Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00579

 

 

“К Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлалтай,

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“СЗ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 976 384 535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “К Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхундага, Ч.Нямсамбуу нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЗ” ХХК нь тус банктай 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 321 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 332 500 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан 600 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай сарын 0.58 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр тус тус авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож доорх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд 321 тоот зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 43 тоот зээлийн гэрээний барьцаанд Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц барьцаалсан болно. Зээлдэгч “СЗ” ХХК нь 321 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 93 810 613,57 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71 888 962,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 205 345,03 төгрөг, нийтдээ 166 904 920,84 төгрөг төлсөн. 43 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 40 945,21 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71 756 854,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 119 364,41 төгрөг, нийтдээ 71 917 164,38 төгрөг, нийтдээ 238 822 085,22 төгрөг төлсөн байна. “СЗ” ХХК-ийн 321 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 43 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусах боловч, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчлэн эргэн төлөх графикийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлт нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн байх тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн хугацаанаас өмнө цуцалж, зээлийн хүүг 321 тоот зээлийн гэрээний 3.2, 43 тоот зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хувьсах буюу банкны энгийн хүүгээр тооцсон. Иймд хариуцагч “СЗ” ХХК нь 321 дүгээр зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 238 689 386,43 төгрөг, зээлийн хүү 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 50 537 554,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 107 510,82 төгрөг, нийт 299 334 451,35 төгрөг, 43 дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 599 959 054,79 төгрөг, зээлийн хүү 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 64 242 524,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 848 504,93 төгрөг, нийт 677 050 084,35 төгрөг төлөх үүрэгтэй байх тул хоёр зээлийн гэрээний нийт үүрэгт 976 384 535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”СЗ” ХХК нь Капитал банктай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 321 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 332 500 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 43 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 600 000 000 төгрөг тус тус зээлж авсан билээ. “СЗ” ХХК нь Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЯОУХАБ буюу ЖАЙКА/-аас дээрх зээлүүдийг авсан бөгөөд зээлийг олгогч буюу шаардах эрхтэй этгээд нь Монгол Улсын Засгийн газар буюу ХХААЯ-ны ЖДҮГазар, ЖАЙКА төсөл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, ”К Б”засгийн газрын төслийн зээлийн мөнгийг зөвхөн дамжуулсан ба зээлийн санхүүжилтийг олгоогүй, төслийн санхүүжүүлэгч биш тул гэрээний үүрэг шаардах эрхгүй хэмээн үзэж байна. 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт “СЗ” ХХК нь үндсэн зээлд 91 909 990 төгрөг, зээлийн хүү 74 230 241 төгрөг, нийт 166 140 230 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 240 590 010 төгрөгийн үндсэн зээлийн 35 948 933 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 276 538 943 төгрөгийн өртэй байна. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт “СЗ” ХХК нь үндсэн зээлд 40 945 төгрөг, зээлийн хүүнд 72 525 219 төгрөг, нийт 72 566 164 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 599 959 055 төгрөгийн үндсэн зээлийн 38 337 714 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 638 296 769 төгрөгийн өртэй байна. Дээрх 2 зээлийн нийт үлдэгдэл нь үндсэн зээл 840 549 065 төгрөг, хуримтлагдсан хүү 74 286 647 төгрөг, бүгд 914 835 712 төгрөгийн төлөгдөөгүй зээл хүүний үлдэгдэлтэй байхад “К Б”нь 61 548 823 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Дээрх 2 зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй, зээлдэгч нь тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц дүнгээр төлөлт хийсээр байхад нэг талын санаачилгаар гэрээнүүдийг цуцалж буй тул “К Б”нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй хэмээн үзэж байна. “К Б”нь нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20 хувиас 27 хувиар байхаар гэрээнд тусгасан нь хууль зөрчсөн байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг бодоход дараах байдлаар гарч байна. Үүнд Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн дүн 240 600 000 төгрөг, зарласан хүүгийн хэмжээ жилээр 8 хувь, нэмэгдүүлсэн хүүгийн хувь 20 хувь, хугацаа хэтрүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 48 хоног, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ = 240 600 000 * 8% * 20% * (48 хоног/365) = 506 249 төгрөг болж байна. Гэтэл “К Б”нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шууд хуримтлагдсан хүүний 20 хувиар тооцож 10 107510 төгрөг нэхэмжилсэн нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон төдийгүй 9 601 261 төгрөг илүү нэхэмжилсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний 3.7 дахь заалтад Зээлийн гэрээний 2.5, 2.6-д заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасрах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ хэмээн заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь төслийн зээлийн хүү, хугацаа, хэмжээг төсөл санхүүжүүлэгч байгууллагаас тогтоосон бөгөөд дамжуулан гэрээ байгуулсан “К Б”нь нэг талын санаачилгаар хүүг өөрчлөх эрхгүй юм. Түүнчлэн гэрээний 5.1.1 дэх заалтад ...хугацаа хэтэрсэн тохиолдолд... үндсэн хүүгийн 27 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах хэмээн оруулсан байх тул хариуцлагын заалтыг давхардуулсан байна гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ”СЗ” ХХК-иас 907.685.107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б”ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68.699.428 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ”СЗ” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ”К Б”ХХК-ийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “К Б”ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 5.110.073 /5.039.873 + 70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “СЗ” ХХК-иас 4.696.376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б”ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 146 673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй, хариуцагчийн хууль зүйн үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй, “К Б”нь нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хүсэлтүүдийг хангаагүй, мөн шүүх дээр мэтгэлцэх боломж олгоогүй, нотлох баримтыг огт үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь хариуцагч нь нийт зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байна хэмээн зөв дүгнэсэн боловч 2013.06.12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт “Соёл Зорро” ХХК нь үндсэн зээлд -238 689 386 төгрөг, зээлийн хүүнд -36 941 958 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7 388 392 төгрөг нийт -283 019 736 төгрөг төлөх үүрэгтэй хэмээн 7 388 392 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй. Түүнчлэн 2 зээлийн гэрээний хүүг шүүгч тооцоолохдоо сарын хүүгээр тооцсон нь Монгол банкнаас гаргасан хүү бодох журмыг зөрчсөн. Учир нь дээрх зээлүүд жилийн 8,0 болон 7,0 хувийн хүүтэй байхад сарын 0,67 х 12 = жилийн 8.04 хувийн хүүтэй болж гэрээнд заасан хүүнээс илүү бодсон байна. Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу бодоход хуримтлагдсан хүү нь -238 689 386 * 8,0% /365*30 хоног = 1 569 464 /нэг сарын хүү / х 23 сар + 3 хоног = 36,097,682 төгрөг болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 8 232 667 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57.4. шийдвэр, магадлалд гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд хяналтын гомдолдоо: ...”К Б”нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг буюу нэхэмжлэлээс үлдэх 68 699 428 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “К Б”хариуцагч “СЗ” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 321 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэлд 238 689 386.43 төгрөг, зээлийн хүүнд 50 537 554.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10 107 510.82 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 599 959 054.79 төгрөг, зээлийн хүүнд 64 242 524.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12 848 504.93 төгрөг байх бөгөөд нийт 976 384 535.7 төгрөг болж байна. Гэтэл Анхан шатны шүүх, болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолсон тооцооллыг нягталж үзэхдээ нийт 907 685 107 гэж нягталсныг хүү тооцооллын хувьд алдаатай тооцоолсон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 2015.09.23-ны өдрийн 43 тоот Зээлийн гэрээний дагуу хариуцагч “СЗ” ХХК-нд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нэмэгдүүлсэн хүү 27% байх зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх гэсэн зохицуулалттай нийцэхгүй байх бөгөөд зохигчид нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 43 тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү 27% байхаар тусгагдсан нь хуулиар тогтоосон хэмжээг зөрчсөн байх боловч талууд нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцоогүй буюу нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд 64 242 524.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12 848 504.93 төгрөг шаардсан бөгөөд энэ нь 20 хувиас хэтрээгүй болно. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “К Б”ХХК нь хариуцагч “СЗ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалсан тул 976 384 535,70 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 907 685 107 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг, хариуцагч “...зээлийн үүргээс 8 232 667 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн гомдол тус тус гаргасныг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

“СЗ” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний дагуу  “К Б”ХХК-аас 332 500 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар гэрээний дагуу 600 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 7 хувь, сарын 0.58 хувийн хүүтэй тус тус “ган цутгуурын төслийг хэрэгжүүлэх” зориулалтаар зээлж авахаар харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулсан байна./ хх-25-30, 47-52 /

Нэхэмжлэлийн үндэслэл болох хоёр гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Зохигчид гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тохирохдоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийг зөрчсөн талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэрээ тус бүрд зээлийн хүүг  тохирсон атлаа 321 тоот гэрээний 3.2-т “Зээлийн хүү нь сарын 0,67 хувь, жилийн 8 хувь байх ба хүүг хуанлийн хоногоор тооцно.Зээлийн хүүг жилийн 360 хоногоор бодно. Зээлийн эргэж төлөгдөөгүй байгаа үлдэгдэлд хувьсах хүү тооцох ба Банк хүүний хувь хэмжээг зургаан /6/ сар дутамд шинэчилнэ.” гэж, 43 тоот гэрээний 3.7-д “Зээлийн гэрээний 2.5, 2.6-д “зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг банкны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ.” гэж  тус тус заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцээгүй, зээлийн хүүг дээрх нөхцөлөөр бодсон нэхэмжлэгчийн зээлийн тооцооллын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээгээр тохирсон хүүгээр бодож, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 05 сарын 24 хүртэл хугацаагаар тодорхойлсон нь Иргэний хуульд нийцжээ.

“К Б”зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

Харин “СЗ” ХХК нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд зааснаар нэхэмжлэлийг гаргах хүртэл хугацаанд 290 354 366 төгрөг төлөхөөс 166 904 920 төгрөгийг төлсөн, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу 149 243 586 төгрөгийг төлөхөөс 71 917 164 төгрөг төгрөгийг төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь тогтоогдсон байна.

Зээлийн гэрээ урт хугацаатай байх тул гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалт хамаарна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж, гэрээнээс татгалзаж болно.

Нэхэмжлэгч “К Б”ХХК нь зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар сануулж, мэдэгдсэн байхад хариуцагч үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч нь гэрээг цуцлах эрхтэй, шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр   сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501 447 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 146 673 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА