Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2017/0056/З |
Дугаар | 046 |
Огноо | 2018-08-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 046
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 199 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, улмаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар намайг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын ажилд томилсон хэдий ч шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэт дүр эсгэсэн, хууран мэхэлсэн хууль бус акт байсан. Намайг уг албан тушаалд томилсон хэдий ч надаас ажил хүлээ авсан Л.Б энэ хугацаанд Байгаль орчин аялал жуучлалын яамнаас зохион байгуулсан сургалтанд оролцож байсан. Намайг уг албан тушаалд 9 хоног ажилуулаад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар намайг Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.
Намайг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг баримталсан нь Ховд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст гарын үсэг баталгаажих, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын даргын үүргийг гүйцэтгэх, тухайн байгууллагын хэвийн ажиллагааг хангаж ажиллах, тушаал гаргах, цалин олгох төсвийг захиран зарцуулах эрхийг хаасан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал хууль юм. Учир нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар намайг ажилд томилсон байгаа. Дээрх хоёр тушаалын дугаар нь Б/65 гэсэн нэг дугаар байгаа нь Архив бичиг хэргийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.
Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б/67 дугаартай захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн мэтээр захирамж гаргасан байсан.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 болон Б/67 дугаартай захирамжууд үсгийн фонт болон мөр хоорондын зай өөр, Б/67 дугаартай захирамжийг гаргахдаа үг орхиж бичсэн байсан.
Ховд аймгийн засаг дарга намайг 9 хоногийн дотор нэг удаа томилоод, хоёр удаа чөлөөлж байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендерийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтуудыг зөрчиж байгаа ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн заалтуудыг бүгдийг нь зөрчсөн.
Гурван шатны шүүхийн шийдвэрийг зөрчиж хуулийг биелүүлсэн дүр эсгэж болохгүй учраас би өөрийгөө эгүүлэн ажилдаа томилогдох ёстой гэж үзэж байна.
Би өнөөдрийн байдлаар 61 настай бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж хуульчилсан нь ажлаас чөлөөлөгдөх эрхийг надад олгож байгаа болохоос биш намайг 61 нас хүрснээр ажлаас чөлөөлөгдөх ёстой гэж хуульд заагаагүй юм. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан байгаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд 60 нас хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан байхад хүч түрэмгийлж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 60 нас хүрсэн эмэгтэй 20-иос доошгүй жил ажилласан бол өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсэн хуулийн заалт байгаа. Миний хүсэл зоригийг асуугаагүй захиргааны актаар намайг хүчирхийлсэн.
Ховд аймгийн Засаг дарга хүний эрхийг хохироож байгаа талаараа ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Гурван шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн 19 сар буюу 570 гаруй хоногийн хугацаанд эс хүндэтгэн биелүүлээгүй нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтууд байгаа бөгөөд шүүхээс энэ алдаануудыг харгалзаж зохиох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 23832403 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн 5 дахь нэхэмжлэлийн шаардлага харьяаллын бус асуудал байгаа учраас хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дүүрэн биелэгдсэн гээд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийг хаасан байгаа. З.Л ажилд томилох тухай 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд гарсан захирамж гэж ойлгож болно.
Нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй. Ажил хүлээлцэх хэсгийнхэн нэхэмжлэгчийн ажлыг хүлээлцэж өгсөн. Төрийн захиргааны албан хаагчийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтооно гэсэн заалт Төрийн албаны тухай хуулинд байхгүй байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулагдаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн заалт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль ч үндэслэл байхгүй. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр бичиг хэргийн ажилтан бичиг текникийн алдаа гаргаж Б/67 дугаарыг Б/65 гэж андуурсан, энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа.
Нэхэмжлэгч ажлаа хүлээж аваад тушаал шийдвэр гаргасан, албан бичиг явуулсан, байгууллагын даргын эрх үүргээ хэрэгжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд Улсын Их хурал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн 4.1 зааснаар 60 нас гэснийг 65 нас гэсэн өөрчлөлт оруулсан ба уг хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Маргаан бүхий захиргааны акт гарах үед үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Нэхэмжлэгч олон зүйлийг худлаа хэлж байгаа ч нэг л зүйлийг үнэн хэллээ би 61 настай гэж.
З.Л-ийн олон жил ажилласан хөдөлмөрийг үнэлээд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг үндэслэлээр З.Л-ийн тэтгэмж олгогдож байгаа. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасны дагуу хүсэлт гаргасан. Аймгийн Засаг дарга татгалзсан шийдвэр гаргасан. Татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн. Нэхэмжлэгч 2017 оны төсөвт миний тэтгэмжийг суулгаж өгнө үү гээд Санхүү төрийн сангийн хэлтэст өргөдөл гаргаад тэтгэмжийн мөнгө олгогдсон.
Нэхэмжлэгчийг ажилд томилох асуудлыг Засаг дарга шийдэж цалин хөлсийг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас олгосон байсан. Нэхэмжлэгч ажлаа хүлээн аваад чөлөөлөгдөх хүртэл хугацаанд даргын эрх мэдлийг хэрэгжүүлэн, төсвийг захиран зарцуулсан, тушаал захирамжуудыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага олон дахин өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл бүрдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг дарга нь З.Л Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг.
Байгаль орчин аялал жуучлалын газрын даргаар ажиллаж байхдаа З.Л нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр илэрхийлэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаа авахаар Байгаль орчин аялал жуучлалын газраар дамжуулан гаргасан бөгөөд нягтлан бодогч бичигт баримтын бүрдлийг хангаж, Санхүү төрийн сангийн хэлтэст өгснөөр манай байгууллагын 2017 оны төсөвт төрийн албан хаагч тэтгэвэрт гарах болсонтой холбоотой нэг удаагийн буцалтгүй тусламж 28714000 төгрөг тусгагдаж уг оны төсөвт орж ирсэн.
З.Л-г уг тэтгэмжээ авах талаар Байгаль орчин аялал жуучлалын газрын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 349, 12 сарын 14-ний өдрийн 388 дугаар албан бичгийг З.Лхүргүүлсэн боловч тэтгэмжийн мөнгөө аваагүй тул 2018 оны 3 сарын 05-ны өдөр 272429400 төгрөгийг З.Л-ийн дансанд шилжүүлсэн болно.
Байгаль орчин аялал жуучлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4913 тоот “Сургалтад оролцуулах тухай” албан бичиг ирсэн бөгөөд Канадын төслийн санхүүжилттэй сургалтад ажлаас чөлөөлөгдсөн байх үедээ суусан. Сургалт 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд болсон. Би амралт сувилалд амрахаар явах үед миний нэр орсон байсан учраас сургалтад суусан. Нэхэмжлэгч 2017 оны 9 сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 сарын 22-ны өдөр хүртэл нийт 11 хоног ажиллаж, уг хугацааны 678389 төгрөгийн цалин авсан байдаг ба энэ хугацаанд эрх үүргээ хэрэгжүүлэн байгууллагын 60 литр шатахуун зарцуулсан байдаг.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримталсан байгаа. Ажилд томилсон тушаал хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана...” гэснийг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагаа уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7 заалтуудаар илт хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгч З.Л-г ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон захирамжийн дугаар адилхан байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамжид Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар З.Л ажлаас чөлөөлөх тухай захирамж З.Л-г 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай захирамжийн дугаартай ижил гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан хуулийн заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д гомдол гаргах этгээд болон хугацааг заах ёстой байсан. Нэхэмжлэгч З.Л нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ бичиж өгсөн боловч 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т үргэлжлүүлж ажиллах тухай хүсэлтээ өгсөн байгаа.
Нэхэмжлэгч З.Л нь төрийн албанд 36 жил ажилласан. Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар 3,6 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа удаа дараа шагнагдаж байсан. Гадаадад аялах эрхийн бичгээр шагнагдаж байсан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3-д заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр өөрчлөгдөж байна гэж ойлголоо. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийг илт хууль бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө. Хэрэг маш удаан хугацаагаар сунжирсан учраас энэ асуудал дээр хариуцагч тал тайлбар гаргах хугацаа авсангүй гэж ойлгож байна. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд хугацаа авалгүй тайлбараа гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байна.
Захиргааны акт илт хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр зохицуулсан байгаа. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. З.Л ажиллаж байх хугацаандаа цалин хөлсөө авсан.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж гарсны дараа З.Л даргын ажлаа хийгээд эрх мэдлээ хэрэгжүүлээд явчхаад энэ захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нь өөрөө өөрсдийгөө үгүйсгэсэн нөхцөл байдал үүсч байгаа учраас нэхэмжлэлийн энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэрээр ажилд орж байгаа асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар ажилд томилсон, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд ажлаа хийж байсан. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартаа Б/65 дугаартай захирамжийг илт хууль бус гэж ойлгогдохоор тайлбар гаргаад байна. Ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаагаа нэхэмжлэгч талаас тайлбарлаж чадахгүй байна.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 сарын 22-ны өдрийн Б/67 дугаартай захирамж гарсан гэдгийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө мэдсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч 60 нас хүрсэн байсан.
Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа тэтгэмжээ суулгуулах хүсэлтээ Байгаль орчин аялал жуучлалын газарт гаргасан байсан. Хүсэлт шийдэгдээд тэтгэмж төсөвт суугдсан. Маргаантай байх хугацаанд тэтгэмж буцаан татагдах нэхэмжлэгч хохирох хэмжээнд хүрсэн учраас Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга удаа дараа нэхэмжлэгчид тэтгэмжээ авах талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн.
Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар хүсэлтээ гаргасан гэж үзэж байгаа. Хүсэлт гаргаагүй нь төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. 65 нас хүртэл ажиллуулах уу үгүй юу гэдэг нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал байгаа.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 01 дүгээр сараас хойших цалинг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх ёстой байсан. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З. Л нь “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамж, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д хариуцлага тооцуулах”- ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-ийг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаа “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-ийг ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах” гэж өөрчилж,” ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны цалин гаргуулах” шаардлагаа 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдээс тайлбар гаргах хуулийн хугацаагаар хангуулах шаардлагагүй, шүүх хуралдаанд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд хариуцагчаас төлөөлөгчид итгэмжлэлээр бүрэн эрх олгосон болохыг тэмдэглэr байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.Л-ийн нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч З.Л нь 2013 оны 9 сараас Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан ба түүнийг аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 захирамжаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөл эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэж байжээ. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Хариуцагчаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж улмаар нэхэмжлэгч З.Л маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар ажилд томилжээ.
Нэхэмжлэгч уг захиргааны акттай маргаж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “... Төрийн жинхэнэ албан хаагч намайг Хөдөлмөрийн тухай хуулиар бус Төрийн албаны тухай хуулиар томилох ёстой. Мөн уг актын 2 дахь заалт нь ажлаас чөлөөлсөн утга агуулгатай болсон байх тул уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт.....” гэж, Хариуцагч хариу тайлбартаа” “ гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. гэж заасан тул “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт /ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”/-ыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, харин 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана./-ыг үндэслэсэн нь захиргааны актын утга агуулгатай нийцэхгүй болжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг үндэслэлээр илт хууль бусад тооцуулахаар маргаж байх хэдий ч мөн хуулийн 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна; 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. заасан байх тул нэхэмжлэгч З.Л-г ажилд томилж, хөдөлмөрийн харилцаа үүссэн, бодит байдалд хэрэгжсэн эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг дээрх үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж заасан ба маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нь уг актыг хүлээн зөвшөөрч ажилдаа орсон болох нь ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн ажил хүлээлцсэн тэмдэглэлээр[1] тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч З.Л нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон үндэслээр ажилд томилсон Засаг даргын захирамжийг зөвшөөрч ажлаа хүлээн авч ажилласан атлаа одоо уг захирамж нь илт хууль бус байсан гэж маргаж, захирамжийг илт хууль бусад тооцуулсанаар ажлаас чөлөөлсөн захирамж хүчингүй болж, дахин ажилдаа эргэн орох боломжтой болно гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Иймээс маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч З.Л-ийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч З.Л нь хариуцагч аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байдлаар дүр эсгэж ажилд томилсон захирамж гаргаад 14 хоногийн дараа ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасанд гомдолтой гэж тайлбарлах боловч шүүхээс хариуцагчийн хүсэл зоригийн талаар дүгнэлт хийх боломжгүй эрх бүхий албан тушаалтаны хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж дүгнэлт өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудлаар холбогдох газарт гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.Л-г “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эс зөвшөөрч нэгдүгээрт, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, хоёрдугаарт төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл буюу 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч З.Л нь 1957 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн[2], 61 настай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 65 нас гэж заасан учир тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэж маргана.
1994 оны 06 сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. гэж заасан байсан ба 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “60 нас” гэснийг “65 нас” гэж өөрчилж, 2018 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгчийг 60 настай байхад буюу 2017 оны 09 сарын 22-ны өдөр дээрх хуулийн заалт дагаж мөрдөж эхлээгүй байсан байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл буюу 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэх үндэслэлийн талаар:
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлнө: 24.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч З.Л нь 2017 оны 4 сарын 18-ны өдөр 60 нас хүрсэн буюу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ба 4 хоногийн өмнө буюу 2017 оны 04 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ[3] гаргасан байна. Ховд аймгийн Засаг дарга Д.Г-с 2017 оны 05 сарын 17-ны 1/1232 албан бичгээр[4] хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн төрийн албанд үргэлжүүлэн ажиллуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Эндээс хуулийн зохицуулалт болон үйл баримтын хувьд дүгнэж үзвэл нэхэмжлэгч З.Л нь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах эрхтэй хэдий ч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтаны эрх хэмжээний асуудалд хамаарч байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд хариуцагчийг буруутгахааргүй байна.
Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрсэн тохиолдолд захиргааны байгууллагын санаачлагаар ажлаас чөлөөлөх хууль зүйн боломжтой, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сард өнөдөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төрийн жинхэнэ албан хаагчид олгох тэтгэмжийн хөрөнгийг 2017 оны төсөвт суулгах талаар хүсэлт[5] гаргаж байсан, мөн хариуцагчийн түүнийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулахаас татгалзсан шийдвэртэй маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Мөн маргаан бүхий актын дугаар зөрүүтэй байдал үүссэн, З.Л-г ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн захирамжийн дугаарлалт давхардсан, холбогдох ажилтны алдаатай үйлдэл байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн энэ талаар холбогдох баримтуудыг[6] ирүүлсэн, тухайн үедээ алдааг залруулж дугаарлалтыг өөрчилсөнийг нэхэмжлэгч өөрөө очиж үзэж шалгасан бөгөөд захиргааны актын хууль зүйн үндэслэл, утга агуулгын хувьд зөрүүтэй байдал үүсээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гарсан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаагүй, 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” заасныг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд дээрх үндэслэлээр маргааны бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагчаас маргаан бүхий бүхий актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох З.Л-д шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгож сонсох ажиллагааг явуулсан талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[7] тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч З.Л-ийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад буюу 65 нас хүрээгүй байхад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д хариуцлага тооцуулах
Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулдаг тул эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулсан харилцааг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Тодруулбал “Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.” гэж заасан байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1,1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
[1] хх1-ийн 181 дэх талд
[2] хх2-ийн 205 дахь талд иргэний үнэмлэхийн хуулбар
[3] хх1-127 дахь талд
[4] хх1 88-89 дэх талд
[5] хх1-ийн 98 дахь тал
[6] хх1-ийн 158-162 дахь тал
[7] хх1-ийн 150-157 дахь тал