Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 148

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох  Б.Солонгын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,262,178 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх, нэхэмжлэгч А.*******гийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5,229,127 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., А.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж., хариуцагчийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар тус байгууллагын халуун усны үйлчлэгчээр анх ажилд орж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тушаалаар халуун усны кассаар ажиллаж ирсэн. Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарган намайг Шим-Ус ОНӨААТҮГ-ын халуун усны кассын ажлаас халсан.     Гэвч Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрээр намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалаар хэвээр үлдээж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тэгээд Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг урьд эрхэлж байсан төв халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон. Намайг ажилд авах тушаал гаргасан боловч одоо би ажилгүй байгаа.

Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны буюу миний 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,262,178 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шим-Ус ОНӨААТҮГ-т 2009 оноос эхлэн халуун усны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Дараа нь би кассаар ажилласан.

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарган намайг Шим-Ус ОНӨААТҮГ-ын халуун усны кассын ажлаас халсан.      

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэрээр намайг  өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар намайг урьд эрхэлж байсан төв халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон. Одоо 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5,229,127 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга Д. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын халуун усны кассын ажилтай Б., А.******* нарт шүүхийн шийдвэрээр гарсан олгох ёстой цалинг бүрэн төлж дууссан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хасалгүйгээр шилжүүлсэн тул хувь хүмүүс өөрөө нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалаа хариуцах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хийгдэж дууссан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.*******, Б. нар нь хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид “Шим-Ус” ОНӨААТҮГ гэх/ холбогдуулан  нэхэмжлэгч тус бүр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэр /хх-23-28/ -ээр А.*******, Б.Солгонго нарыг “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 998,394 төгрөг гаргуулан Б.д, 1,219,374 төгрөг гаргуулан А.*******д олгож шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн  уг заалтыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаартай магадлал /хх-19-22/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаартай тогтоол /хх-15-18/-оор тус тус хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаал /хх-12/-аар Б., А.******* нарыг Төв халуун усны кассаар авч ажиллуулсан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар нь Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэр гарснаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын даргын тушаал гарч, ажилд орсон хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжилж, мэтгэлцлээ.

Харин хариуцагчийн төлөөлөгч “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “Б., А.******* нарт шүүхийн шийдвэрээр гарсан олгох ёстой цалинг бүрэн төлж дууссан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хасалгүйгээр шилжүүлсэн тул хувь хүмүүс өөрөө нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалаа хариуцах ёстой” гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б., А.******* нарын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны  нөхөх олговрыг шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны журмаар гүйцэтгэгдсэн болох нь Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/19 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/27 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-53/, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/25 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/24 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55/ зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч нарыг ажилд томилсон өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг хариуцагч “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо дээрх хүчин төгөлдөр болсон Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэрт тооцогдсон тооцоог үндэслэн тооцвол:

-Нэхэмжлэгч Б.Солонгын 1 сарын дундаж цалинг тооцоход (678,045+377,811+441,736):3=499.197 төгрөг, нэг өдөрт ногдох цалинг тооцоход 499,197:21,5=23,218 төгрөг болно.

Б.Солонгын нэхэмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг тооцвол 8 сар 12 өдөр ба түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

(499,197 х 8) + (23,218 х 12)  = 4,272,192 төгрөгийг,

-Нэхэмжлэгч А.*******гийн 1 сарын дундаж цалинг тооцоход (636,709+530,990+661,364):3=609,687 төгрөг, нэг өдөрт ногдох цалинг тооцоход 609,687:21,5=28,357 төгрөг болно.

А.*******гийн нэхэмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг тооцвол 8 сар 12 өдөр ба түүний  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

(609,687 х 8) + (28,357 х 12)=5,217,780 төгрөгийг тус тус Шим-Ус ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б. нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо тооцохдоо 4,262,178 төгрөг гэж дутуу тооцсон байх ба түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 4,272,192 төгрөг гарч байна.

 Харин нэхэмжлэгч А.*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,229,127 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 11,347 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.*******, Б. нарын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч “Шим-Ус” ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,145 төгрөг, А.*******гийн 98,617 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч А.*******д олгох олговор 5,217,780 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д, нэхэмжлэгч Б.д олгох олговор 4,272,192 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 83,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,272,192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д, 5,217,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д тус тус олгож, нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 11,347 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан ажилтан А.*******, Б. нарын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,145 төгрөг, А.*******гийн 98,617 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас 98,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д, 83,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д тус тус олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА