Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 111/2022/0038/З |
Дугаар | 221/МА2023/0282 |
Огноо | 2023-04-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0282
“Эрдэнэхулгана индернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “XV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2023/0003 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 111/2022/0038/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “XV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2023/0003 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-д Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.
3.1. “Э” ХХК нь аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бууцагаан сумын нутагт “Хэц өндөр” хэмээх 366.21 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг ХА-64000140 дугаартай өргөдлийг бүртгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 4.5-д “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, төсөл арга хэмжээний хүрээнд “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг “Монхидро констракшн” ХХК боловсруулж байна.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь хэрэгт Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ХЭГ/2592 дугаар албан бичгээр “Э” ХХК-д хүргүүлсэн хариуд “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын усан цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа газартай давхцаж байгаа тул та түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтээ талбайн давхцалгүй газар дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн.
3.3. Мөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9/22 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн боловч мөн хурлын 2023 оны 13/06 дугаар тогтоолоор өмнөх тогтоолыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргаас тус газарт ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох боломжгүй болсон байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргаан хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг бүрэн цуглуулах арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.
Иймд Баянхонгор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг бичгээр гаргасан байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “XV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Э” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах”” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Үйл баримтыг дурдвал: Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг, “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх ба Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1а/735 дугаар албан бичгээр “... аймгийн дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан Байдраг голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын талбайтай давхцалтай байна ... Барилга, хот байгуулалтын яамны санхүүжилтээр Байдраг голын усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа ба цаашид 2024 онд барилгын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу танай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье” гэсэн мэдэгдлийг өгчээ.
3.1. Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдлын хариуд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ХЭГ/2592 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” ... холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын заагаар урсаж байгаа Байдрагийн голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна ... танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь усан цахилгаан станц барих газартай давхцаж байгаа тул ... ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтээ давхцалгүй газарт дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу өгсөн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүх “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-д “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” бол татгалзахаар заасан. Өөр үндэслэлээр татгалзах эрх Засаг даргад байхгүй. Гэтэл манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь буруу биш байна” гэж дүгнэжээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монхидро констракшн” ХХК нарын дунд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2022/269 дүгээр “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах” ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулагдсан байх уг гэрээний 4-т “Гүйцэтгэгч нь “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах” ажлын зөвлөх үйлчилгээг ... 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан байна.
4.3. Тус гэрээнд заасан усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн газар нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл хүссэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг, “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбай бүхий газартай давхцалтай гэж хариуцагчаас тайлбарлаж байх ба нэхэмжлэгч талаас “... манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй” гэж маргаж байна.
4.4. Гэвч хэрэгт авагдсан баримтууд дунд Байдрагийн усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах гэрээний гүйцэтгэгч “Монхидро констракшн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Байдраг гол дээр төлөвлөгдөж байгаа боомт болон усан сангийн хамрах талбайг хамгаалалтад авах тухай” 114 дүгээр албан бичигт хавсаргасан “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын талбай болон “Хэц өндөр” хэмээх талбайн давхцлын зураг”-аас өөрөөр газрын давхцалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
4.5. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч талууд газрын давхцалтай холбоотой маргаж байхад шүүх энэ талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт, сансрын зураг, холбогдох бусад баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасан үндэслэлд хамаарч байна.
5. Түүнчлэн анхан шатны шүүх “... Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцалгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 8/541 дүгээр албан бичгээр тус тус нотлогдож байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
5.1. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/12 дугаар тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/22 дугаар тогтоолоор “Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжсэн боловч мөн хурлын 2023 ны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9/22 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” 13/06 дугаар тогтоолоор өмнөх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/22 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
5.2. Гэвч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тогтоолоо хүчингүй болгосон нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна.
5.3. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 8/841 дүгээр албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргад хандан “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул ... тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэсэн байх боловч энэ нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2022/269 дүгээр “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах” ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулагдаж, газрын давхцалтай холбоотой маргаан үүсэхээс өмнө гарсан байх тул уг албан бичгийг үндэслэн газрын давхцал үүсээгүй гэж шууд дүгнэж болохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
Иймд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2023/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ