Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 24-14 тоотод оршин суух, Дайчин овогт Энхбаатарын Энхчимэг /КЮ85011108 /-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын захиргаанд холбогдох

    Урьд ажиллаж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Мөрөн нисэх буудлын захиргааны нислэгийн мэдээллийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

    Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Э.Энхчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Мөрөн нисэх буудлын захиргааны дарга Д.Хишигбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Э.Энхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхчимэг би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын даргын Б/103 тоот тушаалаар тус байгууллагын Нислэгийн мэдээллийн ажилтнаар ажиллаж эхлэсэн билээ. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байтал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцласан ба ажил олгогч тушаалд заасан үүргээ буюу сургалтанд хамруулалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

       Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв. 

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаас хасч өгнө үү. Нэг талыг барьсан нотлох баримт байна. Өнөөдрийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн тухайд программист мэргэжилтэй хүн юм байна. Нислэгийн мэдээллийн ажилтаныг ийм мэргэжилтэй ажилтан байна гэж заагаагүй байдаг. Тухайн хүний хувь заяатай холбоотой асуудал яригдаж байна. Нислэгийн мэдээллийн ажилтан гэж ямар хүн байх вэ. Энхчимэгийн тухайд анх ажилд авахдаа зөрчилтэй тушаал гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байна. Энэ тушаал нь хүчинтөгөлдөр хэрэгжиж байгаа. Энхчимэгийг танилцах сургалтанд хамруулаагүй байж түүнийг ажлаас халах нь наад захын асуудал гэж бодож байна. Энхчимэгийн нисэхийн мэдээллийн ажилтаны сургалтанд хамруулаад сургаж авах талаас нь арга хэмжээ бодоогүй, ажлаас нь халах сонирхолтой байсан. Энхчимэгийн тухайд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон зүйл байхгүй. Ажилдаа авчихаад шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай юм. Эхлээд тухайн ажилтандаа ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж дүгнэлт гаргах ёстой. Мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгт байхгүй байна. Тиймээс шүүх хууль хэрэглээний тал дээр нь дүгнэлт гаргах ёстой байх гэж бодож байна. Холбогдох баримтуудыг харж байхад дүрмийн шаардлага хангаагүй байгаа нь ажлаас халах нөхцөл болохгүй гэж үзэж байна гэв.   

     Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга ажилтай Д.Хишигбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нислэгийн мэдээллийн ажилтан гэдэг нь онцгой чиг үүрэг бүхий мэргэжлийн нэг юм. Нисэх багтай хамт нислэг хийдэг, нисэх багтай харьцдаг ажил шүү дээ. Тиймээс тусгай мэргэшил шаадлагатай байсан учир ажлаас нь чөлөөлсөн.

      Нисэхийн Ерөнхий газраас мэргэжлийн бус хүнээ ажлаа хал гэсэн албан бичгийг байнга ирүүлж байсан. Би хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоод ажлаас нь халъя гэхэд хөдөлмөрийн маргаанаас илүү хүний амь нас яригдаж байна шүү дээ, наад хүнээ хурдан чөлөөл, гэсэн албан шаардлагыг байнга тавьж байсан. Мэргэжил мэдлэг таарахгүй хүнийг сургалтанд хамруулах шаардлагагүй гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч   Э.Энхчимэг нь   хариуцагч   Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын захиргаанд холбогдуулан урьд ажиллаж байсан Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч Э.Энхчимэг ажил олгогч нь тушаалд заасан үүргээ буюу сургалтанд хамруулалгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлаж, намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж, харин хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, туршилтын хугацаанд ажилтан нь уг ажлыг гүйцэтгэх чадваргүй гэж үзсэн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж маргажээ.

    Э.Энхчимэг нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтанаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 тоот тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн ба ажил олгогчтой 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй  хэсгийг тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Иргэний нисэхийн Ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.7, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн  Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын дарга Д.Хишигбат нь “Нислэгийн мэдээллийн ажилтан Э.Энхчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, ИНД-65-ын дагуу нислэгийн мэдээллийн ажилтаны ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон цуцалсугай” гэсэн заалт бүхий тушаалыг гаргажээ.

         1. Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7-д “ ажилтаны туршилтын хугацаа дуусмагц шууд удирдах нэгжийн даргын тодорхойлсноор цаашид үргэлжлүүлэх ажиллуулах эсэхийг ИНЕГ-ын дарга болон салбар нэгжийн дарга шийднэ. Туршилтын хугацаанд ажилтан нь уг албан тушаалын ажлыг гүйцэтгэх чадваргүй байна гэж үзвэл түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлнө” гэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан нь,  

        2. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-2.3-т “... шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байдаг.

         Нэхэмжлэгч Э.Энхчимэгийг урьд эрхэлж байсан Нислэгийн мэдээллийн ажилтаны албан тушаал нь байнгын ажлын байр болохын хувьд хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байгуулах зохицуулалттай хэдий ч  Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.6-д “шинэ ажилтаны туршилтын хугацаа 3-6 сар байна” гэх заалтыг үндэслэн ажилтан Э.Энхчимэгтэй тохиролцон 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “ байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд хугацаагүй байна”  гэх заалтыг баримталсан нь

            3. Ажил олгогч Д.Дугардорж, ажилтан Э.Энхчимэг нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь “Туршилтын болон түр хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээ” болох нь гэрээний 3.2-т заасан “Гэрээ нь 2016 оны 11-р сарын 14-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд үйлчилнэ” гэснээр тогтоогдож байх бөгөөд мөн заалтыг үндэслэсэн нь  тус тус хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

    Иймд ажилтан Э.Энхчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангасан байна гэж шүүх үзлээ.

         Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь  Э.Энхчимэгийг анх ажилд томилсон тушаалын 3 дахь заалтыг тухайн байгууллага хэрэгжүүлээгүй байж гэрээг цуцалсан нь буруу гэдэг боловч хариуцагч нь анхнаасаа уг хүнийг ажилд томилохдоо дүрэм зөрчиж шийдвэр гаргасан, ажлын байрны шаардлага нь нислэгийн мэдээллийн ажилтны мэргэжил эзэмшсэн, энэ чиглэлээрээ мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан хүнийг томилох ёстой байсан гэж маргаж хариуцагч Хишигбат нь доорхи баримтыг нотлох баримтаар гаргаж өгөн нэхэмжлэгч   Э.Энхчимэг нь туршилтын 3 сарын хугацаатай ажиллаж байхдаа нислэгийн мэдээллийн ажилтаны албан тушаалыг гүйцэтгэх мэдлэг, чадвар эзэмшээгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас чөлөөлснөө өөрийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

      Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  “Э.Энхчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлах тухай” Б/10 тоот тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

    Туршилтын болон түр хугацаагаар байгуулсан №19/2016 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ИНЕГ-ын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын Нислэгийн мэдээллийн ажилтаны ажлын байр /албан тушаал /-ны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,,

      2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08/4076 дугаартай “ ... шинээр томилогдсон нислэгийн мэдээллийн ажилтан Э.Энхчимэг нь ажлын байранд тавигдах ... шаардлагуудыг хангахгүй байна. .. Иймд дараах арга хэмжээг авах шаардлагатай. 1. Э.Энхчимэгийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй тул томилсон тушаалыг цуцлах ...” гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

   2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04/4114 дугаартай “... нислэгийн мэдээллийн ажилтаны сургалтанд хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй байх, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлага тавигддаг ажлын байранд мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулж байгаа нь ноцтой зөрчил тул Хөвсгөл аймгийн Нисэх буудлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.Энхчимэгтэй байгуулсан Хөдөлмөрийг гэрээг цуцлахыг үүгээр мэдэгдэе” гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

    Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08/505 дугаартай “... нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтан нь ИНД /Иргэний нисэхийн дүрэм/-65 дугаар дүрмийн 65.309б, 65.359а дугаар зүйлийн дагуу дадлага туршлагад тавигдах шаардлагад нийцэж буй эсэх хяналт тавьж, бэлэн байдлыг хангаж ажиллана уу” гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,,

      Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/Г/58 дугаартай “ Иргэний нисэхийн Ерөнхий газар нь ИНД-65-ийн “Д” бүлэгт зааснаар Нислэгийн мэдээллийн ажилтаны үнэмлэх авахад тавигдах шаардлагыг хангасан хувь хүнд “Нислэгийн мэдээллийн ажилтаны үнэмлэх” олгодог болно. Э.Энхчимэг нь тус дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа тул аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  

    Иргэний нисэхийн ерөнхий газрын “Иргэний нисэхийн дүрэм-65” дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

      Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 

      Нислэгийн мэдээллийн ажилтан Э.Энхчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Хишигбатад гаргасан “Ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт”-ийн эх хувь зэрэг нотлох баримтуудаар нотлон хэрэгт хавсаргаж ирүүлсэн.

         Дээрхи баримтуудаас дүгнэхэд:

      “ИНЕГ-ын харьяа Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт”-д ...тухайн ажлын байранд тавигдах шаардлагад үзүүлэлт- чухал шаардлагатай, Боловсрол-дээд, тусгай дунд, Мэргэжил-Нислэгийн мэдээллийн ажилтан, Мэргэшил- Аэродромын нислэгийн мэдээллийн ажилтны зэрэглэлтэй...,

     “Иргэний нисэхийн дүрэм-65”-д  Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтан гэж энэ дүрмийн дагуу нислэгийн удирдагчийн болон нислэгийн мэдээллийн ажилтны үнэмлэх эзэмшигчийг гэж заагаад мөн дүрмийн 65.5-д  (a) Нислэгийн хөдөлгөөний  удирдлагын үйлчилгээнд оролцох аливаа этгээд энэ дүрмийн дагуу олгосон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэлтэй байна гэсэн нь нэхэмжлэгч Э.Энхчимэг нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч  Э.Энхчимэг нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолж чадаагүй бөгөөд тухайн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн болох нотлох баримтаа ирүүлээгүй болно.

         Иймд Э.Энхчимэгийн урьд ажиллаж байсан ИНЕГ-ын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын захиргаанд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Энхчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА