Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

 

 

 

    Б.Л, Ч.С, Г.Л нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Л /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Яринпил,

цагаатгагдсан этгээд Ч.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

цагаатгагдсан этгээд Г.Л, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тугчин овгийн Б-н Л, 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн цахилгаан хангамжийн 2 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

2. Зээрдүүл овгийн Ч-н С, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн 4 дүгээр баг, ШСТТС-ийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

3. Хүслэг овгийн Г-н Л, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмэг эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ................ оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

1. Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.Сын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг алахыг завдсан гэмт хэрэгт,

2. Ч.С нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан,

3. Г.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Лгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар, Ч.С, Г.Л нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Тугчин овогт Б-н Лг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт
зааснаар Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял
дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д
зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Лгийн
нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан бүх насаар нь ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан шатны хаалганаас 16 см зайд шалан дээр наалдсан толбоноос шинжилгээнд авсан дээж, 44 тоот хаалганаас 54 см, хаалганы зүүн талын хананаас 148 см зайд шалан дээр наалдсан улаан хүрэн толбоноос шинжилгээнд авсан дээж, хөндлөн долгион хээтэй ул бүхий хүрэн эмжээртэй шаргал өнгийн хос тавчик, парламент тамхины иш 3 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 23 гэсэн бичигтэй фудволк, ногоон өнгийн фудволк, саарал 1 оймс 1 хос, ногоон өнгийн асаагуур, Зоос 1 ширхэг, Сархад архины шил 2 ширхэг, Цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд, цусаар бохирлогдсон орны бүтээлэг, биеийн, гарын алчуур 1 ширхэг, Три медведъя пиво 1 ширхэг, Три медведъя пивоны сав 1 ширхэг, хохмой дүрс товойлгон сийлсэн, металл тоногтой хүрэн ширэн бугуйвч, хүрэн өнгийн шахмал бариултай 23.5 см урт, ажлын хэсгийн өргөн нь 6.5 см заазуур, хивсэн дээрх толбоноос №95 гэж дугаарлан дээж авсан, шар өнгийн углааш хос, нийт 19 см урттай, үүнээс бариул нь 10 см, ажлын хэсэг нь 9 см хутга 1 ширхэг, нийт 29 см урттай, ажлын 17 см, бариул нь 12 см заазуур, ногоон өнгийн хүний зурагтай фудволк 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд, Ч.Сын үс хумсны дээж, Б.Лгийн үс хумсны дээж, Г.Лгийн үсний дээж, диск 1 ширхэг, Гар утас андройд Аникол 1 ширхэг, Сим карт 2 ширхэг, Хар өнгийн савхин үүрдэг цүнх 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн гутал 1 хос үдээстэй, саарал өнгийн, хөндлөн судалтай фудволк 1 ширхэг, улаан өнгийн ноосон цахилгаантай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар хөх ноосон цамц 1 ширхэг, 3 канттай хар биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал малгайтай жилетек 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, цагаан өнгийн Блэкберри гар утас 1 ширхэгийг Б.Лд буцаан олгож, гэрч Б.Номин-Эрдэнийн фейсбүүк хаягаар холбогдож, дуу дүрс бичлэгийг бэхжүүлж авсан улаан өнгийн дивиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар Б.Лгийн цагдан хоригдсон 1103 хоногийг эдлэх ялд оруулан
тооцож,

Ч.С, Г.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэд цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Лгээс оршуулгын зардалд 14.051.216 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 64.051.216 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хохирогчид уг гэмтлийг учруулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт, цаг, минутаар үгүйсгэгддэг. Шинжээч эмч Ц.Ганболд 385 дугаартай дүгнэлтдээ “Талийгаач нь гүрээний артери, венийн тасарсан шархны улмаас, цочмог цус алдаж нас баржээ” гэж үхэлд хүргэсэн шархыг тодорхойлсон. Түүний мэдүүлэгт “Хэргийн нөхцөл байдлаас харахад хамгийн багаар тооцоход гэмтэл авснаас хойш 30-40 минут амьд байх боломжтой байсан. Хохирогч цус алдаж байгаа газраа дарах, эсвэл юмаар боох зэргээр цус алдалтыг сааруулбал дээрх хугацаанд амьд байх боломжтой. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой” гэсэн. Шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтаар хэрэг үйлдэгдсэн цаг, нас барсан цагууд хоорондоо асар их зөрүүтэй байдаг. Ч.Сын 99959974 дугаарын 2018 оны 2 дугаар сарын 17-18-ны өдрийн утасны билл, гэрч Бямбаханд, Э.Ундармаа нарын мэдүүлгээс харахад 4 цаг 3 минутад намайг хэргийн газарт байгаагүй гэдэг нь тогтоогддог. Хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл, цаг минутаас харахад гэмт хэрэг үйлдэгдэх үед би хэргийн газар байгаагүй нь харагдаж байна. Иймд хохирогчийг үхэлд хүргэсэн артер, венийн шархны байдал цаг минутын зөрүүг арилгуулахын тулд баг бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнийн 4 цаг 26 минутад дуудлагаар ирсэн эргүүлийн 2 цагдаа нарын дараа ирсэн ахмад Б.Содгэрэлийн удирдсан ажлын хэсэг прокурор Уранчимэг, шинжээч эмч Энхбаатар нарын оролцсон бүрэлдэхүүнтэй хийсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, жижүүрийн тэмдэглэл, рапорт эд мөрийн баримтыг хурааж авсан зүйлийн тэмдэглэл зэрэг цагдаагийн албаны хүмүүсийн хийсэн хэргийн анхдагч нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулаагүй нь үнэхээр эргэлзээ төрүүлдэг.

Хохирогчийн биед хийсэн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед үүсгэгдсэн шарх гэмтлүүд нь 7-с доошгүй урттай 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэснээс гадна гэрэл зургуудаас харахад заазуурын зүсэлтэд шарх байхгүй байна. Гэтэл уг заазуур хэрэгт хохирогчийн цусаар бохирлогдсон байдаг нь ойлгомжгүй байна.

Миний хувцаснаас талийгаачийн цус илэрсэн тухай л ярьдаг болохоос ямар хэмжээгээр илэрсэн, гар хурууны, үс, хумс, биеэс цус илрээгүй, хутга болон заазууран дээр миний гарын хээ байгаагүй байгааг хэн ч анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын тавьсан “энэ хэргийг үйлдсэн хүн цусгүй гарч ирж болох уу” гэх асуултад шинжээч эмч Ц.Ганболд “энэ гэмтлийг хохирогч босоо байдлаас авсан байх боломжтой. Эдгээр хүмүүс хэргийн газар болон өөрсдийн гадаад байдал хувцас хэрэглэлээ цэвэрлэсэн байх олон жишээ гарсаар байхаа нь энэ хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгахгүй зөвхөн нэг талыг барьж ажиллаж байгаатай холбоотой. Анхан шатны шүүхэд эргүүлийн цагдаа нар болон эмчийг байцаалгах хүсэлт гаргасан боловч “амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд тэнд байгаа өргөж туслалцаа үзүүлэх боломжтой нэгнээс туслалцаа авсан эмч, цагдаа нарыг буруутай гэж үзэх боломжгүй” гэж тайлбарласан нь тодорхой бус байна.

Ч.Ст намайг гэмтэл учруулсан гэдэг зүйлийг хэт нэг талыг барьж авч үзээд байна. Ч.Сын шарх гэмтлийн зураг хавтаст хэрэгт байдаггүй. Юугаар үүсгэгдсэн нь тодорхойгүй. Энэ хүний 2 жилийн дараах “намайг Б.Л 00-н өрөөнөөс жижиг өрөө рүү хөөх явцад толгойн ард хутгалсан” гэх мэдүүлэгт үндэслэн дүгнэж байгаад гомдолтой байна.

Эдгээр зүйлсийг миний бие бүх шатанд өргөдлөөр бичиж шалгуулах хүсэлт тавьж байсан ч шалгалгүй өдий хүрсэнд туйлын гомдолтой байна. Өнөөдөр надад бүх насаар хорих ял гэж ялын дээд хэмжээг өгч яллаж байж ийм олон зөрүүтэй зүйлс байсаар байхад чи хутга барьж айлд орсон доор хүн дүрчихээд ирлээ гээд хэргээ хүлээсэн гээд дээр болсон үйл явдлыг доор хүн амины хэргийн нотлох баримт болгож тухайн үеийн байдал, холбогдогч этгээдүүдийг хамруулан нарийвчлан шалгалгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Хууль хүн бүрд эрх тэгш үйлчлэх ёстой байтал энэ хоёр хүн хэргийн газраас 72 цаг  ч цагдан хоригдолгүй, өмссөн хувцасаа сольж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Иймд дээрх гомдолд дурдсан зүйлс хуульд нийцсэн эсэх, нөхөн шалгаж болох эсэхийг анхаарч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Л 18а байрны 44 тоотод онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан” гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоогоогүй орхисон байдаг. Тухайлбал, Б.Л 44 тоотод яаж онц харгис хэрцгий аргаар танхайрч хохирогч А.Эыг алсан болохыг, А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдэх ямар боломж байсныг, мөн 62 удаа хутгалж санаатай алсныг ямар ямар нотлох баримтуудаар яаж нотлогдож байгааг нотолсон үйл явдлууд болон гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, мэдээлэл түүнд холбогдох эрүүгийн хэрэгт авагдаагүй байдаг. Хохирогч А.Эыг 60 орчим удаа ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах, бүлэх, зүсэх зэргээр гэмтэл учруулж зүүн гүрээний артери, венийн судас таслагдаж цочмог цус алдалтаар нас барсан гэж шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон байдаг. Хохирогч А.Эыг хутгаар хутгалж алаагүй болох нь түүний төрсөн бие цогцос дээр үүссэн гэмтэлийн ул мөр, олон янзын дүрс хэлбэртэй гэмтлүүд нь хутга биш гэдгийг хэлж байдаг. Харин 60 орчим удаа ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэмтэл үүсэхдээ зүүн гүрээний артери венийн судас таслагдаж цус алдаж цус шавхагдаж 50 мл цус үлдсэнээс хойш тодорхой хугацааны дараа уушгинд 3 удаа 7 см орчим хутгалагдсан байна гэж шинжээч эмч Д.Ганболд дүгнэлтэдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ тайлбарлаж байв. Иймд хутгаар сүүлд нь хэн 3 удаа хутгалав гэдгийг олж тогтоох шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаас өөр аргагүй байдал үүсэж байна.

2. Б.Лгийн эзэмшилд хутга, заазуур, очоогүй болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байдаг. Үүнд: 2015 оны 2 дугаар сарын 18-ны шөнийн 4 цаг 26 минутад эргүүлийн хоёр цагдаа Д.Мөнхтулга, Н.Базаррагчаа нар болон цагдаагийн ахмад Содгэрэлийн удирдсан ажлын хэсэг, прокурор Б.Уранчимэг, шинжээч эмч М.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс 18-ны шөнө 4 цаг 26 минут 6 секундэд бараг зэрэг шахуу хэргийн газар буюу 57 тоот Ганзоригийн гэрт дуудлагаар очсон байдаг. Гэтэл хэргийн газраас эргүүлийн хоёр цагдаа болон ахмад Содгэрэлийн удирдсан ажлын хэсэг Б.Лгийн хохирогч гэрч гэх Г.Ганзоригийг алахыг завдсан зэвсэг болох хутга, заазуурыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, энэ бүгдийг баталгаажуулсан 25 кадар шөнийн фото зураг хавтаст хэрэгт хийгдээгүй юм. Яагаад онц ач холбогдол бүхий энэ нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хийгээгүй нь маш тодорхой байдаг. Б.Л хутга, заазуурыг хохирогч гэрч гэх Г.Ганзоригийнд барьж ороогүйг нотолж байгаа нотлох баримт мөн. Хэрэв Б.Л нь хутга, заазуур хоёрыг хохирогч гэрч гэх Г.Ганзоригийнд барьж орсон нь үнэн юм бол ухаан тас эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдэж, фото зургийг авч газар дээр нь баталгаажуулах ёстой. Энэ бол тэдний зорилго, үндсэн үүрэг. Хохирогч гэрч гэх Ганзоригийн мэдүүлэг бусад ямар нэгэн нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй. Тухайлбал, хутга, заазуурыг хэргийн газраас хурааж авсан тэмдэглэл, түүнийг баталгаажуулсан шөнийн фото зураг, камерийн бичлэг, хурууны хээ гэх мэт Б.Лгийн гэм бурууг нотолсон анхдагч болон дамжмал ямар ч нотлох баримт Б.Лд холбогдох эрүүгийн хавтаст хэргүүдэд огт авагдаагүй байдаг.

Хоёр. Яллах дүгнэлтэд хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадах байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан гэж шүүгдэгч Б.Лг буруутгаж ялласан болон анхан шатны шүүхээс энэ тухайд асуудал нотлогдож байна гэж ял оногдуулж хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй байдаг. Үүнд:

1. Ялтан Б.Лг, хохирогч А.Эыг хутгалж алсан тухай асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй ямар ч ажиллагаа хийгээгүй орхигдуулсан байдаг.

2. Хохирогч А.Эыг биеэ хамгаалах чадвартай байсныг шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ “...дунд зэргийн согтолт тогтоогдсон, энэ нь биеэ хамгаалах чадвартай гэсэн үг” гэжээ.

3. Шинжээчийн 2035 тоот дүгнэлтээр хохирогч А.Эын цуснаас 1.5 промилли спиртийн алкоголь илэрсэн нь амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадвартай гэж дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байдаг. Энэ бүгдээс үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна.

4. Гэмт этгээд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгаа болон түүнийг ашиглаж уг хэргийг үйлдэж байна гэдгээ лавтай сайн мэдсээр байж үйлддэг. Тэгвэл Б.Л хохирогчийг биеэ хамгаалж чадах эсэх тухай бодох нь буй хэл өөрөө өөрийгөө мэдэхгүй согтолттой байснаас гадна ийм зүйл бодох шаардлагагүй юм. Яагаад гэвэл Б.Л нь хүн амины хэрэгт холбогдолтой нь тогтоогдоогүй юм.

Гурав. Цаг хугацаа орон зайн хувьд тооцоо хийхэд Б.Л, А.Эыг хутгалж алсан байх боломжит хугацаа тооцоологдохгүй, харин ч үгүйсгэгдэж байдаг. Үүнд:

1. Хохирогч А.Э 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 5 цаг 15 минутын орчимд эмч дуудлагаар ирж үзээд тариа хийгээд ванны өрөөнөөс цагдаа Мөнхтулгатай хамт дамнуурга дээр тавьж гараад эмнэлэг авч явах замд нас барсан нь тогтоогдож энэ цаг хугацааны хувьд маргаан үүсгэдэггүй юм.

2. Шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ “...30-аас 40 минут амьд байх боломжтой багаар бодоход. Цаг алдаагүй эмчилгээ, анхны арга хэмжээ авсан бол амьд гарах боломжтой. Цус алдсан газраа дарах эсвэл юмаар боох зэргээр цус алдалтыг саатуулбал дээрх хугацаанд амьд байх боломжтой” гэдэг. Энэ цаг хугацаа гэдэг нь 30-аас 40 минут гэсэн үг юм билээ.

3. Хохирогч А.Эыг 18-ны шилжих шөнө 5 цаг 15 минут өнгөртөл амьд байсныг Сугар, Мөнхтулга, Бямбаханд, Нямдорж зэрэг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Энэ цаг хугацааг тооцоолон дүгнэлт хийхэд шинжээч эмч Ц.Ганболдын дүгнэлтэдээ дурдсан хугацаагаар тооцож үзээд А.Э 17-оос 18-нд шилжих шөнө 04 цаг 03 минутаас өмнө хутгалагдсан байх боломжгүй юм. (бүүр удаанаар нас барсан гэж тооцоход) Энэ цаг хугацаанд Б.Л гэмт хэрэг үйлдэгдсэн 44 тоот өрөөнд байгаагүй болох нь эргэлзээгүйгээр тогтоогдож байдаг.

Дөрөв: Шинжээчийн 3136 тоот дүгнэлтэд “1. Сугарын биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байдаг. Ч.Сын биед дээрх гэмтэлийг Б.Лг учруулсан нь нотлогдож байна гэж хууль хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байдаг. Ч.Сын биед хэн, ямар учир шалтгаанаар ямар зорилгоор яагаад гэмтэл учруулсныг огт шалгаагүй орхисон байдаг. Б.Лг буруутгаж яллах, шүүхээс ял оногдуулах ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Өмгөөлөгч миний ойлгож, төсөөлж
байгаагаар А.Э биеэ хамгаалж Ч.Стай тэмцэлдсэн байх магадлалтай.
Ингэж таамгалж төсөөлөх үндэслэл нь хохирогч А.Эын гарын салаа
зүсэгдсэн зэрэг гэмтэл авсан байдаг. Ийм учраас Ч.Сын биед яагаад шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг хэн учруулав гэдгийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байдаг.

Тав: Мөн “18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж ирсэн Г.Ганзоригийг алахыг завдсан” нь нотлогдон тогтоогдож байна гэж мөн яллах дүгнэлт үйлдэж, шүүх гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж Б.Лд эрүүгийн хариуцлага тооцож ял оногдуулсан юм. Ингэж яллаж, шүүх ял шийтгэл оногдуулах хангалттай нотлох баримт Б.Лд холбогдуулсан хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.

Зургаа: Ч.Сын энэ анхны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахыг хүсэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ч.С, Г.Л хоёртой холбогдох эгзэгтэй, тухайн үед нь шалгаж тогтоох ёстой асуудлуудыг огт шалгаагүй санаатайгаар орхигдуулсан байдаг. Зарим зүйлээс дурдвал хэргийн газар Ч.С, Г.Л хоёрын хувцас тодорхой хэмжээний цустай шижиг бүхий байхад саатуулж шалгаагүй, Ч.Сын хувцас цус болсныг эмч хайчилж хогийн саванд хийснийг, архи ууж гэмт хэрэг үйлдэгдэх үед Ч.С, Г.Л хоёрын өмсөж байсан цустай хувцасыг бүрэн солих бололцоог олгосон, ванны өрөөний хана шалны цусыг хэн арчиж цэвэрлэснийг шалгаж тогтоогоогүй орхисныг шалгаж тогтоолгох ёстойг шалгаж тогтоогоогүй, Ч.Сын толгойд гэмтэл учруулсан болон цус гарсанд хэн түмпэн тавьж тоссоныг, А.Эын цус яагаад Ч.С, Г.Л хоёрын хувцасанд шингэж наалдсан зэргийг дахин нарийвчлан шалгаж тогтоолгох зайлшгүй шаардлагатай бөгөөд ингэж байж хэн буруутай болохыг олж тогтоон байж хуулийг гарцаагүй зөв хэрэглэх боломж бүрдэнэ. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцааж дээрх зүйлүүдийг нарийвчлан шалгуулж өгөхийг хүсч байна. 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шүүхийн 637 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар огт нотлогдоогүй юм. Ийм учраас анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Сын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 637 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын Ч.Ст холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Лгийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул Г.Лд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Л, Ч.С нарт хэлэх тайлбар байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг архи ууж согтуурсан биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан, мөн хамт байсан хохирогч Ч.Сыг хутга далайн хөөж толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулан алахыг завдсан,

мөн энэхүү гэмт хэргийг үйлдсэний дараа 04.00 цаг өнгөрч байхад дээд давхарын буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоот айлын гэрт хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг “Чамайг ална, яаж алуулмаар байна. Би сая хүн дүрчихсэн” гэх зэргээр айлган сүрдүүлж, хутга чичилж түүн рүү довтлон алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээгийн “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өглөө А.Э өнгөрчихлөө гэсэн. Би их гомдолтой байна, оршуулгын зардал 14.051.216 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х49-51/,

хохирогч Г.Ганзоригийн “...2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим хаалга тогшихоор нээхэд дээгүүрээ ногоон фудболк, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн бариултай, скочоор ороочихсон заазуур барьчихсан, 20 орчим  настай, өндөр туранхай залуу их эвгүй царайтай болчихсон шууд гэрт орж ирчихээд намайг гал тогооны хөргөгчний буланд шахаад суу, бос гээд байсан. “Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна” гээд байсан. Тэгтэл манай эхнэр 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь манай эхнэрийг “буцаад ор” гэсэн. Манай эхнэр айгаад шууд буцаад орсон. Тэгээд “наад нойлын хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол чамайг ална, би сая хүн дүрчихсэн” гэж хэлээд хутгаа нааш цааш хөдөлгөөд байхаар нь зүгээр байж байгаад алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олъё гэж бодоод хутгыг нь цохиод тэврээд авсан. Тэгээд эхнэрээ “гараад ир” гэж дуудахад манай эхнэр шууд хөл нүцгэн гараад гүйчихээр нь би нөгөө залууг хөдөлгөөнгүй дараад байж байхад “чи наад хаалгаа хаагаач” гээд инээгээд байсан. 10-15 минутын дараа хоёр цагдаа ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэр залуугийн баруун гар нь нил цус больчихсон, мөн хутга нь маш их цустай байсан. Тэр залуу хутгаа нэг удаа долоосон. Эхнэр бид хоёр маш их айж шоконд орсон. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх1, х53-56/,

хохирогч Ч.Сын “Бид нар том өрөөнд архи ууж байсан, нэг мэдсэн би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан, толгой хөндүүр хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд дээшээ өндийгөөд харахад Г.Л орон дээр унтаж байсан, өөр хүн байхгүй. Том өрөөнд хүн байхгүй, 00-ын өрөөнд А.Э цустайгаа холилдсон хэвтэж байсан. Б.Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь 00 өрөөний хаалгыг хаагаад жижиг өрөөний хаалгыг хааж зогссон, Б.Л хаалга балбаж байгаад чимээгүй болсон. Тэгээд би гарч Б.Лг байгаа үгүйг шалгачихаад найз охин руугаа залгаж хэлэхэд 103 дууд гэсэн, тэгээд би 103 дуудсан. Миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан. Намайг ч гэсэн Б.Л гэмтээсэн байх, би мэдэхгүй байна. Би Б.Лг зогсоож чадаагүй айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх2, х182-184/,

гэрч Д.Бямбахандын “...Ч.С залгаад “би бараг үхлээ, баяртай” гэсэн “яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ” гэхэд “Б.Л намайг хутгалсан” гэж хэлсэн. Би салгаад Лхамаа руу залгахад холбогдохгүй байсан. Би А.Э руу залгахад Ч.С утсыг нь авсан. “А.Этой яръя” гэхэд “бас хутгалуулсан хэвтэж байна” гэсэн. Би “Б.Лтэй яръя” гэхэд “гараад явчихсан” гэсэн. Би Ч.Сыг “103 руу залга” гэтэл Ч.С “үгүй” гэхээр нь “тэгүүл би өөрөө залгалаа” гэхэд “за за би залгая” гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан. Тэгэхэд Ч.С жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь А.Эоос цус гарчихсан, Б.Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм, А.Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор “намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна” гэж байсан, ингэж ярьж байхад А.Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь “чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна үзээд боо л доо” гэж хэлсэн. Ч.С “нүд бүрэлзээд юм харахгүй байна” гэсэн. Тэгж байтал цагдаа Б.Лг бариад ороод ирлээ гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х70/,

гэрч Б.Номин-Эрдэнийн “...тэр үед “бос суу” гэсэн дуу гараад бас манай нөхрийн айж сандарсан дуу гарч байсан. Миний сонссоноор “би бол аймаар шүү, миний араас орж ирэх хүн бүр аймаар, чамайг би яаж алах уу, нэг нэгээр чинь хэрчиж алах уу” гэж асуусан. Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан. Тэгээд намайг буцаад ор гэсэн, би ороод хаалгаа түгжсэн. Тэгээд ер нь юм хэлээд инээгээд байсан. Тэгээд сүүлд манай нөхөр “Номио гараачээ” гэж орилсон, намайг гарахад нөгөө залууг буйдан дээр унагаагаад дарчихсан байсан. Би утсаа авах гэтэл том өрөө хол байсан болохоор гарч гүйгээд манаачийн байр руу очиж 102 руу залгахад 05.01 минут болж байсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхөртэй цуг тэр залууг дарсан. Би маш их гомдолтой байна. ...Тэр хүн над руу ямар нэгэн байдлаар халдаагүй, би ч тэр үед хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Тэр хүний царайг ч бараг хараагүй, над руу хандаж намайг заналхийлсэн зүйл байхгүй. Энэ явдлаас болж надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй тул би хохирогчийн мэдүүлэг өгөхгүй. Харин манай нөхөр Ганзориг руу халдсан болохоор Ганзориг хохирсон. Би энэ хэрэгт хохирогч болохоос татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх1, х67-69/, /хх5,х67-68/,

гэрч Э.Ундармаагийн “...Бямбаханд над руу залгаад “нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, Сугараа хоёр хутгалуулсан. Сугараа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Лхамаа тэр хоёрыг хутгалсан гэнээ” гэсэн. Би тэгээд зөрүүлээд Ч.С руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх мэдүүлэг /хх1, х71/,

гэрч Л.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...18-ны шөнө 04 цагийн үед гуталгүй, хөл нүцгэн, эрээн халаадтай 20 гаран насны эмэгтэй уйлчихсан, нэлээн сандарсан байдалтай, “ахаа та цагдаа дуудаад өг, манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг” гэхээр нь би “юу гэж орж байдаг юм бэ” гээд утсаа өгсөн. Тэр цагдаа дуудаад 20 орчим минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х72-73/,

гэрч Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дуудлага аваад 3 минутын дотор очсон. Уг байрны 57 тоот хаалганд дуудлага өгсөн гэх эмэгтэй манаачийн байранд хүлээж байсан. Тэгээд цуг ороход хаалга нь онгорхой, ороход нэг залууг байрны эзэн залуу дараад хэвтэж байсан. Доор нь байсан залуу “намайг алчих” гээд уйлагнаад байж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. “Би коридороор гитар тоглоод явж байсан, манай найзууд хаана байна” гэж байсан. Чи хаана архи уусан гэхэд 44 тоот гэсэн. Би тэр залууг доошоо цагдаатай буулгаад ахлах ахлагч Базаррагчааг ороод үзээдэх гэхэд “хүн хутгалуулсан байна” гэсэн, тэгээд би доошоо буусан. Тэгэхэд хаалга нь онгорхой, 00 өрөөнд хүн хутгалуулсан, ухаангүй байсан. Хүзүүндээ хутгалуулсан нэг залуу байсан. Тэр залуу “манай найзыг хутгалчихаад, над руу дайраад байхаар нь жижиг өрөөнд ороод хаалга түгжсэн” гэж ярьж байсан. Цаад өрөөнд байсан залуу “юу болсон бэ, манай найз хаана байгаа юм бэ” гээд байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Тухайн үед өөр хүн байгаа эсэх талаар юм яриагүй. Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х84/,

гэрч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ороход нэг залуу хүзүүгээ бариад зогсож байсан, угаалгын өрөөнд нэг залуу ухаангүй, суултуур түшээд суусан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрхний судас цохилт мэдэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт мэдэгдэх төдий байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад үзэхэд нас барсан байсан. Нөгөө залууг нь БХХСА-ны нэгдсэн эмнэлэгт хүргээд орхисон.” гэх мэдүүлэг /хх2, х185-186/,

гэрч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид дөрөв 0.75 литрийн архи 2 шил, 2 литрийн гурван том пиво авч ирсэнийг хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх, би уусан архиндаа нилээн согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Б.Л намайг сэрээхэд Ч.С миний хажууд унтаж байсан. ...А.Э хаалганы хажууд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан ба доогуураа нил цус болчихсон байсан. Би тэр үед Б.Л, А.Э хоёрыг зодолдсон байх гэж бодоод том өрөөнд ороод буцаад унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа ирэхээр нь сэрээд болсон явдлын талаар мэдсэн. Ч.С дуудлага өгсөн, хүзүү хэсэгтээ шархтай, цус гарсан байсан. Бид архи ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, уг асуудал намайг унтсан хойно болсон байх гэж бодож байна. А.Эыг Б.Л хутгалсан байх гэж бодож байна, Б.Лгээс өөр хүн тэнд байгаагүй байсан болохоор тэгж бодож байна.” гэх мэдүүлэг /хх1, х64-66/, /хх4, х164/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хүзүү, цээж, зүүн мөр бугалга, баруун сарвуу, нурууны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдлууд, зүүн гүрээний артери, венийн тасралт. Цээжний зүүн хөндий нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх. Цээжний хөндий дэх цусан хуралт. Дээр гэмтлүүд нь 7-оос доошгүй урттай, 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /62/ үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаач нь гүрээний артери, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэх 385 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х92-94/,

“...Шинжилгээнд ирүүлсэн А.Эын гэх цусанд 1.5 промилл, ходоодны шингэнд 5.5 промилл спиртийн алкоголь тус тус илэрч байна.” гэх 2035 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х97/,

“...А.Эын гэх шингэн цус 0/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх 2036 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х98/,

“...Ч.Сын биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 3236 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х104/,

“...Г.Л, Ч.С нарын гэх цус нь АВО-н системээр 0/1/ бүлгийн цус байна. Б.Лгийн гэх цус нь АВО-н системээр В/III/, бүлгийн цус байна.” гэх 1987 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х108/,

“...Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх 3281 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х112/,

“...Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх 1985 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х128/,

“...Шинжилгээнд ирүүлсэн № 95 хивс гэсэн арчдас дээр илэрсэн цус нь Ч.Сын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Б.Эрдэмном, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх 3444 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х152/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсан байх ба хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Лгийн гаргасан “...хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл, цаг минутаас харахад гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байгаагүй, ...хохирогчийн биед заазуураар үүсгэгдсэн гэмтэл байхгүй байхад заазуур дээрээс амь хохирогчийн цус илэрсэн нь ойлгомжгүй, ...прокурор Уранчимэг, шинжээч эмч Энхбаатар нарын оролцсон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, тэмдэглэл зэрэг байхгүй, ...хутга болон заазууранд миний хурууны хээ илрээгүй, ...Ч.С, Г.Л нар хэргийн ул мөрийг арилгаж хэргээс хөндийрсөн, ...Ч.Сын биед гэмтэл учруулаагүй, ... Ч.С, Г.Л нар огт хоригдоогүй, өмссөн хувцасаа сольж өмссөн.” гэх, түүний өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан “...Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалж алсан талаар нотлох баримт байхгүй, ...талийгаачийг хэн хутгалсан болохыг олж тогтоох шаардлагатай, ...Б.Лгийн эзэмшилж хутга, заазуур очоогүй, ...гэрч Ганзориг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, ...Ч.Сын биед хэн гэмтэл учруулсаныг тодруулах” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Б.Л нь хохирогч Г.Ганзориг, Ч.С нарыг алахыг завдаж довтолсон болох нь хохирогч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна” гээд байсан. ...хутгаа нааш цааш хөдөлгөөд ...Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...над руу нэг юм хэлээд орилоод, Б.Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь зугтсан...миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Бямбаханд, Э.Ундармаа нарын “Сугар “Лхамаа Эрдэмномыг хутгалчихсан байна” гэж ярьсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийвэл зохих ажиллагааг хийж, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шинжээч нарыг асууж байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд давж заалдах гомдолд дурдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг байхгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нар нь “Хутга, заазууран дээрээс хурууны хээ илрээгүй, амь хохирогчийн биед заазуурнаас үүссэн шарх байхгүй, Б.Лд заазуур очоогүй” гэж маргадаг боловч хохирогч Г.Ганзориг “баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн бариултай, скочоор ороочихсон заазуур барьчихсан” гэж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх 1985 тоот шинжээчийн дүгнэлт үгүйсгэгджээ.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Ганзоригийн мэдүүлэг нь тодорхой, эргэлзээгүй шинжтэй байх бөгөөд түүний мэдүүлгүүд нь эхнэр Б.Номин-Эрдэнийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч нар “А.Эын амь насыг Б.Л хохироогоогүй, хэргийн газар байгаагүй, Ч.С энэ хэргийг үйлдсэн байх боломжтой” гэж гэм буруугийн талаар маргадаг боловч шүүгдэгч Б.Л нь А.Эыг алсан болох нь хохирогч Г.Ганзориг, Ч.С, гэрч Д.Бямбаханд, Б.Номин-Эрдэнэ, Э.Ундармаа, Д.Мөнхтулга, Г.Л нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйгээр хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох хэмжээнд бэхжүүлэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд түр сарнисан байсан эсэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 551, 672, 551 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан сэтгэцийн шинжээч эмч С.Энхтунгалаг, Э.Амгалан, С.Одонгэрэл нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж, тодорхой тайлбаруудыг авсан нь хууль ёсны болсон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нараас “Б.Л нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, оюун ухааны хомсдолгүй, эмгэг согтолтгүй байсан. Хэрэг үйлдэх үедээ хэсэгчилсэн ойгүйдэлтэй байсан” талаар тодорхой тайлбарласан байна.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С, Г.Л нарыг “Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргэсэхгүй болгон цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний холбогдсон гэмт хэрэг нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр заасан бүх насаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр,

2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих ялыг шинээр тусгасан учир шүүгдэгч Б.Лгийн хувьд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлэхдээ хорих ялын хэмжээ багассан хуулийг буцаан хэрэглэх нь тохиромжтой байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч Б.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар түүнд хорин жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу Б.Лд оногдуулсан ял шийтгэлийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосон болно.

Мөн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Лгээс сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхой заасан байх бөгөөд хохирогч нас барсантай холбоотой сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож гаргуулахыг зохицуулсан хууль, тогтоомжид байхгүй тул шүүгдэгч Б.Лгээс сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуулыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял... шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар хорин жил хорих ялаар... шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д
зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Лгийн
нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Лгийн нийт эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан бүх насаар нь ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Лгээс оршуулгын зардалд 14.051.216 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 64.051.216 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Лгээс оршуулгын зардалд 14.051.216 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ