Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00484

 

Д.Т-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2184 дүгээр магадлалтай,

Д.Т-ыннэхэмжлэлтэй

Ж.От холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 сарын 08-ны өдрийн 189 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн зусланд 400 м.кв талбайтай газрыг эзэмших болсон. 2006 онд Япон улс руу суралцахаар явахдаа дээрх газрыг Аюуми сургалтын төвд барьцаалсан. Уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Аюуми сургалтын төвийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Оюунбилэг, Ж.О нар нь газар эзэмшлийн гэрчилгээтэй бөгөөд эрх шилжүүлэн авсан гэрээ болон барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гэрээгүй байтал тус газарт Ж.О болон түүний ах н.Мөнхбат нар байшин барьж байна. Маргаж байгаа газар нь өнөөдрийг хүртэл Д.Т миний эзэмшилд байгаа. Аюуми сургалтын төв, н.Оюунбилэг болон Ж.О нар дээрх газрыг эзэмшдэггүй болно. 2017 оны 07 сараас эхлэн газрын албанд хандаж Ж.О, Мөнхбат нарын хоёр байшин барихыг зогсоохыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн барьсаар байна. Сүхбаатар дүүргийн Газрын албаны зохион байгуулагч н.Чинсанаа болон кадастрын хүмүүстэй очиж хэмжилт хийхэд нэг торхон байшин нь манай 400 м.кв газарт бүхлээрээ орсон байна. Иймд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Санзайн зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Оюунбилэг миний бие "Аюуми" ХХК-д 2006-2010 онд хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт нэхэмжлэгч Д.Т-ынэзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзайн зуслангийн зориулалттай ГД:052969 дугаар бүхий кадастрын зураггүй гэрчилгээг авч, улмаар 2012 оны 06 сарын 17-ны өдөр Санзайн зусланд өөрөө газраа сонгож "Вектор Меп" ХХК-аар эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас нээлгэн кадастрын зураглал хийлгэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж кадастрт оруулсан болно. Д.Т нь кадастрын зураглалыг оруулж байх үед Япон улсад визийн хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч байсан. Эцэг н.Дашравдан нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр дээрх кадастрын зураглалтай газрын гэрчилгээг үрэгдүүлсэн гэж бичиг баримт бүрдүүлэн шинээр газрын гэрчилгээ, кадастрын зураглал гаргуулан гэрээ хийж бидний татсан хашааны хамт бусдад худалдсан байна. “Аюуми” ХХК нь дээрх газрыг надад хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд өгсөн боловч одоо намайг 10 000 000 төгрөг өгвөл бичиг хийж өгнө, үгүй бол өгөхгүй гээд худалдан авсан гэх иргэнийг 2018 оны 05 сарын 23-ны өдөр газрын албанд дагуулан очиж нэр шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Газрын гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга 2018 оны 04 сарын 26-ны өдөр хурааж авсан. Би газар эзэмшигчийн нэрийг шилжүүлэх тодорхойлолт гаргуулахаар Аюуми ХХК-д 2018 оны 05 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Тус компанийн захирал П.Саранчимэг нь миний ажлын байрны тодорхойлолтыг хийж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640336710354 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ж.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2184 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. 1. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг нь шүүх хуралдааны өдөр ажлаасаа 40-н минутын өмнө гарч шүүгчийн туслах Б.Азжаргалтай 80190838 дугаартай утсаар “Зам түгжрэлтэй Баруун 4-н зам дээр явж байна. Хариуцагч өмгөөлөгч авна гэсэн шүү. Шүүгчдээ хэлээрэй, эгч нь очиж явна гэж” мэдэгдсэн. Энэ хүсэлтийг шүүгчийн туслах Б.Азжаргал нь шүүгчдээ танилцуулж мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Энэ хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй, нотлох баримт бүрэн гүйцэд цуглараагүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргасан нотлох баримттай танилцуулаагүй, хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар гаргах түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчтой мэтгэлцэх, өмгөөлөгч авах хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоо эдэлсэн буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн үед шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж шүүх хуралдааныг товлодог билээ. Гэтэл шүүх иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахаас өмнө хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулснаас хойш нэмж ирсэн нотлох баримттай дахин танилцуулаагүй хэргийг шийдвэрлэснээс хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөж шинээр ирсэн нотлох баримтын талаар намайг тайлбар, хүсэлт, нотлох, баримт гаргаж мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс миний эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Ийнхүү шүүх хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж чадаагүйгээс хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэн хэний хооронд ямар гэрээний харилцаа үүссэн, хэний ямар хүсэл зоригийн үндсэн дээр газрын эзэмшил ашиглалт хариуцагчид шилжсэн талаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр буруу гарсан. 2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хариуцагчийн оршин суугаа хаягаар нэхэмжлэлийг хүлээн авч шүүх шийдвэрлэсэн буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүхийн онцгой харьяаллыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь талуудын маргаж буй газар хариуцагчийн эзэмшилд хэрхэн ямар журмаар ирсэн, уг газрыг хариуцагч бодитойгоор эзэмшиж ашиглан улмаар хашаа болон амины орон сууц барьсан зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг хариуцагчийн эзэмшилд хууль ёсны дагуу шилжиж ирж үү үгүй юу гэдгийг тогтоолгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан. Талууд газрын эзэмших эрх дээр маргасан учраас уг онцгой харьяаллын маргаан байсан гэж үзэж байна. 3. Давж заалдах шатны шүүх үндэслэх хэсгийн 4 дүгээр нүүрний дээрээсээ 2-т Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Түүнчлэн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчлөх тухай хүсэлт гаргаагүй болно. Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө биш. Хариуцагчийн 40 000 000 гаруй төгрөг зарцуулсан дутуу баригдсан зуслангийн байшин юм. Хэргийн харьяаллын талаар хүсэлт гаргах боломжоор шүүх хангаагүй. 4. Маргаан бүхий газрыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Аюуми” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад Д.Т зээлийн барьцаанд тавиад орхисон байсныг тус компани хийсэн ажлын хөлсөнд кадастрын зураглалгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг өгснөөр дээрх газар миний эзэмшилд шилжиж ирсэн тул өөрийн зуслангийн газар дээрээ кадастрын зураг хувийн компаниар хийлгүүлж Сүхбаатар дүүргийн Газрын албанд дээрх гэрчилгээн дээр кадастрт оруулах хүсэлт тавьж оруулсан юм. Энэ маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хянан шийдвэрлүүлж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх маргаж буй газрыг надад хууль буюу гэрээгээр хууль ёсны дагуу шилжиж ирсэн энэ байдлыг нягтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ж.От холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Д.Т нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Санзайд байрлах 0.04 га талбай бүхий газрыг эзэмших эрхтэй, түүний эзэмшлийн газар дээр хариуцагч Ж.О барилга барьж байгаа, үйл баримт тогтоогдсон, шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасан зохицуулалтаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нь эзэмшиж буй газрыг Аюуми ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөд тооцон авсан гэсэн үндэслэл заасан боловч эзэмших эрхийг хууль ёсоор олж авснаа нотлоогүй байна.

Газар эзэмших эрх зохих этгээдийн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, бүртгэлд үндэслэгддэг тул уг эрхийг нотолсон баримтыг үндэслэж эд хөрөнгө олж авсан эзэмшигчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т заажээ.

Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог бөгөөд харин эд хөрөнгийн эзэмших эрх бүртгэлд үндэслэсэн бол эзэмших эрхийг олж авч буй этгээд бүртгэл буюу эрхийг нотолсон баримтад үндэслэх ёстой байна.

Хариуцагч Ж.О нь газар эзэмших эрхтэй этгээдийг Д.Т болохыг мэдсэн атлаа Аюуми ХХК түүний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгаагүй, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээдээс авсан тул шударга бус эзэмшигч болох юм.

Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг нь буцааж өгөх үүрэгтэй.

Шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, шүүхийн харьяалал зөрчигдөөгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2184 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА