| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 188/2016/0230/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-05-08 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 126
Б.Алтанхүүд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар магадлалтай, Б.Алтанхүүд холбогдох эрүүгийн 201626011939 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Алтанхүүгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бат овгийн Баасангийн Алтанхүү нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Алтанхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Б.Алтанхүү нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч хувцсыг буцаан олгож, бугуйвчны 3 хэсэг зүйл, хүрзийг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхүүгээс 1.017.390 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхнямд олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Алтанхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… аав Баасангаар дамжуулж 2016 оны 09 дүгээр сарын 24-нд 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 520.000 төгрөг тус тус бэлнээр хохирогчийн ээж Ц.Чанцалд өгсөн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулан гэрчлүүлж анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт заасан 1.017.390 төгрөгийг бүрэн төлж хохирол, төлбөргүй болсон. Түүнчлэн ам бүл зургуулаа амьдарч байсан бөгөөд намайг шоронд орсноос хойш эхнэр дахин төрж 5 хүүхэдтэй /0-16 насны/ болсон. Эхнэр ажилгүй, ар гэрийн амьдрал үнэхээр хүнд нөхцөл байдалтай байгаа ба 87 настай аавыг минь асран тэтгэх хүнгүй байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... шүүгдэгч Б.Алтанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Л.Энхнямыг хүрзээр цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэж ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Алтанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоот хашаанд хохирогч Л.Энхнямын толгой руу тодорхой шалтаг шалтгаангүйгээр хүрзээр цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу гэрийнхээ жорлонгоос гарч ирсэн эмэгтэйг ямарч шалтаг, шалтгаангүйгээр хүрзээр цохиж бие махбодид нь гэмтэл учруулж, согтуурсан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд шүүх шүүгдэгч Б.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хяналтын шатны шүүх шүүгдэгч Б.Алтанхүүгийн хувийн байдал болон гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэн, шүүгдэгч Б.Алтанхүүгийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар магадлалд “Б.Алтанхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар З жил 5 сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ