Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00033

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа

Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Сумьяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Дугардоржид холбогдох хохирол 7,850,580 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал  нэхэмжлэлдээ: Нисэх буудлын даргаар ажиллаж байсан Д.Дугардорж нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, Б/57 дугаар тушаалаар машинист Д.Батсайхан, Э.Баасандаваа нарыг ажлаас халсан боловч ... ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан томилж, Э.Баасандаваад 2,746,236 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49607 төгрөг, Д.Батсайханд 2,579,904 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49333 төгрөг төлсөн байна. Мөн сантехникийн механикч ажилтай Б.Батхуягийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны Б/42 дугаар тушаалаар ажлаас халсныг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан томилж Батхуягт 2,250,000 төгрөгийн цалин олгох, НДШ-д 175,500 төгрөгийг төлж байгууллагыг 7,850,580 төгрөгөөр хохироосон болох нь Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 САГ-2017/370/СТА-ТШЗ актаар тогтоогдож "Төлбөр барагдуулах тухай актаар нотлогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж тус тус заасан байдаг.

… Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн дагуу Д.Дугардоржоос /Д.Батсайхан, Э.Баасандагва, Б.Батхуяг/ нарт нөхөн олгосон 7,850,580 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож үү гэжээ.

Хариуцагч Д.Дугардорж тайлбартаа: ...Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нисэх буудлын газар нь энэ хэргийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна , мөн тус зүйлийн 103.3 дахь хэсэгт Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус заасан байдаг. ...Иймд энэ асуудлын хувьд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх нь зүйтэй. Бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг гол үндэслэлээ болгож байна.Тус хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байдаг. Тодруулбал, хариуцагч хууль бусаар нэхэмжлэлд дурдагдсан 3 ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь хангалтгүй бөгөөд, тухайн хууль бус гэх шийдвэрийг хариуцагч нь илтэд болгоомжгүй эсхүл санаатайгаар гаргасан гэсэн үйл баримт тогтоогдох ёстой юм. Гэвч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогддоггүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн урьдчилсан нөхцлийг хангагдаагүй гэж үзэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, гэм хорын төлбөрт 7.850.580 төгрөг гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-н 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Д.Дугардоржоос 7.850.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Дугардоржоос 140.559 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дугардорж давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Энэ нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Учир нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг нь гэм хорын эрх зүйн ерөнхий харилцааг зохицуулдаг бол, 498 дугаар зүйл нь гэм хорын эрх зүйн тусгай харилцааг зохицуулдаг. Тодруулбал, ажилтан хөдөлмөрлөх явцдаа бусдад хохирол учруулсан харилцааг зохицуулсан заалт юм. Иймд энэхүү хоёр хуулийн заалтыг зэрэгцүүлэн нэг асуудлыг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд алдаатай үйлдэл юм.

Түүнчлэн энэхүү хэрэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад, шүүх тус заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Тус хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай л этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан.

Эндээс үзэхэд хохирол учруулсан этгээдээс гэм хорын төлбөр буцаан шаардахад тухайн этгээд нь шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан байх гэсэн хуулийн шалгуур тавигддаг байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Д.Дугардорж нь санаатайгаар эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нь Д.Дугардоржийг хууль бус шийдвэр гаргасан гэдгийг нотлохоос биш, тухайн хууль бус шийдвэрийг шууд санаатайгаар эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гаргасан гэдгийг нотолж чадахгүй юм. Иймд энэхүү хэрэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй юм.

Цаашлаад, нэхэмжлэгч байгууллага нь өөрт 7.850.580 төгрөгийн хохирол учирсан гэх боловч, энэ нь тодорхой баримтаар шууд нотлогддоггүй. Хэрэгт Үндэсний аудитын газрын акт авагдсан байдаг ч, энэ нь Э.Баасандаваа, Д.Батсайхан, Б.Батхуяг нарт Хөвсгөл аймгийн нисэх буудлын газар нөхөн төлбөр олгосон гэх үйл баримтыг шууд нотлохгүй.

Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ИХШХШТХ-н 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн 593 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал нь  хариуцагч Д.Дугардоржоос  хохирол 7,850,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Д.Дугардорж нь Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргаар ажиллаж байхдаа машинист Д.Батсайхан, Э.Баасандаваа, сантехникийн механик  Б.Батхуяг нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан байх ба шүүх  ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн нь  үндэслэлгүй гэж үзэж, тэднийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоожээ.

 Хариуцагч Д.Дугардоржийн гаргасан шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудын цалин хөлстэй тэнцэх олговорт 7,850,580 төгрөг олгож, байгууллагад хохирол учирсан нь  Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 САГ-2017/370/СТА-ТШЗ актаар нотлогдсон байна.

Иймээс нэхэмжлэгчид 498 дугаар зүйлийн  498.5-д “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасны дагуу учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх, хариуцагчид учруулсан хохирлоо арилгах үүрэг үүсчээ.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд:

1. Ажил олгогч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар  “...албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг”  хүлээж,  498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “...өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” учир Захиргааны ерөнхий хууль үйлчлэхээс өмнө учирсан хохирлыг байгууллага шаардах эрх хаалттай байсан гэсэн гомдол үндэслэлгүй байна.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүрэг, өөрөөр хэлбэл хариуцагчийн үүргийг,  498 дугаар зүйлийн 498.5 дах заалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг тусгасан заалт учир эдгээр заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “...шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр” гэдэг нь тухайн албан тушаалтан үйлдэлдээ санаатай, болгоомжгүй аль ч хэлбэрээр хандсан учруулсан хохирлоо арилгахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл буруу шийдвэр гаргасан бол түүнийхээ хариуцлагыг ямарч тохиолдолд хүлээнэ гэсэн ойлголт. Иймд хариуцагчийн “...Д.Дугардорж нь санаатайгаар эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогддоггүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Нэхэмжлэгч нь 7,850,580 төгрөгийн хохирол учирсныг  нотлох баримтаар Э.Баасандаваа, Д.Батсайхан, Б.Батхуяг нарт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох  шийдвэр /хх-ийн 44-51-р хуудас/, байгууллагад хохирол учирсныг тогтоосон акт /хх-ийн 4-5-р хуудас/, цалингийн зөрүү олгосон баримт /хх-ийн 57-р хуудас/ ирүүлсэн, харин хариуцагч татгалзлаа нотлоогүй тул “хохирол учирсан гэх боловч энэ нь тодорхой баримтаар шууд нотлогддоггүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох  баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,558 төгрөгийг /нэг зуун дөчин мянга таван зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                                            ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                               Б.СОСОРБАРАМ