Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00456/и |
Дугаар | 1145 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1145
“Синопийк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Синопийк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-д холбогдох
300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээ бүхий 288 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрыг “Мандах-Инвест” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, мөн 2015 оны 6 сард газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж олгогдсон ямар ч барилга барих боломжгүй газар тул манай компанийн хохирол болох 300 000 000 төгрөгийг хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК нь “Синопийк” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох тухай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. “Синопийк” ХХК нь дурдагдаж буй асуудлаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх саналыг шүүхэд гаргаж байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 300 000 000 төгрөгийн орлогын ордерийн хувьд тус компани нь мэдэхгүй. “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн санхүүгийн тамга хэрхэн дарагдсан болохыг мэдэхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас 300 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Синопийк” ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Синопийк” ХХК-д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ....Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хууль зүйн үндэслэл бүхий шаардлага гаргаагүй, хариуцагчийн гэм бурууг нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй үндэслэлээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэл болгож "хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Хариуцагч "Улаанбаатар хэвлэл констракшн" ХХК нь "Мандах-Инвест" ХХК-тай газрын эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогддог. "Синопийк” ХХК болон "Мандах-Инвест" ХХК-ийн хооронд тухайн газрын эзэмших эрхтэй холбоотой ямар хэлцэл, тохиролцоо байсныг хариуцагч "Улаанбаатар хэвлэл констракшн" ХХК-ийн хувьд мэдэх боломжгүй бөгөөд "Синопийк" ХХК нь "Мандах-Инвест" ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шаардлага гаргасан нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуульд нийцэхгүй, хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин хариуцагч нэгэнт "Мандах-Инвест" ХХК-тай гэрээ байгуулсан байгаа тул энэхүү гэрээнд хамааралгүй этгээдийн шаардлагаар гэрээний талуудын үүрэг, үр дагавар, хүчин төгөлдөр байдлыг бодитойгоор хэлэлцүүлэх боломжгүй үзэж байгаа бөгөөд улмаар энэ нь талуудын эрх тэгш байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөг хангах зарчимд нийцэхгүй юм. Хариуцагчийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 захирамжийн дагуу олгогдсон № 0232751 дугаар бүхий гэрчилгээгээр баталгаажсан, Хан-Уул дүүрэгт байрлалтай 288 м.кв газрыг "Мандах-Инвест" ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. "Мандах-Инвест" ХХК-тай тохиролцоо, хэлцэл байсан гэж үзвэл "Синопийк" ХХК холбогдох байгууллагуудад энэхүү гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан байхад хүсэлтийг нь холбогдох байгууллагууд шийдвэрлэж өгөөгүй байгаад хариуцагчийн гэм буруу байхгүй бөгөөд энэ нь хэргийн харъяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байхад иргэний хэргийн анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг болон нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг үл хэрэгсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн, эрхийн доголдолтой, энэ үндэслэлээр нэхэмжлэгчид болон "Мандах-Инвест" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх харъяалалтай хэрэг ба иргэний хэргийн шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.
"Улаанбаатар хэвлэл констракшн" ХХК-ийн хувьд "Мандах-Инвест" ХХК-тай газар ззэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан учраас "Синопийк" ХХК-иас гэрээний үнэ 300 000 000 төгрөг авсан байх боломжгүй, үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан 300 000 000 төгрөгийн баримт дээр "Синопийк" ХХК гэсэн бичвэр байгаагүй, гарын үсэг байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр асуулгасан гэрч болох БНХАУ-ын иргэн Гао Чифенг гэгч нь тухайн баримтын дээд хэсэгт хожим нь буюу сүүлд ажил дээрээ байхдаа "газрын үнэ" гэж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаас харахад энэ нь "Синопийк" ХХК-ийн мөнгө хүлээлгэж өгсөн баримт гэж дүгнэхэд эргэлзээтэй байгаа болно. Энэхүү баримт нь шалтгаант холбоо, хууль ёсны байх талаасаа "Мандах-Инвест" ХХК-ийн баримт байх үндэслэлтэй бөгөөд "Синопийк" ХХК-ийнх байх боломжгүй. Хуульд зааснаар нотлох гэж байгаа үйл баримт нь хөдлөшгүй үнэн зөв, хууль ёсны байх ёстой. Нотлох баримтыг шинжлэн судлаад гарсан үр дүн нь эргэлзээтэй байгаа бол түүнийг шүүх үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Синопийк” ХХК нь хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-д холбогдуулан тус компанид тушаасан 300 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн 7 дугаар талд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК болон “Мандах-Инвест” ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 288 м.кв орон сууцны зориулалт бүхий газрыг “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас “Мандах-Инвест” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.
Дээрх газрын эзэмшигч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК болох нь 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0232751 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу уг газар эзэмших эрх “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас “Мандах-Инвест” ХХК-д өнөөг хүртэл шилжээгүй, нэхэмжлэгч “Синопийк” ХХК нь хариуцагч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-д 300 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр тушаасан байх ба уг баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох 300 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч аваагүй, тус компанид мөнгө тушаасан гэх кассын орлогын баримтыг “Мандах-Инвест” ХХК-иас “Синопийк” ХХК авсан байх гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний нэг тал болж нэхэмжлэгч оролцоогүй, уг гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулах болон гэрээтэй холбоотой шаардлага гаргах талаар эрх олгосон баримтгүй тул гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчид 300 000 000 төгрөг тушаасан гэх байдлаа “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан “Мандах-Инвест” ХХК-ийн захирал Б.Мандах болон уг мөнгийг тушаасан БНХАУ-ын иргэн Гоа Чифенг-ийн мэдүүлгээр нотлох талаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Мандах, БНХАУ-ын иргэн Гао Чифенг нараас гэрчийн мэдүүлэг авчээ.
Гэрч Б.Мандах шүүхэд “Синопийк” ХХК 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани тул түүний өмнөөс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-тай өөрийн компанийн нэрээр байгуулж гарын үсэг зурсан, газрын үнийг тэд тохирч төлбөрийг хийсэн” гэх, гэрч Гао Чифенг шүүхэд “мөнгийг “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн оффисын өрөөнд 5 хүн байхад тушаасан, тус компаниас кассын орлогын баримтыг өгсөн” гэх мэдээллийг агуулсан мэдүүлэг өгчээ.
Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчид 300 000 000 төгрөг тушаасан кассын орлогын баримтыг хооронд нь харьцуулан дүгнэж хариуцагчийг нэхэмжлэгчийн 300 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.
Хариуцагч шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээс өөр үндэслэл зааж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага түүний агуулга үндэслэлийг шүүх тодруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Шүүх уг гэрээг талуудын хооронд байгуулагдаагүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй талаар дүгнэсэн тул хариуцагчийн нэхэмжлэгч гэрээний оролцогч биш этгээдийн шаардлагаар хэлцлийн хүчин төгөлдөр байдал, талуудын хүлээсэн үүрэг, гэрээний үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэн авах талаар холбогдох газруудад хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүйд хариуцагч буруугүй, харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжүүлэх талаар шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ