Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00577

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2414 дүгээр магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдох

ОСНААУГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00011 дугаар тогтоолоор намайг “ОСНААУГ”-ынын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар эгүүлэн тогтоох шийдвэр гаргаснаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авсан. Ажлаа хийх явцад тус газрын дарга надтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй, шахалт үзүүлж сэтгэл санааны хүнд хямралд оруулснаас би өвдсөн. Авилгатай тэмцэх газрын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотыг үндэслэн Б/430 тоот тушаалаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр А.Мөнхбайгалийг даргын албан тушаалд томилж, ажил хүлээлцэх комисс байгуулан, миний оролцоогүй өөр албан тушаалд шууд шилжүүлсэн. “ОСНААУГ”-ынын дарга Ж.Батсайхан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан намайг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар эгүүлэн томилохын оронд миний нөхөн олговрыг гүйцээн олгуулах хүсэлтээр барьцаалан, гачигдалтай байдлыг хясан боогдуулах замаар өөр ажилд, албан тушаал бууран ажиллах өргөдөл гаргуулж, ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зурах тулгалт хийсэн. Үүнийгээ хоёр тал харилцан тохиролцсон мэтээр тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэсэн гэх Б/548 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг гаргаж, албан тушаалаасаа хүчээр татгалзахад хүргэн дарамталсан. Хууль бус аргаар миний албан тушаалыг бууруулснаас байгууллага, хамт олны дунд буруу сэтгэгдэл бий болж, нэр төрд сөргөөр нөлөөлөн, сэтгэл санааны ихээхэн дарамт учирч, хардлагад өртөж байгаад гомдолтой. Дээрх тохиролцсон гэх өргөдлийг ажил олгогчийн илт хууль бус шахалт шаардлага, дарамт нөлөөллийн улмаас өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргаагүй тул “ОСНААУГ”-ынын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, заавал биелэгдэх шүүхийн шийдвэрийн дагуу “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОСНААУГ”-ынын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар ажилд авсан тушаал гарсан боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирж ажлаа хүлээн авсан. Ажил авсан өдрөөс эхлэн ажилтнуудтай таарамжгүй харилцаа үүсгэж ажилтны төлөөлөл өргөдөл, гомдол гаргасан. 2018 оны 4 дүгээр сард өвчтэй гэх шалтгаанаар ажлаа хийхгүй алга болж байгаад 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр ажлаа өгөх хүсэлт гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын ахлах инженерийн ажилд авч, одоогоор уг ажлаа хийж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан ажил олгогчийн зүгээс түүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн явдал байхгүй. Харин ч ажилтнуудаас нэхэмжлэгчийн талаар ажил олгогчийн нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдол саналыг шалгаад түүний буруутай үйлдлийг тогтоож, хариуцлагатай ажиллахыг сануулан дэмжиж ажилласан. Тус төвийн нийт 60 орчим ажилчдын 32 буюу дийлэнх ажилчдаас гомдол санал ирсэн байдлыг үндэслээд нэхэмжлэгчийг даргын албан тушаалд ёс зүйн хувьд тохирохгүй гэж үзсэн. Мөн ажиллах хугацаандаа 2 495 000 төгрөгийг хэрэглэгчдээс дутуу авсан. Тухайлбал “Темпини Монголиа” ХХК нь сар бүр 1 044 000 төгрөгийг дутуу төлж байсан. Өөр ажилд шилжих хүсэлтээ нэхэмжлэгч өөрөө бичгээр гаргасан бөгөөд “ОСНААУГ”-ынын2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаартай тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.2.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ОСНААУГ”-ынын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Быг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2414 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Бын ОАНААУГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын гомдолдоо: Монгол Улсын Дээд Шүүх 2017 оны 12 дугаар сарын 26-ны 001/ХТ2018/00011 дугаар тогтоолоор миний бие Даваацэрэнгийн Д.Быг ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргаар эгүүлгэн тогтоох шийдвэр гаргаснаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авсан. Намайг өвчтэй байсан хугацаанд иргэн А.Мөнхбайгалийг Авилгатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 07 өдрийн албан тоотыг үндэслэн Б/430 тоот тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 20-нд “Түр орлон гүйцэтгэгч'’ биш харин “Дарга” албан тушаалд томилж, ажил хүлээлцэх комисс байгуулан, намайг миний оролцоогүйгээр шууд ажилд өөрчлөн томилсон байсан. ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан намайг эдгэрч эмнэлгээс гарсан өдрөөс Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын дагуу ажилд шууд эргүүлэн томилж А.Мөнхбайгалийг хуучин ажилд нь буцаах ёстой байсан ч томилгоо хийлгүй хууль зөрчсөн. ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан намайг Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргаар эргүүлэн томилохын оронд миний ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гүйцээн олгуулахаар ОСНААУГ-т тавьсан хүсэлтээр барьцаалан, гачигдалтай байдлыг хясан боогдуулах замаар өөр ажилд, албан тушаал бууран ажиллах өргөдөл гаргуулж, ажил хүлээлцсэн актан дээр гарын үсэг зурах тулгалт хийсэн. ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний гачигдалтай байдлыг далимдуулан ажил олгогчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, албан тушаал, цалин буурах өргөдөл надаар гаргуулснаа хоёр тал “харилцан тохиролцсон” мэтээр тусгасан, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэсэн гэх Б/548 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасныг хэрэглэхдээ хариуцагчийн татгалзал тайлбараа нотолж чадахгүй байгаа байдлыг нэхэмжлэгч шаардлагаа нотлож чадаагүй болгож өөрчлөн хариуцагчид ашигтайгаар тайлбарласан нь ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж, ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ““ОСНААУГ”” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...өөрийнх нь хүсэлтийн дагуу гэрээг цуцалж, өөр ажилд томилсон...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу өөр ажилд шилжих хүсэлтийг гаргасан эсэх талаар зөрүүтэй дүгнэлт хийснээс хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар өөр өөр шийдвэрийг гаргажээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Д.Б  өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар 20-ны 182/ШШ2017/01536 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00011 дүгээр тогтоолоор “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б/171 дугаар тушаал гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9 183 266.82 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид олгожээ.

Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орсон, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 11  хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “...ахлах инженерээр ажиллах” хүсэлт гаргасан, ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, ахлах инженерээр томилжээ.

Нэхэмжлэгч нь өөр ажилд шилжүүлэх өргөдлийг хүсэл зоригийн дагуу гаргаагүй, ажил олгогчийн дарамт, зүй бус нөлөөллөөс болж сэтгэл санааны хүнд хямралд орсон,  олговрыг өгөхгүй гачигдалтай байдлыг хясан боогдуулах замаар өргөдөл гаргуулсан гэсэн үндэслэлээр 2018 оны 06 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 182/ШЗ2018/06247 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба Д.Б нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг баримталж, “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-56/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Б нь сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар өөр ажилд шилжих хүсэлтийг гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 128 дугаар зүйлийн 128.1-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “...эцэг хүндээр өвчилж, банкны зээл нэхэгдэж, эдийн засгийн хүнд нөхцөлд байхад шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой олговор олгохгүй, албан тушаалаасаа хүчээр татгалзаж, өргөдөл гаргахад хүргэсэн...” гэж тайлбарласан байх ба тэрээр 2018 ны 4 дүгээр сарын 23-ны өдөр олговор авах хүсэлт гаргасан байхад хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Б/547 дугаар тушаалаар олговор олгохыг шийдвэрлэж, энэ өдрөө нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Нэхэмжлэгч эдгээр үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож, баримт гаргаж өгсөн байхад нэхэмжлэлийг нотлогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй болоогүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчийг өргөдөл гаргахаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар Б.Мөнхбайгалийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд томилсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3-т зааснаар ажил олгогч нь эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй байхад “Д.Бын эзгүй байх хугацаанд...” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн албан тушаалд өөр хүн томилсон нь хууль зөрчжээ.

Ажил олгогчийн тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй, ажилтан өөр ажилд шилжүүлэх хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөр ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэхгүй юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2414 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА