Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0211

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

          “М э и” ХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн төлөөлөгч С.Саруул

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М э и” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “М т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М э и” ХК-иас гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 742 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Л.З

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0876/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М э и” ХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “М э и” ХК-иас гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М э и” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хууль, шүүхийн шийдвэрүүдэд дурдсан агуулгыг биелүүлж, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд дурдсан асуудлын талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн төлөөлөгч С.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...“М т” ХХК нь 2006 онд Т.Ц-с холбогдох хууль журмын дагуу 27.340 м.кв газар шилжүүлсэн авсан. Гэтэл “М э и” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Ж.Дамчаа манай газар эзэмших эрхийг хууль бус хэмээн маргаан үүсгэн, газар эзэмших эрхийг цуцлуулахаар 2008 оноос хойш захиргааны болон шүүхийн байгууллагуудаар маргаж явсны эцэст манай компанийн эзэмшил газраас 700 м.кв хэмжээ бүхий газрыг конторын, 3820 м.кв хэмжээ бүхий газрыг аж ахуйн зориулалтаар таслан уг компанид эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 тоот захирамжийг гаргасан байдаг.

“М э и” ХК-ийн зүгээс үлдэгдэл 22.820 м.кв газрыг олгоогүйд гомдолтой" гэх агуулгаар захиргааны иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд "М т" ХХК нь "27.340 м.кв газраа бүхэлд нь эзэмшүүлэхийг даалгах" агуулгаар бие даасан шаардлага гаргаж, "М э и" ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн 751 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 27.340 м.кв газрыг маргаан бүхий аль нэг тал дангаараа бүхэлд нь эзэмших эрхгүй, харин 4.520 м.кв газрыг "М э и" ХК-д олгосон тул үлдэж буй хэсэг болох 22.820 м.кв газрыг "М т" ХХК эзэмших эрхтэй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2019 оны 99 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 25-д "...маргаан бүхий газраас үл хөдлөх хөрөнгө байрласан 22,820 м.кв хасаад боломжит 4,520 м.кв газрыг "М э и" ХК-д эзэмшүүлсэн, 22,820 м.кв газрыг "М т" ХХК-д олгох байр суурьтай байгаа..." хэмээн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ийн шүүх хуралдаан дээр хэлсэн үгийг онцлон дурдсанаас гадна энэхүү тогтоолын 25-д "дээр дурдсан байр суурь нь хувь хүнийх бус албан ёсны байр суурь" гэж хэлсэн байдаг.

Нийслэлийн Газрын албаны дурдаад байгаа дээрх газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нийтэд илэрхий хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байсаар байтал шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судалж үнэлж дүгнэж үзэлгүйгээр хэргийг удаашруулж байгаад гомдолтой байна.

Уг маргаан бүхий газарт байрлаж байгаа Түгээлтийн нэгдсэн төв /ТНТ/ агуулах нь "Миний сүлжээ” дэлгүүрүүдийн оршин тогтнох үндэс суурь бөгөөд хуурай барааны 6500 м.кв талбай бүхий агуулах, 2000 м.кв талбай бүхий хөргүүртэй агуулах, том оврын ачаа тээврийн шланз, тир автомашин, механизм орох, гарах, эргэлт хийх зориулалтын талбайтай объект юм.

Түгээлтийн нэгдсэн төв /ТНТ/-д орлого, дүүргэлт, цуглуулга, хяналт хамгаалалт, түгээлт, санхүү бүртгэл, аж ахуй, савлагаа гэсэн нэгжүүдээс бүрдсэн 100 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Түгээлтийн нэгдсэн төв /ТНТ/ нь "Миний сүлжээ” дэлгүүрүүдийн оршин тогтнох үндэс суурь болохынхоо хувьд сүлжээ дэлгүүрүүдийн 1500 гаруй хүний ажлын байрны баталгаа, "М т" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны үндсэн капитал юм. Манай компани нь Түгээлтийн нэгдсэн төв /THT/-д 30 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсад жилд 6 тэрбум төгрөгийн татвар төлж үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр тус объект нь зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах хязгаартаа тулсан байгаа гэж дүгнээд байна. Энэ газраас дахин бага хэмжээгээр хасагдах төдийд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж “Миний сүлжээ” дэлгүүрүүд дампуурлын эрмэгт хүрэх юм.

Нийслэлийн Газрын албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа үндэслэлээр 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Газар эзэмших эрх олгох тухай А/68 захирамж гаргахдаа нийт талбайгаас боломжит хэсгийг 3820 м.кв аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар “М э и” ХК-д эзэмшүүлсэн.

Одоо харин үлдэж буй 22,820 м.кв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай юм гэж дутуу шийдвэрлэснээс энэ бүхэн улбаалж байна.

Уг асуудлыг цаг хугацаанд нь эцэслээгүй учраас өнөөдрийг хүртэл “М э и” ХК нь газар эзэмшихийг санаархаж байна.

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0742 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дүгээр зүйлд заасны дагуу "М э и "ХК-ийн байгуулах объектынх нь зориулалт, хүчин чадлыг тусгасан ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл гаргуулж асуудлыг шийдэх журамтай байтал, энэ заалтыг зөрчиж ямар ч зураг төсөлгүйгээр, газар эзэмшүүлэх захирамжийн төсөл Нийслэлийн Засаг дарга болон Газрын албанд өргөн мэдүүлсэн нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Засаг даргын бүрэн эрхэнд халдсан ноцтой үйлдэл бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан манай Түгээлтийн нэгдсэн төвийн ерөнхий төлөвлөгөөнд хүчээр өөрчлөлт оруулахыг завдаж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 23.1.6-д заасан " газар дээрх болон доорх дэд бүтэц бүхий бүсэд хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно" гэсэн заалтыг харгалзаж үзээгүй.

Кадастрын бүсэд Түгээлтийн нэгдсэн төвийн асфальтан талбай, дулаан цэвэр усны шугам, 10 ква-гийн өндөр хүчдэлийн кабель газар доогуур явж байгаа. Мөн Сонсголонгийн уулзвараас агаараар тавих автын давхар замын трасс энэ бүс дээгүүр өнгөрөхөөр төсөл хийгдсэн Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдаг.

Мөн хуулийн 12 дугаар зүйл "Хот байгуулалтын баримт бичигт Тавигдах шаардлага"-ын 12.6.2-т заасан барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох заалтыг харгалзахгүй болзошгүй аюулын үед галын машин техник үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх нь эргэлзээтэй Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл "Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл"-ийн 24.1.1-д заасан "газрын зориулалт зөрчиж газар эдэлбэр олгох", 24.1.2-т заасан "техникийн нөхцөлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгох" зэрэг хориглосон заалтыг харгалзан үзээгүй.

Мөн хуулийн 31.3 дугаар хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж манай эрх ашгийг ноцтой хөндөх шийдвэр гарахаар байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна" гэж заасны дагуу манай компанийн сүлжээ дэлгүүрийн түгээлтийн нэгдсэн төвийн барилга бүхий улсын бүртгэлийн Ү-2201026932 дугаартай, 8.532 м.кв талбайтай түгээлтийн нэгдсэн төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь энэхүү 22.820 м.кв газрын бүрдэл хэсэг юм.

Иймд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0742 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэхэмжлэгч өөрөө тодорхойлох атал нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байж “…газар олгохыг даалгах” шаардлагыг “…Газрын тухай хууль, шүүхийн шийдвэрүүдэд дурдсан агуулгыг биелүүлж, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд дурдсан асуудлын талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Түүнчлэн шүүхийн шийдвэр хэрэгжиж боломжтой байх ёстой. Энэ талаар ч шийдвэрт дурдсан боловч “Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22820 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий “М э и” ХК-ийн нэхэмжлэлийг болон гуравдагч этгээд “М т” ХХК-ийн “27340 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 73 дугаар магадлалд “…талуудын маргаж буй газрын тухайд ямар нэгэн хүчин төгөлдөр эрхийн акт гаргаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү газрын талаар 10 гаруй жил маргаантай явж ирсэн байдлыг харгалзан тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг даргаас 2018 онд А/68 дугаар захирамж гаргасан нь буруу биш. А/68 дугаар захирамжаар “М э и” ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй болон орчны газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, харин үлдэж буй 22820 м.кв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай…” гэж,

 

Энэхүү магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны мөн оны 99 дүгээр тогтоолд “…маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргах замаар “М э и” ХК-д аж ахуйн зориулалтаар 3820 м.кв, конторын зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлснээр маргаж байсан 27340 м.кв газраас 4520 м.кв газрыг нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмших эрхтэй болсон байна. Уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс үлдэх буюу 22820 м.кв газрыг нэмж эзэмшихээр, ….хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж боломжит хэмжээгээр хуваан эзэмшүүлсэн” гэж маргасан, давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, газрыг бүхэлд нь буюу 27430 м.кв хэмжээгээр хэн нэгэнд бүхлээр нь эзэмшүүлэх боломжгүй тухай шийдэл хуульд нийцсэн байна. …маргаан бүхий газраас гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй газар болох 4520 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, захиргааны эрхийн хүрээнд байна…” гэх зэргээр тус тус дүгнэжээ.

 

2.Нэхэмжлэлд эдгээр шүүхийн магадлал, тогтоолыг дурдсанаас гадна нэхэмжлэлийн үндэслэл болоод 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ “М т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй газрыг хуулийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулахыг хүссэнээс бус хүсэлтэд дурдсан асуудлын талаар холбогдох шийдвэр гаргахыг хүсээгүй байна.

 

Гэтэл шүүхийн шийдвэрт “…Газрын тухай хуульд заасны дагуу хариуцагч Засаг даргаас маргаан бүхий газрын талаар шийдвэр гаргах эрх болон үүрэгтэй…” гэснээс өөрөөр нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дээрх шүүхийн магадлал, тогтоолд уялдуулан дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл магадлалын “…одоо харин үлдэж буй 22820 м.кв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай юм…” гэснийг онцлон авч “…шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” байх агуулгаар нэгэнт шүүхээс шийдвэрлэсэн асуудлыг дээрх газар байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх…” гэж маргаан бүхий асуудлыг өөр хэн нэгэн тогтоосны дараа шийдвэрлэх байдлаар хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь байр суурийг сонсож хуульд үндэслэж шийдвэрээ гаргах нь зүйтэй…” гэснийг маргааны үйл баримтад хангалттай дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2019 оны 99 дүгээр тогтоолд “…нэхэмжлэгчид газрыг бүхэлд нь бус харин гуравдагч этгээдийн хөрөнгө байрлаагүй 4520 м.кв-ыг эзэмшүүлсэн нь  хуулийн зөрчилгүй, захиргааны эрх хэмжээний хүрээнд байна…” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн одоогийн эзэмшихийг хүсч буй “М т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй газар гэдэг нь маргаан бүхий газрын чухам аль хэсгийг хамааруулж байгаа болох нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд дээрх шүүхийн тогтоол гарснаас хойш нэмж үл хөдлөх эд хөрөнгө баригдсан эсэх, гуравдагч этгээдийн эзэмшлийн одоогийн түгээлтийн нэгдсэн төв /ТНТ/-ийн орц, гарц, мөн зориулалтад нийцсэн ачаа тээвэрлэлт хийх хангалттай зай талбай байгаа эсэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу эзэмшиж чадахгүй байгаа зарим газар гэдэгт Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн гуравдагч этгээдийн хөрөнгө байрлаагүй газрын аль хэсгийг оруулж байгааг нэхэмжлэгчээс тодруулах, мөн “нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэдэгт дээрх тогтоол хамаарах эсэх, тухайлбал одоогийн нэхэмжлэлийн шаардлага шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн дээрх нэхэмжлэлээс агуулгын хувьд хэрхэн өөр болохыг нягтлан шалгасны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Учир нь хариуцагчаас ямар шийдвэр гаргаснаас шалтгаалж дахин энэ мэтчилэн маргаан тасрахгүй үргэлжлэх магадлалтай энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлттэй уялдуулан, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, 22820 м.кв газраас нэмж нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломж байгаа эсэх, цаашлаад “Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22.820 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байх үеэс бодит нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг шалгах, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах зэрэг ажиллагаа хангалттай хийгдээгүй байх тул  давж заалдах шатны шүүхээс эдгээрийг зөвтгөн дүгнэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН