Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0283

 

 

                                      “А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар,

Нэхэмжлэгч: “А Т” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А Т” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.М, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0837/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарт холбогдууланСүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А Т” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5 дахь заалтыг тус тус баримтлан “А Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарт холбогдуулан гаргасан “ “А Т” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актын бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүх болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар нь 2019 оны 6 дугаар сард Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн, улмаар 2019 оны 6, 7 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Ашиг малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд болон 2019 оны 6, 7 дугаар сард дагаж мөрдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг 2019 оны 6, 7 сарын үйлдэлд буцаан хэрэглэж татвар төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй тул гомдолтой байна.

3.2. Товчхондоо шүүх татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотой маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцүүлээгүйн дээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй байх суурь зарчмыг баримтлаагүй” гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн төлбөр зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн Засгийн газрын 2019 оны 342 дугаар журам нь гарсан өдөр болох 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй.

3.3. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.М, Д.А нар нь манай байгууллагын 2017.01.02-2020.12.31-ний өдөр хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, улмаар манай “бусдын худалдан авсан төмрийн хүдрийг 2019 оны 2, 3, 6, 7 дугаар сард тээвэрлэж, 286 ширхэг гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийсэн үйлдлийг” төмрийн хүдэр экспортолсон гэж үзсэн. Түүнчлэн 2019 оны 2, 3 дугаар сард 1,259,716.268.48 төгрөгийг борлуулалтын экспортын мэдээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-н тайланд тусгаагүй зөрчил, мөн 2019 оны 6, 7 дугаар сард 9,958.90 тонн төмрийн хүдрийг экспортод гаргасан үйлдэлдээ 1.399.120.319.99 төгрөгийг дутуу тайлагнасан зөрчлийг тус тус гаргасан гэж  2022 оны 03 дугаар сарын сарын 11-ний өдөр НА-25220000035 дугаартай актаар тогтоосон 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги, нийт 194.873.193.53 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

3.4. Ийнхүү дээрх акт тогтоохдоо Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр “Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн” гэж дүгнэж, үйлчлэлийг түдгэлзүүлсэн Ашиг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...Ашигт малтмал худалдсан, худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үздэг. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг “Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн” гэж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон ба Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр зааж дараах өөрчлөлтийг хуульчилсан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.3-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх этгээдийг, харин 47.2-т “... борлуулалтын үнэлгээг тооцох журам”, 47.3, 47.5-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, ... бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч нэмэгдүүлэх хувьтай холбоотой харилцааг зохицуулах”, 47.16.1-47.16.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч этгээдийн ямар үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулалгүй ногдуулах тухай” зааж өөрчлөлт оруулсан.

3.5. “А Т” ХХК нь төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн 2019 оны 6, 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд “экспортлогч” гэх зохицуулалт байгаагүй атал дээрх хуулийг буцаан хэрэглэж манай компанийн Татварын албанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгүүлсэн үйлдэлд, мөн 2019 оны 6, 7 дугаар сард 9.958.90 тонн төмрийн хүдрийг тээвэрлэсний дагуух гаалийн мэдүүлгийг үндэслэн “экспортлогч” гэж үзэж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

3.6. Хэрэгт “А” ХХК болон “Д Т Ү” ТӨХК нарын хоорондох 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн AODE-GPCSP-2019/33 дугаартай “Сэлбэг худалдах, худалдан авах ерөнхий гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн AODE-OC2019/14 дугаартай “А” ХХК ба “Ш Ю Ш” экспорт, импортын худалдааны компанийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, дансны хуулга болон төлбөрийн баримт зэрэг нотлох баримтууд болон “Д Т Ү” ТӨХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, төмрийн хүдрийн борлуулалтын мэдээлэл, оногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг авагдсан. Шүүх шийдвэрийн 7-8 талд баримтуудыг дурдаж бичсэн ч хэргийн үйл баримтыг тогтооход үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, хэн экспортлогч вэ гэдгийг тогтоогоогүй, зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, төлбөр төлсөн үйлдэл болон гаальд дахь “А Т” ХХК-ийн төмрийн хүдрийн ачилтын 286 ширхэг мэдээлэлд тулгуурласан нь учир дутагдалтай.

3.7. Мөн хэрэгт маргаан бүхий асуудлаарх төмрийн хүдэрт “Д Т Ү” ТӨХК нь “А” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт 336,962,309.632 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн баримт байх атал давхардуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон эсэхэд ч дүгнэлт хийгээгүй.

3.8. Мөн манай компани 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа тухайн оны тээвэрлэлтийн ажилтай холбогдох 898,019.100 төгрөгийн орлоготой, үүнээс 897,603,700,70 төгрөгийн зарлагыг бүхэлд нь гаргасан. Энэ орлогоос 2019 оны тээвэрлэлтийн гэрээний 449.834,303.37 төгрөгийн орлогын хэсэг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгагдсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бөгөөд 2019 оны 6, 7 дугаар сард үйлчилж байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, бүтээгдэхүүний үнийг тогтоож, тайлагнах журмын дагуу гэрээний үнийг үндэслэсэн ба Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нарын шахалт, зөвлөгөө байсан. Хуульд өөрчлөлт орохоос өмнө зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, төлдөг байсан.

3.9. Тээврийн гэрээний дагуух орлого бүхэлдээ уг ажиллагааны зардалд зарцуулагдсан нь хэрэгт байх манай байгууллагын дансны хуулгын орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл, эдгээрийн гүйлгээний утгаас харахад бүрэн нотлогдож байдаг. Тухайлбал, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу “Д Т Ү” ТӨХК нь “А” ХХК-д 16,000 тонн төмрийн хүдэр худалдсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК нь уг төмрийн хүдрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ш Ю Ш” импорт экспортын худалдааны компанид худалдсан ба тус компаниас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “А” ХХК-ийн Голомт банкны *** тоот дансанд 10.000 тонн төмрийн хүдрийн төлбөр болох 145.000 ам.долларыг хүлээн авсан байдаг. Харин манай байгууллагын дансанд 2019/12 дугаартай тээврийн гэрээний 170.000 ам.доллар /2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 85,000, 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 50,000, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 35,000 ам. Доллар/ нь ачааны төлбөр утгаар шилжин ирсэн.

3.10. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 -д “... Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батлахаар заасан ба хуулийн өөрчлөлтийн дагуух журмыг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлсэн. Татварын байцаагч нар нь манай байгууллагын 2019 оны 6, 7 дугаар сард төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж, гаальд мэдүүлсэн үйлдэлд болон 2019 оны 12 дугаар сард татварын байцаагч нарын “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлан гаргах ёстой” гэх шахалтаар Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу гэрээний үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, төлбөр төлсөн үйлдэлд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр НА-25220000035 дугаартай актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаартай тогтоолоор баталсан “... экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд баримтлахаар зохицуулсан журмыг баримталж ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож тайлагнаагүй гэсэн” нь үндэслэлгүй.

Учир нь Засгийн газрын тогтоолыг гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойших ашигт малтмал экспортолсон үйлдэлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож тайлагнах ёстой.

3.11. Манай байгууллагын 2019 оны 6, 7 дугаар сард гаалийн хилээр төмрийн хүдэр тээвэрлэсэн үйлдэлдээ тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу гэрээний үнээр нь буюу борлуулалтын орлого, зарлагаар тооцон тайлан гаргаж 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22.491,715.17 төгрөгийн албан татвар төлсөн үйлдлийг дээрх журмаар буруутгах үндэслэлгүй.

3.12. Мөн “А” ХХК нь хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө суутгаж авч худалдсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл, “Д Т Ү” ТӨХК нь 14 ам.доллароор худалдахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй үнээр, “А” ХХК цааш нь 14.5 ам доллароор дээрх компанид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй үнээр худалдсан байгаа харагддаг.

Гэтэл шүүх татварын байцаагч нарын хууль зөрчсөн дээрх байдалд болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр НА-25220000035 дугаартай хууль зөрчсөн актад хууль хэрэглээний дүгнэлтийг зөв хийгээгүй, улмаар 2019 оны 6, 7 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй хууль, журмыг буцаан хэрэглэснийг үндэслэлтэй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

3.13. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0151 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “А Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарт холбогдууланСүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А Т” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-25220000035 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

            3.2. Маргаан бүхий НА-25220000035 дугаартай актаар “...“А Т” ХХК нь 2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасныг,

            2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг тус тус зөрчсөн, татварын хяналт шалгалтаар нийт 3,648,087,943.35 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д тус тус заасныг үндэслээд 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги, нийт 194,873,193.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн”,

            Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “мөн актыг хэвээр баталсан” байна.

            3.3. “А” ХХК болон “Д Т Ү” ХК нар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн AODE-GPCSP-2019/33 дугаартай “Сэлбэг худалдах, худалдан авах ерөнхий гэрээ”-г байгуулсан, “А” ХХК болон “Ш Ю Ш” экспорт, импортын худалдааны компани нар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр AODE-OC2019/14 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээнд “ ... “Д Т Ү” ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр төмрийн хүдрийг худалдан авагч талд нийлүүлэхээр зааж, 16,000 тонн төмрийн хүдрийг 14,5 доллароор, нийт 232,000 доллар төлөхөөр тооцож” тусгасан, “А Т” ХХК болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ш Ю Ш” импорт, экспортын худалдааны компани /II M S Y X I A E T/ нар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээнд “... “Д Т Ү” ХК-тай байгуулсан гэрээний дагуу авах 10,000 тонн төмрийн хүдрийг ачааны машинаар “Д И” ХХК-ийн 1 дүгээр салаа замын талбайд тээвэрлэн буулгах, мөн вагоноор ДАФ-Эрээн хүртэл тээвэрлэхээр, 10,000 тонн хүдрийн 1 тонны үнийг 17 ам доллар буюу 170,000 ам.доллар байхаар тохирчээ”.

            3.4. “А Т” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-г тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгүүлж, 2019 оны 6, 7 дугаар сард 9,958.90 тонн төмрийн хүдрийг экспортод гаргаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22,491,715.17 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнаж, төлсөн бөгөөд нэхэмжлэгч эдгээр үйл баримтыг болон маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийн тооцоололтой холбогдуулан маргаагүй, харин “... манай компани төмрийн хүдрийг олборлоогүй, ашиглаагүй, экспортлоогүй, бусдад худалдан борлуулаагүй, бусдад худалдахаар ачуулаагүй, ... гэрээний дагуу тээвэрлэлтийн ажиллагаанд зориулан тээвэр, агуулах, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн төлбөр ногдуулсан” гэж тайлбарлан маргаж байна.

Харин хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “... “А" ХХК ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр төлөгч компани биш, бүртгүүлээгүй, тайлагнаагүй, төлөөгүй, тиймээс тээвэрлэлтийг гүйцэтгэж хилээр гаргаж, гаалийн мэдүүлэг мэдүүлснээрээ “А Т” ХХК-д хяналт шалгалт орсон, төлөх нь гарцаагүй, ...” гэж тайлбарласан.

            3.5. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж өөрчилсөн,

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг ... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн”,

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 07 дугаар сарын 16 өдрийн 70 дугаар тогтоолоор “... 03 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон” байна.

Дээрхээс үзвэл “А Т” ХХК төмрийн хүдэр экспортод гаргах үед буюу 2019 оны 06, 07 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заасан нь мөн өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж үзэх тул үүнээс өмнөх хугацаанд мөн хуулийн заалтыг баримталж ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр байна.

Иймд нэхэмжлэгчийн “...2019 оны 6 дугаар сард “Үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн, 2019 оны 6, 7 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Ашиг малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

3.6.  Мөн нэхэмжлэгчээс “...2019 оны 6, 7 дугаар сард дагаж мөрдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг 2019 оны 6, 7 сарын үйлдэлд буцаан хэрэглэж татвар төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна. 

 “А Т” ХХК-ийн 2019 оны 6, 7 дугаар сард төмрийн хүдэр экспортлох үед Монгол Улсын Засгийн газрын 342 дугаар тогтоол батлагдан гараагүй, өөрөөр хэлбэл, 342 дугаар  тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан байх тул уг тогтоолын дагуу төлбөр тогтоохгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар хуульчилсан.

Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллээс үзвэл 2019 оны 06 дугаар сард төмрийн хүдэр 64.25 ам. доллар, 7 дугаар сард 84.18 ам.доллар байжээ. 

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/, 47.5-д “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно”, “... төмрийн хүдэр зах зээлийн үнийн түвшин /ам.доллароор/ 60-70 хүртэл бол 1 хувиар, 80-90 хүртэл бол 3 хувь” гэж тус тус нэмсэн өөрчлөлт оруулж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн “47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно” гэснийг “47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж тус тус өөрчилсөн.

Дээрхээс үзвэл хуульд заасан төмрийн хүдрийн зах зээлийн үнийн түвшингээс хамаарч нэмэгдүүлэн тооцож төлөх төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй буюу “А Т” ХХК нь 2019 оны 6, 7 дугаар сард төмрийн хүдэр экспортлохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу төмрийн хүдрийн зах зээлийн үнийн түвшин /ам.доллароор/ 2019 оны 06 дугаар сард төмрийн хүдэр 64.25 ам.доллар байх тул 1 хувиар, 7 дугаар сард 84.18 ам.доллар байх тул 3 хувиар тус тус тооцож нэмэлт төлбөр төлөхөөр байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.7. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлох бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

“А Т” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлж, төмрийн хүдрийг экспортод гаргасан гэж гаалийн бүрдүүлэлт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22,491,715.17 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан байх тул нэхэмжлэгчийн “... татварын улсын байцаагч нарын шахалтаар Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу гэрээний үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

3.8. Мөн давж заалдах гомдолд “...хэрэгт маргаан бүхий асуудлаарх төмрийн хүдэрт “Д Т Ү” ТӨХК нь “А” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт 336,962,309.632 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн баримт байх атал давхардуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон эсэхэд ч дүгнэлт хийгээгүй” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөх”-өөр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчилсөн нь “А Т” ХХК төмрийн хүдэр экспортод гаргах үед буюу 2019 оны 06, 07 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1-д “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон”, 47.16.3-д “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж тус тус нэмсэн, өөрөөр хэлбэл, энэ хуулийн зохицуулалт нь “А Т” ХХК төмрийн хүдэр экспортод гаргах үед буюу 2019 оны 06, 07 дугаар сарын байдлаар батлагдаагүй байсан.

Тодруулбал, нэхэмжлэгч компанийн 2019 оны 06, 07 дугаар сард төмрийн хүдэр экспортод гаргах үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр хуульчилсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            4. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий үйл баримт болох “А Т” ХХК-ийн төмрийн хүдэр экспортод гаргасан 2019 оны 06, 07 дугаар сарын үед мөрдөгдөж эхлээгүй байсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг дурдсан нь ойлгомжгүй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /Жич: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-д бичсэн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалт нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт байгааг цаашид анхаарах шаардлагатай/.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн төлөөлөгч Л.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

   ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

   ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН