Ж.Дд тархи доргилт гэмтэл учирсан талаар заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж заасан байх бөгөөд шинжээч ямар үндэслэлээр хохирогчид тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон талаар үндэслэлээ дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэжээ. Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:
1. Яллагдагч Б.Г нь тус аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Туулант гэх газар оршин суудаг болох нь түүний мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон бөгөөд мөрдөгч Д.Алтанхүү нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Гт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулж тогтоолд гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна...” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “даруй” гэж боломжит богино хугацааг ойлгохоор тус тус заасан байх бөгөөд боломжит богино хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хүрэлцэн ирэх цаг хугацаа, орон зайнаас хамаарч өөр өөр байх нь ойлгомжтой юм.
Яллагдагч Б.Гийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар дуудаж, боломжит богино хугацааны дотор ирэхэд нь тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авчээ.
Нөгөөтэйгүүр дээрх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзсэн тохиолдолд уг зөрчлийг хэрхэн засаж, зөвтгөх нь тодорхойгүй, боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
2. Хохирогч Ж.Дгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор мөрдөгч нь шинжээч эмч томилсон тогтоол гаргаж, шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, мэргэшил, ажилласан хугацааг харгалзан түүнд 4 асуултыг тавьжээ.
Шинжээч эмч С.Хишигмаа нь мөрдөгчийн шийдвэрийн дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд иргэн Ж.Дгийн биеийг биечлэн үзэж 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтэд иргэн “...Ж.Дгийн биед тархи доргилт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэж дүгнэсэн.
Гэтэл шүүх шинжээч ямар үндэслэлээр хохирогчид тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон талаар үндэслэлээ дурдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шинжээч эмч С.Хишигмаа нь иргэн Ж.Дгийн биед учирсан тархи доргилт гэмтлийг тогтоохдоо нэгдүгээрт үзүүлэгчийн тухайн үед хэлсэн зовиурыг үндэслэсэн байдаг. Үүнд “...дотор муухай оргиод гадаа гарч бөөлжсөн, одоо толгой өвдөж, дотор муухайрна, нүдний уг руу халуу оргиод харанхуй юм гүйгээд байна...” гэснийг, хоёрдугаарт дээрх зовиурыг үндэслэн шинжээч эмчийн бодит үзлэгээр илэрсэн шинж тэмдэг болох “...биеийн байдал дунд, алиманд хөндлөн болон босоо чичирхийлэлтэй, хэл голын шугамаас бага зэрэг баруун тийшээ хазайсан, дагзны булчингийн хөшөнги 1 хуруу” гэсэн шинж тэмдэгүүдээр тус тус хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоожээ. Уг хэрэгт шинжээч эмч нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.8-т заасан шинжлүүлэгч нь шинжилгээний байгууллагад өөрийн биеэр ирж үзлэг шинжилгээ хийлгэж болохоор заасны дагуу шинжлүүлэгчид үзлэг хийж дүгнэлтээ гаргасан байна. Мөн шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл өөрийн санаачлагаар болон оролцогчийн хүсэлтээр дүгнэлтийг дахин гаргуулахаар шинжээч томилох, эсвэл шинжээч эмч С.Хишигмааг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авч дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлуулах зэргээр уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад нэмэлт мөрдөн байцаалтанд үндэслэлгүйгээр буцаажээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Гт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ний орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Харгана гэх газарт иргэн Ж.Дгийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон. Уг хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 400 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж нь хууль зөрчсөн. Мөн нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримт нь ямар үйлдлийг нотолсон, хэний мэдүүлэг нь шүүгдэгч Б.Гийн үйлдлийг нотолсон, хэний мэдүүлэг нь нотлоогүй гэдгийг мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 400 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний зүгээс 3 асуудлыг тавьсан. Гэвч прокурорын зүгээс тайлбар дүгнэлт гаргасангүй. Тийм учраас Б.Цэнд-Аюушийг гэрчээр асууж өгнө үү. Б.Цэнд-Аюуш нь тухайн үед болсон нөхцөл байдлын талаар энэ хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг өөртөө агуулж байгаа. Мөн гэрч, хохирогч нарын хоорондын мэдүүлгийн зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлтээ дэмжиж байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт нь бодит гарсан эсэх тал дээр эргэлзээтэй байгаа. Ийм учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах. Дахин гаргуулахдаа шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилох гэсэн асуудлуудаар Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 400 дугаартай захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хохирогч Ж.Д, шүүгдэгч Б.Г нар нь гэр бүлийн төрөл садангийн хүмүүс. Тиймээс шүүгдэгч Б.Гийн гэр бүлийн гишүүдийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь зөрчиж байна. Өмгөөлөгч миний зүгээс хавтаст хэргийн материалыг шинжлэн судлаж үзэхэд тухайн хэргийн оролцогч биш хүмүүст хэргийн материалаас танилцуулж гарын үсэг зуруулж авсан байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хохирогч Ж.Дгийн төрсөн дүү болох Оюунцэцэгт хавтаст хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан байсан /хх-45х/. Мөн гэрч Наранцэцэгт хавтаст хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан байсан /хх-47х/. Эдгээр гэрч нарын мэдүүлгийг хүчингүй тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг шинээр гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Тухайлбал:
Архангай аймгийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Г холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэж, тогтоолыг Б.Гт даруй танилцуулахыг мөрдөгчид даалгасан байна.
Мөрдөгч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Гт тогтоолыг танилцуулж, эрх үүрэг тайлбарлан, мэдүүлэг авсан нь хуульд зааснаар даруй буюу боломжит богино хугацаанд танилцуулсан гэж үзэхээр байна. Мөн уг тогтоолыг хүчингүй болгож, дахин тогтоол үйлдэж, танилцуулах нь хэргийн бодит байдал болон зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна.
Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрх нээлттэй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Цэнд-Аюушийг гэрчээр тогтоож, мэдүүлэг авахуулах, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй бөгөөд зөрүүг арилгуулах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр мөрдөн байцааалтанд хэргийг буцаах нь зүйтэй гэж өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, Цэнд-аюуш тухайн үед хэрэг болсон гэх газар байгаагүй тул хэргийн бодит байдлыг тогтооход түүний мэдүүлэг шаардлагагүй, шаардлагатай бол шүүх шинжээч томилох эрхтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй юм.
Б.Гын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ