Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 038

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Л, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 35/02/29 дугаар “Номны үнэ төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, З.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагч Ж.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж нийт 5 акт тогтоосон.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл 2016 оны 02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ховд аймгийн Дөргөн суманд 294 кл буюу 52 летр шатахуун зарцуулан явсан гэжээ. 2016 оны 02 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Үндэсний хөгжлийн хүрээлэн хамтран “Ховд аймгийн ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагаа” сэдэвт сургалт  Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагдсан. Энэхүү сургалтанд миний бие оролцсон тул Дөргөн сум яваагүй нь нотлогдоно. Мөн актын хавсралтын 4 дүгээр хүснэгтэнд 2016 оны 7 сарын 18-нд Дөргөн сум явсан талаар бичсэн байна. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 7 сарын 01-ний өдрийн А/327 дугаар захирамжаар орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах комисс томилох байгуулсантай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулж, 2016 оны 7 сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай Төслийн зохицуулагч томилох тухай захирамж гарснаар зохион байгуулалтын ажил дууссан. Энэ хооронд хөдөө яваагүй.

Дөргөн сум яваагүй нь байгууллагын болон байцаагч жолооч нарын тайлангаар нотлогдоогүй тул төлүүлэх үндэслэлгүй бөгөөд улсын байцаагчийн жолооч Баттөрд зааж өгч бичүүлээд 14 удаа Дөргөн сум руу явсан мэтээр хуурамч баримт, тамга тэмдэггүй нотариатаар батлуулаагүйгээр бүрдүүлж тайландаа хавсаргасан нь хуурамч нотлох баримт бүрдүүлжээ.

Уг актын 7 дугаар мөрөнд “...Ховд аймгийн Засаг даргын баталсан 35/02/04 дүгээр удирдамжийн дагуу...” гэдэг нь хууль бус байна. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны жилийн төлөвлөгөөг төсвийн Ерөнхийлөн захирагч Д.Галсандондог батлах ёстой байтал 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу хяналт шалгалт хийснээс хойш 3 сарын дараа албаны дарга Б.Нармандах баталсан нь Дотоод аудитын дүрмийн 7.1 дэх заалтыг зөрчсөн.

Ховд аймгийн Засаг даргын баталсан 35/02/04 дугаар удирдамж нь 2017 оны 01 дүгээр сарын 19-нээс ажлын 18 хоногт гэж заасан байхад байцаагч нь ажлын нэг хоногийн өмнө эхлүүлж,  ажлын 8 хоногт хийж 45 хоногийн дараа акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2-д 5.11 дэх заалтыг зөрчсөн. Маргаан бүхий актуудыг бидэнд мэдэгдээгүй, актыг Байгаль орчин аялал жуучлалын газарт өгч байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9, 5.9.1, 5.9.2, 5.9.3, 5.10-д заасныг зөрчсөн. Хариуцагч шалгалтаар 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахдаа 1126 кл бичсэн байгаа. 200 литр шатахуун зарцуулаад 1126 кл явна гэж ойлголт байхгүй.

Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актанд “Ховд аймгийн Дөргөн сумд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдохгүй байгаа” гэж бичсэн атлаа энэ актын хавсралтын 3-4 мөрүүдэд “байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар нотлогдоогүй тул төлүүлэх гэсэн байгаа” гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын тухайд: Улсын байцаагч нь уг акт тогтоосон талаар З.Л болон Б.Б нарт мэдэгдээгүй, хяналт шалгалт хийх явцдаа бидэнтэй уулзаж ярилцалгүйгээр акт тогтоосон нь хууль бус юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1, 5.9.2, 5.9.3, 5.10 дэх заалт, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалт, Дотоод аудитын дүрмийн 6.3.3 дахь заалт, Төрийн аудитын байгууллагын акт тогтоох албан шаардлага өгөхөд баримтлах журмын 5.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн

БОНХАЖ-ын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр 17 сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих хурал зөвлөгөөнийг 6000000 төгрөгөөр төсөвлөснийг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар уг 6000000 төгрөгийг “Ногоон хөгжлийн бодлого-Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтанд зарцуулахаар болсон нь төлөвлөж байсан ажлын 50 хувийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэж байсан.

БОНХАЖ яам, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газартай хамтарсан Ховд аймгийн “Ногоон хөгжлийн бодлого-Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь” сэдэвт сургалт 2015 оны 5 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймагт зохион явуулсан ба уг арга хэмжээнд Монгол улсын Байгаль орчны газрын дарга, мэргэжилтэн нийт 300 гаруй хүнд 6000000 төгрөгийг арай ядан хүргэж, сургалтанд оролцогч нарт аймаг орон нутгийг сурталчлах зорилгоор “Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар” сэтгүүлийг хэвлүүлж түгээсэн нь олон хүмүүсийн талархлыг хүлээж байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 8 дугаар сард манай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болсонтой холбоотой улсын хэмжээний Байгаль орчин аялал жуучлалын газрын төлөөлөл манай аймагт цугларч “Ногоон хөгжил” нэртэй чуулга уулзалт хийсэн. Үүнтэй холбоотой Байгаль хамгаалах сангаас 6000000 төгрөг Засаг даргын захирамжаар манай байгууллагын дансанд орж ирсэн.

Энэ сургалт 2015 оны 8 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд болсон. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн “Төгс” төвд хүлээн авалт хийсэн. “Төгс” төвөөс хүлээн авалтын ширээ засах гэхээр төсөв нь өндөр гараад байсан. Энэ асуудлыг хамт олны хурал дээр ярилцаж “Э” ТББ байгууллагаар дамжуулж мөнгө гаргаж авсан.

2 сая төгрөгөөс 38 ширхэг сэтгүүл хэвлэгдсэн нь үнэн. 38 сэтгүүлийг 21 аймгийн дарга, яамнаас ирсэн дарга нарт өгсөн. Тухайн үед бэлэг болгож өгсөн учраас гарын үсэг зуруулж аваагүй. Манай байгууллага төсөвтөө тааруулж сэтгүүл гаргаж хийсэн. Э ТББ-ын дансанд шилжүүлсэн 21050000 төгрөгөөс 1638500 төгрөгийг бэлнээр авч уг хүлээн авалтанд хэрэглэсэн. Уг мөнгийг байгууллагын дансанд буцааж оруулаагүй.

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны төсвийн санхүүгийн тайлангийн аудитыг 2016 оны 1 дүгээр сарын 14-17-ны хооронд Ховд аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийхэд санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас маргаан бүхий акт гарсан талаар бидэнд хэлээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 70 дугаар зүйлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хууль үйлчлэх үеэс эхлэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор заасан.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл 2015 онд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 300 ширхэг сэтгүүл хэвлүүлэхээр материал бүрдүүлж 2105000 төгрөгийг Э ТББ-ын дансруу шилжүүлсэн боловч Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны санхүүгийн баримтад 1 ширхэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр орлогод авсан байдаг. Бид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж акт тогтоосон. Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн болон бусад ажилчид 300 ширхэг сэтгүүл хэвлүүлээгүй талаар бидэнд тайлбарласан ба 1638000 төгрөгийг Эхлэх Ховд ТББ-аас бэлнээр нь авч хүлээн авалтанд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон. Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахаар заасан ба төсвийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан нь уг актыг тогтоох үндэслэл болсон.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас гомдол санал ирсэнтэй холбоотойгоор шалгаж үзэхэд зөрчил илэрсэн учраас акт тогтоосон. Өөрөөр хэлбэл тус газрын ажилчид Дөргөн сум явлаа гэж шатахуун зарцуулдаг гэсэн тул шатахууны тооцооны хуудаснаас Дөргөн сум руу явснаар шатахуун бичсэнийг нь жолоочийн тайлан болон бусад баримтуудтай тулгаж үзээд баримтыг үндэслэн уг актыг тогтоосон. Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч нь холбогдох этгээдээс тайлбар бичүүлж авах эрх бий. Үүний дагуу Байгаль орчин аялал жуучлалын газрын жолоочоор тайлбар бичүүлж авсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг өмгөөллийн үгэндээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай акт нь  хууль бус акт гэж үзэж байна. Учир нь утга агуулга, бичлэгийн илэрхий алдаатай, уг актаар тогтоогдсон төлбөр нь хэрхэн нотлогдож байгаа талаар баримт хэрэгт байдаггүй. Жолоочийн тооцооны хуудсаар Хөх эргийн аараг гэх газарт албан ажлаар явсан нь тогтоогдож байгаа ба хувийн ажлаар явсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм. Албан ажлаар явахад З.Л дарга өөрөө явсан ч байж болно яваагүй ч байж болно.

Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай акттай холбоотойгоор “Э” ТББ-ын захирлыг гэрчээр асуухад “Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2.015.000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. Байгаль орчин аялал жуучлалын газар нь сэтгүүлээс гадна тус газрын тайланг 156000 төгрөгөөр хэвлүүлсэн. Мөн 10000 төгрөгөөр цэцэгний зураг хэвлүүлж хөөсөн самбар дээр наалгаж авсан. Ингээд сэтгүүл болон тайлан, цэцэгний зураг хэвлүүлсний мөнгөө би авч үлдээд үлдсэн мөнгийг нь Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг.

Мөн Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтнүүдээс гэрчийн мэдүүлэг авахад Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын үйл ажиллагааг сурталчлах, таниулах үүднээс уг сэтгүүлийг хэвлүүлэхээр хамт олны хурлаар хэлэлцээд баталсан байдаг ба нийт 30 ширхэгийг хэвлээд чуулга уулзалтаар ирсэн аймгуудын төлөөлөлд өгсөн гэдэг нь тогтоогдсон.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ”-ний 1 дүгээр хавсралтын 10-д “байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хурал зөвлөгөөн хийх” ажлын хүрээнд 6 сая төгрөгийг төсөв төлөвлөсөн байгаа. Энэ төсвийг Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/243 дугаар захирамжаар 6 сая төгрөгийг зарцуулах эрхийг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт олгосон байдаг. Энэ 6 сая төгрөг дотор сэтгүүлийн үнэ багтаж байгаа. Үүний хүрээнд зохион байгуулсан Байгаль орчин аялал жуучлалын газруудын чуулга уулзалтын хүрээнд зарцуулсан.

Хариуцагчаас акт тогтоохдоо нэхэмжлэгч нарыг оролцуулж сонсох ажиллагаа хийгээгүй. Хэрвээ сонсох ажиллагаа явуулсан бол уг актын төлбөртэй холбоотой тайлбарыг сонсох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Иргэдийн төлөөлөгч Б.Ц дүгнэлтэндээ: Хариуцагчийн 35/02/28 дугаар актын хувьд 466500 төгрөгөөр сэтгүүл зэргийг хэвлэсэн, 1638500 төгрөг нь 320 хүний сургалтын зардал, хүлээн авалтанд зарцуулсан баримт байгаа тул З.Л нараар төлүүлэх нь буруу гэж үзэж байна. Харин 35/02/27 дугаар актын хувьд 4 удаа Дөргөн сум явахдаа 2 удаад нь ар гэрийн гачигдлаар явсан нь нас барсны гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 30.4.3-д зааснаар шатахуун зарцуулсан тул З.Л хамаагүй.  Үлдсэн 2 удаагийн явалтын хувьд Дөргөн сум яваагүй байхад бензин зарлагадсан жолоочид төлбөр тавигдах нь зүйтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Л, Б.Б нар нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/29дугаар “Номын үнэ төлүүлэх тухай”  актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч З.Л, Б.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29дугаар “Номын үнэ төлүүлэх тухай”  актыг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд  энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх  тул  тус нэхэмжлэлийн  шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актуудын төлбөрийн хэмжээг  багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд /хх1-11/

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны  санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь Ховд аймгийн Засаг даргын  баталсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 35/02/04 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд  шалгалт хийсэн /хх1-116-117/ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.2-“Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...” 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн  удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцсэн, хууль  журмын дагуу  хяналт шалгалт явагдсан байна. 

Шалгалтаар 2016 оны санхүүгийн тооцоог шалгахад 1126 км буюу 200 литр шатахуун зарлагадаж Ховд аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй гэсэн үндэслэлээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг зөрчсөн  гэж үзэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг үндэслэн 351610 төгрөгийг дарга З.Л  төлүүлэхээр  акт тогтоожээ.

А. 2016 оны 02 дугаар сарын 22-24-нд Ховд аймгийн Дөргөн суманд 294 километр буюу 52 литр шатахуун зарцуулсан, 2016 оны 07 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Дөргөн суманд 240 километр буюу 43 литр шатахуун тус тус  үндэслэлгүй зарцуулсан гэх үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч З.Л нь “....02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд би Дөргөн сум яваагүй нь үнэн. Учир нь тэр цаг хугацаанд Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан Ховд аймгийн Ногоон хөгжлийн  хэтийн зорилт, үйл ажиллагаа” сургалт семинарт оролцож байсан,

07 дугаар сарын 22-нд Б/23 дугаартай Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-нд А/237 тоот Орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах комисс томилох тухай захирамж гарч тухайн ажилтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулж улмаар 2017 оны 07 дугаар сарын 22-нд Б/23 дугаартай Төслийн зохицуулагч томилох тухай захирамж гарснаар   зохион байгуулалтын ажил дууссан учир энэ хооронд хөдөө яваагүй” зэрэг нь З.Л намайг Дөргөн сум яваагүйг нотолно” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч З.Л  02 дугаар сарын 22-24-ний, 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус Ховд аймгийн Дөргөн сумд хяналт шалгалтаар яваагүй болохоо  хүлээн зөвшөөрсөн байна.

Харин нэхэмжлэгч З.Л нь жолоочийн тооцооны хуудсанд /хх1-122, 124/ гарын үсэг зурсан байдлаа  шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би тэр өдрүүдэд хяналт шалгалтаар яваагүй нь үнэн, тооцооны хуудсанд  гарын үсэг зураад өг гэхээр нь итгээд гарын үсэг зурсан” гэж тайлбарлах боловч Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.....”,  13.6 “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь нэхэмжлэгчийг өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй  юм.

Иймд нэхэмжлэгч З.Л-ийн 2016 оны 02 дугаар сарын 22-24-нд, 07 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Дөргөн суманд тус тус албан ажлаар яваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдох ба  02 дугаар сарын 22-24-нд 294 километр буюу 52 литр шатахуун, 07 дугаар сарын 18-ны өдөр 240 километр буюу 43 литр шатахууныг Ховд аймгийн Дөргөн сум яваагүй байхад явснаар тооцож бензин зарлагадсан нь хуульд нийцээгүй байх тул энэ талаар  улсын байцаагч акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Л нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”,13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно...”,  13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэснийг  зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... тус өдрүүдэд З.Л яваагүй байж болно. Харин Байгаль орчин, аялал жуучлалын газраас  хяналт шалгалтаар Дөргөн сум руу явсан” гэж тайлбарлах боловч жолоочийн тооцооны хуудсанд  тухайн машиныг албан хэрэгцээнд хэрэглэсэн, ашигласан хүний гарын үсэг зурагддаг байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Б.2016 оны 4 сарын 26-27-нд Ховд аймгийн Дөргөн суманд 331 километр буюу 59 литр шатахуун, 4 сарын 29-нд Ховд аймгийн Дөргөн Суманд  261 километр буюу 46 литр шатахуун тус тус  үндэслэлгүй зарцуулсан гэх үндэслэлийн талаар:

З.Л нь 2016 оны 04 дүгээр сарын 26-27, 4 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Ховд аймгийн Дөргөн суманд  хяналт шалгалтын ажлаар явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан жолоочийн тооцооны хуудас /хх1-123/ болон гэрч О.Баттөрийн “4 сарын 26-27-ны  өдөр, 29-ний өдрүүдэд Дөргөн сум руу ямар ажлаар явсан бэ гэхээр  тухайн үед дарга З.Л-ийн хадам ах нас барсан тул уг ажлаар Дөргөн сум явсан гэхдээ  Дөргөн сум руу явах үедээ Хөх эргийн аараг гэх газар мөн адил хяналт хийж, эргэж тойрч явж байсан.Дөргөн сумын Хөх эргийн аараг гэх газар  алт гардаг тул иргэд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа ихээхэн явагддаг байсан. Үүнтэй холбоотой  тус газарт хяналт шалгалт хийдэг байсан...” гэх  мэдүүлэг /хх1-176-177/  зэргээр нийт 105 литр шатахууныг албаны бус хувийн ажилд зарцуулаагүй болох нь нотлогдож байх тул З.Л Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг буруутгахдаа байцаагч, жолоочийн тайлангаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч байцаагчийн тайлан гэж байхгүй, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “байцаагч гэж андуурч бичигдсэн“ талаар тайлбарласан, жолооч О.Баттөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тухайн үед хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг бензин зориулалтын бусаар зарцуулсан талаар хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын  нийт 351610 төгрөгийн төлбөрөөс  З.Л-ийн 2016 оны 4 сарын 26-27-нд Ховд аймгийн Дөргөн суманд 331 километр буюу 59 литр шатахуун  буюу 103250 төгрөг, 4 сарын 29-нд Ховд аймгийн Дөргөн суманд  261 километр буюу 46 литр шатахуун буюу 80500 төгрөг, нийт 183750 төгрөгийг хасаж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 167860 төгрөг болгон багасгах нь зүйтэй байна.

2. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актад  2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 160 тоот төлбөрийн хүсэлтээр “Э” ТББ-д 300 ширхэг  сэтгүүлийн үнэ 2105000 төгрөг шилжүүлсэн ба уг сэтгүүлийг 1 ширхэгээр орлогод авч 1 ширхэгээр зарлагадсан нь уг сэтгүүл зах зээлийн ханшид үл нийцэх хэт өндөр үнэтэйгээр гадна уг сэтгүүлийг 300 ширхэгийг хэвлэж  юунд  хэрэглэсэн нь анхан шатны баримтаар нотлогдохгүй  тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 даасныг зөрчсөн гэж үзэж   1 ширхэг сэтгүүлийн үнэ болох 2105000 төгрөгийг З.Л, Б.Б нараар төлүүлэхээр акт тогтоожээ. /хх1-13/

Нэхэмжлэгч нар “.... БОНХАЖЯ, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газартай хамтарч Ховд аймгийн “Ногоон хөгжлийн бодлого-Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь сэдэвт  сургалт 2015 оны 08 дугаар сарын 5-6-ны хооронд явагдаж Монгол улсын Байгаль орчны газрын дарга, мэргэжилтэн нийт 300 орчим хүн ирсэн.  Сургалтанд оролцогчдод  аймаг орон нутгийг сурталчлах зорилгоор “Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар” сэтгүүлийг  “Э” ТББ-д хэвлүүлсэн. Ингээд Э ТББ-д 2105000 төгрөгийг шилжүүлсэн.  Тус газарт  сэтгүүл 30 ширхэг нийт 240000 төгрөг, цэцэгт самбар 7 ширхэг нийт 70000 төгрөг, ажлын тайлан өнгөтөөр 3 хувь хэвлүүлэхэд  нийт 156500 төгрөг, нийт 466500 төгрөг болсон .Ингээд 2105000 төгрөгөөс үлдсэн  1638500 төгрөгийг бэлнээр авч  дээрх арга хэмжээний хүлээн авалтын архи,  чихэр, жимсэнд зарцуулсан, үүнийг хувьдаа ашиглаагүй тул үргүй зардал гэж үзэхгүй, мөн 2016 оны  Байгаль орчин аялал жуучлалын газрын санхүүгийн баримтыг шалгах удирдамжтай байхад 2015 оны Байгаль хамгаалах сангийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн, сангийн мөнгө бол төсөвт хамааралгүй юм...” гэж тайлбарлаж байна.

Ховд аймгийн Засаг даргын баталсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35/02/07 дугаартай  удирдамжаар  Ховд аймгийн Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжийн баталсан ба уг удирдамжийн шалгалтанд хамрагдах объектод Ховд аймгийн Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааг хамруулахаар заасан байх ба Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ж.Ц нь  дээрх удирдамжийн дагуу 2015 оны Байгаль хамгаалах сангийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийснийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.2-“Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...” 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн  удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй, хяналт шалгалт  хууль,  журмын дагуу  явагдсан байна. 

 “Э” ТББ-ын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар нэхэмжлэлээр  Байгаль орчин аялал жуулчлалын газраас “Сэтгүүлийн үнэ 2105000” төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлд тоо хэмжээ, нэгжийн үнийг бичээгүй байна. /хх1-126/

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар орлогын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаар баримтаар 1 ширхэг сэтгүүл /2105000 төгрөг үнэтэй/-ийг  байгууллагын  орлогод авсан /хх1-127/ ба дээрх нэхэмжлэлийн дагуу Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 160 тоот төлбөрийн хүсэлтээр “Э” ТББ-д сэтгүүлийн үнэ гэж 2105000 төгрөг шилжүүлж,  2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн  зарлагын баримтаар 1 ширхэг сэтгүүл /2105000/-ийг зарлагаджээ. /хх1-125/

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь “Э” ТББ-д нийт сэтгүүлийн үнэд 2105000 төгрөгийг шилжүүлсэн боловч  сэтгүүл 30 ширхэг нийт 240000 төгрөг, цэцэгт самбар 7 ширхэг нийт 70000 төгрөг, ажлын тайлан өнгөтөөр 3 хувь хэвлүүлэхэд  нийт 156500 төгрөг, нийт 466500 төгрөгийн сэтгүүл болон самбар, тайлан хэвлүүлсэн, үлдсэн 1638500 төгрөгийг бэлнээр авч  сургалтын арга хэмжээний хүлээн авалтын архи,  чихэр, жимсэнд зарцуулсан, уг 1638500 төгрөгийг байгууллагын дансанд буцааж бүртгээгүй талаараа нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа ба энэ талаар маргаагүй, үүнийгээ хүлээн зөвшөөрч байх ба энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Орон нутгийн тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан ба Ховд аймгийн Байгаль хамгаалах сангийн санхүүгийн үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Нягтлан  бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу  зарцуулах” гэж   заасан ба  Байгаль орчин, аялал жуучлалын газар нь “Э” ТББ-д нийт 466500 төгрөгийн сэтгүүл, самбар, тайлан хэвлүүлсэн талаар зардал гаргасныг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх бөгөөд харин үлдсэн 1.638.500 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь дээрх хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр  хэлбэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас  үл хамааран  энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай  этгээд  уг хохирлыг төлж барагдуулна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.....”,  13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглаагүй 1638500 төгрөгийг байгууллагын төсвийг зарцуулах эрх бүхий этгээд болох дарга З.Л, нягтлан бодогч Б.Б нар  хариуцах нь зүйтэй байна. 

Иймд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын  нийт 2105000 төгрөгийн төлбөрөөс “Э” ТББ-д бодитойгоор хэвлүүлсэн сэтгүүл, тайлан, самбарны үнэ болох нийт 466500 төгрөгийг хасаж актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 1638500 төгрөг болгон багасгах үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан ба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын  улсын байцаагчийн эрхтэй байна.”, 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална гэж дотоод аудитын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулсан байх тул нэхэмжлэгч талын “ Захиргааны ерөнхий  хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар”-ыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

Нэхэмжлэгч актад “Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг үндэслэсэн бөгөөд хуулинд ийм заалт байхгүй” гэх тайлбарын тухайд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас  үл хамааран  энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай  этгээд  уг хохирлыг төлж барагдуулна” гэж заасан бөгөөд 2015 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-дэх заалтыг “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөхөөр өөрчлөлт оруулсан ба  Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Иймд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийг 2016 оны 02 дугаар сард хяналт шалгалт хийх цаг хугацаанд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. 

Маргаан бүхий захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн харьяалах байгууллага болох Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт,аудитын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч З.Л, Б.Б нар нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаар “Номны үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 69 дүгээр зүйлийн 69.4, 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын нийт төлбөр 351610 төгрөгийн төлбөрийг 167860 /нэг зуун жаран долоон мянга, найман зуун жар/ төгрөг болгон, мөн өдрийн 35/02/28 дугаар “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын нийт төлбөр 2105000 төгрөгийн төлбөрийг 1638500 /нэг сая зургаан зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг болгон төлбөрийн хэмжээг тус тус багасгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч буюу Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл

Шүүгч Д.Алтанцэцэг,

Шүүгч Г.Янжиндулам