Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/499

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга: Э.Хонгорзул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч: Б.Ариунзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл,

Шүүгдэгч: Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905005620135 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод оршин суух гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ж.Б- шүүх хуралдаанд: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад талийгаачийн гэрээр орсон. Гэрт нь хүн байгаагүй. Тэгээд би гэртээ харьсан. Манайх талийгаачийн гэрээс холгүй байдаг. Гэртээ ирээд гал түлээд байж байтал орой 20 цагийн үед талийгаачийн охин ярьсан. Та гэртээ байна уу гэж асуусан. Би гэртээ байна гэж хэлэхэд талийгаачийн охин аав танайд очно гээд байна гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад ирэхэд талийгаач манай гэрт ирсэн, халамцуу байж байсан. Бид хоёр хааяа хамт архи уудаг. Манайд нэг шил архи байсныг бид хоёр хувааж уусан. Бид хоёр нэлээн удаан ярьж суусан. Би унтаад үлдсэн. Талийгаач гэртээ харина гээд гарсан. Маргааш нь манайд 2 цагдаа ирсэн. Та хоёр архи уусан уу гэж асуусан. Цагдаа намайг “та зодсон гээд хэлчих, харилцан зодолдсон гээд хэлчих” гэж байсан. Би үнэнээ хэлсэн. Бид хоёр хааяа архи уудаг нь үнэн. Би талийгаачтай маргалдсан, зодолдсон зүйл байхгүй” гэв.

            Хохирогчийн төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд: “...Миний аав нас бараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хүн биднээс уучлалт гуйгаагүй. Бидний зүгээс оршуулгын зардал нэхэмжилсэн. Зөвхөн гэр бүлээсээ гаргасан зардлыг нэхэмжилсэн. Миний ээжээс уучлалт гуйгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд 6-7 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээсэн байдаг. Сүүлдээ үгээ өөрчилж би цохиж, зодоогүй, алаагүй гэж мэдүүлдэг. Бидний зүгээс оршуулгын зардал болох 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлсийг нэмж нэхэмжилж байна. Бидний хувьд сэтгэл санаа маш их эмзэг байгаа. Гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би гэртээ байж байтал манай ээж Ц- 09 цагийн үед над руу утсаар залгаад “аав чинь өнгөрчихсөн байна” гэж хэлэхэд нь би итгэхгүй “үнэн юм уу” гэхэд ээж маань “үнэн цагдаа нар гэрт ирчихсэн байна, гэрт хүрээд ир” гэж дуудахаар нь би шууд ээж, аавынхаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-15 тоот гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн аавыг маань нас барсан гэдгийг хэлсэн юм. Би хамгийн сүүлд аавтайгаа 2019 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр гэрт нь очиж уулзсан ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад дүү Оюундэлгэрийн утсаар нь видео колл хийж ярихад аав маань зүгээр эрүүл саруул гэрийнхээ цэвэрлэгээг хийгээд байж байсан юм. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 6.000.000 төгрөг орсон байгаа баримтуудыг хэрэгт хавсаргуулж байна. Гэмт буруутай этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим найз Б-тэйгээ утсаар яриад түүний гэр рүү явсан. Шөнө 23 цагийн орчим манай нөхөр Б- утсаар яриад би Б-д байна оройтвол энд хононо гэхээр нь би болж өгвөл гэртээ ирж хоноорой гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Б- 94160350 гэсэн дугаар руу залгаад Б-байна уу гэхэд Б-энд хоноогүй, орой чамтай ярингуутаа гараад явсан гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгээд 10 цагийн орчим цагдаа нар манай нөхөр Б-ыг нас барсан талаар надад мэдэгдсэн. Талийгаачийн шарилыг нь гэмтлийн эмнэлэг дээр очиж харахад хамрыг нь дагаж цус гарч, духны дээд хэсэгт оёдол тавьсан. Дагзны баруун хэсэгт нь хавдар үүсэж цус шүүрсэн байсан. Мөн гэмтлийн эмч гавлын яс цуурсан, цус хурсан, цус харвасан, их олон гэмтэлтэй гэж байсан. Тиймээс уг байдлыг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64-65/,

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би аав Б-, ээж Ц- нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-15 тоотод оршин суудаг байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө манай аав маань өөрийн төрсөн ахын буяны ажилд яваад 13 цагийн үед гэртээ ирчхээд 19 цагийн үед ээжийг хорооллын эцсийн буудлаас тосож авах гээд явсан юм. Аавыг ээжийг тосохоор явсны дараа аавын найз Б- манайд ирж аавыг асуучхаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд аав, ээж хоёр 20 цаг болж байхад гэртээ ирэхэд нь би аавд Б- ирээд таныг асуучхаад явлаа гэсэн чинь аав намайг утсаараа Б- рүү залгаад өгөөч гэхэд нь би өөрийн 86125635 дугаарын утаснаасаа Б- утас руу залгаж хаана байгааг нь асуухад Б- би гэртээ байна гэсэн. Тэгээд аав маань би Б-д очиж юм аваад ирье гээд 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд ээж бид хоёр унтах гээд байж байтал аав маань 23 цаг өнгөрч байхад Б- утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа энд хоночхож ч магадгүй, очиж ч магадгүй гэхэд нь ээж маань юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. Тэгээд шөнө аав маань гэртээ хоноогүй болохоор өглөө нь 07 цаг болж байхад Б- рүү утсаар залгаад аавыг асуусан чинь Б- ээжид чамтай утсаар ярьсныхаа дараа гэртээ харих гээд явсан шүү дээ, энд хоноогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирж аавыг маань нас барсан талаар хэлсэн юм. Аав маань Б- гэр рүү явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шарх учраагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70, 2-н 44/,

Гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал эрэгтэй бараан хувцастай хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад бас өнхөрч унаад босоод байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ яах гээд байгаа юм гэж хэлтэл эргэж босч ирснээ дахиад газар унасан. Би тэгэхээр нь 102 цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө хүн хэвтсэн хэвээрээ л байсан, удалгүй 103 ирээд аваад явсан. ...Түргэн тусламж ирээд судсыг нь дарж үзэхэд гараа савж эсэргүүцсэн тэгээд түргэн та босоорой гээд хоёр талаас нь сугадаад машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75-76, 2-н 54-55/,

Гэрч П.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа бууз хийж байсан. Би 00 цагийн үед гал түлэх гээд гаднаас нүүрс авах гээд гэрээсээ гадагшаа гарахад Б- гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашаан дотор, хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 77-78, 2-н 52-53/,

Гэрч У.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны 19:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 09:00 цагийн хооронд Бугат-112 чиглэлд БГД-н 8, 10, 13-р хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Бугат 10-с 00:38 цагт БГД-н 10-р хороо, ЗН-н 12-102В тоот хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00:55 цагт очиход уг тоот айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. Түргэний тэрэг ирээд аваад явахад уг хүн өөрийгөө хэн гэдгийг болон юу болсон талаар надад хариулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79-80, 85/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн жижүүрт гарах хугацаанд 02 цагийн орчимд 103-аар C.Батсайхан гэх өвчтөн хүргэгдэн ирсэн ирэх үедээ ухаан бүдэг, хөөрлийн байдалтай асуултанд тодорхой бус хариулна, дух баруун чамархай орчим 3х4 см орчим шархтай байсан. Шархыг цэгцлээд рентген зураг авч үзэхэд ясны хугарал байсан учир тархины нарийн шинжилгээ КТГ шинжилгээ хийж онош анхдагчаар тодорч сэхээн амьдрах тасагт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 86/,

Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө цагийг нь санахгүй байна, өглөө эрт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжнаас Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102в тоот хашаанд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д-ын хамт очсон. Хэргийн газар дээр очиход амь хохирогчийн анх очсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй монгол гэрийн баруун доод хэсэгт эрэгтэй хүний малгай байхаар нь уг хашаагүй айл руу Д-ын хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Б- гэх хүн галаа түлээд сууж байхаар нь бид хоёр Б-эс талийгаач Б-ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б-, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б-архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. Тухайн үед миний гэдэс өвдөөд гэрээс гараад явсан. Харин Д- Б- яриаг гар утсаараа бичээд зогсож байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 121-122/,

Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08-09 цагийн үед байсан байх өглөө цагийг нь санахгүй байна. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжнаас Гэмт согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102в тоот хашаанд хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид болон Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт очсон. Хэргийн газарт очсоны дараа хэргийн газрын ойр орчмоор биечилсэн сурвалжилга хийхээр тасгийн алба хаагчид тарж явсан ба эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У-тай хамт амь хохирогчийн анх олсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй Монгол гэр рүү ороход Б- гэх хүн галаа түлээд сууж байсан. Мөн гэрт нь архины шил байхаар нь хэнтэй архи уусан юм бэ талийгаач Б-ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ, танайд зодоон болсон юм уу гэж асуухад, Б-, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь гэрт хоноод яв гэхэд Б-танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохиод гэрээс гарахаар нь би араас нь гараад, би Б-ыг явуулахгүй гээд, Б-явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би Б-ыг түлхчихсэн чинь Б-доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б-ёоё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь, би гэр лүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийн ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-ийн 123-124/,

            Цагдаагийн ахлах дэслэгч Д.Шандас, Г.Д- нарын “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 102б тоотод оршин суух Жамбал овогтой Б- нь талийгаач Сэрээтэр овогтой Б-тай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас холбогдогч Б- нь хохирогч С.Б-ыг модоор зодоод байхаар нь гэрийнхээ гадаа байдаг уруу хэсэг рүү түлхээд унагасан ба араас нь Баагий гэж дуудахад юу гэж хариулж байсан тэгэхээр би зүгээр байна гэж бодоод гэртээ орсон гэснийг БС-лагаар илрүүлэн тогтоож гэрчийн мэдүүлэг авч ажиллаа...” гэсэн илтгэх хуудас /хх 1-н 30/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Мэдүүлэг шалгах ажиллагааг БГД 10 хороо, ЗН 12-102б тоотын хашаанд байх ертөнцийн зүгээр баруун зүгт харсан төмөр хаалгатай амбаартай урагш харсан хаалгатай бага 4 ханатай гэрээс эхлэн хийхэд Ж.Б- нь намайг энд сууж байхад С.Б- нь намайг цохисон гэсний дагуу Ж.Б-эр заалган сууж байсан гэх зуухны зүүн талд байх ягаан өнгийн сандлыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ж.Б- үргэлжлүүлэн намайг энд сууж байхад С.Б- нь хоймрын орон дээр сууж байсан ба босож ирээд намайг цохисон гэсний дагуу мөн өөрөөр нь заалган гэрийн хойд хэсэгт байх ор луу заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Ж.Б- нь гэрийн гадаа гарч амбаарны хаалганы орчимд С.Б- нь намайг заамдаад байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн С.Б- нь гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрээс баруун тийш доош уруудсан хэсгийг баруун талын улаан тоосгон өвлийн сууц хүртэл хэмжиж үзэхэд 14 м зайтай байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 92-96/,

            Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цагийн нь сайн санахгүй байна мөрдөгч О- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гээд хамт дадлага хийж байсан Ж- бид хоёрыг дагуулан хүн амины хэргийн холбогдогч гээд настай эрэгтэй хүний хамт Мөрдөн байцаах тасгийн старикс машинтай уг хэргийн холбогдогч хүний зааж өгснөөр хорооллын хойд талын гэр хороололд очсон. Уг очсон газар нь уулын хажуу дээр барьсан хашаандаа 1 гэртээ айл байсан ба уг хашааны доод талд хашаандаа 1 давхар улаан тоосгон байшинтай айл байсан. Бид нар тэр улаан тоосгон байшинтай хашааны гадаа тавиад, уг хашааны араар тойрч тэр хүний гэрт нь очсон. Тэгэхэд уг хүн урд шөнө хохирогчтой архи ууж байгаад гэрийн зүүн хойд хэсэгт маргалдаад гэрийн гадаа гарсан, гэрийн гадаа барьцалдаж аваад түлхсэн чинь хохирогч доошоо уулын уруу унаад, цаашаа босоод явахаар нь би зүгээр байна гэж бодоод гэр рүүгээ орсон гэж ярьж байсан. Тэр айлын хашаа уулын хажуу дээр байсан болохоор их налуу газар байсан. Уг хүн өөрөө муудалцсан газар болон түлхэж унагаасан газраа зааж байсан ба мөрдөгч зааж байгаа байдлыг нь зургийн аппаратаар авч байсан юм. ...архи ууж байгаад маргалдаад гэрийн гадаа гараад, барьцалдаж байгаад түлхээд унагаасан гэж ярьж байсан. ...Тэр хүн өөрөө уг хүнийг гэрийнхээ гадаа барьцалдаж байгаад түлхээд унагасан гэж ярьсан. Би мэдүүлэг шалгасан тэмдэглэлтэй нь уншиж танилцаад гарын үсэг зурсан. Уг хүн яагаад гарын үсэг зураагүй талаар би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 151-152/,

            Гэрч Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон. ...цагийг нь сайн санахгүй байна цайны цагийн дараа байсан бах Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч О- хүн амины хэрэг гарсан холбогдогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах гэж байна чи хөндлөнгийн гэрчээр оролцоод хамт яваад ирье гээд ...мөрдөгч О- нөгөө хүнээс “хаана юм бэ” гэж асуухад нөгөө хүн “тэр дээр” гэж уулын хажуу энгэр хэсэгт байх хашаандаа нэг гэртээ айлыг заагаад жалганы баруун талд байх айл руу орж гэрийнхээ түлхүүрийг авч гарч ирсэн. Тэгээд бид нар тэр айл руу очоод О- мөрдөгч уг хүнээс “юу болсон талаар ярина уу” гэхэд нөгөө хүн “би гэрийн хоймор хэсэгт байсан сандал дээр суугаад, хохирогч зүүн талын орон дээр суугаад архи ууж байгаад маргалдсан” гэж ярихад нь О- мөрдөгч “за яг хаана маргаан эхэлсэн газраа заагаадах” гэж хэлэхэд нөгөө хүн гэрийн зүүн хойд хэсгийг гараараа заагаад О- мөрдөгч зургийг нь авсан. Тэгээд нөгөө хүн тэндээсээ гадагш гараад гэрийн тамбарын үүдэн хэсэгт очоод “хохирогч намайг энд заамдаж авахаар нь би тавиулах гээд түлхсэн, тэгэхэд хохирогч ийшээ өнхөрөөд унасан” гээд тамбарын үүднээс доошоо налуу хэсэг рүү заасан. Тэгэхэд О- мөрдөгч “аль хүртэл өнхөрсөн юм бэ гараараа за” гэж хэлэхэд нөгөө хүн гараараа заагаад О- мөрдөгч зургийг нь авсан. Тэгээд тэндээсээ шүүх эмнэлэг орж уг хүнийг үзүүлчхээд хэлтэс дээр буцаж ирсэн. Тухайн үед О- мөрдөгч хаана юу болсон талаар нь асуухад уг хүн өөрөө энд маргалдсан энд түлхсэн гэдгээ заагаад байсан. Тэрийг нь О- мөрдөгч зургийг нь авч байсан. Ямар шалтгаанаар маргалдсан талаараа яриагүй. Архи ууж байгаад л маргалдсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 154-15/,

Шинжээчийн 423 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт /хх 1-н 109-111/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 389 тоот дүгнэлтэд: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 14-ний 423 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид хоёр зулай ясны чамархай руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал гэмтлүүд, зулай, хоёр чамархайн хуйханд цус хуралт, духны шарх, хамрын нуруунд зулгаралт үүсчээ. Дээрх хоёр зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цус хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал, зулай, хоёр чамархайн хуйхны цус хуралт гэмтлүүд нь баруун ба зүүн зулайн төвгөр хэсэгт дээрээс доош чиглэлтэй үйлчилсэн цохилтын улмаас үүсгэгджээ. Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас тархины комд орж нас баржээ. Хоёр зулай, чамархай, дагз, дух, эрүүнд тус тус цохилтын хүч үйлчилсэн байна. Баруун зулай, чамархай ясны шугаман хугарал нэг механизмаар, зүүн зулай, чамархайн шугаман хугарал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, суурийн голомтлог няцрал нэг механизмаар үүсгэгдсэн байх боломжтой. Духны шарх, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, эрүүний цус хуралт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл авах үедээ ямар ч байрлалтай байж болно. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлүүд хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих үед үүснэ. Талийгаачийн сарвуунд үүссэн зулгаралт, цус хуралт харилцан зодолдох үед үүсч болно” гэсэн дүгнэлт /хх 3-н 164-170/,   

Шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийн биед учирсан хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, 5 хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн чамархайд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой юм. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насыг аврах боломжгүй байсан байна. ...Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 112-113, 2-н 51/,

Шинжээчийн 1866 тоот дүгнэлтэд: “...Ж.Б- биед хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 131/,

Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүснэ. Нэг цаг хугацаа гэдэг нь 1-2 цагийн зайтай учрах гэмтэл болохоор хоорондоо ялгарахгүй. Хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байж болох гэмтлүүд юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 65/,

Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 840 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 4 гарын мөр, мөн С.Б-ын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд 2711336 MN000710009469 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Жамбалын Б- зүүн гарын эрхий хуруугаар, 4 дугаартай гарын мөр Ж.Б- зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 134-143/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 375 тоот дүгнэлтэд: “...Ж.Б- сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 146-147/,

Яллагдагч Ж.Б- мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид хоёрын дунд зүгээр л маргалдсан асуудал байгаа зодоон цохион болсон асуудал байхгүй. Б-гэрлүүгээ явна гээд би хоноод яв гээд маргаан болж санал зөрөлдсөн. Тухайн үед би цочирдсон, мөн намайг хэргийн газар дээр очоод намайг гараараа заагаад зогсож бай гэж заалгаж байгаад зураг авсан. Би юу болоод байгааг огт мэдээгүй. Анх манай гэрт очиж намайг авч ирсэн хүмүүс та талийгаачийг түлхэн унагаасан гээд мэдүүлэг өгчих юм бол зүгээр болчихдог юм, тэгж мэдүүлэг өгөх юм бол нэг шил архи авч өгье гэсэн болохоор тэгж мэдүүлсэн. ...Би арьсны өвчтэй болохоор бие загатнаад хэрэг гарахаас өмнө 3-4 хоногийн өмнө маажаад хүзүү, баруун шуунд үүссэн зулгаралт үүсгэсэн, хамрын зулгаралтыг болохоор нүдний шилний маань зөөлөвч унаад төмөр нь нухаад хэрэг гарахаас бараг 7 хоногийн өмнө шалбарчихсан байсан юм. ...Б-нилээд халамцуу гэрт ирчихсэн сууж байхаар нь би чи хаана архи уучихваа гэж асуухад Б-ажил явдал гараад ирлээ, ажил явдал тараад уучихсан, уух юм байна уу гэхээр нь би гэртээ байсан 1 шил 0.75 граммын Нутаг нэртэй архиа гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгсэн Б-миний утсаар эхнэр лүүгээ залгаж ярьчхаад Б-манай эхнэр намайг дуудаад байна, харилаа гэхээр нь би чи нилээн муудсан байна, хоноод яв гэсэн чинь Б-ямар ч байсан архиа ууж дуусгая гээд бид хоёр архиа хувааж ууж дуусгасан. Тухайн үед гал түлээд гэр халуун байсан болохоор би нэг мэдэхэд сууж байсан суудал дээрээ унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 12 цаг болж байсан байх сэрээд хартал гэрийн хаалга онгорхой Б-гэрт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 68-69, 137-138/,

              Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 4-13/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 14-18/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19-24/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 28/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 29/, хохирлын баримтууд /хх 1-н 33-43/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 49-61/, амь хохирогчийн өвчний түүх /хх 1-н 180-187/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 188, 202-208, 242-244, 2-н 76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат “шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа “зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хүнийг алсан гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах санаа зорилго агуулахгүй бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг түлхэж газрын уруу унагааж байгаа идэвхтэй үйлдлээр гэмт хэргийн шинж хангагдах ба хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас гавал тархины гэмтэл авч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд болон шинжээч нарын дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч болон хохирогч нарын хооронд маргаан болж хохирогч, шүүгдэгч нарын биед гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн гэрийн хажууд хохирогчийн цустай малгай олдсон нь хохирогчийг шүүгдэгчийн гэрийн гадна байхдаа гэмтэл авсан гэж үзэх үндэслэл болж байна.

Улсын яллагч, өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг хохирогчийн цохиж гэмтэл учруулсан, түлхсэн зэргээр мэтгэлцэж байх боловч шүүгдэгч, хохирогч нарын хоорондын маргаан зодооны үед хохирогч нь газар унахдаа гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгчийн анх өгсөн мэдүүлгийг бичиж авсан бичлэгийн дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан байх ба уг тэмдэглэлд шүүгдэгч нь гарын үсэг зураагүй байна.

Энэ талаар уг ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нараас гэрчээр мэдүүлэг авсан байх ба тухайн мэдүүлгүүдээр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд тусгагдсан ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь тогтоогдож байна.

Гэрчүүд хохирогчийг унаж босоод байсан гэж мэдүүлсэн ба тухайн үед унаж босох үедээ хүнд гэмтэл авсан болох нь гараар цохих үед уг гэмтэл үүсэхгүй, харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой юм. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь насыг аврах боломжгүй байсан байна. ...Гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Ж.Б- амь хохирогч С.Б-тай маргалдан зодолдсоны улмаас унагаасан үйлдлийн улмаас хохирогч гавал тархиндаа гэмтэл авч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Хэрэг болох үед шүүгдэгч Ж.Б- болон амь хохирогч С.Б- нараас өөр хүн байгаагүй ба шүүгдэгч Ж.Б- нь амь хохирогчтой маргалдан зодолдсоны улмаас газарт унагаан, улмаар амь хохирогч нь унах үедээ тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг авч нас барсан болох нь хангалттай тогтоогдлоо.

Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээс субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээр ялгагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг хууль тогтоогчоос тодорхойлжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байхыг шаарддаг.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсэг Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод оршин суух гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдан зодолдож С.Б-ыг газарт  унагаасны улмаас гавал тархины гэмтэл учруулан алсан гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би гэртээ байж байтал манай ээж Ц- 09 цагийн үед над руу утсаар залгаад “аав чинь өнгөрчихсөн байна” гэж хэлэхэд нь би итгэхгүй “үнэн юм уу” гэхэд ээж маань “үнэн цагдаа нар гэрт ирчихсэн байна, гэрт хүрээд ир” гэж дуудахаар нь би шууд ээж, аавынхаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-15 тоот гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн аавыг маань нас барсан гэдгийг хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим найз Б-тэйгээ утсаар яриад түүний гэр рүү явсан. Шөнө 23 цагийн орчим манай нөхөр Б- утсаар яриад би Б-д байна оройтвол энд хононо гэхээр нь би болж өгвөл гэртээ ирж хоноорой гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Б- 94160350 гэсэн дугаар руу залгаад Б-байна уу гэхэд Б-энд хоноогүй, орой чамтай ярингуутаа гараад явсан гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгээд 10 цагийн орчим цагдаа нар манай нөхөр Б-ыг нас барсан талаар надад мэдэгдсэн. Талийгаачийн шарилыг нь гэмтлийн эмнэлэг дээр очиж харахад хамрыг нь дагаж цус гарч, духны дээд хэсэгт оёдол тавьсан. Дагзны баруун хэсэгт нь хавдар үүсэж цус шүүрсэн байсан. Мөн гэмтлийн эмч гавлын яс цуурсан, цус хурсан, цус харвасан, их олон гэмтэлтэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64-65/, гэрч Г.О-ийн: “...манай аав маань өөрийн төрсөн ахын буяны ажилд яваад 13 цагийн үед гэртээ ирчхээд 19 цагийн үед ээжийг хорооллын эцсийн буудлаас тосож авах гээд явсан юм. Аавыг ээжийг тосохоор явсны дараа аавын найз Б- манайд ирж аавыг асуучхаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд аав ээж хоёр 20 цаг болж байхад гэртээ ирэхэд нь би аавд Б- ирээд таныг асуучхаад явлаа гэсэн чинь аав намайг утсаараа Б- рүү залгаад өгөөч гэхэд нь би өөрийн 86125635 дугаарын утаснаасаа Б- утас руу залгаж хаана байгааг нь асуухад Б- би гэртээ байна гэсэн. Тэгээд аав маань би Б-д очиж юм аваад ирье гээд 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд ээж бид хоёр унтах гээд байж байтал аав маань 23 цаг өнгөрч байхад Б- утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа энд хоночхож ч магадгүй очиж ч магадгүй гэхэд нь ээж маань юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. Тэгээд шөнө аав маань гэртээ хоноогүй болохоор өглөө нь 07 цаг болж байхад Б- рүү утсаар залгаад аавыг асуусан чинь Б- ээжид чамтай утсаар ярьсныхаа дараа гэртээ харих гээд явсан шүү дээ, энд хоноогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирж аавыг маань нас барсан талаар хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70, 2-н 44/, гэрч Т.Н-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал эрэгтэй бараан хувцастай хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад бас өнхөрч унаад босоод байсан. Би салхивчаа нээж байгаад юун хүн бэ яах гээд байгаа юм гэж хэлтэл эргэж босч ирснээ дахиад газар унасан. Би тэгэхээр нь 102 цагдаа дуудсан....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75-76, 2-н 54-55/, гэрч П.М-гийн: “...00 цагийн үед гал түлэх гээд гаднаас нүүрс авах гээд гэрээсээ гадагшаа гарахад Б- гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашаан дотор, хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 77-78, 2-н 52-53/, гэрч У.З-гийн: “...БГД-н 10-р хороо ЗН-н 12-102В тоот хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00:55 цагт очиход уг тоот айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79-80, 85/, гэрч Т.О-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн жижүүрт гарах хугацаанд 02 цагийн орчимд 103-аар C.Батсайхан гэх өвчтөн хүргэгдэн ирсэн ирэх үедээ ухаан бүдэг хөөрлийн байдалтай асуултанд тодорхой бус хариулна, дух баруун чамархай орчим 3х4 см орчим шархтай байсан. Шархыг цэгцлээд рентген зураг авч үзэхэд ясны хугарал байсан учир тархины нарийн шинжилгээ КТГ шинжилгээ хийж онош анхдагчаар тодорч сэхээн амьдрах тасагт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 86/, гэрч Б.У-ын: “...Хэргийн газар дээр очиход амь хохирогчийн анх очсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй монгол гэрийн баруун доод хэсэгт эрэгтэй хүний малгай байхаар нь уг хашаагүй айл руу Д-ын хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Б- гэх хүн галаа түлээд сууж байхаар нь бид хоёр Б-эс талийгаач Б-ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б-, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б-архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 121-122/, гэрч Г.Д-ын: “...Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжнаас Гэмт согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102в тоот хашаанд хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид болон Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт очсон. Хэргийн газарт очсоны дараа хэргийн газрын ойр орчмоор биечилсэн сурвалжилга хийхээр тасгийн алба хаагчид тарж явсан ба эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У-тай хамт амь хохирогчийн анх олсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй Монгол гэр рүү ороход Б- гэх хүн галаа түлээд сууж байсан. Мөн гэрт нь архины шил байхаар нь хэнтэй архи уусан юм бэ талийгаач Б-ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад, Б-, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь гэрт хоноод яв гэхэд Б-танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохиод гэрээс гарахаар би араас нь гараад, би Б-ыг явуулахгүй гээд, Б-явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би Б-ыг түлхчихсэн чинь Б-доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б-ёоё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь, би гэр лүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийн ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-ийн 123-124/, цагдаагийн ахлах дэслэгч Д.Шандас, Г.Д- нарын “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо 102б тоотод оршин суух Жамбал овогтой Б- нь талийгаач Сэрээтэр овогтой Б-тай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас холбогдогч Б- нь хохирогч С.Б-ыг модоор зодоод байхаар нь гэрийнхээ гадаа байдаг уруу хэсэг рүү түлхээд унагасан ба араас Баагий гэж дуудахад юу гэж хариулж байсан тэгэхээр би зүгээр байна гэж бодоод гэртээ орсон гэснийг БС-лагаар илрүүлэн тогтоож гэрчийн мэдүүлэг авч ажиллаа...” гэсэн илтгэх хуудас /хх 1-н 30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Мэдүүлэг шалгах ажиллагааг БГД 10 хороо, ЗН 12-102б тоотын хашаанд байх ертөнцийн зүгээр баруун зүгт харсан төмөр хаалгатай амбаартай урагш харсан хаалгатай бага 4 ханатай гэрээс эхлэн хийхэд Ж.Б- нь намайг энд сууж байхад С.Б- нь намайг цохисон гэсний дагуу Ж.Б-эр заалган сууж байсан гэх зуухны зүүн талд байх ягаан өнгийн сандлыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ж.Б- үргэлжлүүлэн намайг энд сууж байхад С.Б- нь хоймрын орон дээр сууж байсан ба босож ирээд намайг цохисон гэсний дагуу мөн өөрөөр нь заалган гэрийн хойд хэсэгт байх ор луу заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Ж.Б- нь гэрийн гадаа гарч амбаарны хаалганы орчимд С.Б- нь намайг заамдаад байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн С.Б- нь гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрээс баруун тийш доош уруудсан хэсгийг баруун талын улаан тоосгон өвлийн сууж хүртэл хэмжиж үзэхэд 14 м зайтай байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 92-96/, шинжээчийн 423, 1866 тоот дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 389 тоот дүгнэлт,  шүүх сэтгэц эмгэг судлалын 375 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Б- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б- нь амь хохирогч С.Б-ыг түлхэж унаган алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Ж.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс оршуулгын зардал 6.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчээс 5.728.818 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Б-г гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-д 8 жил 01 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г.Ганбат эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй, өмгөөлөгч Ш.Оюумаа хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ж.Б- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 516 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, эрэгтэй хүний малгай 1 ширхэг, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд жамбуу овогт Жамбалын Б-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 08 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 08 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- цагдан хоригдсон нийт 516 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-эс 5.728.818 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгосугай.

  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

- эрэгтэй хүний малгай 1 ширхэг, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Ж.Б-д шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

           

                       ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО

                       

                        ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА