Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 30

 

 

 

 

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын

Хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00288 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Молхы машан овогт Илиясийн Укибайд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Б.Анхтуяа, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 7.378.800 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээний газраас өгсөн чиглэлийн дагуу Ховд сумын тэтгэвэр авагч И.Укибайгийн үрчлэлтийн лавлагааг шалгалаа. Хяналт шалгалтаар тэтгэвэр авагч И.Укибайгийн эхнэр Д.Рабилаа нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад Т.Акеркийг 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үрчлэн авч, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан хууль бус үйлдлийг зогсоон акт тогтоон, тэтгэвэр олголтыг түдгэлзүүлээд байна. И.Укибай нь эхнэрээ нас барсны дараа хүүхэд үрчлэн авч, 2008 оноос 2014 оны хооронд 7.378.800 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3-т зааснаар Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч И.Укибай нь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд И.Укибайгаас 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Уг нэхэмжлэлийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч 2016 оны 01 сарын 28-ны өдөр 03 дугаар актаар 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Тилейханы Акеркийг үрчлэн авсан боловч үрчлэн авсан эх болох Дүлбээгийн Рабилаа нь 2006 оны 3 сарын 04-ний өдөр нас барсан байхад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн гэжээ. Гэвч тухайн цаг хугацаанд нийгмийн даатгалын байцаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн байна гэж дүгнэн тэтгэвэр тогтоосон байдаг. Энэ нь хариуцагчийн ямар нэгэн үйлдлээс болоогүйн дээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Иймд уг тэтгэврийг нийгмийн даатгалын байцаагч хариуцан төлөх үндэслэл байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Гарын үсэг зурсан. Гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00288 дугаар шийдвэрээр:“ Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай актын гүйцэтгэлийг хангуулан, хариуцагч И.Укибайгаас 7.378.800 /долоон сая гурван зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд оруулсугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.Укибайгаас улсын тэмдэгтийн хураамж 133.011 /нэг зуун гучин гурван мянга арван нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүйн дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмж авахыг нээсэн нийгмийн даатгалын байцаагчийн буюу албан тушаалтны буруу гэх тайлбар нь актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм гэж үзсэн. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхийг баталгаатай эдлэх эрхтэй. Хариуцагч И.Укибайгийн хувьд дээрх баталгаатай эдлэх эрх нь зөрчигдсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.1.1 дэх хэсэгт даатгуулагч гэж ямар этгээдийг ойлгох талаар томъёолсон. Үүнээс үзэхэд Дүлбээгийн Рабилаа нь нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэний хувьд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй. Дүлбээгийн Рабилаа нь 2006 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байхад Акеркийг үрчлэн авсан гэдэг боловч Акеркийг төрсний дараа нь төрсний гэрчилгээ авахад нь эцэг И.Укибай, эх Д.Рабилаа гэж бичиж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүссэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 03 дугаар актыг мэдсэн өдрөөс хойш гомдол гаргаагүй, холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж үзсэн нь учир дутагдалтай байна. 

Учир нь тухайн нийгмийн даатгалын байцаагч нь тухайн тэтгэврийг авах эрх үүссэн байна гэж үзэн дээд шатны байцаагчид хянуулсанаар тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн байна гэж үзэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байдаг.Энэ нь хариуцагчийн ямар нэгэн үйлдлээс болоогүйн дээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Анхан шатны шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн  байх тул   шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар актын гүйцэтгэлийг хангуулж, И.Укибайгаас 7.3788.800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч  И.Укибайд  холбогдуулан  гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч   эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь  И.Укибайгийн эхнэр Д.Рабила  2006 оны 3 дугаар сарын 04-ны өдөр нас барсан  байхад И.Укибай нь  Тилейханы Акеркег 2006 оны 04 дүгээр сарын 25-нд үрчилж авсан нь хяналт шалгалтаар илэрсэн тул түүнд холбогдуулж 2008-2014 оны  хооронд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт авсан  7.3788.800 төгрөгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлажээ. Хариуцагч нь тухайн цаг хугацаанд нийгмийн даатгалын байцаагч хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн байна гэж дүгнэн тэтгэвэр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор Д.Рабилаагийн нас барсан бүртгэлийн 1749 тоот лавлагаа,Т.Акеркегийн үрчилсний бүртгэлийн 1748 тоот,05/000446 тоот лавлагаа,төрсний бүртгэлийн 05/000447 тоот лавлагаа (хх-ийн 5-6,48-49 дүгээр тал)  тэтгэврийн хувийн хэргийг эх хувиар нь шүүхэд ирүүлжээ. (хх-ийн 53-91 дүгээр тал) 

Т.Акеркегийн үрчилсний бүртгэлийн дээрх 2 улсын бүртгэлийн лавлагаа нь хоорондоо зөрүүтэй байна.Энэ хоёр лавлагаагаар Т.Акерке нь И.Укибайд үрчлэгдсэн эсхүл И.Укибай, Д.Рабилаа нарт үрчлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн Т.Акерке нь дээрх хоёр лавлагаагаар хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэний шийдвэрээр хэнд үрчлэгдсэн нь тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэргийн 6,48 дугаарт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар Тилейханы  Акеркег И.Укибайд /Д.Рабилаа/  үрчилснийг 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  Ховд аймгийн Ховд сумын үрчлэлтийн бүртгэлийн 6 дугаарт  Молхымашан овгийн Үкибайн Акерке болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа талаар лавлагаа олгожээ. Харин Т.Акеркег хэзээ хэний шийдвэрээр үрчлэгдсэн тухай он сар өдөр нь тодорхойгүй, уг лавлагаанд энэ талаар бичигдээгүй, хэргийн 6 дугаар хуудас дахь лавлагаа нь засвартай байна.

Төрсний бүртгэлийн лавлагаагаар Молхымашан овгийн Тугелханы Тилэнхан, Тайлах овгийн Солтамуратын  Нуржмал нарын гэр бүлд 2005 оны 08 дугаар сарын 24-ны өдөр төрсөн  Тилейханы Ахеркег 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын  төрөлтийн бүртгэлийн 113 дугаарт бүртгүүлсэн байна. Уг лавлагаагаар хүүхдийн эцэг Тилэнхан эсхүл Тилейхан, хүүхдийн нэр Акерке эсхүл Ахеркегийн аль нь болох, хүүхэд эрэгтэй, эмэгтэй эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй ойлгомжгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.

Анхан шатны шүүх дээрх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна шүүхийн  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3,118.4-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нт зүйтэй гэж үзлээ. Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 133011 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133011 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч И.Укибайд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧИД                               Д.КӨБЕШ

                                  

                                                                    Н.ТУЯА