Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00432

 

Л.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01822 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2231 дүгээр магадлалтай,

Л.Хгийн нэхэмжлэлтэй

О.Гд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.Гын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Гтай 2016 оны 10 дугаар сарын дундуур өөрийн Жигжидийн зусландаа 6х9 хэмжээтэй мансардтай 105 м.кв талбай бүхий орос дүнзэн байшинг 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар амаар ярилцаж тохирсон. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сууриа тавьж ажлаа эхлэе гэхэд 8 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 10-14 хоног Орос руу явж ирээд гэрээгээ албан ёсоор байгуулна, рублийн ханш нэмэгдэхээс өмнө дүнзэндээ явъя гэхэд нь 10 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 10 сарын сүүлээр ид хүйтэн байхад тусгай бодис хийсэн гээд суурийг тавьсан. Гэтэл дутуу хийсэн суурь нь 2017 оны хавар цас хайлахад нурсан. Бид захиалгаа буцаах тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-нд түүнд хэлж, мөнгөө буцааж авахаа мэдэгдсэн, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг авсан. Үлдсэнийг нь удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Анх хэлцлийг иргэн О.Гтай хийж, түүнд мөнгө өгсөн. О.Гын компанийн талаар мэдэхгүй. Мөн олон ширхэг тоног төхөөрөмж барьцаалсан зүйл байхгүй. Өөрсдөө хоёр ширхэг шавар зуурагчаа хавар болтол байж байг гээд үлдээсэн, уг төхөөрөмжөө авч болно. Иймд О.Гд өгсөн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг хасаад, үлдэх 16 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анх суурийн ажлыг 3 500 000 төгрөг болно гэж байсан учир суурийн ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг хасаад 12 000 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэжээ.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Х нь 2016 оны 10 дугаар сарын дундуур Жигжид зуслан дахь өөрийн эзэмшил газарт Нью Хаус Доктор" ХХК-тай тохиролцон орос дүнзээр амины орон сууц бариулахаар болсон. Нью Хаус Доктор ХХК-ийг би удирдан ажилладаг бөгөөд манай компани нь ОХУ-ын Черемхово Дома Сибири ХХК-тай хамтран ажиллаж, орос дүнзэн байшингийн түүхий эд орос дүнзийг ОХУ-аас захиалан авдаг. Нэхэмжлэгч Л.Х нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүнзэн байшингийн ажлын хөлсөнд урьдчилан 8 000 000 төгрөг өгсөн. Иймд манай компани ОХУ-ын "Черемхово Дома Сибири ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулан 420 000 рубль буюу 16 800 000 төгрөгийн үнэ бүхий 26-ын диаметртэй 35 м.куб бэлдэц дүнзийг захиалсан. Мөн амины орон сууцны суурь болох арматурчилсан шугаман суурьтай 40 м.куб бетон цутгалтын ажлыг эхлүүлсэн. Дүнзний урьдчилгаа төлөх болсон тул Л.Хгоос 2016 оны 11 дүгээр зарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг авч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 205 000 рубль буюу 8 200 000 төгрөгийг Черемхово Дома Сибири ХХК руу шилжүүлсэн. Суурийн ажлыг 14 хоног хийж, Мэргэжлийн хяналтын газраас дүнз импортлох зөвшөөрөл хүлээж байх зуур Л.Х бидэнтэй тохирсон ажлаа хийлгэхгүй гэж хэл амаар доромжлон 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед ажлыг болиулсан. Тухайн үед Л.Х нь миний таньдаг хүний шугамаар холбогдож харилцан ярилцаж ажлаа эхлүүлсэн тул бид буюу Нью хаус Доктор ХХК хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Л.Хгоос мөнгийг компанийн санхүүгийн баримтаар хүлээн авсан бөгөөд би иргэний хувиар биш харин компаниа төлөөлж оролцсон. Мөн гэрээнд гарын үсэг зураагүй ч төслийг нь өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүнз импортлох мэдэгдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарч, нэгэнт захиалсан дүнзийг буцаах талаар Оросын талтай үл ойлголцол гарч бидэнд хохирол учирсан. 2017 оны 4 дүгээр сард ОХУ-ын Черемхово Дома Сибири ХХК-аас 2 000 000 төгрөгийг хүлээн авч Л.Хд буцаан өгсөн. Үлдэх 6 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан аваагүй. Анх 2 давхар 105 м.кв талбайтай дүнзэн байшинг 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцон нийт 80 000 000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар тохирч, үүнээс суурийн ажил 3 500 000 төгрөг байх, хэрэв газар далий бол үнэ нэмэгдэхийг хэлсэн. Газар дээр нь очиход газар их өндөрлөг байсан учир суурийн ажлын зардал өсөхийг хэлж, техник очиход хүндрэлтэй байсан тул бетон зуурагч, пум түрээслэсэн. Манай компани Л.Хгийн амины орон сууцны суурийн ажилд 40 м.куб бетон зуурмагт 4 800 000 төгрөг, пумны түрээсэнд 700 000 төгрөг, бетон зуурагчийн түрээсэнд 300 000 төгрөг, арматур, хомд 400 000 төгрөг, ажлын хөлсөнд 1 200 000 төгрөг, эксковатор суурийн газар шорооны ажилд 150 000 төгрөг, хоол хүнс тээврийн зардалд 300 000 төгрөг, нийт 7 850 000 төгрөг зарцуулсан. Мөн Л.Х нь 2 500 000 төгрөгийн үнэ бүхий том бетон зуурагч 1 ширхэг, тус бүрдээ 800 000 төгрөгийн үнэ бүхий жижиг бетон зуурагч 2 ширхэг, тус бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий шаврын тэрэг 3 ширхэгийг барьцаалан авч үлдсэн. Барьцаанд авсан техник тоног төхөөрөмжийн үнэ 4 400 000 төгрөг болно. Үүнээс том бетон зуурагч нь иргэн Б.Гантулгын өмч бөгөөд буцаан өгч чадаагүй тул үнийг төлсөн. Суурийг шаардлага хангаагүй гэж байгаа ч өөрсдөө уг суурийг ашиглан байшингаа барьсан. Иймд Л.Х нь иргэний хувиар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин компанийн зүгээс 6 000 000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01822 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар О.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2231 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01822 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Гаас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас 206 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 960 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Г хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Хг иргэн О.Г надтай ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэж иргэний эрх зүйн харилцаанд орсон хэмээн буруу дүгнэсэн. Учир нь О.Г миний бие амины дүнзэн байшин барьдаг өөрийн 100 хувийн эзэмшлийн “Нью хаус доктор” ХХК-ийн өмнөөс иргэн Л.Хтой амаар хэлцэл хийж байсан. Би өөрөө “Нью хаус доктор” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал нь болно. Тийм учраас Л.Хгоос дүнзэн байшингийн ажлын хөлсний урьдчилгаа 18,000,000 төгрөгийг авахдаа “Нью хаус доктор” ХХК-ийн санхүүгийн тамгыг дарж баталгаажуулж явсан. Нэхэмжлэгчтэй бичгээр “Нью хаус доктор” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулахаар ярилцаж байсан боловч бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн иргэн О.Г миний бие барилга орон сууц барих мэргэжлийн хүн биш, манай компанийн ажилчид барилга барих мэргэжлийн хүмүүс байдаг. Эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүй хэт нэг талыг баримталж давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч О.Гд холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 16 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргахдаа “...иргэний хувьд гэрээ байгуулаагүй учир хариуцахгүй...барилгын суурийн ажилд 7 580 000 төгрөг зарцуулсан, ...6 000 000 төгрөг төлнө...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, 4 000 000 төгрөгийн ажлыг хийсэн тул хасч, хариуцагчаас 12 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талууд, хариуцагчийн биелүүлэх үүрэг зэрэг асуудлаарх давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, тухайн маргааны үйл баримтад Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Л.Х нь 2016 оны 10 сард 80 000 000 төгрөгөөр орос дүнзэн байшин  бариулахаар О.Гтай харилцан тохирч, ажлын хөлсөд 18 000 000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн боловч, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан, хариуцагч нь 2 000 000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Гэрээнд Л.Х, нөгөө талаас Нью хаус доктор ХХК-ийг төлөөлж О.Г гарын үсэг зурсан ба дүнзэн байшингийн танилцуулга, ажил гүйцэтгэх хугацаа, ажлын хөлс зэрэг асуудлаар О.Г нэхэмжлэгчтэй харьцаж, гэрээний гол нөхцөлийг тохирсон, агуулгын хувьд гэрээг О.Г байгуулсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй ба зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 18 000 000 төгрөгөөс 2 000 000  төгрөгийг авсан тул үлдэх 16 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч О.Г нь 7 850 000 төгрөгийн суурийн ажил хийсэн, барьцаанд 4 400 000 төгрөгийн тоног төхөөрөмж үлдсэн, 6 000 000 төгрөгийг төлнө гэж маргаснаас үзвэл гэрээ цуцлагдсны улмаас өгсөн, авснаа буцаах асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар “...Гэрээг цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй”.

Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар “захиалагч нь ажил гүйцэтгэгч О.Гын гэрээ цуцлах хүртэл хугацаанд хийсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.” талаар давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд барилгын суурийн ажлын хөлсийг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 4 000 000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс харилцан тооцсон нь үндэслэлтэй болсон, “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 2231 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА