Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 178

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймаг  Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 4-14 тоотод оршин суух, ШЕ51041571 регистрийн дугаартай Жантекей ханкелди овогт Ахтанхожагийн Сэтээрийн  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт Ж.Сэтээр,  нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  Ж.Сэтээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 1991-1995 оныг дуустал Улаанбаатар хот дахь цэргийн 276, 019 дүгээр ангиудад гэрээт харуулаар ажиллаж байсан. Хууль тогтоомжийн дагуу тэтгэвэрт гарсны дараа ажиллавал тэтгэвэр нэмэгдүүлж болно гэдэг. Тэтгэвэрт гарсан хойно ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Би 1991 оны 6 сард тэтгэвэрт гарсан юм. 1991 оны 7 сараас 276 дугаар ангид зэвсэг техник харах гэрээт харуулаар 1999 он хүртэл ажилласан. 1993 оноос 1997 он хүртэл 019 дүгээр ангид офицеруудын байрны коминдатаар ажиллаж байсан. 276 дугаар ангид ажиллахдаа ээлжнээсээ буугаад 019 дугаартай ангид ээлжинд гардаг байсан. Би тэр үед ээлжинд гардаг байсан учир дээрх хоёр ангид ээлжээ зөрүүлээд ажиллаж байсан. Намайг 276 дугаар ангид томилж ажилуулчихаад 1 сарын дараа халсан тушаал архиваас гарсан. Гэтэл би халагдаагүй, тасралтгүй ажиллаж байсан. Уг халсан тушаал нь ямар учиртай юм бүү мэд. Иймд намайг 1991 оны 8 сарын 1-нээс 1994 оныг дуустал Цэргийн ангийн 276 дугаар ангид гэрээт харуулаар, 019 дүгээр ангид офицеруудын байрны харуулаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.Сэтээр  нь 1991 оны 8 сарын 1-нээс 1994 оныг дуустал Цэргийн ангийн 276 дугаар ангид гэрээт харуулаар, 019 дүгээр ангид офицеруудын байрны харуулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            - Монгол улс батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 000002717 тоот албан бичиг,

            -Монгол улс батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 000002327 тоотоор ирүүлсэн Ж.Сэтээрийн 019,120 дугаар ангиудад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

            - Ц.Лувсаннямын  “Ж.Сэтээр нь 1991 оны 7 сарын 1-нээс 1995 онуудад 276 дугаар ангид гэрээт харуулаар ажиллаж байсан нь үнэн. Би 1990 онд тэтгэвэрт гарчихаад 276 дугаар ангид бас гэрээт харуулаар ажиллаж байсан юм. Ж.Сэтээр бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

            -Гэрч Ш.Морозовын “Миний бие нь 1990 оны 12 дугаар сард цэргийн тэтгэвэрт гарч 1991-2008 оны 3 сар хүртэл Зэвсэгт хүчний 276 дугаар ангид энгийнээр ажилласан. Ж.Сэтээр нь 1991 оны 7 сарын 1-нээс 1993 оны 7 сар хүртэл надтай хамт ажиллаж байсан юм” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Ж.Сэтээр нь 1991 оны 8 сарын 1-нээс 1994 оныг дуустал Цэргийн ангийн 276 дугаар ангид гэрээт харуулаар, 019 дүгээр ангид офицеруудын байрны харуулаар тус тус ажиллаж  байсан нь нэхэмжлэгчийн хүсэлт,  хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч нь Ж.Сэтээрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жантекей ханкелди овогт Ахтанхожагийн Сэтээрийг 1991 оны 8 сарын 1-нээс 1994 оныг дуустал Цэргийн ангийн 276 дугаар ангид гэрээт харуулаар, 019 дүгээр ангид офицеруудын байрны харуулаар тус тус ажиллаж  байсан  байдлыг  тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА